Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/00788

 

 

 

 

 

 

2024 02 06

101/ШШ2024/00788

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /рд:*******/,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******гийн ******* /рд:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Х б овогт *******ийн /рд:/-д холбогдох,

 

48,916,910 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

36,760,400 төгрөг гаргуулах, гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.*******, С.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.,

Хариуцагч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.*******, С.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн 3. *******, С.******* нар нь иргэн Б.д ХУД **-р хороо Махатма Ганди гудамж ** байр *** тоот хаягт байрлах Ү- дугаартай 125,15 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг үсчин гоо сайхны чиглэлээр түрээслүүлэхээр 2020.07.10-ны өдөр гэрээ хийж 2020.07.15 өдрөөс 2022.7.15 өдөр хүртэл 2 жилийн хугацаатай нэг сарын 2,500,000 төгрөгөөр гурав гурван сараар буюу улирлаар тооцоог хийх, цаашид 2020 ондоо багтаан уг байрыг түрээслэгч нь худалдан авах, түрээслэгч нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа байрны ашиглалтын зардлыг /ус дулаан, цахилгаан, СӨХ/ бүрэн хариуцахаар тохиролцож гэрээ хийсэн.

Гэтэл түрээслэгч Б. нь гэрээний үүргээ биелүүлэхгүй цаг хугацаандаа түрээс болон ашиглалтын зардлаа төлөхгүй, удаа дараа төлбөр тооцоогоо хийхийг шаардаж байсан боловч тооцоо нийлэхгүй, утсаа авахгүй, уг байрны бүх хамар ханыг зөвшөөрөлгүй нурааж, шалыг хуулан эвдэж эд хөрөнгөнд маш их хохирол учруулж, түүгээр ч барахгүй байраа хүлээлгэж өгөхгүй цоожлоод алга болсон тул арга буюу 2022 оны 11-р сарын 16-нд хаалгыг онгойлгуулахаар хүн дуудаж ирээд үзтэл 2 хаалганы завсар түлхүүрийг орхисон байсныг зургийг авч баримтжуулан ХУД-ийн 15-р хорооны цагдаагийн хэлтэст мэдэгдсэний дараа бид өөрсдөө хөндлөнгийн гэрч байлцуулж бичлэг хийж орсон болно.

Иймд иргэн Б.гаас 2022 оны 11-р сарын 16-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 22,500,000 төгрөгийг, гэрээний 6.3-т заасны дагуу алданги 6,750,000 төгрөгийг байрны ашиглалтын зардал /цах, ус,сөх/ нэхэмжлэхээр 1,466,910 төгрөгийг, байрыг анхны байдлаар засварлах зардалд 18,200,000 төгрөгийг буюу нийт 48,916,910 төгрөгийг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,535 төгрөгийн хамт гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.гэжээ.

 

Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаатай Хан-Уул дүүргийн 5 өрөө байрыг түрээслэх гэрээ байгуулсан. 2020 онд багтааж худалдаж авна гэсэн боловч худалдаж аваагүй. Нэг өрөөг хаалга гаргахыг зөвшөөрсөн боловч 5 хаалга нураасан байсан. Худалдаж авч байгаа тул хана хамаагүй гэж байсан. Гэтэл мөнгөө төлдөггүй. Худалдаж аваагүй байж хана нураасан, түрээсийн төлбөрөө төлдөггүй, ковидын үед хөнгөлөлт үзүүлж байсан. Түрээсийн гэрээнд сар бүр 2,500,000 төгрөг төлнө гэж байсан боловч төлөөгүй. 5 өрөө байр шинээр нь авсан байж байгаад хариуцагч нь гоо сайхны салон барина гэж түрээсэлсэн. Түрээсээ улирлаар төлж байсан. Гэтэл түрээсээ төлөхгүй явсаар байгаа.гэв.

 

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.тай 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай 2,500,000 төгрөгийн түрээстэй, түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг улирлаар хийхээр тохирсон. 2022 онд багтааж байрыг худалдаж авахаар болоод м.кв-ыг 2,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Анх гэрээ хийж байрыг хүлээж авахдаа цонх сэтэлж хаалга гаргана гэж тохирсон. Бусад ханыг нураана гэж тохироогүй. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр түрээсээ төлөхгүй болохоор нь мэдэгдэл өгсөн. гийн нөхөр Цог гэдэг хүнтэй уулзсан. Түрээсээ цаг хугацаанд нь төлөхгүй бол хамтран ажиллах боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн. Санхүүгийн асуудал шийдэгдэх гэж байна, 7 хоног хүлээгээч гэх хариу өгсөн. 2021 оны 05 дугаар сард төлбөрөө сар сараар хийсэн. 2021 онд ковид гараад хөнгөлөлт үзүүлээч гэхээр нь 4 сарын туршид сарын 500,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Түрээслэгч нь түрээсийн гэрээний 6.3-т зааснаар 0.5 хувийн алданги төлөхөөр заасан байсан тул 2 сарын алданги нэхэмжилсэн. Ашиглалтын зардлыг хариуцагч нь төлөх ёстой байсан боловч 2020 оны 07 дугаар сараас хойш СӨХ-ны төлбөрөө 919,970 төгрөг төлөөгүй. Байрыг 6 хана нурааж, 5 хаалга гаргасан, усны шугам ил гаргасан, цахилгааны монтажийг ил гаргасан. Засвар үйлчилгээний зардалд 18,200,000 төгрөг нэхэмжилсэн. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 22,500,000 төгрөг. Сарын 2,500,000 төгрөгөөр тооцож гаргасан. Алданги 60 хоногоор тооцож 6,750,000 төгрөг. Ашиглалтын зардал 1,466,900 төгрөг байгаа. 2020 оны 07 сараас 2022 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл 919,970 төгрөг. 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл 535,760 төгрөг нэхэмжилж байна. гэв.

 

2. Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд З.*******, С.******* нараас Б. надад холбогдуулан гаргасан ...гэрээний үүрэг хангуулж, хохиролд 48,916,910 төгрөг гаргуулах... нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Б. миний бие 3.*******тай 2020.07.10-ны өдөр Орон сууц түрээсийн гэрээ 2 жилийн хугацаатай байгуулсан ба Хан-Уул дүүргийн **-р хороо, Хурд Рапид хороолол **-р байрны *-р орцны * давхрын 125.25 м.кв талбай бүхий 3 орон орон сууцыг ажлын байрны зориулалтаар түрээслэхээр тохиролцсон. Гэрээний зүйлийг би 2020.07.15-ны өдөр хүлээн авах үед орон сууцны зориулалттай байсан тул ба орон байрны засвар хийж улмаар үсчин, гоо сайхны зориулалтаар тохижуулж ажлын байрны зориулалттай болгон салон нэртэй болгон ажиллуулж эхэлсэн.

Орон сууцны зориулалттай талбайг хүлээн авах үед түрээслүүлэгч З.******* надад засвар хийх 5 хоногийн хугацаа олгосон бөгөөд маш богино хугацаанд засвар хийж тохижуулах шаардлага надад үүссэн тул засварыг засварын бригадуудтай гэрээ байгуулж эхлүүлсэн.

Гэрээний 5-р зүйлийн 5.2-т зааснаар ...Түрээслэгчийн хүсэлтээр эхний 3 сард сарын түрээсийг 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 6,0000,000 төгрөгийг төлөх, түрээслүүлэгчийн хүсэлтээр барьцааны төлбөрт 2,000,000 төгрөгийг тооцож 2020.09.15-нд дараагийн 3 сарын төлбөр болох 7,500,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд байршуулсан байна... гэж талбай түрээсэлсний төлбөр, барьцаа төлбөрийг талаар бид тохиролцсон байсан.

Би талбайг хүлээж авах үед эхний 3 сарын түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг, барьцаа төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг 3.*******т төлсөн ба түрээсийн байрны засвар, засан сайжруулалтын ажил 2020 оны 08-р сард дуусаж ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 3 сар ажиллаад 2020.11.12-нд Монгол Улсад корона вирусийн анхны тохиолдол бүртгэгдэж Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2 сар хатуу хол хорио тогтоосноор гоо сайхны салоны үйл ажиллагаа бүрэн зогссон. Энэ хугацаанд гоо сайхны салоныг ажиллуулаагүй. Харин 2021 оны 02 сард хатуу хол хорио цуцлагдаж цагаан сарын өмнө түр хугацаанд ажиллаад хаасан 1 сар ажилласан бөгөөд 2021 оны 03 сарын 08-аас өмнө хатуу хол хорио цуцлагдсанаар 2021 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл ажиллаад дахин хорионд орсон. Хатуу хол хорио 2021.05.08-ны өдөр цуцлагдсанаар миний бие гоо сайхны салоноо нээж үргэлжлүүлэн ажиллуулсан ба ковидын үеийн ажиллаагүй 3 сарын түрээсийн төлбөрт тооцож төлбөрийг 2021.05.24-ний өдөр 3 сарын түрээсийн 2,000,000 төгрөг, 2021.05.25-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт 6 сая төгрөгийг 3.*******т төлсөн. Харин 3.******* бид харилцан тохиролцож 2021 оны 06, 07-ын төлбөрийг авахгүй гэж тохиролцсон.

Миний бие 2020 оны 07-р сараас хойш 2022.05.24-ний өдрийг дуустал түрээсийн зүйлийг ажиллуулах хугацаанд нийт түрээсийн төлбөрт 39,000,000 төгрөгийг төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, 2021.08.16-аас 2022.05.24-ний өдрийг дуустал сар бүрийн түрээсийн төлбөрт 2,500,000 төгрөг /3.*******ын хүсэлтээр/-өөр тооцож 10 сарын хугацаанд 25,000,000 төгрөг буюу түрээсийн төлбөрт нийт 39.000.000 төгрөг энэ хугацаанд би төлсөн. Би хамгийн сүүлд 2022.05.24-нд түрээсийн төлбөр төлж улмаар түрээсийн зүйлийг цаашид түрээсэлж үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь, түрээслүүлэгч 3.******* нь гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээсийн төлбөрийг 1 дахин нэмж сарын 4,500,000 төгрөг болгоно гэж утсаар болон ажил дээр ирж дарамт үзүүлж байсантай шууд холбоотой. 3.******* нь ажил дээр ирж удаа дараа үйлчлүүлэгчтэй байхад дарамталдаг байсан нь намайг үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, 3.******* түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа.

Гэрээнд зааснаар 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож худалдана гэж тохиролцсон боловч м.кв-ын үнэ өссөн байхад ийм үнээр чамд зарах боломжгүй гэж дарамтлан гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ ноцтой зөрчсөн.

Б. би 2022.05.24-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээний зүйлийг ажиллуулаагүй байхад надаас 2022.11.16-ны өдрийг хүртэл хугацааны 16 сар/ түрээсийн төлбөрт 22,500,000 төгрөг, уг дүнгээс тооцож алдангид 6.750.000 төгрөг, байр ашиглалтын зардал 1,466,910 төгрөг байрыг анхны байдлаар засварлах зардалд 18,200,000 төгрөг, нийт 48,916,910 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь илтэд үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч нар эдгээр нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, зардалтай холбоотой нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй байна.

Би 2022.05.24-ний өдрөөс хойш талбай түрээслэн ашиглаагүй болохоор, яагаад түрээслээгүй болох нотлох баримт болон гэрчээр давхар нотлох болно. Намайг 2022.05.24-ний өдрөөс ажиллуулаагүй гэдгийг нэхэмжлэгч 3.******* мэдсээр байж 2022.11.16-ны өдөр хүч хэрэглэн гоо сайхны салоны хаалга үүдийг эвдэж дотор нь байсан үсчин, гоо сайхны тоног төхөөрөмж, ширээ, сандал, эд хогшил, засан сайжруулалт зэргийг бусдад түрээслүүлэн ашиглуулж ашиг орлого олсоор байна. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргах замаар шүүхийн журмаар үзлэг хийлгүүлэх болно гэдгийг хэлье.

Миний бие Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хурд рапид хорооллын 19-р байрны 4-р орцны 4 давхрын 125.25 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг ажлын байрны зориулалттай болгон засвар үйлчилгээ хийхэд зарлагын баримтаар 18.780.700 төгрөг, дансны хуулгаар 6.179.700 төгрөг, ажлын хөлс 9.000.000 төгрөг, нэмэлтээр хийсэн /шатны болон гадна хаалга/ ажлын хөлс 2.800.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн ба өөрөөс гарсан энэ зардлаа хохиролд тооцон сөрөг нэхэмжлэл гаргана.

Мөн түрээсийн зүйлд миний дараах эд зүйлс, эд хөрөнгө, тоног төхөөрөмж байгаа ба одоо З.******* нь дур мэдэн бусдад ашиглуулж байгаа болно. Үүнд:

1. Үсчний суудал 3 ширхэг

2.Толь 3 ширхэг /зурагт интернэттэй/

3. Гэрлийн бүх абажур 7 ширхэг

4. Бүх лед гэрэл, лед гэрэлтэй толь

5. Үсний угаалтуур

6. Тек, Текний сандал

7.Иж бүрэн компьютер, компьютерын дэлгэц

8.Гоо сайхан ор 2 ширхэг

9.Шилэн тавиур 3 ширхэг

10. Шкаф

11. Хүлээлгийн сандал /1 том сандал

12. Хувцасны шкаф

13. Цайны ширээ, сандал

14. Цагаан үсчний толь 1 ширхэг

15. 1 ширхэг том абажур

16. Үүдний 3 хар абажур

17. Жижиг буйдан 3 ширхэг

18. Тэргэнцэр 3 ширхэг

19. Жаазтай зураг гэх мэт эд зүйл, эд хогшлыг нэхэмжлэгч 3.******* нь бусдад түрээслүүлэн ашиглуулж ашиг орлого олж байхаас гадна бусдын өмчлөлийн эд зүйлийг дур мэдэн бусдад ашиглуулж хууль бус үйлдэл гаргасаар байна. Миний бие дээрх эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгөхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргах ба өгөх боломжгүй тохиолдолд үнийг нэхэмжлэх болно.

Түүнчлэн Монгол Улсын Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуульд заажээ. 3.******* бид нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл гэж үзэх бүрэн боломжтой байна.

Нэхэмжлэгч 3.******* нь 2022.05.24-ний өдрөөс хойш одоог хүртэл намайг хохироож байгаа тул Б. миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 3.******* нарын надад холбогдуулан гаргасан гэрээний үүрэг хангуулж хохиролд 48.916.910 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 07 дугаар сард байрыг 1 жилийн дотор худалдаж авахаар тохирсон боловч ******* нь м.кв нь 4,000,000 төгрөг хүрсэн байгаа тул 2,500,000 төгрөгөөр зарахгүй гэж байсан. Эхний 3 сарыг улирлаар аваад, 1 сарын барьцаатай аваад дараа нь сар сараар авахаар тохирсон. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаа жигдэрсэн. 2020 оны 11 дүгээр сараас ковид гарсан. Ганц хана, хаалга гаргах боломжгүй талаар би хэлж байсан. Үсчин гоо сайхны газар том талбайтай байх ёстой гэж хэлж байсан. Засварын үйл ажиллагаа явагдаж байхад ******* гуай ирж уулздаг байсан. Түрээсийн хувьд 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр өгөөгүй гэж байна. Түрээсийн төлбөрт нийт 39,000,000 төгрөгийг өгсөн. Банкны дансны хуулгаар нотлоод хэрэгт өгсөн. Тог ус байрны мөнгө төлөөгүй бол тогийг тасалдаг. 2022 оны 05 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй. Түрээсийн төлбөрийг 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сар хүртэл 39,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. 2022 оны 05 дугаар сараас хойш тооцсон алданги нь үндэслэлгүй. Ашиглалтын зардлыг бүрэн төлсөн. гэв.

 

3. Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус шүүхэд хянагдаж буй 3.*******, С.******* нарын нэхэмжлэлтэй Б. надад холбогдох ...гэрээний үүрэг хангуулж хохиролд 48,916,910 төгрөг гаргуулах... нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянагдаж байгаатай холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлийн 73.1-д заасныг баримталж үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Би 3.*******тай 2020.07.10-нд Орон сууц түрээсийн гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хурд-Рапид хорооллын 19-р байрны 4-р орцны 1 давхрын 125.25 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад 2022.05.24-ний өдрөөс эхлэн түрээслүүлэгчийн хууль бус шаардлага, буруутай үйлдлээс болж түрээслэхээ больсон.

Түрээсийн гэрээ байгуулснаас хойш би 1 сарын хугацаанд засвар үйлчилгээ сайжруулалт хийж бүрэн тохижуулсан бөгөөд засвар үйлчилгээ надаас зарлагын баримтаар 18,780,700 төгрөг, дансны хуулгаар 6,179,000 төгрөг, ажлын хөлс 9,000,000 төгрөг, нэмэлтээр хийсэн /шатны болон гадна хаалга/ ажлын хөлс 2,800,000 төгрөгийн зардал гаргасан ба энэ зарлалаа хохиролд тооцож rapгуулахаар шаардаж байна.

Энэхүү сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй хохирол нь хариуцагч нарын өмчлөлийн түрээсийн зүйлд нэхэмжлэгч миний хийсэн салган авч болохгүй засан сайжруулалтын үнэ бөгөөд Иргэний хуулийн 287, 288, 289 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд хөрөнгөд хийсэн салган авч болохгүй эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.

Би түрээсийн зүйлд салган авах боломжгүй засвар үйлчилгээ хийснээс гадна мөн тохижуулсан дараах эд зүйлс, эд хөрөнгө, тоног төхөөрөмж байгаа ба С.******* нар нь дур мэдэн бусдад түрээслүүлж ашиглуулж байгаа тул дараа хөрөнгүүдийг хүлээлгэж өгөхийг З.*******, С.******* нараас шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

1. Үсчний суудал 3 ширхэг

2. Толь 3 ширхэг зурагт интернэттэй/

3. Гэрлийн бух абажур 7 ширхэг

4. Бух лед гэрэл, лед гэрэлтэй толь

5. Үсний угаалтуур

6. Тек, текний сандал

7. Иж бүрэн компьютер, компьютерын дэлгэц

8. Гоо сайхан ор 2 ширхэг

9. Шилэн тавиур 3 ширхэг

10. Шкаф

11. Хүлээлгийн сандал /1 том сандал

12. Хувцасны шкаф

13. Цайны ширээ, сандал

14. Цагаан үсчний толь 1 ширхэг

15. 1 ширхэг том абажур 16. Үүдний 3 хар абажур

17. Жижиг буйдан 3 ширхэг

18. Тэргэнцэр 3 ширхэг

19. Жаазтай зураг гэх мэт эд зүйлс нь Б. миний өмчлөлийн зүйлс бөгөөд өөрийн өмчлөлийн эд зүйлсээ эзэмшиж, ашиглаж чадахгүй 3.*******, С.******* нарын буруутай үйлдлээс болж хохирч байна. Хэрэв хариуцагч нар миний эд хөрөнгийг өгч чадахгүй гэсэн тохиолдолд үнийг нэхэмжлэх болно.

Иймд хариуцагч 3.*******, С.******* нараас хохиролд 36.760.400 төгрөг гаргуулан надад олгож, гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 36,760,400 төгрөг гаргуулах, гоо сайхны тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөхийг даалгах шаардлага гаргасан. Талуудын хооронд орон сууц түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний зүйл нь 125.25 м.кв орон сууцыг үсчин гоо сайхны зориулалтаар түрээслэхээр тохирсон. Б. нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түрээсийн үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч З.*******ын хувьд 5 хоног засвар хийх хугацаа олгосон боловч хариуцагч Б. нь 1 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийхдээ нийт 36,760,400 төгрөгийн зардал гаргасан. Энэ зардлын задаргааг хэлэхэд хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримтуудаар 18,780,700 төгрөгийн барилгын бараа материал худалдаж авсан. Дансны хуулгаар 6,179,700 төгрөгийн засвар үйлчилгээний бараа материал худалдаж авсан. Засан сайжруулалт хийхдээ барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бригадуудыг хөлсөлж 9,000,000 төгрөг төлсөн. Шат 2,500,000 төгрөг нийт 36,760,400 төгрөг түрээсийн зүйлд хийсэн салган авах болохгүй эд зүйлийн үнэ гэж үзээд нэхэмжлэгч нараас гаргуулах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 287, 288, 289 дүгээр зүйлд заасны дагуу салган авч боломжгүй засвар үйлчилгээний үнийг нэхэмжлэгч нараас шаардах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэгч нар 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл түрээсэлсэн гэж үзэж байгаа. Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч нь орон сууцыг 2022 оны 11 дүгээр сард хүлээн авсан гэж байна. Үсчний суудал 3 ширхэг, лед гэрэлтэй толь гэрлийн абжур, үсчний угаалтуур, тек, текний сандал, иж бүрэн компьютер, компьютерын дэлгэц, гоо сайхны 2 ширхэг ор, шилэн тавиур, хувцасны шкаф, цайны ширээ сандал, үүдний 3 абжур, тэргэнцэр, жаазтай зураг гэх мэт 19 нэр төрлийн салган авах боломжтой эд хөрөнгө байсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар дулаан грашт хадгалсан байгаа гэсэн. Тийм учраас энэ хөрөнгүүдийг хүлээлгэж өгнө үү. Эвдэрч гэмтсэн байвал дахин нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Тийм учраас салган авч болохгүй эд хөрөнгөд хийсэн засварын үнэ 36,760,400 төгрөг, 19 нэр төрлийн салган авах боломжтой эд хөрөнгийг хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү. гэв.

 

4. Нэхэмжлэгч З.*******, ******* нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Талуудын хооронд байгуулсан Орон сууцны түрээсийн гэрээнд Түрээслэгчийн эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан Иргэний хуулийн 152-р зүйлд заасан бусдын өмчлөлийн эзэмших, ашиглах эд зүйл, гэрээний нөхцөлүүдийг тодорхой заасан байна.

Гэрээний 2.1-д түрээслэгч нь Ажлын байрыг зориулалтын дагуу ашиглах,.. 2.2-т Түрээслэгч нь уг байранд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр засвар, өөрчлөлт хийх, энэ нь түрээслүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй, ашиглалтын чанарт нөлөөлөхгүй, гэрээний хугацаа дуусахад салган авахад болохуйц байна. 4.2.1-д Орон сууц, эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөлд, зориулалтын дагуу ашиглах, орон сууц, эд хөрөнгийг бусдад давхар түрээслүүлэх, барьцаанд тавихыг хориглоно... 4.2.2-д Орон сууц, эд хөрөнгийг эвдэж гэмтээхгүй ашиглах... 5.4-д Түрээслэгч нь уг орон сууцыг 2020 онд багтаан худалдан авсан тохиолдолд 1 м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр бодож худалдан авахаар тохиролцсон болзол тавьсан гэрээ байгуулсан...

 

6.3-д түрээслэгч түрээсийн төлбөрөө болон бусад төлбөр мөнгөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоногт 0.5 хувиар алдангийг нэмж төлөх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслэгчийн санаачилгаар гэрээг цуцалж болох... 8.1-д давташгүй хүчингүй зүйл.../төрийн шийдвэр, оролцоо/-ийн нөхцөл байдлын шууд бум үйлдлийн үйлчлэлийн улмаас үүсэн хохирлыг талууд өөрсдөө хариуцна гэж тус тус заасан болно.

 

Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд Орон сууцыг худалдан аваагүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, дур зоргоороо өөрийнх бизнесийн ажиллагаанд зориулан, орон сууцны зориулалтыг өөрчилж, эд хөрөнгийг эвдэж сүйтгэн, түрээслүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул хуульд зааснаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд Орон сууцны зориулалттай ажлын байрыг өөрчлөх, засварлах талаар зөвшилцсөн, тохиролцож иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн, үр дагаврыг тооцсон зүйл үгүй бөгөөд түрээслэгчийн зүгээс түрээслэгчид учруулсан гэм хор, хохирол байхгүй тул Иргэний хуулийн 8-р зүйлд зааснаар Иргэний хэрэг үүсгэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүх иргэний эрх зүйн хамгаалалт хийх боломжгүй байна.

 

Түрээсийн гэрээ нь талууд гэрээнийхээ стандарт нөхцөлөө харилцан тохирч, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээ байгуулагдсанд тооцно. Учир нь: ИХ-ын 89-р зүйлийн 89.2-д өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед түр өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд нь эзэмшигч байна гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 94-р зүйлийн 94.3-д ...Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зорилгоор зарцуулсан зардлыг шаардах эрхтэй болохоос биш гэрээний талуудын тохиролцоогүй асуудалд хууль гэрээний заалтуудыг ноцтой зөрчин, зөвхөн өөрийнхөө хүсэл зорилго, аж ахуйн үйл ажиллагаандаа зориулж зассан зардлыг гэм хор, хохиролд тооцон сөрөг нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй тул 73-р зүйлийн 73.3-д зааснаар шүүгч шийдвэл зохино.

...94.5-д зааснаар...Шударга эзэмшигч эд хөрөнгийн үр шимийг олж авч чадаагүй бол хариуцлагаа өөрөө хүлээх ёстой.

 

Түрээслэгч нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлээгүй нь хууль зөрчсөн гэжээ. Үгүй юмаа. Үндсэн хуульд зааснаар... Өмчлөгч нь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

Иргэний хуулийн 109-р зүйлд эд хөрөнгийг шилжүүлэх, 182-р зүйлийн 182.1 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар заасан. Энд үл хөдлөх хөрөнгө биш үл хөдлөх хөрөнгийн эрх, бусад дагалдах эрхийг бүртгүүлэхээр заажээ.

 

Улсын дээд шүүхийн 2010.6.22, №17 тоот тогтоолд... 5.1-д Хууль зөрчсөн гэсэн ойлголтыг тайлбарлахдаа:

Хуулийн хориглох хэм хэмжээг эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох л энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэжээ. Иймд хуулийн заалтыг шууд утгаар нь ойлгож өөрт ашигтайгаар тайлбарлан хэрэглэж иргэний хэрэг гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Сөрөг нэхэмжлэлд хохирол учруулсан гэж 36,760,400 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрээнд зөвшөөрөл авсан байх, салгаж болохгүй засвар хийхийг хориглосон, зориулалтын бусаар ажлын байрыг өөрчлөхгүй байхыг заасан байхад дур мэдэн хийсэн үйлдэл, үйл ажиллагаанд түрээслүүлэгч хариуцлага хүлээх ёсгүй.

Харин бидний эд хөрөнгийн бүх туслах ханыг дур мэдэн эвдэн нурааж, цахилгаан болон сантехникийн бүх тоноглолыг авч хаяад унжуулан, шалуудыг ховхолж бөөгнүүлээд орхисон бодит хохирол учруулсан болно.

Түрээслэгчийн засварт зарцуулсан гэх хавсаргасан нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй, нэр хаяг байхгүй худалдагч худалдан авагч нь тодорхойгүй, хууль бус аргаар цуглуулсан, бодит байдлаас хэт зөрүүтэй, илт хуурамч байна.

Түрээслүүлэгч нь түрээслэгчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиг орлого олсон зүйл байхгүй, эд хөрөнгөө хурдан авч яаралтай агуулах, савыг чөлөөлж өгнө үү.гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Анх сөрөг нэхэмжлэл гаргахдаа гэм хор учруулсан гэж шаардлага гаргасан. Явц дундаа утга учиргүйгээр засаж сайжруулсны нөхөн төлбөр гэж тайлбарлаад байгаа. Энэ сөрөг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээгүй, үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдэх шүүхийн шийдвэр гараагүй. Ийм хууль бус нөхцөлүүд харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлд салгаж болох эд хөрөнгө гэж байна. Хариуцагчийн эд хөрөнгийг хэн ч өгөхгүй гэж маргаагүй. Санаатайгаар үйл ажиллагаанд саад учруулж байна. Дулаан складад бүтэн жил хурааж хадгалсан байхад үндэслэлгүйгээр даалгах гээд шаардлага гаргаад байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэм хор гэсэн байж тайлбартаа засаж болохгүй гэсэн байна. Засварлаад буцааж өгч болохгүй юу байсан юм. Гадагш гаргасан нэг хаалга, шат л байгаа. Тэрийг өөрсдөө сайн дураараа тийм болгосон. Гэрээний гол нөхцөлөө зөрчөөд явсан. Сөрөг нэхэмжлэлд засвар үйлчилгээний зардал гээд байгаа. Шалыг пракетээр, өрөөг обойгоор хийсэн. Гадна хаяг хийсэн гэсэн. Хууль бус аргаар аливаа асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн. Хөнгөлөлт үзүүлж байсан. Сөрөг нэхэмжлэлд тавьж байгаа шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэл хүлээж авч байгаатай адил сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах ёстой. гэв.

 

5. Нэхэмжлэгч нь 1-р хавтаст хэргийн 1-15, 79-100, 134, 244-259 дүгээр хуудсанд авагдсан баримтууд, 2-р хавтаст хэргийн 1-2 дугаар хуудсанд авагдсан баримт,

хариуцагч талаас 1-р хавтаст хэргийн 29-77, 103-132 талд авагдсан баримтуудыг гаргаж өгсөн,

 

Шүүхийн журмаар, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2023/09526 дугаар захирамжаар шийдвэрлэсэн гэрч Л., Б., н., А. нарын мэдүүлэг /1-р ХХ-ийн 160-170 хуудас/,

хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2023/11035 дугаар захирамжаар шийдвэрлэсэн маргаан бүхий орон сууцанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-ийн 205-227 хуудас/

нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 101/ШЗ2023/15092 дугаар захирамжаар шийдвэрлэсэн түрээслүүлж байсан орон сууцны байрыг 2022.11.16 цоожийг эвдэж ороход доторх нөхцөл байдал ямар байсан, түүнийг дараагийн түрээслэгч 18 сая төгрөг хэрхэн сэргээн засварлаж ороод үйл ажиллагаа явуулж байгааг харьцуулсан бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-ийн 193-197 хуудас/

хариуцагчийн талын хүсэлтээр 2023 оны 09 сарын 28-ны өдрийн 101/ШЗ2023/22351 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-ийн 198-204 хуудас/

нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/25669 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн З.*******ын дугаараас , дугаарт явуулсан зурвас /мессеж/-т үзлэг хийсэн тэмдэглэл /2-р ХХ-ийн 11-31/,

2022.11.06-ны өдрийн З.*******ын гар утсан дээр хийсэн бичлэгийн бодит зурагнуудыг 2023.10.18-ны өдрийн үзлэг хийсэн бичлэгтэй тулгаж үзлэг хийсэн тэмдэглэл /2-р ХХ-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч З.*******, С.******* нар нь хариуцагч Б.д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 22,500,000 төгрөг, алданги 6,750,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 1,466,910 төгрөг, байрыг анхны байдлаар засварлах зардалд 18,200,000 төгрөг, нийт 48,916,910 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч Б. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж байсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлээс түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, түүнд ногдох алданги, орон сууцны ашиглалтын зардалд 2020.07-2022.05 сар хүртэл СӨХ-ийн төлбөрийг зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан түрээсийн зүйлд салгаж авч болохгүй засан сайжруулалт хийсэн тул хохиролд 36,760,400 төгрөг гаргуулах, гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг З.*******, С.******* нарт даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

З.*******, С.******* нар нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд салгаж болохгүй засвар хийхийг хориглосон, зориулалтын бусаар ажлын байрыг өөрчлөхгүй байхыг заасан байхад дур мэдэн хийсэн үйлдэл, түрээслэгчийн засварт зарцуулсан гэх хавсаргасан нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй, нэр хаяг байхгүй, худалдагч худалдан авагч нь тодорхойгүй, хууль бус аргаар цуглуулсан, бодит байдлаас хэт зөрүүтэй, илт хуурамч байна гэж маргасан.

4.Нэхэмжлэгч З.*******, С.******* нар нь хариуцагч Б.тай 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц түрээсийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Хурд-Рапид хорооллын ** байрны *-р орцны * давхрын 125,25 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг ажлын байрны зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн болон бусад төлбөрийг төлж тухайн ажлын байрыг түрээслэн авах үүргийг тус тус хүлээнэ, түрээслэгч ажлын байрыг гэрээний дагуу ашиглана. Хэрэв өөр зориулалтаар ашиглах санал гаргавал түрээслүүлэгчтэй тохиролцож гэрээнд тусгана гэж заажээ.

Мөн нэг сарын түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг бөгөөд 3 сарын түрээсийн төлбөр 7,500,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлөөд дараагийн төлбөрийг улирлаар буюу урьдчилан сарын эхний өдөр төлж байхаар,

Түрээслэгчийн хүсэлтээр эхний 3 сард сарын түрээсийг 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 6,000,000 төгрөгийг төлөх, түрээслүүлэгчийн хүсэлтээр барьцааны төлбөрт 2,000,000 төгрөгийг тооцож 2020.09.15-нд дараагийн 3 сарын төлбөр болох 7,500,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд байршуулсан байх,

Цахилгаан, дулаан, ус болон байрны төлбөр, СӨХ-ийн төлбөрийг түрээслэгч хэрэглэснээрээ хариуцан төлнө,

Түрээслэгч нь түрээслүүлэгч талд нэг сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцааг мөнгөн хэлбэрээр төлж гэрээ дуусгавар болсон үед эд хөрөнгийг хүлээлгэн өгч барьцааг буцаан авна,

Түрээслэгч нь уг орон сууцыг 2020 онд багтаан худалдан авсан тохиолдолд нэг м.кв-ын үнийг 2,500,000 төгрөгөөр бодож худалдан авахаар тохиролцсон байна. / 1-р хх-3-4/

5. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба талуудын хооронд байгуулсан Орон сууцны түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байна гэж шүүх үзэв.

Орон сууцны түрээсийн гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч түрээсийн зүйлийг ашигласан, хөлсийг төлсөн үйл баримт тогтоогдсон тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх ба шүүх түрээсийн гэрээний маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх юм.

 

Түрээсийн гэрээний 1.1-т 5 өрөө орон сууцыг ажлын байрны зориулалтаар түрээслүүлэх талаар заасан ба зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үсчин гоо сайхны чиглэлээр түрээслүүлэхээр, мөн 2020 онд багтаан орон сууцыг худалдан авах үнийг тохирсон байна.

Гэвч гэрээний энэхүү заалт буюу орон сууц худалдан авах заалт хэрэгжээгүй байна.

 

6. Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 22,500,000 төгрөг, алданги 6,750,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;

Түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2 жилийн хугацаатай байгуулсан ба зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Б. нь 2020 оны 07 сараас 2022 оны 5 сарын 24-ний өдрийг хүртэл түрээсийн зүйлийг ашигласан ба түрээсийн төлбөрт нийт 44,000,000 төгрөгийг төлсөн байна.

Хариуцагч нь 2022 оны 5 сарын 24-ний өдрийг хүртэл түрээсийн зүйлийг ашигласан боловч түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, холбогдох тооцоог нийлээгүй, нэхэмжлэгч нар нь өөрсдөө түрээсийн байрыг 2022 оны 11 сард хөндлөнгийн этгээдийг байлцуулан өөрсдийн эзэмшилдээ авсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Иймээс шүүх гэрээний хугацаанд хамаарах буюу 2020 оны 07 сараас 2022 оны 7 сарын хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзэж, хэрэгт авагдсан Тооцоо нийлсэн акт баримтыг үндэслэн түрээсийн төлбөрт, 2020 онд 2,500,000 төгрөг, 2021 онд 5,000,000 төгрөг, 2022 оны 6, 7 дугаар сарын төлбөрт 5,000,000 нийт 12,500,000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, 2022 оны 8, 9, 10, 11 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Гэрээ байгуулсан эхний 3 сар, ковидын хатуу хөл хорионы үед түрээсийн төлбөрийг талууд харилцан ярилцаж 2,000,000 төгрөг болгон бууруулсан байдал, түрээсийн төлбөр хийсэн огноо, дансын мэдээлэл зэрэг Тооцоо нийлсэн баримтад тусгагдсан мэдээллийг хариуцагч тал баримтаар үгүйсгэж маргаагүй тул шүүх түрээсийн төлбөрийг тооцоог дээрх байдлаар хийлээ.

Алдангийн хувьд дээрх мөнгийг хариуцагч гэрээний хугацаа дуусахад төлөх үүрэгтэй байсан ч төлөөгүй тул 2022.07.15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.12.22 өдөр хүртэл тооцоход 12,500,000*0,5 хувь=1 өдөрт 62,500 төгрөг, нийт 5 сар 7 хоног буюу 157 хоногт*62,500=9,812,500 төгрөг болсныг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 6,250,000 төгрөгөөр тооцож гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ гэж үзлээ.

Үүнийг нэгтгээд, түрээсийн төлбөрт 12,500,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, 18,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түрээсийн төлбөрөөс үлдэх 10,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

7. Орон сууцны сөх-ийн төлбөр болон ашиглалтын зардал 1,466,910 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;

Түрээсийн гэрээний 5.3-т Цахилгаан, дулаан, ус болон байрны төлбөр, СӨХ-ийн төлбөрийг түрээслэгч хэрэглэснээрээ хариуцан төлнө гэж заасан тул СӨХ-ийн төлбөр, ашиглалтын зардлын тухайд түрээсийн зүйлийг ашигласан хугацааны болон гэрээний хугацааны төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Төрийн банкны нэхэмжлэх баримтын дагуу /2-р хх-1-2 хууд/ СӨХ-ийн төлбөрт 920,170 төгрөг нэхэмжилснээс гэрээний хугацаа дууссанаас хойш 4 сарын төлбөр /39050*4сар=/ 156,200 төгрөгийг хасч үлдэх 763,970 төгрөгийг гаргуулж, Цэнгэлдэх ОСНААК ХХК-ийн баримтаар /1-р хх-791 хуудас/ ашиглалтын зардалд 906,423.1 төгрөг нэхэмжилснээс гэрээний хугацаа дууссанаас хойшхи буюу 2022 оны 08 сард 6140 төгрөг, 09 сард 103,607.02 төгрөг, 10 сард 201,073.84 төгрөг, 11 сард 201,073.84 төгрөг, 12 сард 270,126.78 төгрөг, нийт 782,021.68 төгрөгийг хасч үлдэх 124,402 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, СӨХ-ийн төлбөрт 920,170 төгрөг гаргуулах шаардлагаас 763,970 төгрөгийг хангаж, үлдэх 156,200 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ашиглалтын зардалд 906,423.1 төгрөг гаргуулах шаардлагаас 124,402 төгрөгийг хангаж, үлдэх 782,021.68 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.Байрыг анхны байдлаар засварлах зардалд 18,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд;

Талуудын байгуулсан Орон сууцны түрээсийн гэрээнд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Хурд-Рапид хорооллын ** байрны *-р орцны * давхрын 125,25 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг ажлын байрны зориулалтаар түрээслүүлэх гэж заасан ба үсчин, гоо сайхны салоны зориулалттай түрээслэх, үсчин, гоо сайхны салоны зориулалтаар тохижилт хийх, гадагшаа гарсан хаалга гаргаж, шат хийх талаар тохирч засвар хийхийг зөвшөөрсөн талаар талуудын тайлбараар тогтоогдсон гэж үзсэн.

Харин засвар тохижилтыг хэдэн төгрөгийн төсөвт, хэдий хэмжээнд хийх талаар талууд тодорхой тохиролцоогүй.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3.хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон..., мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3.хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх, 289.1.4.хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх зэрэг үндэслэл үүсээгүй гэж үзлээ.

Түрээсийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгч нь байрыг буцаан эзэмшилдээ авах үед хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд түрээсийн байрыг одоо үсчний салоны зориулалтаар ашиглаж байгаа, ердийн байдлаар ашиглах боломжгүй болгосон гэж үзэх үндэслэлгүй, орон сууцыг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон гэж дүгнэх үндэслэлгүй, орон сууцны зориулалттай байрыг үйлчилгээний зориулалтаар түрээслэх талаар талууд гэрээгээр тохирсон, үсчин, гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулахыг талууд анхнаасаа мэдэж байсан зэрэг үйл баримтыг дүгнээд хариуцагч нь Иргэний хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчид мөн хуулийн 288.2.2-т өөрт учирсан хохирол нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүсээгүй гэж үзлээ.

Мөн орон сууцыг анх хүлээлцсэн акт баримтгүй, 18,200,000 төгрөгийн бодит засвар хийгдээгүй, энэ талаарх баримтгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан түрээсийн зүйлд салгаж авч болохгүй засан сайжруулалт хийсэн тул хохиролд 36,760,400 төгрөг гаргуулах, гоо сайхны салоны эд зүйл, тоног төхөөрөмж, эд хогшлыг хүлээлгэж өгөхийг З.*******, С.******* нарт даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Талууд гэрээний 2.2-т Түрээслэгч уг байранд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр засвар, өөрчлөлт хийх ба энэ нь түрээслүүлэгчийн эрх ашгийг хөндөхгүй, ашиглалтын чанарт нөлөөлөхгүй, гэрээний хугацаа дуусахад салган авч болохуйц байна гэж заасан байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5.талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан.

Түрээсийн байрны цонхыг сэтэлж хаалга гаргахыг түрээслүүлэгч зөвшөөрсөн ба салган авч болохуйц гэж үзэхээргүй тул вакум хаалга, суулгалтын үнэ баримтаар тогтоогдсон 2,049,000 төгрөгийг хөлслөгч шаардах эрхтэй гэж үзэж, уг шаардлагыг хангаж, гэрээний хугацаа дуусахад салган авч болохуйц засвар, өөрчлөлтөө хийх талаар гэрээний нөхцөлөө хариуцагч анхаарч засвар, өөрчлөлт хийгээгүй эрсдэлээ өөрөө хариуцах нь Иргэний хуулийн 288.2.4, Түрээсийн гэрээний 2.2-т нийцнэ гэж үзэж засварын зардлаас үлдэх 34,711,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түрээсийн байранд үлдээсэн 19 нэр төрлийн тавилга болох

1. Үсчний суудал 3 ширхэг

2. Толь 3 ширхэг зурагт интернэттэй/

3. Гэрлийн бух абажур 7 ширхэг

4. Бух лед гэрэл, лед гэрэлтэй толь

5. Үсний угаалтуур

6. Тек, текний сандал

7. Иж бүрэн компьютер, компьютерын дэлгэц

8. Гоо сайхан ор 2 ширхэг

9. Шилэн тавиур 3 ширхэг

10. Шкаф

11. Хүлээлгийн сандал /1 том сандал

12. Хувцасны шкаф

13. Цайны ширээ, сандал

14. Цагаан үсчний толь 1 ширхэг

15. 1 ширхэг том абажур 16. Үүдний 3 хар абажур

17. Жижиг буйдан 3 ширхэг

18. Тэргэнцэр 3 ширхэг

19. Жаазтай зураг зэрэг эд хогшлыг нэхэмжлэгч өгөхгүй гэж маргаагүй ба нэхэмжлэгчийн эзэмшлээс хариуцагч өөрөө авах үйлдлээ хийгээгүй байна. хариуцагч эд хогшлын үнийг тодорхойлоогүй, энэ тохиолдолд эд хөрөнгийг нэр төрлөөр нь нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 402,535 төгрөг, хариуцагчийн төлсөн 70200+341,752= 411,952 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 256,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 47,734 төгрөг гаргуулж хариуцагч Б.д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1, -т зааснаар хариуцагч Б.гаас түрээсийн төлбөрт 12,500,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, орон сууцны СӨХ-ны төлбөрт 763,970 төгрөг, ашиглалтын зардалд 124,402 төгрөг, нийт 19,638,372 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.*******, С.******* нарт олгож, нэхэмжлэлээс 36,416,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн хариуцагч З.*******, С.******* нараас 2,049,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгож, сөрөг нэхэмжлэлээс 34,711,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 402,535 төгрөг, хариуцагчийн төлсөн 70200+341,752= 411,952 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 256,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 47,734 төгрөг гаргуулж хариуцагч Б.д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ