| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0136/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/133 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,
Улсын яллагч:Д.Цогжавхлан,
Хохирогч:*******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч, Монгол улсын иргэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай /
Үйлдсэн хэргийн талаар
1.Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-64-7Б тоотод өөрийн эхнэр *******ийг хэл амаар доромжилж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Яллах нотлох баримт:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 08 дугаар сарын 04-ний 20 цагийн үед би эхнэр болон ах дүүгийн хамт хуримд орж архи уусан. Гэртээ хэдэн цагт харьсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эхнэртэйгээ барилцаж авсан буйдан дээрээ байж байсан. Манай эхнэрийн дүү Мөнхзул орилоод боль гээд байсан ба манай эхнэрийн дүүгийн нөхөр миний хоолойг боосон байдалтай хэвтэж байсан. Мөнхзул цагдаад намайг эхнэрээ зодсон гэж дуудлага өгөөд байх шиг байсан.
...Эхнэр бид хоёр нэг нэгнээсээ зууралдсан байдалтай байснаа мэдэж байна. Би нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тухайн асуудал болох үед манай эхнэр болон эхнэрийн дүү Мөнхзул, түүний нөхөр намайг зодсон асуудал байхгүй. Надад өвдөж, зовиурлах байгаа зүйл байхгүй. Би эдгээр хүмүүст ямар нэгэн санал гомдол байхгүй. Өөрийн гаргасан асуудалд арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14/,
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би нөхөр *******той 2013 онд танилцаж, 2013 оны 12 дугаар сараас нэг гэрт орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2017 оны 3 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Бийрийн” бригад дээр болсон ах дүүгийн хүний хуримд нөхрийн хамтаар яваад гэртээ тухайн өдрийн 24 цагийн үед ирсэн. Хурим дээр манай нөхөр ******* нь архи уусан гэртээ ирэхдээ бага зэрэг согтуу байсан. Намайг ямар ч шалтгаангүйгээр хардаад янз бүрийн юм яриад “янхан, банзал” гэж дуудаад унтуулахгүй байсан. Тэгээд орондоо орсон хойно миний биеийн гар цээжин хэсэгт чимхэж толгойруу гараараа цохиод байхаар нь би байдаг чадлаараа орилоод байсан чинь манай гэрийн хаалгыг хүн цохиход нөхөр ******* онгойлгож өгөхөд манай дүү Мөнхзул Бямбажаргал нар нь орж ирсэн. Би зөрөөд гэрээс гарч зугтаах гэхэд манай нөхөр миний гараас бариад намайг тавихгүй байсан тэгэхэд манай дүү Мөнхзул цагдаад дуудлага өгч цагдаа ирж авч явсан. Өмнө нь манай нөхөр намайг зодож байгаагүй архи уусан ч надад мэдэгдэхгүй унтаад өгдөг агсан согтуу тавьж байгаагүй. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бид 2 эвлэрсэн биеийн байдал гайгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 05-ны өдрийн 21 цагийн үед хөдөө гэр бүлээрээ хуримд оролцохоор явсан. 2017 оны 08 сарын 05-ны шөнө 00 цагт миний нөхөр хуримаас ирэхдээ согтуу ирсэн. Гэртээ согтуу ирээд янз бүрийн үгээр намайг доромжилж байгаад толгой руу 2, 3 удаа цохиод байхаар нь би орилж байсан чинь манай дүү хажуу талд байдаг болохоор эхнэртэйгээ цуг орж ирээд нөхөр бид 2-ыг салгасан. Манай дүү миний нөхрийг барьж аваад эхнэр нь цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа нь ирсэн, Одоо бид сайн дураараа эвлэрсэн гэв.
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай хамаатны хүний хурим болж бид нар хуримд яваад 24 цагийн үед гэртээ ирсэн. Манайх хүргэн ах *******гынхтой нэг байрны нэг орцны нэг давхарт айл байдаг. Ингээд би орой эгч *******ээр тариа хийлгэсэн тэгэхэд манай эгч *******, хүргэн ах ******* нар нь жоохон маргалдаад байсан. Тэгээд би гэртээ ороод 20-30 минут болж байтал пид пид гээд манай эгч ******* “намайг авраарай цагдаа дуудаарай” гээд орилоод байхаар нь би нөхрийн хамт тэднийд ороход гэрийн хаалгыг манай эгч онгойлгож, эгчийн гараас хүргэн ах барьчихсан байсан. Тэгээд манай нөхөр Бямбажаргал орж салгаад цагдаад дуудлага өсгөн. Энэ хооронд манай хүргэн ах манай эгчийг болон намайг хэл амаар доромжилж байсан. Тухайн үед манай эгчийн цээж гар хөхөрсөн толгой нь хавдсан байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 22-24/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай хамаатны хүний хурим болж хадам эгч *******, хүргэн ах ******* нартай хамт бид нар хуримд яваад шөнийн 24 цагийн үед гэртээ ирсэн. Ингээд гэртээ унтаж байхад манай эхнэр намайг сэрээгээд “хажуу талд эгч, ах хоёр зодоон хийгээд байх шиг байна” гэсэн. Бид хоёр тэднийд орохоор хаалгыг цохиход онгойлгохгүй дотор нь эгч ******* орилоод “аллаа цагдаа дууд” гээд байсан. Гэрийнхээ хаалгыг эгч ******* онгойлгож бид ороход нөхөр ******* гараас барьчихсан тавихгүй байхаар нь би барьж аваад салгаж орон дээр дарж унагаад цагдаад дуудлага өгсөн.
Манай хүргэн ах *******гийн ахуй амьдрал нь дундаж, эгч ******* хувиараа бизнес эрхэлдэг боломжийн амьдралтай. Зан харилцааны хувьд гайгүй. Өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж ийм асуудал гаргаж байгаагүй. Юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 25-27/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 358 дугаар шинжээчийн
“1. *******ийн биед дух, баруун шуу, хөх, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Иргэн *******ийн биед 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт 30-31/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзэв.
Шүүгдэгч *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч *******д холбогдох 17140000680023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах 64 байрны 7Б тоотод өөрийн эхнэр болох *******ийг хэл амаар доромжилсон улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 13-14/, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Бямбажаргалын мэдүүлэг /хх-ийн 26-27/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 358 тоот дүгнэлт /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна гэв.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн тавьсан саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа” илэрхийлсэн бөгөөд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдлийг хүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялыг оногдуулах ял шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Samsung Ase” маркын хар өнгөтэй гар утсыг битүүмжилсэн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung Ase” маркын хар өнгөтэй гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* *******г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгийг шүүгдэгч ******* 2017 оны 08 дугаар сарын 23-ний өдөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Samsung Ase” маркийн хар өнгөтэй гар утсыг битүүмжилсэн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Samsung Ase” маркийн хар өнгөтэй гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ