Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02811

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02811

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чин ван Чагдаржавын гудамж, өөрийн байранд байрлах Сүхбаатар дүүргийн Прокурорын газар /РД: 5983231/-ын хүсэлттэй,

 

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М оролцов.

 

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Быг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас А.Б-аас гэм хорын хохирол хохирол 305,000 төгрөгийг гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх прокурорын нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагч А.Б нь Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээлийн 27-9 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 184/Ш32024/08983 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлин 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасан Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Иймд төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлд зааснаар хариуцагч А.Быг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тогтоолгох шаардлагатай байна. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Х.Ням-Эрдэнэ нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШЗ2024/08983 дугаартай захирамжийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Х.Н нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

 

1. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШЗ2024/08983 дугаартай захирамжаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 27-9 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

2. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.Быг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг С дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Бын оршин суугаа хаягийг олж тогтоон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор  утас: /-т мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ