| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/05003/И |
| Дугаар | 181/ШШ2024/02993 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2024/02993
| 2024 08 13 | 181/ШШ2024/02993 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод байрлах, И ХХК /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод оршин суух, Л-ийн Т /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,414,122 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "И" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Т нь манай компанитай 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр L22902262 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 1.3.2 дахь хэсэгт заасан "Цахим зээл гэж зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" мөн 1.3.12 дахь хэсэгт заасан "Цахим покет гэж аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг" ашиглах, зээл авах эрх нээгдсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" хэмээн заасны дагуу Л.Т-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний 7800706630 дугаартай зээлийн дансанд 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,727,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн.
Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Л.Түмэнбаяр нь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,727,000 төгрөгийн зээлийн хугацааг 14 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн цахим покетын дансанд хүлээн авсан.
"Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй.
Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг.
Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2,727,000 /хоёр сая долоон зуун хорин долоон мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 2,727,000 /хоёр сая долоон зуун хорин долоон мянган төгрөг/
- Шимтгэл: 54,540 /тавин дөрвөн мянга таван зуун дөчин төгрөг/
- Үндсэн хүү: 1,363,649.43 /нэг сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун дөчин есөн төгрөг дөчин гурван мөнгө / төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 261,433.39 /хоёр зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун гучин гурван төгрөг гучин есөн мөнгө / төгрөг
- Нийт: 4,406,622.81 /дөрвөн сая дөрвөн зуун зургаан мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөг
2. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 7,500 /долоон мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно.
Иймд хариуцагч Л.Т-аас нийт 4,414,122.81 /дөрвөн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга нэг зуун хорин хоёр төгрөг наян нэгэн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч "И" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан гэв.
Хариуцагч Л.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлийнхээ ангиллыг засуулж, өөрөө зээл авах шаардлага гарсан тул тухайн зээлийг барагдуулсан. Тус зээлийг барагдуулсантай холбоотойгоор энэ шүүх хурлын дараа нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна. Би тэмдэгтийн хураамж төлөөд, шүүх хурлаас гарсан шинжээчийн дүгнэлт зэргийг хавсаргаад, өөрийнхөө хохирлыг барагдуулах болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Л.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,414,122 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Л.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,414,122 төгрөгийг И ХХК-д төлж барагдуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү хариуцагч Л.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, Л.Т-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.Т нь нэхэмжлэгч "И" ХХК-ийн нэхэмжилсэн 4,414,122 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, Л.Т-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "И" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.Т-аас 85,575 /наян таван мянга таван зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "И" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА