Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 16

 

                                       Ч.Г-ын хүсэлттэй иргэний 

                                                  хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00220 дугаар шийдвэртэй

Ч.Г-ын хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 

хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Ч.Г нь 1962.01.25-нд төрсөн, 57 настай, эрэгтэй. Малчнаар тэтгэвэрт орох болзол хангагдсан. Тэрээр 1984.06.20-ны өдөр цэргээс халагдаж ирээд 1984.07.15-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн адуун суурь, хонин суурьт туслах малчин болон суурийн ахлагч зэрэг ажлуудыг хийж байсан. Тэрээр тус нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Ч.Г нь хөдөлмөрийн дэвтрээ яаснаа мэдэхгүй үрэгдүүлсэн бөгөөд түүнтэй хамт ажилласан хүмүүс орон нутагт нь олон байдаг. Мөн нэгдэл тарахад хувьчлалаар мал авч байсан байна. Иймд Ч.Г-ын 1984.07.15-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хэргийн материал дунд нь эргэлзээтэй нотлох баримтууд гарч ирсэн. Гэхдээ Ч.Г нь группт байсан гэдэг боловч 1988 онд 6 сарын хугацаатай группт орсон байдаг. Түүний уушигнаас нь ус гарсан тул сүрьеэ гэж үзээд группт оруулсан байсан. Гэхдээ группт байсан хэдий ч хажуугаар нь малаа маллаж байсан. Гэр бүлийн хүмүүс нь мөн тусалж дэмжиж байсан байдаг. Ч.Г цэргээс халагдаж ирээд айлд хүргэн болоод хэсэг байсан. Тэр үед нь бүртгэлд хамрагдсан байдаг. Тэгээд дараа нь албан ёсоор гэр бүл болоод шилжсэн. Дурсамж бичгээс үзэхэд малчнаар ажиллаж байсан болох нь харагддаг. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр малчин байсан болох нь харагддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн үзэж түүний малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжтой гэж үзэж байна. Нэгдэлд ажиллаж байсан учраас өмч хувьчлалаар мал авсан юм. Түүнийг 1989 оны хүн амын тооллогоор байсан газраар нь бүртгэж байсан.” гэжээ. 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00220 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Г-ын Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Хүсэлт гаргагчийн  төлөөлөгч Г.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаар шийдвэрээр тус аймгийн Хотонт сумын Орхон багийн иргэн Ч.Г-ын 1984.07.15-1989.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тус сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгох тухай хүсэлтээс 1989.07.01-1989.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгч би гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд тухайн орон нутагт ажиллаж байсан байдлыг нотолж гэрчилсэн. Мөн өмч хувьчлал авсан байдал, авсан хөрөнгийн хэмжээ, 1989 оны дурсамж зэрэг зүйлсээс харахад Ч.Г-ыг 1984 оноос эхлэн ажиллаагүй, зөвхөн 1989.07.01-1989.12.31-ний өдрийн хооронд 6 сар ажилласан гэж үзэх боломжгүй юм. Учир нь 6 сар ажилласан хүнд нэгдэл бүрэн хэмжээний хувьчлал олгохгүй. Мөн 10 хоног ажилласан хүнд ч нэгдлийн зөвлөл дурсамж олгохгүй. Энэ байдалд дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Иймээс хэргийг хянуулан Ч.Г-ын хүсэлтийг бүрэн хангуулах хүсэлттэй байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Г нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1984.07.15-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ. 

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн 1989.07.01-1989.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1984.07.15-1989.07.01-ний өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. 

 

Хэрэгт авагдсан “Дурсамж”-аас үзвэл хүсэлт гаргагч Ч.Г 1989 онд Цацрал нэгдэлд ажиллаж байсан байх ба энэ баримтаар 1989.01.01-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажилласан нь тогтоогдсон тул гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэж шийдвэрт өөрчлөлт орууллаа. 

 

Харин хүсэлтийн шаардлагын бусад хэсэг нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 129/ШШ2020/00220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7 дугаар сарын 01-ний” гэснийг “01 дүгээр сарын 01-ний” гэж, “1989 оны 07 дугаар сарын 01-ний” гэснийг “1988 оны 12 дугаар сарын 31-ний” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Г-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                         

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Т.ДАВААСҮРЭН

                                      ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                                             В.ЦЭЦЭНБИЛЭГ