Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0927

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Нигер улсын иргэн О итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Нигер улсын иргэн О итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн, харьяатын газрын Нигер улсын иргэн О-н Монгол улсад суралцах визийг хүчингүй болгосон шийдвэрийг илт бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг шийдвэрийг биелэлтийг түдгэлзүүлэх гэжээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ч.Н, нарийн бичгийн дарга Э.Батболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нигер улсын иргэн О итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нигер улсын иргэн О (О) нь Монгол улсад суралцах зорилгоор оршин суудаг бөгөөд "Э" дээд сургуулийг 2018 онд Компьютер Програм Хангамж мэргэжлээр амжилттай төгсөж, улмаар "Р" олон улсын дээд сургуульд магистрын сургалтад үргэлжлүүлэн суралцаж, 2019 оны 06 сарын байдлаар 1-р курсээ төгсөж байна.

О-д хаягийн бүртгэл хийлгэх журам зөрчсөн хэмээн 100.000 төгрөгийн шийтгэл ногдуулсныг эс тооцвол Монгол улсад суралцах хугацаандаа тэрээр өөрийнхөө мэдлэг чадварыг дээшлүүлэх суралцах зорилгодоо анхаарч, манай орны хууль тогтоомжийг хүндлэн дагаж мөрдөж ирсэн байна. Энэхүү хаягийн өөрчлөлт бүртгүүлэх журам зөрчсөн нь түүний буруугаас болоогүй хэдий ч хууль журмыг хүндэтгэн зохих мөнгөн торгуулийг төлсөн.

Түүний хувьд 2019 оны 06 сарын сүүлээр 1-р курсээ бүрэн төгсөх, улмаар оршин суух зөвшөөрлөө сунгуулах, 2-р курсийн хичээлийн бэлтгэл ажлуудаа төлөвлөж байтал Гадаадын иргэн, харьяатын газар (Гадаадын иргэний улсын хяналтын байцаагч) түүний суралцах визийг 2019-06-10-ны өдөр хүчингүй болгосон байна

Визийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн Монгол улсад суралцахаар төлөвлөж, өөрийн боловсролд сургалтын төлбөр болгон оруулсан хөрөнгө оруулалтыг үр дүнгүй болгож, улмаар түүний Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.2.5-д заасан суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх эрх хууль ёсны ашиг сонирхол нь 'зөрчигдсөн нь Р 2-р курстээ суралцан, төгсөх боломжгүй болгосон гэсэн үг юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.2, 14.3 дугаар зүйлд заасны дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын виз, зөвшөөрөл харьяатын асуудал хариуцсан ажилтан, О-ийн визний хугацааг цуцалсанд Гадаадын иргэн, харьяатын газрын даргад хандан гомдол гаргаж, холбогдох хавсралтуудын хамт хүргүүлсэн.

Харин Гадаадын иргэн, харьяатын газрын даргын өмнөөс Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Н О, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О Биднийг хүлээн авч уулзахдаа Виз, зөвшөөрөл нь түүний харьяалах шийдвэрлэх асуудал тул тус газрын өмнөөс эцсийн шийдвэр гаргах эрхтэй болохоо хэлсэн.

Өөрөөр хэлбэл Гадаадын иргэн, харьяатын газрын виз, зөвшөөрөл харьяатын газрын Гадаадын буюу Нигер иргэний улсын хяналтын байцаагч О-н визний хугацааг цуцалсантай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын даргад хандсан ч түүний өмнөөс Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл, харьяатын газрын дарга

Ч.Н биднийг хүлээн авч уулзан, гомдолд татгалзсан хариу амаар өгсөн билээ.

Тэрээр татгалзаж буй шалтгаанаа тайлбарлахдаа:

Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 27.3-т заасны дагуу татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг нь тайлбарлах үүрэг хүлээхгүй гэсний дагуу тодорхой тайлбар өгөхгүй гэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 41.2-т заасан захиргааны актыг бичгээр гаргахыг шаардах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй үндэслэл нь хариуцагчийн дээрх тайлбартай холбоотой.

Иймд Ч.Н уг шийдвэрийг өөрчлөхгүй тухай амаар хэлж, татгалзсан хариу өгснийг эс зөвшөөрч арга буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.

О нь Монгол улсад байх хугацаандаа эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН тодорхойлолт, Р Виз сунгуулах тухай тодорхойлолт, О-н оюутны виз сунгуулах хүсэлт, холбогдох бусад материалуудыг энэ нэхэмжлэлд хавсаргасан нь Гадаадын иргэн харьяатын газрын даргад хандаж гаргасан гомдолд хавсаргасан баримтуудтай ижил тул шинээр гомдол болон виз цуцалсан Монгол улсыг орхин гарах огноо бүхий тамгатай гадаад паспортын хуулбарыг нэмж хавсаргалаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нэхэмжлэлийн шаардлагын тодруулагадаа: Тус шүүхэд хандан О нь 1."Гадаадын иргэн харьяатын газрын Нигер улсын иргэн О-ийн Монгол улсад суралцах визийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох, Захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх,

Гадаадын иргэний визний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыгтустүс гаргажхэрэгхянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байна.

О нь Р" олон улсын дээд сургуульд магистрын сургалтад суралцаж байгаа бөгөөд 2019 оны 06 сарын байдлаар 1-р курсээ бүрэн төгсөж улмаар оршин суух зөвшөөрлөө оршин суух тухайн ангиллын дагуу бүрдүүлж сурч байгаа сургууль болох "Р" олон улсын дээд сургуулийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн №79 тоот албан бичгээр өөрийн хүсэлтийн хамт гадаадын иргэн харьяатын газар хүргүүлжээ.

Гэтэл тус газраас О-ийн хүсэлтийг үл харгалзан 2019 оны 06 сарын 10-ны өдрийн №98, тоот УБ-06 ХАСАВ гэсэн тэмдэглэгээ хийж визний хугацаа 2019 оны 06 сарын 18-ны өдөр дуусах ёстой байтал 2019 оны 06 сарын 10-ны өдөр дуусгавар болгосон байна.

Энэ захиргааны актын үндэслэлийг тайлбарлаагүй, улмаар ямар нэгэн шалтаг шалтгаан заалгүйгээр визний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан нь Нигер улсын иргэн О-ийн суралцах, халдашгүй байх эрхийг хөндөөд зогсоогүй, гадаад улсын иргэний эрхзүйн байдлыг эрс дордуулсан хууль бус Захиргааны акт болсон.

Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.5-д зааснаар суралцаж байгаа бол 5 хүртэл жилээр олгох боломжтой байхаар зохицуулагджээ. Мөн хуулийн 27.3-д заасан үндэслэлийн яг аль заалтыг зөрчсөн талаар О-г Монгол улсад оршин суух визний хугацааг сунгахаас татгалзан, улмаар хасалт хийсэн нь ойлгомжгүй тодорхой бус болжээ.

Захиргааны хэрэг үүссэний дараа хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар Монгол улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших, 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан гадаадын иргэн оршин суугаа хаягаа өөрчилбөл анх бүртгүүлсэн газартаа хасалт хийлгэж, шилжин очсон сумын Засаг даргад, эсхүл хорооны засаг даргад 14 хоногийн дотор хаягын бүртгэл хийлгэнэ гэсэн заалтыг зөрчсөн тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан бол оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно гэсний дагуу визний хугацааг сунгахаас татгалзсан гэх тайлбарыг өгчээ.

Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөрчил шалган шийдвэрлэсэн байцаагч Э.Э нь гадаадын иргэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д заасан эрхийг эдлүүлэхгүйгээр "эх хэлээрээ, эсхүл сайн мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч,хэлмэрч авах" гэсэн эрхийг нь зөрчиж улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл болох төдийгүй илтэд хууль зөрчсөн шийдвэр болсон. Үүнийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Нөгөө талаар анх ямар хаягт бүртгүүлсэн, одоо ямар хаягт бүртгэлтэй талаар тодорхой ажиллагааг дээрх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн баримтуудаас буюу хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн баримтуудаас харагдахгүй байна.

Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27.3-д хугацаа сунгахаас татгалзаж болно гэсэн харьцангуй зөвшөөрсөн, холбогдох албан тушаалтанд эрх олгосон шинжтэй заалт нь тухайн гадаадын иргэний хувийн байдал, суралцаж байгаа байдал, зөрчлийн шинж байдалд нь тохирсон арга хэмжээг авах боломжийг эрх бүхий албан тушаалтанд олгосон.

Мөн хуулийн 8.1.6-д заасан шилжин суурьших гэсэн ойлголт нь тодорхой эрх бүхий байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авах ёстой үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл /нэг аймгаас нөгөө аймагт, эсхүл нэг дүүргээс нөгөө дүүрэгт/ гэх зарчим хамаарахаас бус нэг дүүрэгт оршин сууж байгаа тохиолдолд мөн хуулийн 27.3.2-д заасан журам буюу оршин суух журмыг хоёроос дээш удаа зөрчсөн бол хугацааг сунгах буюу татгалзах тухай ойлголт юм.

Гэтэл хариуцагч байгууллагаас дээрх хуулийг буруу хэрэглэж О-ийн визнийI хугацааг сунгахаас татгалзан улмаар "Хасав" тэмдэглэгээ дарж түүнийг Монгол улсад сурч, боловсрох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргажээ.

Мөн визний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг 2019 оны 06 сарын 04-ны өдөр хууль, журамд заасны дагуу өгсөөр байхад түүнийг ямар нэгэн үндэслэл заалгүйгээр сунгахгүй байгаа нь хуульбусэс үилдэл юм

Монгол Улсын Их хурлын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Нигер улстай дипломат харилцаа тогтоож, найрсаг хамтын ажиллагаатай болсноор тухайн улсын иргэн Монгол улсын Үндсэн хуульд заасан салшгүй эрхүүдийг баталгаатай эдлэх болсон ч О-ийн сурч боловсрох эрх нь хязгаарлагдаж байна.

О-Г Монгол улсаад суух визний хугацааг дуусгаж "Хасав" тэмдэг дарсан Захиргааны актыг хүчингүй болгосон ч түүний визний асуудал шийдвэрлэгдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэгтгэн өөрчилж, дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд:

2019 оны 06 сарын 10-ны өдрийн N998, тоот УБ-06 ХАСАВ тэмдэглэгээ хийсэн захиргааны акт нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох,

О-ийн визний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,

О-ийн Монгол улсад оршин суух визний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж ихэсгэж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлд дурдсаны дагуу дээр дээрх гадаадын иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг 2019 оны 06 дугаар сарын 10- ний өдрөөр дуусгавар болгосон бөгөөд манай байгууллага нь Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд Монгол Улсад оршин суугаа зарим орны иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож Монголд Улсаас гарах шаардлага тавьдаг болно.

Үүний дагуу ХБННигери Улсын иргэдийн оршин суух зөвшөөрлийг дуусгавар болгон Монгол Улсаас гарах шаардлага тавьсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О байгууллагын даргад гаргасан хүсэлтийг үндэслэн даргын өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, хүчингүй болгох чиг үүргийн нэгж хариуцсан дарга Ч.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отэй биечлэн уулзаж байгууллагын чиг үүрэг, онцлог, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 27.3-т заасны дагуу татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг тайлбарлах үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу аливаа тайлбар өгөх боломжгүйг хэлсэн болно.

Хэдийгээр Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон ч дээрх гадаадын иргэн нь 90 хүртэл хоногийн богино хугацааны виз мэдүүлэх боломжтой талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О мэдээлэл өгсөн гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч О нь эцсийн байдлаар 1.2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №98, тоот УБ-06 ХАСАВ тэмдэглэгээ хийсэн захиргааны акт нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, 2.О-ийн визний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 3.О-ийн Монгол улсад оршин суух визний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:8.1.6-д Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших; гэж заасан байна.

Мөн дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Монгол Улсад хувийн хэргээр болон энэ хуулийн 32.2-т заасан оршин суугч гадаадын иргэн 14 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад хаягийн бүртгэл хийлгэнэ.26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан гадаадын иргэн оршин суугаа хаягаа өөрчилбөл анх бүртгүүлсэн газартаа мэдэгдэн хасалт хийлгэж, шилжин очсон сумын Засаг даргын Тамгын газарт, эсхүл хорооны Засаг даргад 14 хоногийн дотор хаягийн бүртгэл хийлгэнэ., 27 дугаар зүйлийн 27.3-д Дараахь тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно:, 27.3.3-т энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан; гэж тус тус хуульчилсан байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №0113730 тоот шийтгэлийн хуудсаар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн О-г Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчлийг гаргасан гэж буюу бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн гэж үзэж 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О нь дээр дурдсан хуульд заасан гадаадын иргэнд хориглох зүйлийг зөрчиж, оршин суух, бүртгүүлэх, шилжин суурьших талаарх журмыг зөрчиж оршин суугаа хаягаа өөрчилснөө мэдэгдэх, хасалт хийлгэх, шилжин очсон хорооны Засаг даргад 14 хоногийн дотор хаягийн бүртгэл хийлгэх үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч О нь бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн болох нь хэрэгт цугларсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №0113730 тоот шийтгэлийн хуудас, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсантай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Дээр дурдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд тус хуулийн 8 дугаар зүйлд заасан гадаадын иргэнд хориглох үйл ажиллагаа явуулсан бол Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгохоор хуульчилсан ба нэхэмжлэгч нь гадаадын иргэнд хориглох зүйлийг зөрчиж, оршин суух, бүртгүүлэх, шилжин суурьших талаарх журмыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 27.3-т заасны дагуу татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг нь тайлбарлах үүрэг хүлээхгүй. гэж заасан ба гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу тус агентлаг нь гадаадын иргэний талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг тул хууль тогтоогчоос ийнхүү татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг нь тайлбарлах үүрэг хүлээхгүй гэж тус агентлагийн эрх зүйн байдлыг ялгамжтай хуульчилсан байна.

Дээрх үндэслэлээс үзэхэд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгох шийдвэр гаргасан тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тайлбарлах үүрэг хүлээхгүй байх эрхийг эдэлдэг Засгийн газрын агентлагийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгчийн оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Эцэст нь дүгнэвэл, нэхэмжлэгч нь гадаадын иргэнд хориглох зүйлийг зөрчиж, оршин суух, бүртгүүлэх, шилжин суурьших талаарх журмыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, түүнчлэн хариуцагч нь гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгох шийдвэр гаргасан тохиолдолд татгалзсан шалтгаан, үндэслэлийг тайлбарлах үүрэг хүлээхгүй байх эрхийг эдэлдэг Засгийн газрын агентлаг тул нэхэмжлэгчийн оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй бөгөөд хуульд нийцсэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар тухайлан, нарийвчлан зохицуулсан байх ба хариуцагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгчийн оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтуудыг баримтлах ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагуудыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Орчуулагчийн зардал буюу ажлын хөлсний тухайд:

Орчуулагчийн ажлын хөлс 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийн 35.900 төгрөгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас орчуулагчид урьдчилан төлсөн тул тус 35.900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж тус шүүхийн Тамгын газарт олгож, үлдэх 74.100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Өмгөөллийн НХХН-д олгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.3.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т тус тус заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №98, тоот УБ-06 ХАСАВ тэмдэглэгээ хийсэн захиргааны акт нь хууль зөрчсөн тул хүчингүй болгох, О-ийн визний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, О-ийн Монгол улсад оршин суух визний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан орчуулагчийн ажлын хөлс 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг нэхэмжлэгч О-с гаргуулж, тус 110.000 төгрөгийн 74.100 төгрөгийг Өмгөөллийн НХХН-д, 35.900 төгрөгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ