| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/06869/И |
| Дугаар | 101/ШШ2024/00855 |
| Огноо | 2024-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2024/00855
2024 02 14 101/ШШ2024/00855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /рд:*******/,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:ХВ79121708/-д холбогдох
982,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компани /РД:*******/ нь ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ундаа нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гаргасан. Нийт 1,625,080 төгрөгийн ундаа нийлүүлснээс 642,660 төгрөг төлөгдөж, 982,420 төгрөг үлдсэн. Уг авлагыг төлүүлэхээр ******* ХХК-тай удаа дараа уулзаж, утсаар холбогдсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй компани тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасны дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Г.*******ыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй. Иймд дээрх 982,420 төгрөгийг ******* ХХК болон тус компанийн захирал Г.*******аас гаргуулж өгнө үү.
******* ХХК-ийн дэлгүүрт нийт 1,625,080 төгрөгийн ундаа нийлүүлснээс 642,660 төгрөг төлөгдөж, үлдэх 982,420 төгрөг төлөгдөөгүй, удаа дараа төлөх талаар мэдэгдсэн боловч төлөөлөөгүй, Г.******* 2022.05.25-наас уг компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч тул уг мөнгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаагаар хариуцлагаа хүлээнэ. 2022.06.02-2023.03.23-ны хоорондох ундааны мөнгийг нэхэмжилж байна. Хариуцагчийн төлнө гэсэн мөнгө энэ дүнд орж байгаа гэв.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд 2023 оны 10 сарын 17-ны өдөр гаргасан ******* ХХК- ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.******* миний бие 2023 оны 11 сарын 02-ний өдөр танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. Би тус дэлгүүрийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдаж авсан Өмнөх эзэд нь 2023 оны 06 сарын 01-ний өдөр надад компанийн бичиг баримт болон посоо шилжүүлж өгсөн.
2. нь дэлгүүрийг өмнөх эздээсээ 3 саяар түрээсэлдэг байж байгаад намайг худалдаж авсны дараа түрээс өндөр байна гэхээр нь би өөрөө ажиллуулах боломжгүй, бага охин байнгын асаргаатай байдаг тул 3 саяын түрээсийг 2 сая болгож буулгасан. нь дэлгүүрийг 2022.9 сараас 2022.12 сар хүртэл сарын 2,000,000 төгрөгөөp түрээсэлсэн.
3. Өмнөх зарсан эзэн нь дэлгүүрээ ажиллуулж байх үед нь тэдний худалдагчаар нь 10 гаран жил ажилласан гэхээр нь би найдвартай түрээслэгчтэй гэх шалтгаанаар худалдаж авсан. Бага охин маань өвчтэй, байнгын асаргаатай байдаг болохоор би өөрөө байнга хяналт тавих боломжгүй байсан,
4. нь надад худал хэлэн 437.483 төгрөгөөр хохирол учруулсан.
Би гаас 437,483 төгрөгийн авлагатай. Иймд дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тус шүүхэд 2023 оны 10 сарын 17-ны өдөр гаргасан ******* ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.******* миний бие 2023 оны 11 сарын 02-ны өдөр танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.******* би ******* ХХК компанийн хүнсний дэлгүүрийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдаж авсан. Өмнөх эзэд нь 2022 оны 06 сарын 01-ний өдөр надад компанийн бичиг баримт болон посоо шилжүүлж өгсөн. Тухайн дэлгүүрийн өмнөх эзэд нь ийн // гэх хүнд 3 жил орчим түрээслүүлчихсэн. Найдвартай, итгэлтэй хүн учраас үргэлжлүүлээд энэ хүнээ байлгаарай гээд өмнөх эзэд нь надаас гуйхаар нь би зөвшөөрсөн. Г.******* би Б.тай түрээсийн гэрээгээ бичгээр байгуулах саналаа хэд хэдэн удаа хэлсэн боловч би өмнөх эзэдтэй бичгээр байгуулчихсан учраас давхар байгуулмааргүй байна гэхээр нь би Б.гаас түрээсийн төлбөрөө посын орлогоос дансаараа авдаг байсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.гаас дэлгүүрийнхээ бараа материалыг тоолж авсан.
******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сар болон 02 сард ирээд ...Танайх манай компанид өртэй юм байна. Өртэй компаниас захиалга авах боломжгүй гээд манайхаас захиалга авдаггүй байсан. Би шинээр авсан гэдгээ хэлээд өөрт байсан дэлгүүрийн бараа авснаа тэмдэглэдэг дэвтрээ үзүүлээд 2023 оны 03 сараас эхлэн захиалга өгдөг болсон. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би эхний захиалгаа 67,320 төгрөгөөр хийсэн. Дараагийн захиалгаа 68,280 төгрөгийн захиалга хийсэн төлбөрөө би төлнө.
2022 оны 06 дугаар сараас эхлээд 2022 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл нэхэмжлээд байгаа 914,140 төгрөгийг Б. гэдэг хүн авсан нь хавтас хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн бараа материал өгөлцөж авалцсан зарлагын баримтууд дээр Б.гийн гарын үсэг байдаг. Г.******* би ******* ХХК-аас ямар нэг бараа материал аваагүй бөгөөд уг төлбөрийг хариуцвал зохих хариуцагч биш юм.
Иймд хэргийн жинхэнэ хариуцагч нь Б. гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2022.05.17-нд дэлгүүрийг худалдан авч 2022 оны 06 сараас бичиг баримт над дээр ирсэн, үнээс өмнө 3 жил овогтой гэж хүн дэлгүүрийг түрээсэлж байсан, би 100 хувь эзэмшигч байсан мөн хэдий ч нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулаагүй, бараа бүтээгдэхүүн аваагүй. 2022.06.01-2022.12.31-ний хооронд Б. дэлгүүрийг түрээсэлж ажиллуулсан тул 2023.01.03-наас миний бие дэлгүүрийг өөрөө ажиллуулж эхэлсэн, нэхэмжлэгч өмнөх түрээслэгч манайд өглөгтэй тиймээс бараа нийлүүлэхгүй гэдэг, 2023.03.22-нд бараа авсан, дансаар мөнгийг шилжүүлнэ гээд шилжүүлээгүй байгаа, би өөрөө авсан барааны үнэ 68,280 төгрөгийг төлнө гэв.
3. Нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 1-15 дахь хуудсан дахь баримтууд, хариуцагч талаас хавтаст хэргийн 22, 25, 30-46 хуудсан дахь баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-74-86/, тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-87-92/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Жи эн Бевережис ХХК нь хариуцагч ******* ХХК-д болон компанийн хувьцаа эзэмшигч Г.*******д холбогдуулан нийлүүлсэн ундааны тооцооны үлдэгдэл 982,420 төгрөг гаргуулахаар шаарджээ.
3. Хариуцагч ******* ХХК, Г.******* нь ******* ХХК-ийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр худалдаж авсан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, дэлгүүрийг түрээсэлж байсан гэх Б. уг ундааг авсан гэж хариуцагч тайлбарлаж, энэ талаар түүнтэй түрээсийн гэрээний харилцаатай байсан талаарх баримтыг шүүхэд гарган өгч, өөрийн авсан ундааны үнэ 68,280 төгрөгийг төлж бусад төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.
4. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ундаа нийлүүлэх гэрээ бичгээр байгуулаагүй, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу нэхэмжлэгч байгууллагаас хүнсний дэлгүүрүүдэд ундаа нийлүүлж, хүнсний дэлгүүр нь ундааны төлбөрийг дараа тооцоогоор төлдөг байсан үйл баримтын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Харин нэхэмжлэгч Жи эн Бевережис ХХК, хариуцагч ******* ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, үнийн гаргуулахаар шаардаж байгаа ундааг хариуцагч ******* ХХК, түүний эрх бүхий этгээд, ажилтанд хүлээлгэн өгсөн баримтгүй байна.
Нэхэмжлэгч тал нь Худалдан авагч дэлгүүр, Агрол-Ойл ХХК-тай холбогдох авлагын тооцооны баримт, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Зарлагын падаан баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ч уг баримтууд дээр ******* ХХК, түүний эрх бүхий этгээд, эсхүл ажилтны гарын үсэг зурагдаагүй, харин Б. гэх гарын үсэг зурагдсан байна.
Хариуцагч нь Б.тай хүнсний дэлгүүр түрээсэлсэн түрээсийн гэрээний харилцаатай байсан үйл баримтыг нотлох зорилгоор Г.*******, Б. нарын хоорондын чатаар харилцсан баримт, түрээсийн төлбөр шилжүүлж байсан утга бүхий дансны гүйлгээ зэрэг баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн татгалзлаас үзэхэд дээр дурдсан тооцооны баримтуудад Б. гарын үсэг зурсан ба хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй, Б. нь ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч ******* ХХК нь дэлгүүрийг ажиллуулсан хугацаанд нэхэмжлэгчээс авсан ундааны үнэ 68,280 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул уг мөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар талуудын хоорондын худалдах-худалдан авах гэрээний харилцааны үндсэн дээр үүссэн өглөг, авлагын тооцоо гэж үзэн уг мөнгийг хариуцагч Ангрол-ойл ХХК, Г.******* нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлээс үлдэх 914,140 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 28,129 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,280 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ******* ХХК, Г.******* нараас 68,280 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 914,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,129 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ