Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0929

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар ХЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: ХЭ ХХК /РД:****/

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар бүхий ХЭ ХХК-ийн эзэмшлийн XV-**** дугаартай Завхан аймгийн З, У сумдын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох, уг тусгай ХУ-**** тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн, Кадастрын бүртгэлийн системд бүртгэхийг хариуцагчид даалгах болон ХЭ ХХК ХУ-**** дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангах ирүүлсэн нөхцөлд өргөдлийг хүлээн авч, хуульд заасан ёсоор хянан шийдвэрлэхийг хариуцагчид даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХЭ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Завхан аймгийн З, У сумдын нутаг орших Овгор нэртэй ХV-**** дугаар бүхий тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Кадастрын хэлтэст гаргаж байсан. Өргөдөл гаргах өдрийн байдлаар материалд 2 сумын Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавсаргах байснаас З сумынх байсан, харин У сумынх байхгүй байсан.

Учир нь манай Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах ёстой У сумын Засаг дарга солигдож, шинээр томилогдоогүй байснаас шалтгаалан бид төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй байсан. Энэ талаар бид Кадастрын хэлтэст учир байдлаа хэлж, Засаг дарга томилогдсон дариуд төлөвлөгөөг ирүүлэх тул манай тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх талаар хүссэн ба Кадастрын хэлтэс ч үүнийг ойлгож тусгай зөвшөөрлийг цуцлалгүй хүлээж байсан юм.

Бидний хувьд дутуу гэгдэж байгаа Байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар У сумруу 9 сарын өмнө буюу 2018 оны 02-р сарын 02-ны өдөр албан бичиг хүргүүлсэн байдаг ба түүнээс хойш байнга уулзаж, төлөвлөгөөгөө батлуулахаар уйгагүй хөөцөлдсөн. Гэтэл удаж удаж томилогдсон шинэ Засаг дарга манай төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүй татгалзсан. Энэ талаар бид Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч хүлээж аваагүй тул Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Энэ бүх процесс тус бүрдээ 30-60 хоног шаардагдсан бөгөөд эцэст нь манай компанийн Байгаль орчны төлөвлөгөөг баталж өгөөгүй Засаг даргыг бурууг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 07 тоот шийдвэрээр тогтоосон байдаг юм.

Ингэж бид бүтэн жилийн турш төрийн албаны хүнд суртал, хууль бус үйл ажиллагааны улмаас хохирч, эцэст нь шүүх дээр өөрсдийн буруугүй гэдгээ тогтоолгосны дараа шүүхийн шийдвэр, бусад материалыг бүрдлийн хамт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Кадастрын хэлтэст хандсан боловч манай тусгай зөвшөөрлийн эрхийг аль хэдийнээ цуцалсан байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн Тавдугаар бүлгийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах талаар зохицуулалт байдаг бөгөөд мөн хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажилласан нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлахгүй эрхийг хадгалах үүрэгтэйг заажээ. Манай компанийн хувьд тусгай зөвшөөрлийн төлбөр болон хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, түүнийг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл манай тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах хуулийн үүрэг байсаар байтал түүнийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Орон нутгийн Засаг даргын хүнд суртал, хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон манай компанийг АМГТГ-ын Кадастрын хэлтэс дахин хохироосонд гомдолтой байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга манай компанийн эзэмшлийн Завхан аймгийн З, У сумдын нутагт орших Овгор нэртэй ХV-**** дугаар бүхий тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэл гаргаж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.З шүүхэд ирүүлсэн залруулгадаа: Тус шүүхэд манай компаниас ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга манай компанийн эзэмшлийн Завхан аймгийн З, У сумдын нутагт орших Овгор нэртэй ХV-**** дугаар бүхий тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэл гаргахдаа механик алдаа гаргаж тусгай зөвшөөрлийн бүртгэлийн дугаарын нэг оронг илүү бичиж ХV-**** байхыг ХV-*** гэж бичсэн байна. Гэвч нэхэмжлэлд хавсаргасан материалууд болох

1.    Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр-13х

2.    2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн **** тоот АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Д өгсөн албан бичиг-1х

3.    2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х өгсөн хариу-1х хэрэгт зөвөөр

бичсэн, мөн механик алдаа гаргасан нь илт байх тул Завхан аймгийн З, У сумдын нутагт орших Овгор нэртэй ХV-**** дугаар бүхий тусгай зөвшөөрөл гэж залруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.З шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: Тус шүүхэд ХЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй ДМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэрэг хянагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байгааг хүлээн авч шийдвэрлэн өгнө үү?

         АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар бүхий ХЭ ХХК-ийн эзэмшлийн XV-**** дугаартай Завхан аймгийн З, У сумдын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох, ХУ-**** тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн, Кадастрын бүртгэлийн системд бүртгэх,

         ХЭ ХХК ХУ-**** дугаар бүхий хайгуулын тусгай
зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангах ирүүлсэн нөхцөлд өргөдлийг хүлээн авч, хуульд заасан ёсоор хянан шийдвэрлэх... гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга манай компанийн эзэмшлийн Завхан аймгийн З, У сумдын нутагт орших Овгор нэртэй XV-**** дугаар бүхий тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Завхан аймгийн З, У сумдын нутаг Овгор нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-**** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 968 дугаар шийдвэрээр Е ХХК-д олгож, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08 -ний өдрийн *** дугаар шийдвэрээр ХЭ" ХХК-нд бүхэлд нь шилжүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээсэн байдаг.

Дээрх үүргээ биелүүлж ажиллахын зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сум, дүүргийн Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан.

Нэхэмжлэгч "ХЭ ХХК-ийн хувьд дээрх хуулиар хүлээсэн үүргүүдээ биелүүлээгүй байна.

Тодруулбал хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, төрийн захиргааны байгууллагад ирүүлсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуулийн зохицуулалтыг хангаагүй байна.

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг тус тус баримтлан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-**** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Сунгахаас татгалзсан тухай мэдэгдлийг компанийн албан ёсны хаягаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 7/8461 дугаартай албан бичгээр хүргүүлсэн боловч буцалтаар ирээгүй байна.

ХЭ ХХК-ийн хувьд сунгахаас татгалзсан тухай мэдэгдлийг хүлээн авсан боловч гомдлоо зохих байгууллагад гаргаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж  заасныг зөрчжээ.

Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай нөхцөл, шаардлага хангагдаагүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны акт нь ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй хууль ёсны шийдвэр болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч ХЭ ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга манай компанийн эзэмшлийн Завхан аймгийн З, У сумдын нутагт орших Овгор нэртэй ХV-**** дугаар бүхий тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байна.

Улмаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар бүхий ХЭ ХХК-ийн эзэмшлийн XV-**** дугаартай Завхан аймгийн З, У сумдын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох, ХУ-**** тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн, Кадастрын бүртгэлийн системд бүртгэх,

ХЭ ХХК ХУ-**** дугаар бүхий хайгуулын тусгай
зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангах ирүүлсэн нөхцөлд өргөдлийг хүлээн авч, хуульд заасан ёсоор хянан шийдвэрлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа 
тодруулсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд эцсийн байдлаар

         АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар бүхий ХЭ ХХК-ийн эзэмшлийн XV-**** дугаартай Завхан аймгийн З, У сумдын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох, уг тусгай ХУ-**** тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн, Кадастрын бүртгэлийн системд бүртгэхийг хариуцагчид даалгах

         ХЭ ХХК ХУ-**** дугаар бүхий хайгуулын тусгай
зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангах ирүүлсэн нөхцөлд өргөдлийг хүлээн авч, хуульд заасан ёсоор хянан шийдвэрлэхийг хариуцагчид даалгах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай *** дугаар шийдвэрээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн XV-**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;38.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:, 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах;38.1.3-д энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах;38.1.4-д энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;,38.2-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ. 40.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ. гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтдээ тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргахаар хуульчилсан байна.

Мөн дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулжсумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлж, Засаг дарга уг төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр тодорхой хуульчилсан байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 26 өдрийн 07 дугаар шийдвэрээр ХЭ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХЭ ХХК-ийн эзэмшлийн ХV-**** дугаартай, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн Овгор нэртэй талбайн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн У сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн У сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай № 2/212 тоот албан бичгээс үзэхэд дээрх Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Завхан аймгийн У сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах тухай хүсэлтдээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй болох нь дээрх 2019 оны 03 сарын 26 өдрийн 07 дугаар шүүхийн шийдвэрээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд /2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр/ гаргаж байсан болох нь нотлогдсон, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 02 дугаар сараас эхлэн удаа дараа У сумын Засаг даргад хандаж байсан болох нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 26 өдрийн 07 дугаар шийдвэрээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай *** дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны ирцийн тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шалтгаалж шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан ба 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантайг лавтай нотлох баримтыг ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр тус өдрийн шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХЭ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах тухай *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, уг ХV-**** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн, уул уурхайн кадастрын компьютержсон системд бүртгэхийг болон тус ХV-**** дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ХЭ ХХК-ийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ХЭ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ