| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03449/И |
| Дугаар | 182/ШШ2024/03471 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/03471
| 2024 08 23 | 182/ШШ2024/03471 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт төв байр Д.Сүхбаатарын талбай 5, Ш/Х-22 хаягт байрлах Голомт банк ХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Балданжамц овогтой Ганболд нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Голомт банктай ЗГ1915132906 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137/ШЗ2024/00311 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум 3-р баг, Төмөр зам гудамж 1-6 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул Балданжамц овогтой Ганболдыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137/ШЗ2024/00311 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, хүү тооцооллын хүснэгт, гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Голомт банк ХК нь Б.Ганболдтой 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээний байгуулж, 9,000,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч Б.Ганболдоос зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137/ШЗ2024/00311 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.Ганболд нь Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3-р баг, Төмөр зам гудамж 1-6 тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.Ганболдын оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Шүүх 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 182/ШЗ2024/10556 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас Б.Ганболдын оршин суугаа хаягийн лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Дорноговь аймаг, Замын-Үүд, 3-р баг соёмбо сум, 17-11 тоот гэжээ.
Дорноговь аймаг, Замын-Үүд, 3-р баг соёмбо сум, 17-11 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Б.Ганболд нь шүүхийн мэдэгдэх хуудсыг өөрөө гардан авсан байна.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Амбагай овогт Балданжамцын Ганболд /РД:ЕС85021233/-ын оршин суух хаяг нь тодорхой тэрээр Дорноговь аймаг, Замын-Үүд, 3-р баг соёмбо сум, 17-11 тоот хаягт оршин сууж байгаа нь тогтоогдож байх тул Голомт банк ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасныг баримтлан Голомт банк ХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА