Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, Хохирогч: *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар : Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутагт иргэн *******ыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт Содномпүрэв гэх айлд очиход Хад, Цогт, Содномпүрэв нар архи ууж байсан ба би хувааж уусан. Тэндээс гаргаад *******ынд очсон. ...******* миний хувцаснаас чирээд гэрээсээ гаргасан.Би айлгах гээд бүсэндээ зүүсэн хутгаа гаргаж ирсэн чинь түүний гарыг зүссэн. Би тухайн өдөр уурга зассан хутгаа бүсэндээ зүүсэн байсан. Би *******ын гарын бугуйн хэсэгт зүссэн. ******* эмчилгээний зардалд 500 000 төгрөг нэхэмжилсэн би түүнийг нь өгсөн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж байна. Би дахин хэрэг хийхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63/, ...Би *******ын гарыг зүссэнээ хүлээн зөвшөөрч байна. ******* надаас 1500 000 төгрөг нэхэмжилсэн, би 500 000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдэгдэл 1000000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 64-65/ 2.Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Би мод шулж байсан хутгаа биедээ авч явж байса ба *******ын гаранд нь санамсаргүй нэг удаа хутгалсан гэм мэдүүлэг./хх-ийн 41-42/, ...Би болсон явдлыг сайн санахгүй байна. М.Гадбадрал миний дээлний захаас татахад би газар унасан. Тэгээд нүүрээ гараараа арчихад гар цус болсон байсан. М.Галбадрах намайг боогоод байхаар нь түүнийг айлгах гээд дээлийн бүсэнд байсан хутгыг аваад далайхад түүний баруун гарын шууны хэсэгт зүссэн гэх мэдүүлэг. /хх-ийн 43-45/, 3.

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би иргэн *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

4. *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө ******* манайд согтуу ирсэн ирээд архи нэхэж агсам тавьж надруу дайраад байхаар нь би түүнийг гаргаж мордуулж өгсөн боловч хажуу айлд буусан. Удалгүй ******* манайд орж ирээд архи өгөхгүй бол унтуулахгүй гээд агсам тавиад байсан. ...Би *******ыг гэрээсээ гаргаад хажуу айлд оруулахаар сугадаад явж байхад хаанаас ч юм мэдэхгүй хутга гаргаж ирээд баруун гар луу хутгалсан. Би хутгыг нь булааж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 35-40/, ...Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, ******* эмчилгээний зардалд 500 000 төгрөг өгсөн. Одоо би 1000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Бид нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Үлдэгдэл 1000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон гэх мэдүүлэг. /хх-ийн 47-48/,

5.Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 09 сарын 29-ний шөнө гэртээ унтаж байхад ******* ирээд архи нэхсэн. Тэгээд гэрээс гаргаж өг гэсэн би гэрээсээ гаргаж өгөөд буцаад гэртээ ороход дахиад гэрийн гадаа ирээд гэрийн дээр уургаар цохиод байсан, би гадаа гараад амар гээд хамт явж байтал баруун гар жирс гээд тонгорогоор хутгалсан тэгээд би ноцолдож байгаад хутгыг булаасан. Тэнд байсан Архангай аймгимйн 2 хүн *******ыг хүлсэн. Шөнөдөө багийн эмч надад оёдол боолт хийж өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Би *******ыг торгож өгөөч гэж хүсэж байна гэв.

6. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 459 дугаартай: “1. *******ын биед баруун шуунд сорви, баруун шууны булчингийн бүрэн бус ургадал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар Эд мөрийн баримтаар хураан авах прокурорын тогтоол /хх-ийн 22/, тэмдэглэл /хх-ийн 23/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25/, гэрэл зураг /хх-ийн 26-27/, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал /хх-ийн 29/, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол /хх-ийн 30/, Эд хөрөнгө битүүмжлэх, тэмдэглэл /хх-ийн 31-32/, зэрэг нотлох баримтууд болон улсын яллагчаас 1 хуудас тодорхойлолт, шүүгдэгч 1 хуудас хүсэлт шинээр гаргаж өгч шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ******* нь 217300 төгрөгний хохиролын баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 500000 төгрөг хохиролд өгсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч *******аас 1000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхив. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч *******аас 500000 төгрөг хоохирогчид өгч хохирлыг барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутагт иргэн *******ыг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт үйлдэл мөн гэж үзлээ. Шүүгдэгч *******т холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, хохиролоо нөхөн төлсөн байх тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын дагуу торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн тавьсан саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа” илэрхийлсэн зэргийг дурдав. Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 тооны эм ямааг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 04-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх 5 тооны эм ямааг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгийг шүүгдэгч *******ыг 2017 оны 11 сарын 01-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ын нэг сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 тооны эм ямааг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи 5 тооны эм ямааг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ