Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 61

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч Я.Б Хохирогч Я.Г Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б-т холбогдох 1723000260021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Завхан аймгийн ******* сумд 1975 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай ******* овогт Я-ийн Б. Шүүгдэгч Я.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт Я-ийн Б нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутагт 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо мотоциклоо унагаан зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь түүнтэй хамт явж байсан хохирогч Я.Г-ийн “...Морь дагаад 2-3 км орчим явж байтал зам чиглүүлж өгсөн 2 тугны хаагуур нь гарах вэ гэхэр нь дундуур нь гараад явчих гэж хэлчихээд морио харах санаатай эргэж хараад явж байтал урд дугуйгаараа чулуу мөргөж бид хоёр онхолдсон гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Я.Б-ын “...Тэгээд явж байтал Бугын тохой гэх газарт шарваад уначихсан...” гэсэн мэдүүлгээр, осол болсны дараах байдлын талаар мэдүүлсэн гэрч Ш.Д-ийн “Тэгээд морь ирсний дараа Б, Г, хоёрыг онхолдсон гээд хүмүүс яриад байхаар нь хайж байгаад яваад очиход Я.Б-ын өвдөг нь шалбарсан, нүүр нь бас шалбарсан байсан. Г нь машин дотор суучихсан нүүр нь нэлэнхүйдээ шалбарч шархалсан байсан...” гэсэн мэдүүлгээр, болон гэрч А.Б-ийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Я.Б-ын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Зам тээврийн ослын улмаас жолооч Я.Б-ын араар сууж явсан хохирогч Я.Г мотоциклоос унаж түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 201720148 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Иргэн Я.Г-ийн биед тархи доргилт, баруун, зүүн хацар, шанаанд зулгаралт, хамрын хянга яс, ухархайн арын хугарал, хамрын таславч ясны муруйлт, дээд эрүүний үүдэн 4 шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, баруун, зүүн хацар, шанаанд зулгаралт, хамрын хянга яс, ухархайн арын хугарал, хамрын таславч ясны муруйлт, дээд эрүүний үүдэн 4 шүдний булгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан тухайн хэрэгт хамааралтай учир шүүх хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримтууд гэж үнэллээ. Шүүгдэгч Я.Б нь А ангиллын тээврийн хэрэгсэл буюу мотоцикл жолоодох эрхгүй болох нь Завхан аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор, тухайн үед жолооч Я.Б, зорчигч Я.Г нар нь хамгаалах малгай өмсөөгүй болох нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хамгаалах малгай өмсөлгүй мотоцикл жолоодсон, хамгаалах малгайгүй зорчигч тээвэрлэсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь заалтыг зөрчсөн төдийгүй, уг хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а дахь хэсэгт заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна“ гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.1.в дэх хэсэгт заасан “мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчжээ. Шүүгдэгч дээрх заалтуудын улмаас зам тээврийн осол гаргаж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Я.Б-ын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Хохирогч Я.******* шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардалд нийт 1000000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй учир дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Хохирогч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 312400 төгрөг, Улаанбаатар хот руу явсан зардал 48800 төгрөг, ******* ХХК-нд тлөсөн Томографийн шинжилгээний зардал 110000 төгрөг, эм тариа худалдан авсан 38220 төгрөг нийт 499420 төгрөгийн зардал гаргасан нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. Эдгээр баримтуудаас 38220 төгрөгийн эм тариа авсан гэх нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтын баримтаар гарсан зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, уг зардлыг хохирогч Я.*******эд зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул уг баримтыг нотлох баримтаас хасч тооцох үндэстэй байна. Шүүгдэгчээс нотлох баримтаар тогтоогдсон 461200 төгрөгийн зардлыг гаргуулах үндэстэй бөгөөд шүүгдэгч хохирогчид нийт 480000 төгрөгийг төлсөн нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул Я.Б-ыг нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүх Я.Б-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Я-ийн Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т зааснаар шүүгдэгч Я.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Я.Б-ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Я.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Я.Б-ын өмчлөлийн 10 тооны эр хонийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч Я.Г нь шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болно

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ