Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 59

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-т холбогдох 1723000250016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Шилүүстэй сум Сайхан багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогтой Б-ын Ш Регистрийн дугаар: /ИУ*******/ Шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ш нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны орой Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмана багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Г-той маргалдаж “архи өгөхгүй, түлхлээ” гэсэн шалтгааны улмаас түүний суга, шуу, гуянд нь хутгалсан нь Энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.Г-ын “...2017 оны 08 дугаар сарын 17- ны орой төв гудамжинд Б.Ш-тай таарахад өвөрт нь 1 шил архи байсан. Б.Ш бид 2 тэр архинаас болж маргалдаад цээж рүү нь түлхсэн, уурлаад байхаар нь дахиад түлхсэн чинь сууж босож ирэхдээ түрийнээсээ хутга авсан байсан. Би гарт нь юу байгааг хараагүй байтал М наадах чинь хутгатай байна шүү гэсэн би харах гэсэн чинь харанхуйд юу ч харагдаагүй нэг мэдэхэд гар, цээж рүү халуу дүүгээд байхаар нь би дээлээ тайлаад харсан чинь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.М-ийн “... Д.Г бид 2 хөдөө явах гээд төв гудамжинд Б.Ш-тай таарсан. Б.Ш-ын өвөрт нь 1 шил архи байсан чинь Д.Г наад архиа гаргаад ир гурвуулаа хуваагаад ууя гэсэн чинь Ш үгүй хүнд өгөх гэж байгаа юм гэж хэлээд өгөөгүй. Тэгсэн чинь Г Ш-ын цээж рүү 2 удаа түлхсэн чинь унаж босож ирээд түрийнээсээ хутга гаргаж ирээд зүүн талын суга, шуу, гуя гээд 3 удаа хутгалсан байсан. Д.Г өөрөө дээлээ тайлж харчихаад ухаан алдаж унасан. Ш эмч дуудаад ирье гээд эмнэлэг явахаар нь би хойноо суулгаад эмнэлэг дээр хүргэж ирсэн...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн энэ мэдүүлгүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Шүүгдэгч Б.Ш-ын үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 201720161 дугаартай “...Иргэн Д.Г-ын зүүн суганы ар доод хэсэгт, зүүн шууны ар дунд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Б.Ш-ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Б.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.Ш-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Шугаржав нь хохирогч Д.Г-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5,1.6,1.8, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тайж овогт Б-ын Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ш-т оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ш-т 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 7 см, бариул хэсэг нь 9 см урттай бор өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шүүгдэгч Б.Шугаржавын хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА