Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 0548

 

                                                              “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлоор, ”Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т тус тус заасныг баримтлан ”Д” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1164 дүгээр шийдвэрийн 28 дахь хэсэг буюу ”Д” ХХК-ийн 8663А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, ”Д” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Галагтайн гол гэдэг газарт байршилтай ашигт малтмал ашиглах 8663А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь давж заалдах гомдолдоо: “....Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь заалт нь “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заажээ. 2006 оны төлбөрөө 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

“Д” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын 8663А дугаартай тусгай зөвшөөрлийнхөө  ээлжит 3 дахь жилийн төлбөрөө 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл бүрдэж Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын /тухайн үеийн нэрээр/ мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1164 дүгээр шийдвэрээр цуцлагдсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

Иймд ”Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, уг компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч ”Д” ХХК-иас “...2006 оны хавар үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байтал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ашигт малтмал ашиглах зөвшөөрөл бүхий газар нутгийг сумын тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах болсоноо мэдэгдэн ... тусгай хэрэгцээнд авсан ... тул тусгай хэрэгцээнээс гаргаж болох тухай ярилцан тохиролцож үйл ажиллагаа явуулахаар ашигт малтмалын газарт хандахад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэсэн хариу өгсөн”, хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хуульд заасны дагуу гол мөрний урсац бүрэлдэх, ойн сан сан бүхий газартай тухайн газар нь давхцалтай, 3 дахь жилийн төлбөрөө төлөөгүй, 11 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн үед буюу 2006 онд нэхэмжлэгч ”Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцсан газрыг тусгай хэрэгцээнд авсан эсэх, нэхэмжлэгчийн тайлбар холбогдох баримтаар хэрхэн нотлогдож байгаад дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байна.    

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн” гэх тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх “..Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлаагүй” гэх дүгнэлт өгөхдөө маргаж буй 2006 оны 1164 дүгээр тушаалтай хамаарахгүй буюу тухайн хууль 2009 оны 7 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан болохыг анхаараагүй байна.

Үүнийг хариуцагч тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй байгаа нэг үндэслэлдээ хамааруулж тайлбарлан холбогдох тойм зургийг ирүүлсэн атал шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцсэн, хэрэгжих боломжтой байх шаардлагыг хангаж байгаа үгүй нь тодорхойгүй, өрөөсгөл дүгнэлт хийжээ.

Түүнчлэн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь заалт нэмэгдсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үний дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах үүргийг хариуцагч энэ зохицуулалтын дагуу 2006 онд хэрэгжүүлэх үндэслэлгүй тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан” гэх хариуцагчийн тайлбар, захиргааны актыг гаргасан болон эс зөвшөөрсөнтэй холбоотой  маргасан үндэслэл тус бүрээр холбоотой баримтыг цуглуулсны үндсэн дээр үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагатайг анхаарах нь зүйтэй.

Тухайн ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг арилгах, дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                      ШҮҮГЧ                                                                      О.НОМУУЛИН

                      ШҮҮГЧ                                                                      Ц.САЙХАНТУЯА