Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 13

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Э.н нэхэмжлэлтэй, хариуцагч Б т холбогдох, 8.680.540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Ө.Э түүний өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр нарын давж заалдах гомдлоор 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч байгуулллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хүний их эмчээр тасралтгүй 35 жил ажилласан. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өөрийн хүсэлт өгч өндөр настны тэтгэвэр тогтоолгосон. Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж авахаар Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн. Дансанд мөнгө орсон тухай надад хэлсэн. Дансаа очиж шалгахад 27.005.928 төгрөг орсон байсан. Би эрүүл мэндын салбарт 35 жил тасралтгүй ажилласан учраас 35.686.468 төгрөг авна гэж бодож байсан. Дансанд 27.005.928 төгрөг орсон, тэтгэмжийн зөрүү 8.680.540 төгрөгийг Эрүүл мэндийн газраас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрүүл мэндийн газрын зүгээс иргэн Ө.Э.н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай байгууллага тэтгэмжийг олгохдоо төсвийн жилийн урд жилийн саналыг авч  Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Тухайн байгууллагын тогтоосон цалингийн жишгээр биш өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын тэтгэмжийн хэмжээгээр бодож олгодог. Тэтгэмжийн хэмжээг 2014 оны 406, 2015 оны 338 дугаартай тогтоолыг үндэслэж олгож байсан. 338 дугаартай тогтоолтоор төрийн албан хаагчид нэг удаагийн тусламж олгох тухай цалингийн 36 сарын дунджаар  тогтооно гэж заасан байдаг. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоол дээр нэг удаагийн тусламж олгох журам дээр сүүлчийн 36 сарын дунджаар олгоно гэсэн заалт байдаг. Тухайн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж яаманд хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамнаас цалингийн өндөр сүлжээг харгалзаж үзэхгүй. Манай байгууллагаас 1.072.355 төгрөгийг цалинг жилээр үржүүлж явуулдаг. 1.049.602 төгрөгийг 34 жилээр үржүүлж бодож явуулсан. Эрүүл мэндийн яамнаас Ө.Э эмчид 27.592.280 төгрөг батлагдаж ирснийг Ө.Э эмчийн дансанд хийсэн. Батлагдаж ирсний дараагаар Ө.Э эмчээс та зөвшөөрч байна уу? авахгүй байж болно гэж хэлж байсан. Засгийн газрын цалин тогтоосон  2019 оны 24 дугаартай тогтоолоор цалингийн сүлжээг шинэчлэн тогтоох 7 дугаар хавсралт ТҮЭМ-7-5 зэрэглэл цалин нь 893.425 төгрөг байна. ... эмнэлгийн тогтоосон цалингийн жишиг нь 1.072.355 төгрөгөөр тогтоосон. ... эмнэлгийн даргын цалин тогтоосон жишиг нь Засгийн газрын тогтоосон цалинтай нийцдэггүй. Ө.Э эмчийн хувьд 178.000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Үүнийг 34 жилээр үржүүлэхэд 8.000.000 төгрөгийн багцаа үнийн дүн гарч байгаа. ... эмнэлгийн цалингийн жишгийг харгалзах боломжгүй гэж үзэж байна. Засгийн газрын тогтоосон ТҮЭМ-7-5 шатлал 893.425 төгрөг байгаа учраас манай байгууллага хариуцлага хүлээхгүй  гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаартай шийдвэрээр:

  1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Эрүүл мэндийн газарт холбогдох тэтгэмжийн зөрүү 8.680.540 төгрөгийг гаргуулах тухай Ө.Э.н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.545  төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ө.Э.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Э түүний өмгөөлөгч М.Ганзориг, М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр нарын давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай "Төрийн албан хаагчийн албан тушаалын сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын 7 дугаар хавсралтыг хэрэглэж улмаар цалингийн нэг сарын дунджийг 893.425 төгрөгөөр тооцож тэтгэмж олгосон Булган аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааг хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно" гэж заасан. Тодруулбал анхан шатны шүүх төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоход хамааралгүй Монгол Улсын засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай "Төрийн албан хаагчийн албан тушаалын сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын 7 дугаар хавсралтыг хэрэглэсэн нь буруу болсон. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгоход түүний авч байсан үндсэн цалин, ажиллаж байсан хугацааг үндэслэхээр зааснаас биш ажилтны эрхэлж байсан албан тушаалын цалингийн сүлжээний доод жишгийг баримтлах талаар тусгаагүй байна. Гэтэл шүүх Эрүүл мэндийн яамнаас тэтгэвэрт гарч байгаа ажилтан Ө.Э.д олгогдох тэтгэмжийн хэмжээг хуульд зааснаас өөрөөр тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 "Хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно", 3.6 "хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ" гэж заасан шаардлагад нийцэхгүй байна. Засгийн газар хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болох боловч хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөх зохицуулсан тохиолдолд хэрэглэх учиртай байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан шаардах эрхийн тухайд ямар нэгэн нөхөн зохицуулалт шаардахгүй бөгөөд хуулиар шууд зохицуулсан харилцаа байтал хариуцагч Засгийн газрын тогтоолыг үндэслэн олгосон гэх тайлбар гаргаж уг тайлбарыг шүүх зөвтгөх үндэслэлээ Засгийн газрын тогтоолыг хэрэглэх байдлаар шийдвэрлэсэн нь буруу болсон.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулга зөрчилтэй тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 2 дахь хуудасны дээрээсээ 5 дахь догол мөрөнд "....Ө.Э.н албан тушаалын ангилал зэрэглэлийг ТҮЭМ-ийн 7-5 шатлалаар, сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дунджийг 794.292 төгрөгөөр тогтоож 34 сараар тооцож 27.005. 928 төгрөгийн тэтгэмж авахаар тэтгэмжийн хэмжээг тогтоосон байна" гэсэн атлаа мөн үндэслэх хэсэгт буюу 3 дахь хуудасны дээрээсээ 3 дахь догол мөрний төгсгөл хэсэгт "....3 жилийн цалингийн нэг сарын дунджийг 893.425 төгрөгөөр тогтоож тэтгэмж олгосон нь үндэслэлтэй байна...." гэж тус тус агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлтийг шүүхээс хийсэн нь ойлгомжгүй байна.

Ийнхүү Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 132/ШШ2020/00144 дугаартай шийдвэр нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрт нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө  үү...” гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н давж заалдах гомдлын хариу тайлбартаа: “...Манай байгууллага нь "Эрүүл мэндийн тухай" хуулинд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн байгууллагуудад удирдах дээд шатны байгууллагын мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлэн, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах, тэтгэвэр, тэтгэмж, тусламж олгох ажлыг Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан холбогдох дүрэм, журмыг баримтлан зохион байгуулдаг. Аймгийн Эрүүл мэндийн салбараас өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад "Төрийн албаны тухай" хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, "Эрүүл мэндийн тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар тэтгэврийн тэтгэмж олгодог.

Монгол улсын Засгийн газар нь "Төрийн албаны тухай" хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д зааснаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг тогтоодог бөгөөд Засгийн газраас гаргасан нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэр, дүрэм журмыг байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэгтэй. Гэвч аймгийн Нэгдсэн эмнэлэг нь албан хаагчдынхаа цалинг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг харгалзахгүйгээр өндөр /илүү/ тогтоосон байдаг /Монгол улсад ганцхан/ учраас тэтгэврийн тэтгэмжтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүлэх шалтгаан болсон.

Тухайлбал: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь Засгийн газрын 2019 оны "Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ТҮЭМ-7 зэрэглэл, Засгийн газрын 2019 оны "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 24 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар ТҮЭМ-7-5 дахь шатлалаар 893.425 төгрөгийн үндсэн цалин авах ёстой боловч 2019 оны байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн тогтоосон цалингийн сүлжээгээр ТҮЭМ-7-5 дахь шатлалын үндсэн цалин нь 1.072.355 төгрөг буюу 178.930 төгрөгөөр зөрүүтэй /илүү/ байна. Эрүүл мэндийн яам нь тэтгэврийн тэтгэмжийг Монгол улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээг үндэслэн тооцоолдог бөгөөд цалингийн жишгээс дээгүүр тогтоосон тухайн 1 байгууллагын цалингийн сүлжээг харгалзан үздэггүй болно. Манай байгууллага албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг олгохдоо ЭМЯ-аас батлагдан ирсэн мөнгөн дүн, хуваарийг баримтлан дамжуулах үүрэг гүйцэтгэдэг болно.

Их эмч Ө.Э нь Монгол улсын Засгийн газраас баталсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээгээр тэтгэврийн тэтгэмжээ авсан тул Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 132/ШШ2020/00144 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ө.Э нь ... эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарчээ. Ийнхүү өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар ажил олгогчоос олгогдсон нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс бага буюу 8.680.540 төгрөг дутуу олгогдсон гэж үзэн дээр дурьсан мөнгийг гаргуулахаар Б т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Б  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ Эрүүл мэндийн яамнаас 2015 оноос эхлэн өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг Засгийн газрын 2014 оны Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлах тухай 405, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 338, Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 2012 оны 78, 2014 оны 75, 2019 оны 7 дугаар тогтоол дээр нэг удаагийн тусламж олгох журам дээр сүүлчийн 36 сарын дунджаар олгоно гэсэн заалт байдаг. Манай байгууллагаас Ө.Э.н тэтгэмжийг 1.049.602 төгрөгийн 34 сараар үржүүлж бодож явуулсан боловч яамнаас 27.592.280 төгрөгөөр батлагдаж ирснийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар  “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гаргахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэвэр олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно.”  Гэж,

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “Төрийн, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын  саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж тус тус заажээ.

 Нэхэмжлэгч Ө.Э нь 2017-2019 онд ... эмнэлэгт эмчилгээ эрхэлсэх орлогч даргаар ажиллаж сард  1.072.355 төгрөгийн үндсэн цалин авч байсан нь ажилтны Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, цалингийн тодорхойлолт зэргээр нотлогдож тогтоогдсон байна. /х.х-ийн 6,7,41 дэх тал/

Нэхэмжлэгч Ө.Э нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2., 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар “...үндсэн цалингийн дунджаар ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.”

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгоход түүний авч байсан үндсэн цалин, ажиллаж байсан хугацааг үндэслэхээр заасан байгаа болохоос ажилтны эрхэлж байсан албан тушаалын цалингийн сүлжээний доод жишгийн талаар заагаагүй байна. Эрүүл мэндийн яамнаас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтануудад олгогдох тэтгэмжийн хэмжээг хуульд зааснаас өөрөөр тогтоож буй нь хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний агуулгыг өөрчлөх, хуульд зааснаас өөрөөр хэм хэмжээ тогтоож, үйл ажиллагаа явуулах үндэслэлгүй болно.

Эрүүл мэндийн яамнаас нэхэмжлэгч Ө.Э.н ажиллаж байсан албан тушаалын цалинг сүүлчийн 3-н жилийн үндсэн цалингийн дунджийг 794.292 төгрөгөөр тооцож 27.005.928 төгрөгийн тэтгэмж олгосон нь буруу бөгөөд холбогдох хууль тогтоомжтой нийцээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

Анхан шатны шүүх Ө.Э.н албан тушаалын ангилалын зэрэглэлийг ”...ТҮЭМ-ийн 7-5 шатлалаар, сүүлийн 3-н жилийн үндсэн цалингийн нэг сарын дундаж 794.292 төгрөгөөр тогтоож 34 сараар тооцож 27.005.928 төгрөгийн тэтгэмж авахаар тэтгэмжийн хэмжээг тогтоосон байна” гэж дүгнэсэн атлаа“ ТҮЭМ-ийн 7-5-р шатлалаар, сүүлийн 3 жилийн цалингийн нэг сарын дунджийг 893.425 төгрөгөөр тогтоож тэтгэмж олгосон нь үндэслэлтэй байна” гэсэн нь эргэлзээтэй бөгөөд ойлгомжгүй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаал /дундаж цалин хөлс тодорхойлох журам/-ын хавсралтын 3.а./ “үндсэн цалин” гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлнэ.

Үндсэн цалинд хийснээр болон цагаар тариф цалин, албан тушаалын цалин, ажлын онцлог, ажилтаны онцгой ур чадварыг үндэслэн контракт болон хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад баталгаат хөлс хамаарна гэжээ.

Иймд Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ө.Э.д хуульд зааснаар олгогдох тэтгэмжийн хэмжээг түүний ажиллаж байсан 2017, 2018, 2019 он буюу сүүлийн 3 жилийн хугацаанд авч байсан үндсэн 1.072.355 төгрөгний цалингийн дундаж 1.049.602 төгрөгөөр тогтоож, 34 сараар  тооцож, 35.686.460 төгрөг олгох хууль зүйн үндэслэлтэй байх тул дутуу олгогдсон 8.680.450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулан анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс  зөвтгөн залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Э, түүний өмгөөлөгч Г.Ганзориг, М.Мэнбаяр, Э.Түмэнбаяр нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож 1. “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Булган аймаг дахь Эрүүл мэндийн газраас тэтгэмжийн зөрүү 8.680.540 /найман сая зургаан зуун ная таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Э.д олгосугай” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                              ШҮҮГЧИД                                  Д.МӨНХӨӨ  

                                                                                 М.ХҮРЭЛБААТАР