Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/03030

 

 

 

 

 

 

 

 

2024 08 20 181/ШШ2024/03030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод байрлах ЭХХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х-ын М /РД:0/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.М нь Улаанбаатар хот, 0 тоотод оршин сууж байх хугацаандаа "Э" ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ18/0058 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийн зээлийг сарын 1 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч Х.М нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 243,928.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 244,553.57 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь Үндсэн зээл 1,629,061.43 төгрөг, хүү 1,051,632.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,791 төгрөг нийт 2,877,484.43 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0тоот захирамжаар тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй байна.

Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч Х.М-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х-ын М /РД:0/-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Э ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.М-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь Х.М-тэй 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний үүрэгт Х.М-ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Х.М нь 0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх боловч тус хаягт оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0 дугаар захирамж, тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч болох Х.М-ийн оршин суугаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул Х.М-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Х-ын М /РД:0/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.М-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М-ийн оршин байгаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч Э ХХК /утас:/-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА