Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00839

 

Төв Цогт-Өлзийт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2016/00199 дүгээр шийдвэртэй,

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2016/00035 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Төв Цогт-Өлзийт ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Монгол туургатан театрт холбогдох,

7.330.644 төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч Төв Цогт-Өлзийт ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв Цогт-Өлзийт ХХК-д 2011.11.20-ны өдөр Театр киноны хүрээлэнгийн дарга Г.Ганхуяг нь театрын зарим нэг тасалгааг засуулах, төсөв хийлгэх, засварын ажлыг хэсэгчилсэн байдлаар хийлгэх санал гаргасныг хүлээн авч засвар хийлгэх шаардлагатай өрөөнүүдийг нь нэг бүрчлэн үзэж тохиролцсон. Театрын орлогч дарга, ня-бо, нярав нарыг нь оролцуулан хурал хийж, харилцан тохиролцож Хүрээлэнгийн барилгын хэсэгчилсэн засварын ажлыг 11.964.754 төгрөгийн төсөвт өртөгт багтаан хийж.гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч захиалагч гүйцэтгэгч хоёр тал тохиролцож Барилгын засварын ажлын хэсэгчилсэн гэрээ байгуулан ажилласан. Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг 11.964.754 төгрөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж баталгаажуулсан. Гүйцэтгэгч тал хэсэгчилсэн засварын ажлыг гэрээ байгуулан хоёр талын төлөөлөгчид гарын үсэг зурж дотор эхэлж, 2012.02.07-ны өдөр ашиглалтанд оруулна гэж тохиролцсон ёсоор гүйцэтгэгч тал болох  үүргээ биелүүлсэн. Гэвч захиалагч тал олон газарт өр төлбөртэй гээд тухайн үедээ ажлын хөлсөө өгөөгүй. 2012 оны жилийн эцсээр тооцоо нийлж, 7.330.644 төгрөгийн өглөгтэй гэдгийг хариуцагч  зөвшөөрч гарын үсэг зурсан боловч 2.5 жил шахам хугацаа өнгөрлөө. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаж буй гэрээг байгуулагдаагүй гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд барилгын хэсэгчилсэн ажлын засварын гэрээг дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 2007 оны улсын бүртгэлийн гэрчилгээнд Монгол туургатан театр нь уг нэрээрээ байдаг. Гэтэл 2011.11.20-ны өдрийн гэрээнд Театр киноны хүрээлэн гэж байгуулсан байна. Тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ байна. Гэрээний 2 дахь хэсэгт захиалагч ньТКХүрээлэнгийн барилгын засварын ажлыг 11.964.754 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв гэж тусгасан байх ба шинэчлэлийн засварын ажилд тендер зарлан гүйцэтгэхээр заасан байна. Мөн гэрээний 4-т дурьдсан найман бичиг баримт нь уг гэрээний бүрдэл хэсэг мэт байх боловч эдгээр баримтууд байхгүй байна. Нэхэмжлэгч тал тендер зарлаагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээг байгуулсан тухайн он сар өдөрт Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээг худалдах, худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Засгийн газрын 22 дугаар тогтоолын хавсралтаар 50 сая хүртэлх барааг харьцуулалтын аргаар худалдан авахаар заасан байдаг. Мөн тухайн цаг үед мөрдөгдөж байсан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Төсвийн байгууллага эд хөрөнгө, бараа,ажил, үйлчилгээ худалдан авах журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулиар зохицуулна, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар төсвийн байгууллага, албан тушаалтанд энэ хуульд заасныг зөрчиж төсвөөс гадуур зардал гаргахыг хориглоно гэж заасан байна. Гэтэл Монгол туургатан театрын 2011-2012 оны төсөвт энэ төсвийг тусгаагүй байдаг. Менежер нь төсөвт заасан төсвийг зарцуулах ёстой. Гэрч Г.Ганхуягийн мэдүүлэгт 2006-2007 онд засвар хийж өгсөн боловч засвар нь муухай болсон тул 2011 онд өмнөх засварын үнийг нэмж тооцохоор болсон гэдэг. Тиймээс уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ байна. 3-рт, уг гэрээгээр засварын газрыг шинэчлэн засахаар харилцан тохиролцсон байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар даргын өрөө, 00-ын өрөө,коридорыг зассан боловч засварын газрыг шинэчлэн барьсан мэт харагдуулж хийсэн гэрээ байна. 4-рт, Театр киноны хүрээлэнгийн дарга Ч.Ганхуяг нь гэрээнд Г.Ганхуяг гэж гарын үсэг зурсан байна. Гэрч Ч.Ганхуяг бол энэ гэрээг бие даан хийх эрхгүй, аймгийн Засаг даргын өөрт олгогдсон эрхийг театрын захиралд шилжүүлсэн тохиолдолд гэрээг хийх эрхтэй байсан. Гэтэл төсвийн ерөнхий менежерээс зөвшөөрөл аваагүй хийсэн гэрээ байна. Мөн Төв Цогт-Өлзийт ХХК-ийн инженер Т.Отгонсүх гэрээнд гарын үсэг зурсан байх ба түүнд гэрээ байгуулах эрхийг мөн олгоогүй байна. Иймд тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан 4 үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэж байна. Хэрэв нэхэмжлэгч тал гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн гэж үзвэл 2012 оны 2 сарын 7-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 5 сарын 27-ны өдөр гаргасан байна. Мөн хүчин төгөлдөр бус гэрээнээс үүдэлтэй авсан, өгснөө буцаахаар шаардаж байгаа бол төсвийн менежерээс зөвшөөрөл авалгүй, бие даан гэрээ байгуулсан Ч.Ганхуягаас Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Хариуцагч бол Монгол туургатан театр биш, төлөөлөх эрхгүйгээр уг гэрээг байгуулсан Ч.Ганхуяг уг үр дагаврыг арилгах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2016/00199 дүгээр шийдвэрээр Монгол туургатан театраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 7.064.754 төгрөг, Иргэний хуулийн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар 265.890 төгрөг, нийт 7:330:644 төгрөгийг гаргуулж Төв Цогт-Өлзийт ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-дзаасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206:386 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 132:240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2016/00035 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2016/00199 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхзаалтанд “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн атлаа хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүгч өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТ хуулийн 62.1.4, 115.2-т нийцээгүй. 7.064.754 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад 2012.12.31-ний өдрийг хүртэл дуустал хугацаанд өгч, авсан зүйлээ санхүүгийн баримтыг үндэслэн, нэг бүрчлэн нийлж үзэхэд 7.064.754 төгрөгийн үндэслэлтэй /өөр өнгийн балаар засвартай бичсэн/ гэснээс үзэхэд гэрээний үүрэгтэй холбоотой тооцооны агуулга тусгагдсан эсэх, хоёр шатны шүүх энэ талаар тодруулж дүгнээгүй гэж үзэж байна. Мөн гэрч Ч.Ганхуягын мэдүүлгийг үнэлээгүй, мэдүүлэгт “...засварын ажлыг 2006-2007 онд хийсэн, өмнө хйисэн засварын үнийн дүнг багтаасан, энэ засвар хийгдсэнээс хойш 6-7 жил болсон...” гэж тов тодорхой хэлдэг. Өөрөөр хэлбэл,нэхэмжлэгчийн хэлж байгаа үнийн дүн бодит биш гэдэг нь ойлгомжтой байна. Нэгэнт гэрчээр асуусан бол энэ баримтыг хэрхэн үнэлэх талаар дүгнэлт хийгээгүй нь ИХШХШТ хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцээгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол өгсөн тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэн. Нэхэмжлэгч байгууллагын хүсэлтээр гүйцэтгэгч байгууллагын хийж гүйцэтгэсэн барилгын засварын ажлыг үндсэн объект дээр нь шүүх үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлийг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа болно. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Төв Цогт-Өлзийт ХХК нь Монгол туургатан театраас засварын ажлын төлбөрт 7.064.754 төгрөг, зээлээр авсан барааны үнэ 265.890 төгрөг нийт 7.330.644 төгрөг гаргуулахыг шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.        

Зохигчид ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө засвар явагдсан хэмжээ, зардлын тооцооны талаар маргах боловч энэ тухай үндэслэлээ нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн шүүхийн үзлэгээр театрын барилгад завсар хийгдсэн нь тогтоогдсон байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэрээний заалтыг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч гэрээнд заасан төлбөрөөс нийт 7.330.644 төгрөг төлөх үүрэгтэй нь хэрэгт байгаа баримтаар нотлогдож байх тул уг мөнгийг Монгол туургатан театраас гаргуулж Төв Цогт-Өлзийт ХХК-д олгох нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 343 дугаар зүйлийн 343.1-д нийцнэ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-г буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ. Харин  “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 343 дугаар зүйлийн 343.1-г баримтлан Монгол туургатан театраас нийт 7.330.644 төгрөг гаргуулж Төв Цогт-Өлзийт ХХК-д олгож, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ : 

1. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2016/00035 дугаар магадлалын нэг, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2016/00199 дүгээр шийдвэрийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 343 дугаар зүйлийн 343.1-г баримтлан  Монгол туургатан театраас нийт 7.330.644 төгрөг гаргуулж Төв Цогт Өлзийт ХХК-д олгосугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 128.000 төгрөгийг Монгол туургатан театрт буцааж олгох захирамж гаргасугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ