Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/544 

 

 

 

  

                                                                                         

                                                                                         

Ү.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

хохирогч Г.Б,

шүүгдэгч Ү.Д, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Дгийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Ү.Дд холбогдох _________ дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ү.Д, ................................................ төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ...................... ажилтай, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт ..............................тоотод оршин суух, /РД:.........................................../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 123.750 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Ү.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин Итгэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа Г.Б, Г.О нарт эмчилгээний журмаар Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 12 дугаар сарын 13, 16-ны өдөр нийт 6.000.000 төгрөгийг иргэн Т.Аюушмаагийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, нийт 16.000.000 төгрөгийг,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин Итгэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа эмчилгээний журмаар Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж М.Д-ээс 2.500.000 төгрөгийг,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин Итгэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа эмчилгээний журмаар Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ч.А-аас 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 23.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ү.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ү.Дг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооноос гарч явахыг хориглож, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дгаас 5.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Боржигон овогт Г.Б-д олгож, шүүгдэгч Ү.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү.Дгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ү.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн бөгөөд Ү.Д зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон. Миний үйлчлүүлэгч Ү.Д шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн холбогдсон хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Хохирлын дийлэнх хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Мөн хөдөө орон нутагт буюу Говь-Алтай аймагт хувийн болон албаны ажлаар байнга зорчих шаардлага гардаг зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлоо барагдуулж авбал өөр гомдол, саналгүй” гэв.

Шүүгдэгч Ү.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ би 6 хүүхэдтэй. Хүүхдүүд маань Говь-Алтай аймагт байгаа. Би ажил хийхгүй бол үнэхээр хүнд нөхцөлд байгаа. Ажил хийх боломжоор хангаж өгнө үү” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авсан боловч хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ү.Д нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин Итгэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа Г.Б, Г.О нарт эмчилгээний журмаар Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 12 дугаар сарын 13, 16-ны өдөр нийт 6.000.000 төгрөгийг иргэн Т.Аюушмаагийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, нийт 16.000.000 төгрөгийг,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин Итгэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа эмчилгээний журмаар Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж М.Д     ээс 2.500.000 төгрөгийг,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин Итгэл” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа эмчилгээний журмаар Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ч.А-аас 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 23.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бийн “...Тэгээд “Амин Итгэл” ТББ дээр 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэр очиж, тухайн байгууллагын захирал Ү.Д гэх хүнтэй уулзаж “...Бид хоёр Солонгос улс руу гарч ажил хийх гээд виз хөөцөлдөж байгаа...” талаараа хэлтэл Ү.Д нь “...Манай байгууллага нь Солонгос улс руу явж ажиллах хүмүүст ажлын виз гаргаж өгдөг, өмнө нь олон хүмүүсийн виз гарсан, та хоёр хамтдаа хурдан явна гэж бодож байвал 10.000.000 төгрөг болно...” гэж хэлсэн. ...Ингээд эхнэр бид хоёр зээл авч, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Амин Итгэл” ТББ-ын байранд очиж Ү.Дд бэлнээр өгсөн бөгөөд Ү.Д нь мөнгөө тоолж аваад үлдэгдэл мөнгөө хурдан өгөөрэй гэж хэлээд бид нартай зуучлалын гэрээ байгуулсан. Үүний дараа манай эхнэр Отгонцэцэг нь өөрийн Хас банкнаасаа 1.300.000 төгрөгийг Аюушмаа гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн бөгөөд Аюушмааг тухайн байгууллагын нягтлан гэж хэлж байсан. Үүнээс хойш үлдэгдэл 4.700.000 төгрөгийг мөн манай эхнэр Отгонцэцэг нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны данснаасаа мөн Аюушмаа гэх хүний данс руу шилжүүлсэн. ... Тэгээд 14 хоносон ч виз гараагүй, нөгөө Ү.Д сүүлдээ бүр утсаа авахаа больсон бөгөөд нэг удаа холбогдохдоо виз чинь бүтэхээ байсан, удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ч одоог хүртэл өгөөгүй. ...” /1хх 25-26/,

хохирогч Г.О-ийн “...манай нөхөр бид хоёр Солонгос улс руу явж ажил хийхээр болж, 2019 оны 12 дугаар сард “Амин Итгэл” ТББ дээр очсон бөгөөд тухайн байгууллагын талаар дам сонссон юм. Бид хоёрыг гэрлэлтийн баталгаа байхгүй гэхэд тус тусдаа гарах бол нэг хүн 8.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлж байсан. Үүнийх нь дагуу бид хоёр мөнгөө өгсөн боловч одоо хүртэл виз гаргаагүй, мөнгөө ч бүрэн төлж барагдуулаагүй. ...” /1хх 32-33/,

хохирогч Ч.А-ын “...манай хамаатны охин Шижиртуяа надад хандан 10.000.000 төгрөгөөр Ү.Д гэх хүүхэн эмчилгээний журмаар виз гаргаж өгдөг гэж хэлсний дагуу би Ү.Дтай уулзахад хүүхэд эмчлүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай виз 10.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсний дагуу би урьдчилгаа 5.000.000 төгрөгийг шилжүүлж, гэрээ байгуулсан. Үүнээс хойш виз гарахгүй 1 сар болчихоор нь би Ү.Дтай холбогдож мөнгөө авах талаар хэлэхэд маргааш өгнө, маргааш гэж явсаар сүүлдээ өгнө л гэдэг болсон. ...” /2хх 35-36/,

хохирогч М.Д-ийн “...Миний найз Шижиртуяа гэх охин Ү.Д гэх хүнээр дамжуулан Солонгос улс руу 3 сарын хугацаатай яваад ирсэн. Ингээд Ү.Д гэх хүнтэй уулзахад Шижиртуяатай адилхан аргаар гарч болно, бичиг баримт нь бэлэн байна, чи мөнгөө хурдан өгчихвөл 90 хоногийн дотор виз чинь гарна гэж хэлэхээр нь би өөрт байсан 2.500.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 2 сарын хугацаанд Ү.Дг хүлээсэн боловч ор сураггүй болчихоор нь холбогдож, мөнгөө авъя гэхэд одоо чиний мөнгө байхгүй, өөр хүнтэй гэрээ байгуулахаар чиний мөнгийг өгнө, чиний визийг гаргах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, нэг ч цаас канондаагүй гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх 87-88/,

гэрч П.Аюушмаагийн “...би Ү.Д гэх хүнтэй найзууд юм. Ү.Дгийн ажил дээр байж байхад Ү.Д нь надад хандан чиний дансаар мөнгө оруулаад авчихъя гэж хэлээд авсан бөгөөд яг хэдэн төгрөг орж гарсныг сайн мэдэхгүй байна. Хэд хоногийн дараа дахиад мөнгө орж ирэхэд Ү.Д нь миний картыг ашиглаж гаргаж авсан. Би тухайн байгууллагатай ямар ч хамааралгүй, өөр ажил хийдэг хүн. ...” /1хх 37-38/,

шүүгдэгч Ү.Дгийн “...хохирогч Ч.А, М.Д, Г.Б, Отгонцэцэг нар нь гадаад улсад анхнаасаа ажиллах зорилготой, арга чарга байна уу гэж асууж сураглаж байсан. Тэгэхээр нь би Солонгос улсад очиж оношилгоо хийлгээд визний хугацаанд ажиллах, үргэлжлүүлэн харлах боломжтой гэж хэлж байсан. ...” /2хх 190/ гэсэн мэдүүлгүүд,

2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Г.Б, Ү.Д нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1хх 18-19/,

Хас банкны 5002653302 дугаартай Г.О-ийн данснаас Хаан банкны 5111373095 дугаартай Аюушмаа гэх хүний данс руу 1.300.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1хх 20/, мөн данс руу Г.Отгонцэцэгийн данснаас 4.700.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /1хх 49-55/,

хохирогч Ч.А-ын Хаан банкны 5042431986 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 48-66/,

2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн зуучлалын гэрээ /2хх 67-68/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ү.Дг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ү.ДгийнСолонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэн Г.Отгонцэцэг, Г.Б, Ч.А, М.Д нарыг хуурч, нийт 23.500.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ү.Дгийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын дийлэнх хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, мөн хөдөө орон нутагт буюу Говь-Алтай аймагт хувийн болон албаны ажлаар байнга зорчих шаардлага гардаг зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дг 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Ү.Дд зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооноос гарч явахыг хориглосон нь түүний зорчих нутаг дэвсгэрийн хүрээ хязгаарт тохироогүй байх тул Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон байдлаар зорчих хүрээ хязгаарыг тогтоов.

Харин, шүүгдэгч Ү.Д нь шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах боломжтой тул түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хүрээ хязгаарыг өргөжүүлэн тогтоох үндэслэлгүй болно.

Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ү.Дгийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Дг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Дгийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР