Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар  2022/ДШМ/545                 

 

     

 

 

А.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Э.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/837 дугаартай шийтгэх тогтоолыг Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай” прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр А.Эад холбогдох эрүүгийн ____________ дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Э, ......................... төрсөн, ........ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 511 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 6 жил 11 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 437 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 29 хоногоор тогтоосон,

Налайх, Багахангай дүүргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хорих ялаас чөлөөлсөн;

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Эыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад оногдуулсан 11 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон нийт 343 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-аас 25.581.232 гаргуулж, хохирогч Н.М-д 313.600 төгрөг, Д.Дт 100.000 төгрөг, А.Мд 85.000 төгрөг, Б.О-д 764.250 төгрөг, Б.Х-д 108.608 төгрөг, Р.Д-д 779.858 төгрөг, Т.Д-д 275.000 төгрөг, С.Г-д 853.600 төгрөг, Ж.Б-д 7.720.880 төгрөг, Д.Оюунцэцэгт 1.603.100 төгрөг, Г.Г-т 784.000 төгрөг, М.Ц-д 156.500 төгрөг, М.Чд 324.000 төгрөг, Д.Б-т 874.800 төгрөг, Б.Э-д 5.930.000 төгрөг, Г.Г-д 421.666 төгрөг, В.С-д 2.106.250 төгрөг, Ш.О-т 100.000 төгрөг, Б.Б-д 75.000 төгрөг, Э.Н-д 100.000 төгрөг, Б.Т-д 19.500 төгрөг, Ц.Б-д 25.000 төгрөг, Л.Х-д 128.334 төгрөг, С.Э-д 36.000 төгрөг, Б.Э-д 50.000 төгрөг, Ц.Н-т 1.846.286 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, ЛЖ маркийн болон Нокиа загварын 2 ширхэг гар утсыг шүүгдэгч А.Э-д буцаан олгохыг, төмс нухагч 1 ширхэг, фокус гэх бичигтэй аяны хутга, сэрээний бүрдэл 1 ширхэг, шар өнгийн иштэй цаасны хутга 1 ширхэг, алх сүх хутга болдог аяны бүрдэл багаж 1 ширхэг, цэнхэр өнгийн амны хаалт 1 ширхэг, ЗП-5 гэсэн бичигтэй хар өнгийн буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, гэмт хэргийн талаарх бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгаж, хэрэгт 5542 УБМ улсын дугаартай Б.Бадамцэцэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, 3999 УБА улсын дугаартай Н.Бурамжаргалын эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 837 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Эыг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 44-16 тоот иргэн М.Чын байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, жордан загварын пүүз зэргийг хулгайлан авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэвч иргэн М.Ч-ын гэрээс эд зүйл алдагдах цаг хугацаанд А.Э нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэврээр 30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл эдэлсэн байна. Өөрөөр хэлбэл, А.Э нь баривчлах шийтгэл хүлээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд Зөрчлийн тухай хуульд зааснаар баривчлагдаж байх хугацаанд үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгч хэрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд яллагдагч А.Эад холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 837 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч А.Эад холбогдох заалтыг хүчингүй болгож, А.Эад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан А.Эыг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолд шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэхийг хянан үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 837 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Эад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, тус шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болжээ.

Хэргийг сэргээн шалгах үндэслэлд, нэгдүгээрт шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч тухайн үед мэдэгдээгүй байгаад хожим илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд, хоёрдугаарт шүүх шийдвэр гарах үед бий болоогүй байгаад хожим үүссэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг үгүйсгэх хүчин чадалтай нөхцөл байдлууд бүгд хамаарна.

Ялтан А.Э, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нараас эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг прокурорт гаргаснаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэх тогтоол гаргаж, шалгах ажиллагаа явуулжээ.

Анхан шатны шүүхээс А.Эыг ганцаараа болон бусадтай бүлэглэн 22 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байх боловч уг үйлдлүүдийн нэг болох 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 44-16 тоот иргэн М.Чын байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, жордан загварын пүүз зэргийг хулгайлан авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь цаг хугацааны хувьд, А.Эын Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэврээр 30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл эдэлж байсан цаг хугацаатай давхацжээ.

Өөрөөр хэлбэл, А.Э нь шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд эдлэж байх цаг хугацаанд үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг өөрөө үйлдсэн гэж худал мэдүүлэг өгч хэрэг хүлээсэн, улмаар уг үйлдэлдээ ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэм буруугүй хүн, ... ял оногдуулахад хүргэсэн...” гэсэн нөхцөлд хамаарч байх тул  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/837 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Боржигон овогт Амарбаясгалангийн Энхбатад холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тухайн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт шийтгүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэх үед өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялын хэмжээ, түүнчлэн хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн тогтооход нийт ялын хэмжээ тус тус өөрчлөгдөх нөхцөл байдал үүсэхээр байх тул түүнд холбогдох бүх заалтыг хүчингүй болгов.

Анхан шатны шүүх А.Эад холбогдох хэргийг дахин хэлэлцэхдээ 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 44-16 тоот иргэн М.Чын байшингийн цонхоор нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, жордан загварын пүүз зэргийг хулгайлан авч 324.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул тухайн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана” гэж заажээ.

Харин, шүүгдэгч А.Э нь хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын дагуу хорих ял эдлэж байсан бөгөөд түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэх нөхцөл байдал үүссэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тухайн шүүхэд хэрэг очтол авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/837 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Боржигон овогт А.Э-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тухайн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг тухайн шүүхэд очих хүртэл шүүгдэгч А.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР