| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03528/И |
| Дугаар | 182/ШШ2024/03470 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/03470
| 2024 08 23 | 182/ШШ2024/03470 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, MN tower, 12 давхар, 1207 тоотод байрлах Гэрэл финанс ББСБ ХХК /РД:5832551/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гэрэл финанс ББСБ ХХК-иас Махсат овогтой Еркебулан /БЮ90030216/-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 177,194 төгрөг гаргуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд М.Еркебуланы хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баян-Өлгий сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. М.Еркебулан нь 2021 оны 12 сарын 17-нд манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа Баян-Өлгий, Өлгий 5-р баг Ховд гол 11-р гудамж 112 тоотод оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Оршин суугаа хаяг нь тодорхойгүй М.Еркебуланыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч М.Сугармаагаас шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 105755 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн 130/ШЗ2023/03510 дугаар захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Гэрэл финанс ББСБ ХХК нь М.Еркебулантай 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 105755 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, зээл олгосон.
2.2 Зээлдэгч М.Еркебулангаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн 130/ШЗ2023/03510 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар М.Еркебулан нь Баян-Өлгий аймаг, Өлгий 5-р баг гэх хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь тус багын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. М.Еркебулангын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүх 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/10552 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн газраас М.Еркебулангын Баян-Өлгий аймаг, Өлгий 5-р баг, Ховд гол, 11 гудамж, 112 тоот гэжээ.
Тус хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд М.Еркебулан нь Баян-Өлгий аймаг, Өлгий 5-р баг, Ховд гол, 11 гудамж, 112 тоот гэх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тодорхойлжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Еркебулангын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Гэрэл финанс ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Махсатын Еркебулан /РД:БЮ90030216/-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК, түүний төлөөлөгч М.Сугармаа /утас:99091079/-д мэдэгдэхийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА