Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/563

 

 

 

 

 

      2022         05            26                                           2022/ДШМ/563    

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Азжаргал,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э-т холбогдох эрүүгийн 1811021780697 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-,

 

Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд өөрийн амьдардаг вагончикт П.Б-тай маргалдаж, түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэгт үйлдсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т 10 жилийн  хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 3 жил 7 сар 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдож Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж эхэлсэн. Тус цагдаагийн хэлтсийн мөрдөгч н.Отгонбаяр, тус дүүргийн прокурор Ц.Батбямба нарын хяналт дор байцаагдаж байгаад Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг маань шилжиж ирээд байцаагч ахлах дэслэгч н.Э- үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн. Тухайн үед хэргийн газар байсан Г.Ж- оргон зайлж, би энэ хэргийн холбогдогч болсон. Миний хууль мэдэхгүй байдал, айж сандарч сэтгэл санааны тогтворгүй байдлыг ашиглан миний эсрэг байцаалт авч энэ хэргийг хийсэн мэт болгосон. Би зарим зүйлийг хэрэгт холбогдолтой тул дахин шалгаж өгөхийг хүсэж байна.

-Г.Ж- яллагдагчаар татагдан байцаагдаж байгаад хэрхэн гэрч болсон талаар тогтоолгох,

-Г.Ж- хэрэг болдог өдөр хэргийн газраас оргон алга болсон зэргийг дахин шалгуулж тогтоолгох,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9554 дугаартай тогтоолд миний биед хамар цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь хэрэг болсон гэх хугацаанд болсон байх магадлалтай гэж намайг ямар ч эмч үзээгүй байж ийм худал дүгнэлт гаргасан. Үүнийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Хэрэг болдог өдрийн 10 цагийн үед Г.Ж- цээж болон биеийг нь 2 гараараа хэд хэдэн удаа цохиж байхад нь би салгаж байсан. Хэрэг болдог өдөр 11-17 цагийн хооронд гэртээ байгаагүй. 11-17 цагийн хооронд талийгаач, Г.Ж- хоёр байсан. Энэ хооронд юу болсон зэргийг үнэн зөвөөр тодорхойлуулмаар байна. Мөн шинээр Б-, Тунгалаг, Р- нарыг гэрчийн мэдүүлэг өгүүлэх, хэргийн газарт ямар ч толь байгаагүй байхад гэнэт хагархай толь 10 сарын дараа хэрэгт хавсаргасан. Үүнийг хаанаас авчирч хэрэгт хамааруулж байгааг тогтоолгох, хэрэг болдог өдөр 11-17 хооронд гэртээ байгаагүйг нотлох баримт болох тэтгэврээ авсан банкны хуулга, мөн гэрч Э-ийн нөхөр Б- гэрчилнэ.

            Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Эрхэсбаяр гэх хүн намайг танихгүй, хэргийн газарт байгаагүй байж алуурчин мэтээр мэдүүлэг өгсөн зэргээр эрх зүйн байдлыг байнга дордож ирлээ. Үүнийг болон мөрдөгч ахлах дэслэгч н.Э-ыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулж өгнө үү. Би Г.Ж-ыг яллагдагчаар байцааж байгаад гэнэт гэрч болсныг гайхаж байна. Би 2020 оны 9 дүгээр сард дуудлагаар 461 дүгээр ангид ирсэн. Түүнээс хойш 1 жил 6 сар мөрдөнд хоригдож байх хугацаанд нэг ч удаа ирж байцаалт аваагүй, прокурор ирээгүй, хавтас хэрэгтэй танилцуулаагүй шүүхэд шилжүүлээд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дахин шүүх хурал хийж намайг ялласан.

            Миний дурдсан шалгуулах хүсэлтэй байгаа зүйлүүдийг дахин шалгаж хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Би нийт 3 жил 8 сар энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж амь насаараа дэнчин тавьж ирсэн. Хэрэгт холбоотой Г.Ж- гадуур явж байгааг би ойлгохгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Г.Баярмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “...улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа бөгөөд 39.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд байгаа эсэхийг давж заалдах шатны шүүх тогтоох шаардлагатай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

а/ Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх талаар

Шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтэд дурдсан улсын яллагчийн үндэслэл бүхий дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан ямар, ямар гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлттэй агуулгын хувьд нийцэж харилцан уялдаатайгаар нотлогдож байна гэснийг авч үзье. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Э- иргэн П. Б-ы амийг хэзээ, яаж хохироож байгааг шууд гэрчилсэн болон нотолж байгаа гэрчүүд болон эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлтүүд байгаа эсэх талаар: гэрч П. Хонгорзулын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлэг /1хх 44/, гэрч Ц.Э-ийн мэдүүлэг 2018 оны 08 дугаар сарын 05-ны /1хх 45-47/ 2018 оны 11 дүгээр сарын 20-ны /1хх 96-97/, 2019 оны 03 дугаар сарын 05-ны /2хх 245-247/, гэрч И-ын 2018 оны 08 дугаар сарын 05-ны /1хх 46-47/, /1хх 65-66/, 2020 оны 10 дугаар сарын 14-ний /3хх 237/, гэрч Т.Б-ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны /2хх 93/ мэдүүлэг.

Эдгээр мэдүүлгүүдэд гэрч нар 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цагаас хойш шүүгдэгч Г.Э-ынд очиход талийгаач шүүгдэгч хоёр хойд талын орон дээр хэвтэж байсан, харин хоорондоо муудалцан маргалдаж, талийгаачийг зодож байсан талаар болон ямар нэг сэжигтэй ул мөр байсан эсэх талаар анхнаасаа огт мэдүүлээгүй.

Харин гэрч Ц.Э- өдөр 16-17 цагийн үед Г.Ж- ирээд Эрка ах тэр хоёр архи авчирсан хоол хий гэсэн гээд хөргөгчид хийсэн махаа аваад чи очоорой гэсний дагуу 3 цагийн дараа хүүхдээ дагуулан очиж архи ууж байгаад хоносон, шөнө юу ч сонсоогүй гэж мэдүүлдэг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 2021 оны 8 дугаар сарын 25 өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ц.Э- мэдүүлэг өгөх үед өмгөөлөгч миний бие урьд өгсөн мэдүүлгүүдийн талаар тодруулан асуухад урьд өгсөн мэдүүлгүүдээс зөрүүгүй байсан. Иймд эдгээр гэрчийн мэдүүлгүүд иргэн Б-ы амийг хохироосон үйл баримтын нотолгоо болж чадахгүй нь тодорхой байна. Гэрч хэмээх Г.Ж-ы мэдүүлгүүд иргэн Б-ы амийг шүүгдэгч Г.Э- хохироосон үйл баримтын талаар хоорондоо эрс зөрүүтэй байдаг, өөрөөр хэлбэл анхны мэдүүлгээсээ эхлэн өөрийгөө хүний амь хохироосон үйлдэлд холбоогүй болохоо тодруулах чиглэлээр зориуд зохиосон мэдүүлгүүд өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө Ж- дэргэд нь хэвтэж байсан Б- нас барсныг мэдэнгүүтээ шууд оргон зугтааж байгаад баригдан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн анхны мэдүүлэгтээ “2018 оны 08 дугаар сарын 02-ны өглөө босоод Казаков шартаж үхлээ архи авч өг гээд байсан. Э- ах урьд өдөр нь тэтгэвэр буусан гээд надад 45000 төгрөг өгсөн байсан дэлгүүр орж 1 шил “Нутаг” нэртэй архи, хоёр ширхэг зайрмаг аваад нэгийг нь Казаковт өгөөд бид гурав архиа хувааж уусан. Би өөрт байсан мөнгөөрөө дахин 1 шил архи аваад 1 кг бууз жигнэж идсэн. Орой болох үед Э- хүүхдээ дагуулж ирээд архи уусан. Харанхуй болж Батааг ирэхэд 4 ширхэг бууз өгөөд 10000 төгрөг өгч архинд явуулсан.. Намайг архинд явсан хойгуур Г.Э- ах талийгаачийг зодсон байх. ...” /3хх 190-192/ гэж маш тодорхой бус таамагласан маягтай мэдүүлэг өгсөн байна. 2 сарын дараагаас эхлэн “2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгээс /3хх 196/ эхлэн мэдүүлгүүдээ өөрт ашигтайгаар өөрчилж ирсэн. Шүүгдэгч Э-ыг тэтгэврээ авахаар явсан өдрийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эсхүл 02-нд гэж будилуулах эсвэл 02-ны өдөр огт гэрээсээ гараагүй гэх мэтээр янз бүрээр өгсөн байдаг боловч шүүгдэгч Г.Э- иргэн Б-ыг зодож байгааг нүдээрээ хараагүй харин тэдний муудалцаж, сав суулга, толь унаж хагарахыг гаднаас нь сонсон гэх мэдүүлгүүд нь хүний амь хохироосон үйл баримтыг шууд нотолж чадахгүй байна. Хэргийн газрын анхны үзлэгээр илрээгүй боловч хэрэг гарснаас хойш 10 сарын дараа хийсэн хэргийн газрын нөхөн үзлэгээр цуглуулж хураан авсан гэх толины хагархай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримтын талаарх шаардлагуудыг хангаагүй бөгөөд гэмт хэргийн ул мөрийг агуулсан болон түүнийг үйлдсэн хүнийг илрүүлэх бодит байдлыг тогтооход ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байх тул нотлох баримтад тооцох боломжгүй.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №1725 тоот дүгнэлт болон шинжээч эмч н.Номинчимэгээс авсан мэдүүлгүүд /2хх 91-92, 218-219/ талийгаач Б-д ямар, ямар гэмтэл хэзээ учирсан болон үхлийн шалтгааныг тогтоосон анагаах ухааны дүгнэлт болохоос хэн, яаж эдгээр гэмтлүүдийг учруулсан болохыг нотлоогүй гэдэг нь ойлгомжтой.

Мөн хохирогчийн хувцас болон хэргийн газраас хураан авсан гудас, алчуур, орны бүтээлэг зэрэг эд зүйлд хийсэн шинжилгээгээр ямар нэг цус болон үрийн шингэний ул мөр олдоогүй тухай шинжээчийн 14788 тоот дүгнэлт /1хх 96-98, 100-101/ нь гэмт хэргийн ул мөрийг агуулаагүй болохыг харуулж байна.

б/ Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар

Шүүгдэгч Г.Э- Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 9-д байрлах Төрийн банкны тооцооны төвөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өглөө тэтгэврийн мөнгө 280.600 бэлнээр авсан тухай Төрийн банкны 2019 оны 04 дугаар сарын 1-ний 26/187 тоот тодорхойлолт /3хх 21/ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 100 айлд байрлах Хаан банкны тооцооны төвөөс 2018 оны 7 дугаар сарын 30-нд 50.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 31-нд 30.000 төгрөг тус тус өөрийн данснаас бэлнээр авсан тухай Хаан банкны 2019 оны 05 дугаар сарын 28-ны 29/6828 тоот тодорхойлолт /3хх 30/ тус тус гэрч Ж-аас нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 6 болон 15-нд мөрдөн байцаагчийн асуултад “2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Эрка ах гэрээсээ гараагүй, дэлгүүр лүү яваагүй, харин надад 10000 өгөөд архинд явуулсан. ...Тэр өдөр гэрээсээ гараагүй гэдгийг яагаад санаж байна вэ? гэхээр 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр талийгаач Б-тай хамт 100 айлын Хаан банкнаас тэтгэврийн мөнгөө авахаар цуг явсан. ...Орой нэлээд халамцуу гургалдайн жижиглэн болон 2 шил архитай ирсэн нэг нь дундуур байсан” гэсэн /3хх 240-241, 242-243/ мөн 2019 оны 03 дугаар сарын 05-ны яллагдагч нарыг нүүрэлдүүлсэн байцаалтад Г.Ж-ы яллагдагчаар өгсөн зэрэг мэдүүлгүүд няцаагдаж байгаа бөгөөд талийгаачийг нас барахын урьд өдөр буюу “2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр талийгаач гадагшаа гарсан уу эсхүл гаралгүй хэнтэй цуг хоёулхнаа үлдсэн, түүний амь насыг хэн, яаж хохироосон нөхцөл байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр тогтоон шүүхийн дүгнэлтэд тусгасан гэх үндэслэл харагдахгүй байна. Иймд Г.Э-ыг хүн алсан хэрэгт гэм буруутай гэсэн шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

в/ Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй талаар

Шийтгэх тогтоолын дүгнэлтэд заасан энэ хэрэгт эсрэг ашиг сонирхол бүхий гэрч Г.Ж-аас мөрдөн шалгах үндсэн болон нэмэлт ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт Г.Ж-ы “Г.Э- иргэн П.Б-ыг зодож алсан гэх үйл баримтын” талаар өгсөн бүх мэдүүлгүүд нь хоорондоо утга агуулга, цаг хугацаа, логик дарааллын хувьд зөрүүтэй, бодит байдалтай нийцэж байгаа нь эргэлзээ бүхий байдаг боловч шүүх ач холбогдол бүхий онцгой нотлох баримтаар авч үзэн дүгнэлтэд тусгасан. Гэвч Г.Ж-ы мэдүүлгүүдэд дурдагдсан үйл баримт хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн цомог, бусад гэрч болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдохгүй байна. Дүгнэлтэд онцгой ач холбогдолтой Хаан болон Төрийн банкны тодорхойлолтууд, шүүгдэгч Г.Э-ын талийгаач П.Б-ыг зодоогүй гэх удаа дараагийн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн үндэслэлийг шүүх дүгнэлтдээ зааж өгөөгүй байна. Иймд шүүгдэгч Г.Э- талийгаач П.Б-ы зодож алсан гэх үйл баримтыг хөдөлбөргүй бөгөөд эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 14 -ний өдрийн 2022/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Г.Э-, Г.Ж- нар хэдийгээр эсрэг ашиг сонирхолтой гэж үзэж байгаа боловч Г.Ж-ы мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг нотлохгүй гэсэн үг биш. Г.Э-ын өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй нэмэлт ажиллагаа хийх нь хэрэгт чухал ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй байна. Мөн энэ хэрэгт хамааралтай бүхий л гэрч нараас мэдүүлэг авсан. Г.Ж- нь амь хохирогч П.Б-тай хоёулхнаа үлдсэн, эсхүл хоорондоо маргалдаж, зодолдсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдоогүй. Гэмт хэрэг гарсны дараа Г.Ж-ыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Г.Ж-ы үйлдлийн улмаас П.Б- нас барсан гэх үйлдэл нотлогдон тогтоогдоогүйн улмаас Г.Ж-ы үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд прокурорын шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байна. Г.Э-ын биед шинжээч эмч үзлэг хийж дүгнэлт гаргасан бөгөөд  “хамар, цээжинд зулгарал, гэмтэл” тогтоогдсон байдаг. Тухайн өдөр буюу 8 дугаар сарын 02-ны өдөр Г.Э-, П.Б- нар гарч явсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн мэдүүлэгт “Дээрх гэмтлийг авсны дараа тархинд цус хурж, шаантарлах хүртэл хөдөлгөөн хийж, амьд явах боломжтой. Гэхдээ энэ хугацаанд толгой нь өвдөх, бөөлжих, дотор муухай оргих, бие нь саажилт өгөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ” гэж мэдүүлсэн. Г.Э-, П.Б- нар 17 цагийн үед ирэхдээ мах болон бусад идэж, уух зүйлс авчирсан бөгөөд Г.Ж- Ц.Э-ийн хөргөгчинд аваачиж хийх гээд явсан. Г.Ж-ыг эргээд ирэхэд маргаан болж байсан. Г.Ж- “Намайг ирэхэд дотор талд аяга таваг хагарч, хүн унаж байгаа мэт чимээ гарч байсан. Толь унаж хагарсан” гэж мэдүүлсэн. Ц.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад “Би хаанаас, ямар шил аваад эвлүүлж байгааг хараад зогсож байсан. Намайг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан учраас бүх зүйлийг харсан. Хагархай шилнүүдийг шүүгээний араас гаргаж ирж байсан” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Бусад гэрч нар буюу 20 цагаас хойш орж, гарсан хүмүүсээс мэдүүлэг авахад “Тэр үед амь хохирогч н.Б- орон дээр хэвтчихсэн, ёолсон байдалтай байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэж мэдүүлдэг. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр “Тархи дарагдалтын шинж тэмдэг” явагдсан гэж үзэж болохоор байгаа юм. Хэргийн газарт нөхөн үзлэг хийгдсэн бөгөөд тухайн ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Г.Ж- болон бусад гэрч нарын өгч буй мэдүүлгүүдтэй агуулгын хувьд онцын зөрүүгүй. Энэ нь Г.Э-, П.Б- хоёр гэртээ ирснээс хойш болсон асуудал юм. 21 цагаас минутаас хойш П.Б-ы биеийн байдал муудсан байсан талаар гэрч нар мэдүүлдэг. Тухайн үед зөвхөн Г.Э-, Г.Ж-, П.Б- нар байсан. Бүгд өөрсдийн харсан зүйлийг мэдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдүүлэг өгөх өөр гэрч байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн газарт үзлэг хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг тэмдэглэлээр бэхжүүлсэн. Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийж, ямар шалтгааны улмаас нас барсныг нь тогтоолгосон. Г.Э-ыг гэм буруугүй гэх талаар баримт хэрэгт авагдаагүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Г.Э-ын гэм буруу нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Э-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Г.Э- нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд П.Б- нас барсан байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өглөө 09 цаг 53 минутад цагдаагийн байгууллагад өгчээ. /1хх-2/

 

Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, шүүгдэгч Г.Э- нь  2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын задгайд өөрийн амьдардаг вагончикт амь хохирогч П.Б-тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь “баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учруулан, амь хохирогч нь баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь:

 

гэрч Г.Ж-ы “...орой 17 цаг өнгөрч байхад Э- ах, Б- хоёр согтуу ирэхдээ хоол хүнсний материал, нэг шил архитай ирсэн. ...Надад 45.000 төгрөг өгөөд хоол хүнсний материал болох гургалдай, мах ууттай нь өгөөд Э-ийн хөргөгчид хийчих гэхээр нь 18 цагийн орчим тэднийх рүү явсан. Э-ийн хөргөгчинд махаа хийчихээд Э-т “Б-, Э- ах хоёр согтуу, нэг шил архитай ирлээ, чи очих уу” гэхэд “манай нөхөр ирж байгаа, хоол ундаа хийчихээд очно, та явж бай” гэсэн. Би ганцаараа буцаад Э- ахын гэрт орох гэхэд амбаар дотор Э- ах, Б- хоёр хэрэлдэж байхаар нь оролгүй гадаа сандал дээр суугаад сонссон. Тэгэхэд Э- ах Б-ыг “чи өрлөг хийж чаддаггүй юм байна, булангийн амлагаа хийдэггүй, тоосго далий муруй өрдөг мөртлөө надаас дандаа архи нэхэж уух юм, яв” гэж хөөхөд Б- “чи муу хөгшин янхан, намайг эдэлж эдэлчхээд үнсэнд хаясан шалз шиг хаяад байхдаа яадаг юм. Хөгшин янхан дүүдээ мөнгө өгчихөөд надад мөнгө өгсөнгүй” гэж орилж байсан. Тэгэхэд Э- ах “чи залуу Ж-ыг сонирхоод надад тохмоо тавьж өгөхгүй /секс хийхгүй/ байж мөнгө цаас авна гэж байхгүй. Баадаагаасаа мөнгө аваарай” гэж хэлээд амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан. Тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч, сав суулга унаж байгаа чимээ гарсан. Намайг яваад ороход Б- газар уначихсан “энэ муу хөгшин янхан намайг алах гэж байна. Архиа харамлаж, чамтай хүртэл хардаад байна” гэж орилж байсан. ...Б- тогооны шүүгээний хажуугаас босоод “энэ толгой хагалчихлаа” гээд орон дээр суухад Э- ах цүнхнээсээ дэвсгэр даавуу гаргаж ураад толгойноос нь гарч байсан цусыг арчиж байсан. ...Тогооны шүүгээн дээрээс унасан аяга, таваг, сав суулгыг дээш нь авч тавиад, хагарсан толийг шүүгээн дээрээс авч гаргаад амбаарын хойно тавьчихаад ороход Б- толгойныхоо цусыг арччихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан. ...Амбаарын үүдний орон дээр Э- хүүхэдтэйгээ, хойд орон дээр Э- ах Б- хоёр нэг хөнжилд орж унтсан. Би тэр орон дээр нь хөнжил нөмрөөд унтсан. Өглөө Э- ах намайг татаж сэрээгээд Б- хөдлөхгүй, дуугарахгүй байна гэж хэлсэн. Б-ыг сэрээх гээд хөнжлийг нь сөхөөд харахад шалдан, ямар ч хувцасгүй хэвтэж байсан ба судсыг нь бариад үзэхэд цохилоод байгаа юм шиг, үгүй ч юм шиг нүд нь хагас аниастай байхаар нь Э-ийг дуудаж сэрээгээд харуулахад Э- “ямар аймаар юм бэ, энэ чинь үхчихсэн байна ш дээ” гээд дэрэн доороосоо утсаа аваад түргэн дуудсан. ...Э- ах “манайд зөндөө олуулаа архи уусан байна гэх байх, чи ингээд явчих. Цагдаад баригдвал Б-ыг согтуу, хүнд зодуулчихсан, толгой нь хагарчихсан, архи бариад шөнө ирсэн гэж хэлээрэй. Чи одоо яв” гэж хэлсэн. ...” /2хх 127-129/,

гэрч П.Хонгорзулын “...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой Г.Э- ахаас ус, зоонтог  гуйх гээд амбаар луу ороход талийгаачийн бөгс нь гарчихсан доогуураа нүцгэн, дээгүүрээ ногоон эрээн цамцтай, Э- ах дээгүүрээ нүцгэн амбаарынхаа хоймрын орон дээр хоёулаа хэвтэж байсан. Ж- үүдний орон дээр сууж байсан. Намайг ороход талийгаачийн нүд нь сүүмийсэн байдалтай зөөлөн намуухан дуугаар “найзынх нь ам цангаад байна” гэж хэлсэн. Тэгээд би орны толгойн дээрх тагштай сиропыг уулгаад Э-, Ж- хоёрт “та нар наад архиа болиоч, наад хүн чинь эвгүй байдалтай болчихсон байна, түргэн дуудаач” гэж хэлээд ус, шүхрээ аваад явсан. ...Талийгаач Э- ахын гэрээс огт гарч байгаагүй. Тэр өвгөн өдөр, шөнөгүй архи авчирч өгдөг байсан. ...” /1хх 42/,

гэрч Ц.И-ын “...дэлгүүрээс 6500 төгрөгөөр “Нутаг” нэртэй 750 грамм архи авч, хариулт мөнгөнд нь нэг хайрцаг “Улаан шонхор” тамхи аваад Эркагийн гэрт очсон. Эркагийн амбаар луу ороход тэднийд Ж-, Э-, Э- хүүхэдтэйгээ, хоймрын орон дээр нь нэг эмэгтэй байсан. Бид нар авчирсан архийг бүгдээрээ уусан. Би 100 грамм хэртэйг уугаад “за одоо би явлаа” гэж хэлээд 21 цагийн үед Эркагийн гэрээс гараад гэр лүүгээ харьсан. ...Б- намайг Э-ын гэрт ороод гарахад орон дээрээсээ босоогүй. Нэлээн шартсан янзтай хэвтэж байсан. Дуу нь их сул надад нэг хийчих гэж хэлж байхыг сонссон. Э-ын амбаар тоггүй харанхуй байсан болохоор царайг нь сайн хараагүй. ...” /1хх 44, 65-66/,

гэрч Ц.Э-ийн “...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой би гэртээ жаахан архи уучихаад 20-21 цаг болж байхад өөрийн 6 настай хүү Буянтогтохыг дагуулаад Эрка ахын амбаарт очсон. Намайг очиход талийгаач Б-, Эрка ах, Жагаа нар байсан. Дээд талд байдаг орон дээр Б-, Эрка ахтай хөнжилд орчихсон унтаж байсан. Жагаа ах наад орон дээр суучихсан “Батаа орж ирээд нэг шил юм уугаад дахиад нэг шил архинд явчихсан. Энэ хоёр тасраад унтчихлаа” гээд байж байсан. ...Батаа ах гаднаас нэг шил барьж орж ирээд тэр архийг задлаад талд нь ортол уусан. Би Жагаа ахын орон дээр хүүхэдтэйгээ унтсан. ...Өглөө 7 цаг 30 минутын үед сэрсэн. Жагаа ах босож гутлаа өмсөөд, дараа нь Эрка ах боссон. Жагаа ах доогуураа өмдтэй, дээгүүрээ цэнхэр куртиктэй босож ирсэн. Харин Эрка ах дотуур өмднөөс өөр хувцасгүй босож ирсэн. Босоод хөнжлөө сөхөхөөр нь харахад талийгаач дээгүүрээ нимгэн торон маягийн материалтай хөх өнгийн цамц өмссөн, доогуураа дотоожгүй нүцгэн байсан. Би талийгаачийг харахад нэг л сонин болчихсон байхаар нь Эрка ахад “наад хүн чинь нэг л сонин болчихсон байна, гараас нь татаад сэрээгээч” гэж хэлэхэд Эрка ах талийгаачийг “хөөе, хөөе” гээд гараас нь татахад талийгаач ямар ч ухаан мэдрэлгүй байсан. ...” /1хх 47-48/,

гэрч Т.Б-ийн “...намайг орой 22 цагийн үед очиход Ж- ах жаахан архи уусан байдалтай, Э- ах, талийгаачтай хамт унтаж байсан. Эхнэр жаахан халамцуу ээжээс айгаад явахгүй гээд байхаар нь Э-ын ахын гэрт үлдээгээд явсан. Маргааш нь буюу 2018 оны 8 дугаар сарын 3-ны өглөө ээжийгээ автобусны буудал хүргэж өгөөд 8 цагийн үед Э- ахын гэрт очиход Э- ах, Ж- ах, манай эхнэр Э- хүүгийн хамт гадаа байж байсан. Ж- ах “хүн үхлээ, түргэн дуудсан” гэж байсан. Миний утсаар Э- ах, Э- хоёрын нэг нь түргэн дуудсан, Э- ах “Э-ээ чамд хамаагүй, та хэд явцгаа” гэж хэлсэн. ...” /2хх 94-95/,

гэрч Ш.Гантөмөрийн “...би хараа муутай, тархиндаа тал цус харвасан. Э-ын гэрийн үүд, ойр орчмоор юу болж байгааг харж чадахгүй. ...Би Ж- гэж хүн танихгүй. Би уул даваад хүн гүйсэн талаар тухайн өдөр хараагүй. Би Э-т уул даваад Ж- гэж хүн гүйгээд явлаа гэж огт хэлээгүй. Би гэрээсээ хүн уул даваад явж байгааг харах харааны чадвар байхгүй. ...” /1хх 50-51/,

гэрч Д.Зулбаярын “...7 хоногийн өмнө надтай тааралдсан. Тэр үед нэг жижигхэн биетэй эмэгтэй дагуулчихсан явж байсан. Хоёулаа согтуу, тэр эмэгтэй нь бүр тасарчихсан хашааны буланд хэвтэж байсан. ...” /1хх 37/,

шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дух болон баруун чамархайд 2 хэсэг газарт цус хуралт гэмтэл  учирсан байсан. Уг гэмтэл нь цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлийг авсны дараа цусан хураа тархийг дарж шаантаглах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөх, огих, бөөлжих, дотор муухайрах тул биеийн саажилт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан ба илрэх шинж тэмдэг, өвчин зовиурыг мэдрэхгүй байх боломжтой. ...Амь хохирогчийн 3, 4, 5 дугаар хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь шинэ буюу 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь тархины гэмтэлтэй 1 цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. …Олон хоногоор архи уусан болохоор хүнд зэргийн согтолт гарсан гэж ойлгож болохгүй. Тухайн үед шинжилгээ хийхэд цусанд 4.1 промилл спиртийн агууламжтай байсан байна. Энэ нь хүнд зэргийн согтолтод хамаарна. ...” 1хх 109-110/, /2хх 218-219/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаач П.Б-ы цогцост баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн аалзан хальсан доор цус харвалт, баруун чамархайн булчин, баруун дух, чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 3, 4, 5-р хавирганд хугарал, хүзүү, баруун хацар, духанд зулгаралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Хатуу хальсан доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна. Талийгаач дээрх баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. ...2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 16 цаг 05 минутад цогцосны гадна биеийн үзлэг хийхэд талийгаач нас бараад 10-12 цаг болсон гэж тэмдэглэсэн талаарх. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1725 дугаартай дүгнэлт /1хх 79-81/,

 

“...Г.Э-ын биед хамар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх хамрын үзүүр хэсгийн зулгаралт нь шинэ буюу 1-2 хоногийн өмнө үүссэн байх ба бусад зулгаралт нь хуучин гэмтэл болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 9554 дугаартай дүгнэлт /1хх 93/,

“...Г.Э- нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон. …” Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 815 дугаартай дүгнэлт /1хх 103-104/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-10, 2хх 207-217/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Э- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Э- “...Г.Ж- яллагдагчаар татагдан байцаагдаж байгаад хэрхэн гэрч болсон, хэрэг болдог өдөр хэргийн газраас оргон алга болсон зэргийг дахин шалгуулж тогтоолгох, ...миний биед хамар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдож, энэ нь хэрэг болсон гэх хугацаанд болсон байх магадлалтай гэж намайг ямар ч эмч үзээгүй байж худал дүгнэлт гаргасан, ...хэрэг болдог өдөр 11-17 цагийн хооронд гэртээ байгаагүй. Шинээр В.Б-, Б.Б-, н.Тунгалаг, Г.Р- нараар гэрчийн мэдүүлэг өгүүлэх, хэргийн газарт ямар ч толь байгаагүй байхад гэнэт 10 сарын дараа хагархай толь хаанаас авчирч хэрэгт хамааруулж байгааг тогтоолгох. ...”, түүний өмгөөлөгч Г.Баярмаа “...дан ганц Г.Ж-ы мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, Г.Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоож чадаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад, шүүгдэгч Г.Э- нь дээрх үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гэрчээр “...орой 23 цагийн үед Б- манайд “Нутаг” гэсэн нэртэй архи барьчихсан согтуу орж ирсэн. ...Тэр архийг бид хоёр хувааж уугаад унтсан. Өглөө 07 цаг 30 минутын үед би сэрээд Б-ыг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан тул түргэн дуудсан. ... /1хх 35-36/, 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр “...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой 23 цагийн үед орж ирээд архи уугаад сууж байхдаа 7 буудалд нэг архичин авгайд архины шилээр толгой руугаа цохиулаад толгой хагарчихлаа гээд баруун чамархайгаа харуулж байсан. Баруун чамархайг нь харахад язраад хагарчихсан байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Манай гэрт ямар нэгэн зодоон болоогүй. ...Талийгаач Б- бид хоёр хааяа бэлгийн харьцаанд ордог байсан. Талийгаачийг нас бардаг шөнө буюу 2018 оны 8 дугаар сарын 2-ноос 03-нд шилжих шөнө бид хоёр бэлгийн харьцаанд ороогүй. Харин өглөө босоход талийгаач ганцхан хөхөвчтэй өөр хувцасгүй байсан. Би түргэн ирэхээс өмнө талийгаачид хувцсыг нь өмсүүлсэн. ...” /1хх 41/, 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр “...талийгаач 2018 оны 8 дугаар сарын 2-ны орой 23 цагийн үед орж ирэхдээ архи уучихсан, гартаа 1 литрийн хэмжээтэй “Нутаг” нэртэй шилний тал архи барьчихсан орж ирсэн. Тэр үед гэрт Ж- бид хоёр байсан. Талийгаачийн авчирсан архинаас хүн бүр 2-3 удаа 50 граммын хундагаар уугаад унтахаар хэвтсэн. Шөнө 03-04 цагийн үед талийгаач Б- босож ирээд “үхлээ, шар тайлах юм байна уу” гээд нэхээд байсан. Би маргааш нь шар тайлахдаа уухаар үлдээсэн архиа унтаж байсан орныхоо доогуур хийсэн байснаа аваад үзэхэд шил нь хоосон байсан. Би “шил нь хоосон байна, би уугаагүй” гэж хэлэхэд талийгаач Жагаа ах уучихлаа” гэж хэлсэн. Тэр үед Ж- орноосоо босож ирээд “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд талийгаачийг орон дээр хэвтэж байхад нь хамар луу нь баруун гараараа нэг удаа цохисон. ...Өглөө 06 цаг өнгөрч байхад сэрэхэд Ж- орон дээрээ, талийгаач миний ард унтаж байсан. Би сэрчихээд талийгаачийг “босоорой” гээд хэлсэн чинь хариу хөдлөхгүй, юм дуугарахгүй байсан. .../1хх 39/,  ...талийгаачтай бэлгийн харьцаанд орж байгаагүй /2хх 193/, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар “...2018 оны 8 дугаар сарын 2-ны өглөө 10 цагийн үед Ж- талийгаачийг дээшээ хараад хэвтэж байхад нь цээжин дээр нь гараараа хоёр удаа цохиж байсан би “боль” гэж хэлээд болиулаад ганцаараа архинд яваад орой 17 цаг болж байхад гэртээ ирсэн. Энэ хугацаанд Ж- талийгаачтай хамт үлдсэн. ...Ж- өөрийн унтдаг орон дээр унтаж байсан, талийгаач миний орон дээр сэрүүн хэвтэж байсан. Ямар нэгэн маргалдаж зодолдсон байдал мэдэгдээгүй. ...” /3хх 9-10/ гэж агуулгын хувьд хоорондоо уялдаа холбоо муутай, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, өөр өөр байдлаар мэдүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Г.Ж-ы “...Э- ах “чи залуу Ж-ыг сонирхоод надад тохмоо тавьж өгөхгүй /секс хийхгүй/ байж мөнгө цаас авна гэж байхгүй. Баадаагаасаа мөнгө аваарай” гэж хэлээд амбаар дотор байх хоолны шүүгээ рүү хүн унаж байгаа мэт чимээ гарсан. Тэр үед хоолны шүүгээн дээр байсан толь, аяга хагарч, сав суулга унаж байгаа чимээ гарсан. ... Тогооны шүүгээн дээрээс унасан аяга, таваг, сав суулгыг дээш нь авч тавиад, хагарсан толийг шүүгээн дээрээс авч гаргаад амбаарын хойно тавьчихаад ороход Б- толгойныхоо цусыг арччихаад цагаан өнгийн малгай өмссөн сууж байсан. ...” гэх мэдүүлэг, үүний үндсэн дээр хэргийн газарт нөхөн үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий модон шүүгээний баруун талд толины хагарсан 18 ширхэг хэлтэрхий байсныг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, уг хагарсан толины хавтас гэрийг амбаарын хойд хэсэгт байгаа гэж заасны дагуу уг толины 18 ширхэг хэлтэрхийг хавтаслаад эвлүүлж үзэхэд 1 бүхэл хэсэг мөн байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-10/, /2хх 207-217/, гэрч П.Хонгорзул, Ц.И- нарын “...2018 оны 8 дугаар сарын 2-ны орой Г.Э-ын гэрт ороход П.Б-ы нүд нь сүүмийсэн, намуухан дуугаар ам цангаад байна гэж эвгүй байдалтай болчихсон байсан талаар...” өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмчийн “...дух болон баруун чамархайд 2 хэсэг газарт цус хуралт гэмтэл  учирсан байсан. Уг гэмтэл нь цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлийг авсны дараа цусан хураа тархийг дарж шаантаглах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөг, огих, бөөлжих, дотор муухайрах тул биеийн саа саажилт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан ба илрэх шинж тэмдэг, өвчин зовуурийг мэдрэхгүй байх боломжтой. ...” гэх мэдүүлэг, “...хатуу хальсан доорх цусан хураа нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байна. Талийгаач дээрх баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. ...2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 16 цаг 05 минутад цогцсын гадна биеийн үзлэг хийхэд талийгаач нас бараад 10-12 цаг болсон гэж тэмдэглэжээ. ...” гэх  шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.Э- нь амь хохирогч П.Б-ыг зодож, амь хохирогч нь баруун зулай чамархай дух хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Г.Баярмаагийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1725 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Т.Номинцэцэгийн өгсөн “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дух болон баруун чамархайд 2 хэсэг газарт цус хуралт гэмтэл  учирсан байсан. Уг гэмтэл нь цохих, цохиулах үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлийг авсны дараа цусан хураа тархийг дарж шаантаглах хүртэл үйлдэл, хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Энэ хугацаанд толгой өвдөх, огих, бөөлжих, дотор муухайрах тул биеийн саа саажилт үүсэх шинж тэмдэг илэрнэ. Талийгаачийн хувьд хүнд зэргийн согтолттой байсан ба илрэх шинж тэмдэг, өвчин зовиурыг мэдрэхгүй байх боломжтой. ...” гэх мэдүүлгээр амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болох нь тогтоогдсон ба амь хохирогч өөр шалтгаанаар нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлын тухайд,

 

Шинжилгээ хийлгэх тухай 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор шинжээч эмч нарын мэдэлд үзүүлэгч Г.Э-ыг тогтоолын нэг хувийн хамт шилжүүлж /1хх -93/, шинжээч эмч Г.Э-ын биед үзлэг хийж “...Г.Э-ын хамар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...”  гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийн 9554 дугаартай дүгнэлт гаргаж ,/1хх 94/ уг дүгнэлтийг шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарт танилцуулсан тэмдэглэл 1 хавтас хэргийн 114 талд авагдсан байх ба дээрх баримтуудаас үзэхэд шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Г.Ж-ыг энэ хэрэгт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан /1хх 188/, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч  “...Г.Ж- нь бусадтай бүлэглэн П.Б-ыг зодож алсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. ...” гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2хх 122-123/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Б-оос 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахад “...2018 оны 7 сарын эхээр Г.Ж-тай уулзснаас хойш огт холбоо бариагүй. ...” талаар /1хх 56-57/, Б.Б-оос 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад “...2018 оны намар байх, Э-ын гэрт байсан өндөр ах хамт байсан эмэгтэйгээ цай уудал гээд хувцанцар шанагаар аажуухан тог гээд цохисон. Гэмтэл авах хэмжээний цохиогүй. ...” /2хх 250 3хх 1/ талаар тус тус мэдүүлсэн нь энэ хэрэгт ач холбогдол багатай, мөн Г.Р-ас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  гэрчийн мэдүүлэг авахад “...Би Э-ын гэрт очдоггүй, бэр Э-ээс асууж сурдаг. ...” /1хх-61-63/ гэж, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дахин мэдүүлэг авахад “...манайх Э-ын гэртэй ойрхон, багцаагаар сард нэг удаа ордог, тэднийд толь байгаагүй. ...” /3хх-2-3/ гэж,  2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин мэдүүлэг авахад Г.Э-ын хувийн байдлын  /3хх-233-235/ талаар тус тус мэдүүлсэн байх тул дахин эдгээр хүмүүсийг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзсэн болно.

 

 Г.Ж-ы гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийн газарт нөхөн үзлэг хийж модон шүүгээний баруун талд толины хагарсан 18 ширхэг хэлтэрхий байсныг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан байх ба 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Г.Э-, Г.Ж- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд Г.Э- нь “...хоолны шүүгээн дээр хавтасыг нь аваад хаячихсан толь байдаг байсан, хэзээ хагарсан эсэхийг нь анзаараагүй”. гэж хариулжээ. /2хх-98-106/

 

Б.Э-т холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 457 дугаартай тогтоолоор “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаж тогтоохгүйгээр эсрэг ашиг сонирхол бүхий этгээдийн мэдүүлгээр шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. ...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. /3хх 216-219/

 

Хэргийн прокурорт буцааснаар өмнө гэрчийн мэдүүлэг өгсөн Г.Р-, Ц.И-, Г.Ж-, Ц.Э- болон шүүгдэгч Г.Э- нараас дахин мэдүүлэг авч /өмнөх мэдүүлгүүдийн агуулга өөрчлөгдөөгүй/ /4хх 28-34/ хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх өөр гэрч байхгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газарт үзлэг хийж, тогтоогдсон нөхцөл байдлыг тэмдэглэлээр бэхжүүлсэн, амь хохирогчийн цогцост үзлэг хийх, задлан шинжилгээ хийлгэж нас барсан шалтгааныг тогтоолгох зэргээр 3 жил гаруй хугацаанд явагдсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр хэрэгт хамааралтай байж болох бүхий л нөхцөл байдлуудыг шалгаж, тодруулсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг хүнийг алах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Э-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/236 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 73 /далан гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН