Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0108/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Мядагбадам

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох 2218000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Мухар овгийн Цогзолмаагийн Мөнх-Эрдэнэ, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 11-30 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 758 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

-Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон,

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, /РД:ЙР99041110/

Яллагдагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд цахим орчинд “Эрдэнээ Эрдэнээ” гэх фейсбүүк хаяг ашиглан “зээл олгоно” гэх зар байршуулж хохирогч Б.Сэрүүнтунгалагт “3.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Сувд-Эрдэнийн “ХААН” банкны 5301565555 дугаарын данс руу 4 удаагийн үйлдлээр 330.000 төгрөгийг,

-Мөн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цахим орчинд “Мөнхөө Мөнхөө” гэх фейсбүүк хаяг ашиглан “зээл олгоно” гэх зар байршуулж хохирогч Ж.Баярсайханд “4.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Сувд-Эрдэнийн ХААН банкны 5302995349 дугаарын данс руу З удаагийн гүйлгээгээр 170.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос Ц.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд:

-Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мухар овогт Цогзолмаагийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2218000000097 дугаартай 2 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн “Huawei” маркийн гар утсыг хэргийн хамт прокурорт буцааж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд цахим орчинд “Эрдэнээ Эрдэнээ” гэх фейсбүүк хаяг ашиглан “зээл олгоно” гэх зар байршуулж хохирогч Б.Сэрүүнтунгалагт “3 сая төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Сувд-Эрдэнийн ХААН банкны 5301565555 дугаарын данс руу 4 удаагийн үйлдлээр 330.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цахим орчинд “Мөнхөө Мөнхөө” гэх фейсбүүк хаяг ашиглан “зээл олгоно” гэх зар байршуулж хохирогч Ж.Баярсайханд “4 сая төгрөгийн зээл олгоно” гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Сувд-Эрдэнийн ХААН банкны 530299535349 дугаарын данс руу 3 удаагийн үйлдлээр 170.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Сэрүүнтунгалаг, Ж.Баярсайхан нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба хэргийг хянахад Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4., 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Прокурор яллагдагч Ц.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт хийлгэх, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялтан биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй 1 хоногийг ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих саналыг танилцуулахад зөвшөөрсөн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан ял хариуцлагын саналыг тавьсан гэж үзэж байна.

Харин прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх ялын санал дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамласан нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан бичиг техникийн алдааг гаргасан боловч энэхүү зөрчил нь шүүхээс гарах шийдвэрт хэрхэн сөргөөр нөлөөлөх, нөлөөлж болзошгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн тухайд шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн, хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд шууд заасан зөрчлүүд хамаарахаар хуульчилсан.

Гэтэл прокурорын ялын санал шүүгдэгчид оногдуулах ялын талаар эргэлзээтэй байдлаар бичигдээгүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан гэж бичсэн нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх зөрчил гэж үзэх боломжгүй.

Иймд захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Прокуророос яллагдагч Ц.Мөнх-Эрдэнийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд цахим орчинд “Эрдэнээ Эрдэнээ” гэх фейсбүүк хаяг ашиглан “зээл олгоно” гэх зар байршуулж хохирогч Б.Сэрүүнтунгалагт “3.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Сувд-Эрдэнийн “ХААН” банкны 5301565555 дугаарын данс руу 4 удаагийн үйлдлээр 330.000 төгрөгийг, мөн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цахим орчинд “Мөнхөө Мөнхөө” гэх фейсбүүк хаяг ашиглан “зээл олгоно” гэх зар байршуулж хохирогч Ж.Баярсайханд “4.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Сувд-Эрдэнийн ХААН банкны 5302995349 дугаарын данс руу З удаагийн гүйлгээгээр 170.000 төгрөгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Ц.Мөнх-Эрдэнэд оногдуулах прокурорын ...Яллагдагч Ц.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд даруй шилжүүлэв... гэсэн ялын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2.т заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг зөрчсөн, уг санал нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулахаар заасан Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй.

Прокуророос яллагдагч үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх боловч прокурорын ялын санал нь яллагдагч хувийн байдалд тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд яллагдагч Ц.Мөнх-Эрдэнэ нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 758 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, нийт 3 удаа өмчлөх эрхийн эсрэг буюу залилах гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасныг харгалзан үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл: яллагдагч Ц.Мөнх-Эрдэнэ нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлээд, 8 хоногийн дараа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байхад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1., 2.2 дугаар зүйлийн 3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хөнгөрүүлж оногдуулахаар прокурорын санал бичиж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй, тохироогүй гэж үзнэ.

Хэдийгээр яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч болох ч түүнд оногдуулах прокурорын ялын санал нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байх учиртай.

Иймд анхан шатны шүүхээс яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн үндэслэлгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх захирамжид яллагдагчийн урьд шийтгүүлж байсан шүүхүүдийн нэршлийг бүрэн гүйцэд бичээгүй, тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2.т заасан гэж бичихийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2.т заасан гэж буруу ташаа бичсэн байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР

                                                   ШҮҮГЧИД                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ