| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03757/И |
| Дугаар | 181/ШШ2024/02812 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/02812
2024 07 26 181/ШШ2024/02812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чин ван Чагдаржавын гудамж, өөрийн байранд байрлах Сүхбаатар дүүргийн Прокурорын газар /РД: 5983231/-ын хүсэлттэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Дг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М оролцов.
(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Дг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Дгаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэнтэй холбоотой тус санд учирсан хохирол 3,849,350 төгрөгийг гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх прокурорын нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн боловч ...хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч Өвөрхангай аймаг, Хархорин сум, 2 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 146/Ш32024/00429 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.
Иймд төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.Дг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг нь тогтоолгох шаардлагатай байна. гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Г.Б нь шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 146/ШЗ2024/00429 дугаар захирамжийн хуулбар, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Дг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Г.Б нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
1. Д.Д нь Өвөрхангай аймаг, Хархорин сум, 7 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогджээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Дг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Дг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Дгийн оршин суугаа хаягийг олж тогтоон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Г.Б утас: 88001332/-т мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ