Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа Улсын яллагч: Д.Цогжавхлан. Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай /

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Дуурсах” 3 дугаар багийн нутаг дэвсгэр 17 дугаар гудамжны 07 тоот хашаанд иргэн ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчимд манай эхнэрийн төрсөн эгч Дугармаа над руу залгаад “эхнэр чинь манайд байна, хүрч ирээд ав” гэхээр нь би эхнэрээ авахаар очсон. Би Ш.Жамбаа ахынд нэг шил архи авч очоод Ш. Жамба ахтай хувааж уусан ба дахиж нэг шил архи уусан. Манай эхнэр анх тэднийд ирэхдээ бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба над руу дайрах гээд байсан. Дугармаа эгч болон Ш.Жамба ах нар *******г “тайван бай тайван бай” гэж байсан. Дахин архи авч ирэхэд Дугармаа эгч уурлаад архийг авсан ба Ш.Жамба ах бид хоёр гадаа гараад хашаан дотор тамхи татаад зогсож байтал манай эхнэр харанхуйд надтай андуураад Ш.Жамба ахын толгойд хүрсэн юм шиг байна лээ. Гэтэл Ш.Жамба ах “чи яахаараа миний толгойд хүрдэг юм муу архичин хүүхэн” гэж хэлээд эхнэр рүү дайраад байхаар нь би нэг удаа Ш.Жамба ахын нүүр хэсэгт мөргөсөн. Тэгээд Дугармаа эгч салгасан ба Ш.Жамбын амнаас нь цус гарч байсан. Бид хоёрын дунд өс хонзон байхгүй. Тухайн үед манай эхнэр рүү дайраад түүнийг зодох гээд байхаар нь би нэг удаа мөргөсөн... гэх мэдүүлэг. /хх-ийн 34-36/ 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг авахгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3.

Хохирогч Ш.Жамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед манай эхнэрийн дүү ******* манайд ирсэн. Нөхөртэйгээ маргалдсан гэж байсан ба удалгүй түүний нөхөр ******* ирсэн ба нэг шил барьчихсан байсан. Архийг ******* бид хоёр хувааж уусан. *******ыг гэр рүү нь явуулсан ба араас нь эхнэр ******* нь явсан. Удаагүй ******* дахин нэг шил архи бариад ороод ирсэн. Манай эхнэр уурлаад архийг нь шидчихсэн. ******* бид хоёр гараад тамхи татаад зогсож байхад ******* нь намайг гарч ирээд цохиод авахаар нь би “яаж байгаа юм” гэтэл ******* миний ам хэсэгь мөргөж дээд хоёр шүдийг унагааж доод үүдэн шүд хөдөлгөөн оруулсан. Тэгээд ******* бид хоёрыг манай эхнэр салгасан. Би *******ыг цохиогүй, одоо миний биеийн байдал гайгүй, шүд өвдөж байгаа. Өөрт учирсан хохирлыг *******аар төлүүлмээр байна гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед манайд миний төрсөн дүү ******* халамцуу ирсэн. Удалгүй *******гийн нөхөр ******* согтуу нэг шил архи барьчихсан орж ирээд нөхөр Ш.Жамбатай хувааж уусан. ...Удалгүй дахин манайд орж ирсэн. ******* манай нөхөр барилцаад авсан байсан ба Ш.Жамбын үүдэн хоёр шүд унасан, доод үүдэн шүд хөдөлгөөн орсон байсан гэх мэдүүлэг./хх-ийн 12-13/

5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь төлөв даруу, нийтэч, хүнд тусархуу, найз нөхдөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Элдэв гаж буруу зуршил зан ааш байхгүй. Согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20/ 6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 414 дүгээр шинжээчийн “1. Ш.Жамбын биед баруун дээд 1,2 дугаар шүдний булгарал, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10 хувь нөлөөлнө. 3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/ 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.2 дугаар зүйл, 17.3 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Дуурсах” 3 дугаар багийн 17 дугаар гудамжны 07 тоот хашаанд иргэн ******* зодож биед нь хөнгөн гэмт учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт үйлдэл гэж үзлээ.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь оногдуулах ялын талаар прокуророос гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн тул торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн тавьсан саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа” илэрхийлсэн байна. Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “TCL” маркийн 42 инчийн LCD телевизийг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын тогтоолийг хүчингүй болгож, дээрх “TCL” маркийн 42 инчийн LCD телевизийг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгийг шүүгдэгч ******* овогт ******* *******ыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын “TCL” маркийн 42 инчийн LCD телевизийг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын тогтоолийг хүчингүй болгож, дээрх “TCL” маркийн 42 инчийн LCD телевизийг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ