| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/02920/И |
| Дугаар | 181/ШШ2024/02942 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/02942
2024 08 06 181/ШШ2024/02942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд 16,386,204.4 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М...ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд 16,386,204.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Д.О миний бие нь 2021 оны 06 сарын 23-ны өдөр М...ХХК-тай ХУД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала гарден хотхоны II ээлжийн Ватер гарден төсөл орон сууцны нийт талбай 69,12 м2 ашигтай талбай 61,38 м.кв нийт үнэ 187,209,000 төгрөгийн байрыг захиалж гэрээ хийсэн.
Урьдчилгаа төлбөрийн 93,604,500 төг хуваарийн дагуу ашиглалтад ортол төлж, үлдэх 93,604,500 төгрөгийг мэдэгдэл авсаны дараа төлөхөөр тохирсон. Ингээд М.... ХХК-ны борлуулалтын албанд 2023.12.25-ны өдөр байрны мөнгөө эдийн засагч Б тооцоо нийлэн нэхэмжлэхийн дагуу төлж дуусган байраа хүлээн авч түлхүүрээ авах хүсэлт гаргахад танай байрны м2 нэмэгдсэн гэдэг шалтгаанаар 4 сар орон сууцыг минь хүлээлгэн өгөлгүй намайг хохироож байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн байхад хийсэн гэрээндээ 2 жил 10 сарын хугацаанд талбайн өөрчлөлтийн тухай мэдэгдээгүй байна. Гэрээнд тусгаагүй талбайн мөнгийг хууль бусаар нэхэмжилсэн 187,209,000 төгрөгийг маань 4 сарын хугацаанд үнэгүйдүүлж орон байранд минь оруулахгүй 4 сар гаруй хугацаанд сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулж буй тул гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоон орон сууцыг минь олгуулж өгнө үү.
Түүнчлэн гүйцэтгэгч нь 69.12 м.кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал гэрээнд заасан хаяг, байршил бүхий захиалагчийн орон сууцыг 63.07 м.кв хэмжээгээр барьж, ашиглалтад оруулсан байгаа нь түүний гэрээгээр хүлээсэн гүйцэтгэгчийн үүргээ ноцтой зөрчсөнийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл захиалагчийн захиалсан орон сууцны талбай 6.05 м.кв хэмжээгээр дутуу байх тул талбайн зөрүүнд 16,386,204.4 төгрөгийг захиалагчид мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүрэг гүйцэтгэгчид үүсч байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний 1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу орон сууцны талбайн 6.05 м.кв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг хариуцагч М...ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М...ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Иргэн Д.Оийн нэхэмжлэлтэй М...ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Иргэний Д.О болон М...ХХК-иудын хооронд 2021 оны 06 сарын 23-ны өдөр МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээг байгуулагдах явцад гэрээний 1.2 дахь заалтад бичигдэх м.кв хэмжээнд механик алдаа гарч ашигтай талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 64.02 м.кв гэж бичих байсныг 61.38 м.кв гэж алдаатай бичсэн байдаг.
Бид уг үүссэн асуудлын талаар захиалагчид 24/54 тоот албан бичгээр мэдэгдсэн. Захиалагч нь 2024 оны 01 сарын 02-ны өдөр гар өргөдлөөр А-аас хэмжилт хийлгэж гэрээнд 61.38 м.кв гэж зааснаар их буюу 63.07 м.кв хэмжээтэй болох дүгнэлтийг гаргуулсан бөгөөд ямарваа нэгэн төлбөр тооцоо нэмж төлөхгүйгээр орон сууцыг хүлээн авах хүсэлт гаргасан. Уг өргөдлийн хариуд М...ХХК нь 24/148 тоот албан бичгээр магадлалаар орсон зураг төслийн дагуу 64.02 м.кв талбайн хэмжээгээр төлбөр тооцоог авахгүйгээр захиалагчийн өөрийн гаргасан 63.07 м.кв-ийн дагуу зөрүү төлбөр тооцоог бодож 5,154,500 төгрөгөөр төлбөрийг төлж орон сууцаа хүлээн авах тухай хариуг хүргүүлсэн.
Гэтэл захиалагч нь өнөөдрийг хүртэл орон сууцны зөрүү төлбөр тооцоог төлөөгүй. МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээний 6.1-т барилга ашиглалтад орсны дараа орон сууцны ашигтай талбайн хэмжээ өөрчлөгдөж болох хүлцэх алдааг 1.8% байхаар тодорхойлсон боловч Д.Оийн захиалсан орон сууцны ашигтай талбайн хэмжээ 2.75%-аар нэмэгдсэн байх тул зөрүү төлбөрийг төлөхгүйгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,093,995 төгрөг төлсөн баримт, Д.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн МГ-W-21/70 дугаар Орон сууц захиалгын гэрээ, орон сууцны төлбөр төлсөн баримтууд, нэхэмжлэгчээс Ч.Бд олгосон итгэмжлэл, М...ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/54 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, М...ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/158 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тэтгэврийн зээлийн өргөдөл, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн MN510034103200627675 дугаар Тэтгэврийн зээлийн гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2105041005 дугаар Бизнесийн зээлийн гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2105041005 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23/0120 дугаар А-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, А-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, нэхэмжлэгчээс О.Бд олгосон итгэмжлэл,
3.2. Хариуцагчаас Б.Э, Ж.Н нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн МГ-W-21/70 дугаар Орон сууц захиалгын гэрээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгын хуудасны хуулбар, М...ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/54 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Д.Оийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өргөдөл, М...ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/148 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, М...ХХК-ийн М ийн ажлын зургийн хуулбар,
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М...ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд 16,386,204.4 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн МГ-W-21/70 дугаар Орон сууц захиалгын гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала гарден хотхоны Ватер гарден төслийн 304 дүгээр блок, 4 давхарын 4В-3 загварын 3 өрөө орон сууцны нийт үнэ 187,209,000 төгрөгийг төлсөн боловч орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, хариуцагч нь 69.12 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал 63.07 м.кв хэмжээтэйгээр барьж, ашиглалтад оруулсан тул дутуу 6.05 м.кв талбайн хэмжээнд 16,386,204.4 төгрөгийг гаргуулах гэж тус тус тодорхойлжээ.
3. Хариуцагч М...ХХК нь иргэн Д.Отэй 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр МГ-W-21/70 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээг байгуулах явцад талбайн хэмжээ батлагдсан зураг төслийн дагуу 64.02 м.кв болж өөрчлөгдсөн. Захиалагч өнөөдрийг хүртэл орон сууцны зөрүү төлбөрийг төлөөгүй тул орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
4. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. М...ХХК болон Д.О нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр МГ-W-21/70 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала гарден хотхоны Ватер гарден төсөл, 304 дүгээр блок, 4 давхар, 4В-3 загвар, 3 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх, захиалагч нь орон сууцны төлбөр 187,209,000 төгрөгийг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.
7. Нэхэмжлэгч Д.О нь дээрх гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөр 187,209,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан ба энэ талаар талууд маргаагүй байна.
8. Хариуцагч М...ХХК нь орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас илүү байгаа тул хүлээлгэн өгөхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, нэхэмжлэгч Д.О нь орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу байгаа тул зөрүү төлбөр авна гэснээс маргаан үүссэн байх бөгөөд талуудын маргааны зүйл нь ажлын үр дүнгийн доголдол байна.
8.1. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан. Орон сууцны талбайн хэмжээг нэхэмжлэгч 69.12 м.кв, хариуцагч 61.38 м.кв гэж тодорхойлсон.
8.2. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр МГ-W-21/70 дугаар Орон захиалгын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д орон сууцны нийт талбай 69.12 м.кв, ашигтай талбай 61.38 м.кв гэж заасан. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн Д.Оийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өргөдөл, М...ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/54 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, М...ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/148 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд орон сууцны талбайн хэмжээг 61.38 м.кв гэж тохиролцсон нь тогтоогдож байна.
Тодруулбал, Д.Оийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өргөдөл /1хх 70-71/-д ... энэ хэмжилтээр тооцоход 63.07-61.38=1.69 м.кв зөрүү гарч, үүнээс гэрээний 6.1-д заасан хүлцэх алдаа 1.1 м.кв хасч 1.69-1.1=0.59 м.кв зөрүү 0.59*3,050,000=1,799,500 төг төлөх тооцоо гарч байна. Иймд 2021 онд хийсэн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэж,
М...ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24/54 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх 69/-т ... Таны захиалсан 44 тоот орон сууцны ашигтай талбайн хэмжээ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр 61.38 м.кв талбайтай гэж гэрээлсэн боловч бодит талбайн хэмжээ нь 64.02 м.кв буюу гэрээнд заасан талбайгаас 2.64 м.кв илүү байна... гэж,
М...ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/148 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /1хх 72/-т Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр МГ-W-21/70 дугаар Орон захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч нь ... 61.38 м.кв ашигтай талбай бүхий орон сууцыг 187,209,000 төгрөгөөр захиалсан байна... гэж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Орон сууцны цэвэр талбай, ашигтай талбай нь 61.38 м.кв гэж маргаад байна. Цэвэр талбай, ашигтай талбай гэдэг нэр томъёо барилгын хууль тогтоомжид байхгүй. ... Түүнчлэн тухайн орон сууцны 1 метр квадратын үнэ 3,050,000 төгрөг гэж байгаа боловч хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, маргаан бүхий орон сууцад хамаарах эсэх нь тодорхойгүй баримт байна... гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Талууд анх 1 м.кв талбайг 3,050,000 төгрөгөөр буюу 61.38 м.кв талбайг 187,209,000 төгрөг гэж тооцож, гэрээ болон орон сууц захиалгын хуудсанд тусгасан... гэж тус тус дурдсан байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, 41.2-д Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.
Дээрх баримтуудаас талууд гэрээндээ нийт талбай 69.12 м.кв, ашигтай талбай 61.38 м.кв гэж хоёр өөр нэр томъёо, хэмжээг дурдсан хэдий ч орон сууцны барилгын доторх сууцны өрөө, тасалгааны нийт хэмжээг 61.38 м.кв, 1 м.кв-ын үнэ 3,050,000 төгрөг, нийт үнэ 187,209,000 /61.38*3,050,000/ төгрөг гэж тохиролцсон, нэхэмжлэгч 1 м.кв талбайн үнийг 3,050,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлсэн нь тогтоогдож байх тул ажлын үр дүн доголдолтой гэж үзэхгүй.
9. Нэхэмжлэгч Д.О нь дээрх гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлсөн тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын үр дүнг шаардах эрхтэй байна. Тиймээс нэхэмжлэгч Д.Оийг Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Мандала хотхон, 1486 байр, 44 тоот, 61.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч М...ХХК-д даалгах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчээс гаргасан орон сууцны 69.12 м.кв талбайгаас 6.05 м.кв дутуу хэмжээнд 16,386,204.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
10.1. Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр МГ-W-21/70 дугаар Орон сууц захиалгын гэрээний дагуу 61.38 м.кв талбай бүхий орон сууцыг 187,209,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон гэж шүүхээс дүгнэсэн. Тиймээс нэхэмжлэгч 61.38 м.кв талбайгаас илүү хэмжээнд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д заасны дагуу доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан үндэслэл тогтоогдохгүй байна.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хэргийг хэлэлцэх эхлэхээс өмнө шинжээч томилуулах тухай, хэргийг хэлэлцэх үед үзлэг хийлгэх тухай хүсэлтийг тус тус гаргасан. Шүүх шинжээч томилох хүсэлт нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэлэлцэж эхэлсэн. Хэргийг хэлэлцэх үед хүсэлт гаргах боломжгүй тул хүсэлт гаргаагүйд тооцно. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй гэсэн үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолд ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно... гэж заасан. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргаагүйд тооцох нь зүйтэй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оийг Нийслэлийн Хан-Уул дүүрэг, өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч М...ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны талбайн дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,093,995 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М...ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,093,995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ