Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/02967

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 08

181/ШШ2024/02967

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хүсэлтээр,

Г овогт Б-н Б /РД:0/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах дэслэгч Г.Ч, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  О.Алтанзул  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах дэслэгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Б.Б нь Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурдаг. Сүүлийн 2,3 жил байнга архи уудаг. Ойр орчимд бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, гудамж талбайд шээдэг, нус цэрээ байнга хаядаг, удаа дараа шаардлага тавьсан боловч биелүүлдэггүй. Иймд Б.Б-ыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ярьсан үнэн. Би архины албадан эмчилгээнд хамрагдахыг ерөнхийдөө зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь Г овогт Б-н Б /РД:0/-ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль нь материаллаг болон процессын харилцаагаа өөрөө зохицуулсан.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж хүнийг албадан эмчлэх хууль зүйн үндэслэлийг заасан байна.

 

Б.Б нь Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурдаг, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ захиргааны зөрчил гаргадаг, 2024 онд 6 удаа эрүүлжүүлсэн болох нь гэрч Г.А-ийн мэдүүлэг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ЦЕГ-ын гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул согтуурсан мансуурсаны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Цагдаагийн байгууллага нь Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хэлтсийн цагдаа Г.А, Х СӨХ, Б.Б-ын ээж Ц.Ч-ийн Б.Б-ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хүлээн авч, Б.Б-ыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд аваачиж эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэж, архинд донтох эмгэг өвчтэй болохыг тогтоолгосон байгаа нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-д заасантай нийцсэн байна.

 

Б.Б нь архинд донтох өвчтэй, архины албадан эмчилгээнд хамруулах дүгнэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв гаргасныг Б.Б нь танилцаад сайн дураараа архины эмчилгээ хийлгэх санал гаргаагүй, удаа дараа эрүүлжүүлэгдсэн боловч сайн дураараа эмчилгээ хийлгээгүй байх тул түүнийг сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 5, 6, 8 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийж, зохих баримт бичгүүдийн бүрдүүлж шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хүсэлтийг хангаж, Б.Б-ыг архины албадан эмчилгээнд явуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Г овогт Б-н Б /РД:000/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Б.Б-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг хариуцан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.   Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт Б.Б-ыг албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА