| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2023/00487/И |
| Дугаар | 181/ШШ2024/02748 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/02748
2024 07 23 181/ШШ2024/02748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дугаар давхар хаягт байрлах, Ш..... -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах, Д.......-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний дагуу 499,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш..... нь хариуцагч Д....-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу 499,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Д.... нь манай компанитай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Т/363 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулан үүний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Т/364 тоот Барьцааны гэрээ байгуулан Б тоот хаягт байрлах 91.71 м.кв үйлчилгээний зориулалттай, гэрчилгээний дугаар №00, Ү дугаартай үл хөдлөхийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болно.
Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан Т/363 тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Д....-д чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар хариуцагч тал нь гэрээний үүргээ зөрчиж хүлээн авсан шатахууны төлбөрийг төлж барагдуулаагүй байсаар байна.
2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Т/363 дугаар Худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Худалдан авагч нь энэхүү гэрээний 4.2-т заасан нөхцлөөр авсан тохиолдолд барааг хүлээн авснаас хойш хуанлийн 30 /гуч/ хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Хуанлийн нэг өдөрт хийсэн худалдагчийн нийлүүлэлт, худалдан авалтыг Монгол Улсын Иргэний хуулиар тогтоосон бие даасан үүрэг гэж үзнэ.
Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Худалдан авагч тал шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсийн хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж заасан.
Иймд гэрээний дагуу Д....-аас Ш.....-д гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 332,864,750 төгрөг, алданги хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 166,415,250 төгрөг, нийт 499,280,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д....-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийн хувьд гэрээ байгуулсан үе нь ковид-19 цар тахалтай цаг хугацаа нь таарсан учраас эдийн засгийн хүндрэл үүссэн байдаг. Иймд шүүх эрх мэдлийнхээ хүрээнд бууруулж өгөхийг хүсэж байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт байхгүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.
4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
4.1. Нэхэмжлэгчээс Г.Ш т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 2,654,350 төгрөг, 70200 төгрөг тус тус төлсөн баримт, Ш.....-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т/363 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т/364 дугаар Барьцааны гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/10 дугаар тооцоо нийлсэн акт, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/11 дугаартай тооцоо нийлсэн акт, Д.... нийлүүлсэн шатахууны тооцооны баримт, Ш.....-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Т/2626 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Ш.....-ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Т/1065 тоот Төлбөр төлөх тухай албан бичиг, Ш.....-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Т/1265 тоот Төлбөр төлөх тухай албан бичиг, Ш.....-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Т/1468 дугаар Төлбөр төлөх тухай албан бичиг, Ш.....-ийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т/1858 тоот Төлбөр төлөх тухай албан бичиг, иргэн Ш.Бгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Ш.....-д гаргасан хүсэлтийн хуулбар, иргэн Ш.Б-гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д....-ийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/23 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийн хуулбар, гэрэл зургийн хуулбар, М.Цт олгосон итгэмжлэл,
4.2. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээ, Д....-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д....-ийн дүрэм, А.Жт олгосон итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өмгөөлөгч С.Үлэмжтэй хийсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс А.Жт олгосон итгэмжлэл,
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1 .Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.....ХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу 499,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т/363 тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу Д....-д чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн боловч шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн төлбөр 332,864,750 төгрөг, алданги 166,415,250 төгрөг, нийт 499,280,000 төгрөг гаргуулах гэжээ.
3. Хариуцагч Д.... нь үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийн хувьд гэрээ байгуулсан үе нь ковид-19 цар тахалтай цаг хугацаа нь таарсан учраас эдийн засгийн хүндрэл үүссэн байдаг гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн эс зөвшөөрсөн.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Б нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн баримт байхгүй тул 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т/364 дугаар Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
5. Талууд үйл баримтын талаар маргаж байгаа тул шүүх хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар зэрэгт үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
6. Талууд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Т/363 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Т/364 дугаар Барьцааны гэрээ байгуулагдсан, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус тус тооцоо нийлсэн акт үйлдсэн талаар маргаагүй. Мөн талууд Ш.....-аас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Д....-д төлбөр төлөх тухай албан бичиг ирүүлсэн талаар маргаагүй.
7. Талууд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00532 дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар баталгаажуулсан. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2024/05715 дугаар захирамжаар албадан гүйцэтгэхээр болсон ч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2023/21398 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т/364 дугаар Барьцааны гэрээний барьцаа зүйл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/00532 дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хүчингүй болгосон байна.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2024/09349 дугаар захирамжаар Ш.Бг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.
9. Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т/363 дугаар Худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д шатахууны төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээ нь маргааны зүйл байна.
9.1. Талууд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Т/363 дугаар Худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан талаар маргаагүй ч тус гэрээний 2 дугаар зүйлд заасан шатахуун нийлүүлэх нөхцөл, гэрээний 4 дүгээр зүйлд заасан шатахууны үнийг төлөх журам, нийлүүлсэн шатахууны тооцоо, Ш.....-аас Д....-д илгээсэн албан бичиг болон талуудын шүүх хуралдаан гаргасан тайлбараар зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
9.2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой, цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь, харин хариуцагч гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу шатахууныг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан, дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэгч хариуцагчаас Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй байна.
9.3. Нэхэмжлэгч гэрээний дагуу үндсэн төлбөр 332,864,750 төгрөг, алданги 166,415,250 төгрөг, нийт 499,280,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч үндсэн төлбөр 332,864,750 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин алданги 166,415,250 төгрөгийг гэрээ байгуулах үед ковид-19 цар тахалтай байсан тул бууруулж өгөхийг хүссэн ч нэхэмжлэгч эс зөвшөөрсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө гэж заасан байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосог анзыг алданги гэнэ, 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Гэрээний дагуу тооцсон алданги 178,414,543.75 төгрөг болсон ч гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувь буюу 166,432,375 төгрөгөөс хэтэрч болохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн 166,415,250 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хариуцагчийн алдангийн хэмжээ бууруулах тайлбар үндэслэлгүй, тогтоогдохгүй байна.
10. Талууд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т/364 дугаар Барьцааны гэрээ байгуулагдсан талаар маргаагүй ч тус гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь маргаагүй зүйл байна.
10.1. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-д Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Т/364 дугаар Барьцааны гэрээнд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарыг бүртгэв гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын тэмдэглэгээгээр нотлогдож байх тул тус гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэж үзнэ. Тиймээс хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нотлогдохгүй байна.
Иймд хариуцагч Д....-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 499,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.....-д олгох, барьцааны гэрээнд заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаа явуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.....-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,654,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д....-аас улсын тэмдэгтийн хураамж 2,654,350 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч Ш.....-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д....-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 499,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.....-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.... нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ш.Бгийн өмчлөлийн Нийслэлийн тоот хаягт байршилтай, 91.71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай, Ү улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ш.....-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,654,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д....-аас 2,654,350 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч Ш.....-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ