Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 14

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Булган аймгийн Э д холбогдох, 600,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.О н давж заалдах гомдлоор 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч “Ж ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Э  нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай компанитай БҮГ 0088/18 тоот 2.780.000 төгрөгийн “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан нийт 5 гар утсыг авсан. Булган аймгийн Э  нь одоогийн байдлаар манай компанид 600.300 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Э  нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай компанитай БҮГ 0088/18 тоот “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан нийт 5 гар утсыг авсан. Булган аймгийн Э  нь одоогийн байдлаар манай компанид 456.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа бөгөөд зээлийн гэрээний 3.3-т зааснаар 309 хоногийн хугацаа хэтэрүүлсэний алданги 144.930 төгрөг болж, нийт 600.930 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Э ийн дарга Ж.О шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 11 дүгээр сард манай байгууллагатай зээлээр утас худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед гэрээ байгуулахдаа хүн бүртэй гэрээ хийх боломжгүй тул танай байгууллагатай гэрээг байгуулах саналтай байна гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу 5 ажилтан зээлээр гар утас авч, сарын цалин дээрээсээ сар бүр 60.000 төгрөг төлж, төлбөрийг барагдуулсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан эх баригч, бага эмч ажилтай Б.Г авсан утасныхаа төлбөрийг төлөөгүй байх ба тэрээр тус эрүүл мэндийн төвөөс 2019 оны 03 дугаар сард өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул манай байгууллага хувь хүний авсан төлбөрийг төлөх боломжгүй.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэгт  заасныг баримтлан  хариуцагч Булган аймгийн Э өөс 456.000 /дөрвөн зуун тавин зургаа мянга / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж  ХХК-олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144.330 /нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.678  /арван найман мянга зургаан зуун далан найм / төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14.330  /арван дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.О давж заалдах гомдолдоо: “...Ж  ХХК-тай байгуулсан №БҮГ 0088/18 дугаартай гэрээний хавсралт №1-т *352717/09/476516/4*, *352718/09/476516/2* серийн дугаартай гар утсыг тухайн хүн өөрөө хүлээн авсан гарын үсэгтэй гэрээний хуулбар байгаа ба анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжэгч “Ж” ХХК нь Булган аймгийн Э д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 456.000 төгрөг, алданги 144.930 төгрөг нийт 600.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч манай байгууллага төлөхгүй, гар утасыг манай байгууллагад эх баригч бага эмчээр ажиллаж байсан Б.Г авсан тэр хүнээс гаргуулах ёстой гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ж” ХХК нь Булган аймгийн Э тэй 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр БҮГ-0088/18 дугаартай “зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тухайн эд хөрөнгийн төлбөрийг  ажилтаны цалингаас сар бүр суутгал хийж 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохиролцож 3.480.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг гар утас болон багц үйлчилгээг хариуцагч байгууллагад шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны  шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т  заасан “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж дүгнэсэн зөв бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна. 

Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны хүртэл 309 хоногоор хэтрүүлсэн нь  баримтаар нотлогдсон байхад “...алданги тооцсон хугацаа тодорхойгүй, төлөлт хийгдэж байсан графикийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул алдангийг гаргах боломжгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд учир дутагдалтай болсон төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байна. /х.х-ийн 7 тал/

Зохигчид Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ.” мөн хуулийн 263.2.1-д заасан “бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ.” 263.2.3-т заасан” төлбөл зохих хүүгийн хэмжээ” нөхцлүүдийг тохиролцон гэрээг бичгээр байгуулсан нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заассан ”энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоргио илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар” мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээг байгуулж  гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул  тухайн гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Иймд талуудын хооронд байгуулсан ”зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний 3.3-т заасан ”худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэснийг үндэслэн хугацаа хэтэрсэн 309 хоногийн алданги болох 144.930 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1671.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.О.н давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “ ...450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 144.330 /нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “ ... 600.930 /зургаан зуун мянга есөн зуун гуч/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж ” ХХК-нд олгосугай” гэж, 2 дахь заалтын “14.330” гэснийг “18.678” гэж  тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.          

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                              ШҮҮГЧИД                                 Д.МӨНХӨӨ 

                                                                               М.ХҮРЭЛБААТАР