| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2019/00422/И |
| Дугаар | 155/ШШ2019/00422 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2019/00422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** тоотод оршин суух Х овогт Л-ын Б /***********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХААН банкны Хөвсгөл салбарт холбогдох
ХААН банкны Хөвсгөл салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банк дахь 5913152779 дансыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 155/2019/00383/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч чадалгүй хохирсоор өнөөдрийг хүрлээ. Энэ нь ХААН банкны хууль бус үйл ажиллагаатай холбоотой юм. Яагаад банкны зүгээс илт давуу байдлаа ашиглан миний эрхийг зөрчөөд байгааг огт ойлгохгүй байгаа учир шүүхэд хандан асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдлээ. Миний бие өөрийн нөхрийн ХААН банкнаас авсан зээлийн хамтран зээлдэгч болж ирсэн билээ. Гэхдээ би тухайн зээлийн барьцаанд өөрийн тэтгэврээ барьцаалаагүй, энэ талаар зээлийн гэрээнд ямарваа нэгэн заалт байхгүй, банкны өр барагдуулах барьцаа хөрөнгө хангалттай байсаар байтал ямар ч шийдвэргүйгээр миний эрхийг зөрчиж байгаа энэ үйлдлийг хууль бус гэж үзэж байна.
Иймд ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банкин дахь 5913152779 тоот дансыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн мөнгөө авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн тэтгэврийн данснаас 2.542.500 төгрөгийг суутгаж авсан. Ингэж суутгаж авахдаа ямар нэгэн шүүхийн шийдвэр, хуулийн дагуу авах эрх нээгдээгүй байхад авсан. Хоёр шатны шүүхийн шийдвэр дээр барьцаа хөрөнгө тусгагдсан байдаг ба тухайн шийдвэр дээр тэтгэврийн дансыг чөлөөлөх, барилт хийх тухай дурдаагүй учраас бие даасан шаардлага гаргасан. Банкны зүгээс илт давуу байдлаа ашиглан Л.Бг хохироож байна. Л.Б нь өөрийн нөхрийн зээлийн хамтран зээлдэгч болсон боловч уг зээлийн барьцаанд тэтгэвэрээ барьцаалаагүй, энэ талаар зээлийн гэрээнд ямар ч заалт байхгүй. Банкны өр барагдуулах барьцаа хөрөнгө хангалттай байгаа учраас ямар ч шийдвэргүйгээр эрхийг нь зөрчиж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Тийм учраас Хаан банкны Хөвсгөл салбарын хууль бус үйлдлийг зогсоож, ХААН банк дахь 5913152779 тоот дансыг чөлөөлж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулан хэлэхэд ХААН банкны Хөвсгөл салбар нь Ч.Т , Л.Б нарыг хариуцагчаар татан шүүх хуралдаанд оролцож байсан. Зээлийн гэрээний 5.1 дэх заалтад тэтгэврийн дансыг барьцаална гэж заагаагүй. Тэтгэвэр гэдэг нь хүний амьдрах эх үүсвэр болгож төрөөс өгч байгаа амьдрах баталгаа. Тиймээс тэтгэврийг 100 хувь барьцаална гэсэн ойлголт байж болохгүй. Хаан банкны Хөвсгөл салбар 2018 оны 01 дпүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд 1 төгрөг ч үлдээлгүй нэхэмжлэгч Л.Бгийн тэтгэврийн данснаас бүх мөнгийг зээлэнд суутган авсан учраас гэрээний энэ заалт нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагч тал шүүхээр ороод барьцааны хөрөнгийг нэг бүрчлэн заалгаж авсан байгаа. Гэтэл түүн дээр тэтгэврийг барьцаалах талаар яриа болоогүй. Тэгтэл 2.542.000 төгрөгийг суутгаж аваад, шүүхийн шийдвэрт тусгуулаад авчихсан. Ямар тохиолдолд барилт хийх вэ гэвэл барьцаа хөрөнгө нь тухайн зээлийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд барилт хийгдэнэ гэж би ойлгож байгаа. Шүүхийн шийдвэрт тусгуулахгүйгээр тэтгэврийн дансанд барилт хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Тэтгэвэрийн орлого нь Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар тэтгэлэг, тэтгэмж учраас төлбөрт суутгаж авч болохгүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХААН банкны Хөвсгөл салбар нь ХААН банкны салбар төлөөлөгчийн газар бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болно. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно гэж мөн зүйлийн 7.3-д ...Компани нь Монгол Улсад болон гадаад улсад өөрийн салбар төлөөлөгчийн газартай байж болно гэж тус тус заасны дагуу ХААН банкны Хөвсгөл салбар нь салбар төлөөлөгчийн газар болно. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д Хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан бөгөөд ХААН банктай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Төв ХААН банкны оршин байгаа газар буюу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргө чөлөө-6, Стадион Оргил-1 тоот хаягт байрладаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хэргийн харьяалалыг зөрчсөн байна.
2. Нэхэмжлэгч Л.Б, Ч.Т нар нь ХААН банкны Хөвсгөл салбартай 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ201642699514 тоот шугамын зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй зээл, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр №ЗГ201642834054 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй зээл тус тус авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд уг зээл хугацаа хэтэрч төлөгдөөгүй байгаа бөгөөд тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар магадлалаар уг зээлийн төлбөрийг хариуцагч Л.Б, Ч.Т нараас гаргуулж, ХААН банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд шүүх хуралдаан товлогдоогүй талуудын хооронд үүссэн зээлийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ...Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Мөн зүйлийн 12.3-т ...Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй... гэж тус тус заасны дагуу зээлийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн байх тул зээлдүүлэгч буюу банк дээрх хууль тогтоомж болон гэрээнд заасны дагуу зээлдэгчийн бусад дансанд барилт хийж уг зээлийг төлүүлэх өөртөө туслах аргыг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банкны Хөвсгөл салбар нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар салбар төлөөлөгчийн газар гэж явдаг. Тийм учраас Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэсэн заалтын дагуу энэ нэхэмжлэлийг Төв ХААН банкны хаягаар гаргах ёстой байсан. Тиймээс харьяаллын дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй гэж үзэж байна. Барьцааны гэрээнд тийм тоот дансыг барьцаална гэж тусгаагүй. Харин биет зүйлийг нэг бүрчлэн бичиж барьцаалсан. Зээлийн гэрээний 5.1.2 дахь хэсэгт зээлээ төлөөгүй бол зээлдэгчийн банкин дахь харилцах данснаас, харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутгах, авах эрхтэй гэж тодорхой заасан. Тухайн үед хамтран зээлдэгч зээлийн гэрээний шаардлагыг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж байгаа учраас хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлээ төлөхгүй, зээлийн хүүгээ төлөхгүй гээд дараагийн шатны шүүхэд гомдол гаргаад явж байгаа. Зээлийн гэрээний 5.1.2 дахь хэсэгт тэтгэврийн данс гэж тусгаагүй гэж маргаж байх боловч бусад данс гэдэгт тэтгэврийн данс хамаарах учраас заавал үгчилж тусгах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Үндсэн хууль бусад хууль зөрчсөн гэрээний заалт гэж байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль журамд нийцүүлж зээлийн гэрээг гаргасан. Зээл авах үедээ зээлдэгч болон хамтран зээлдэгч нь гэрээний нөхцөлтэй танилцаад, гарын үсгээ зураад авсан байх тул маргаад байх шаардлага байхгүй юм. ХААН банкны Хөвсгөл салбар нь Ч.Т , Л.Б нараас ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбар нэхэмжлэл гаргасан гэх тайлбарт холбогдуулан хэлэхэд Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т компани нь Монгол Улсад болон гадаад улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газартай байж болно гэсэн заалтын дагуу салбар төлөөлөгчийн газар учраас энэ хаягаар нэхэмжлэл гаргасан. Харин ХААН банкыг хариуцагчаар татаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт зааснаар төв ХААН банкны хаягаар нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч ХААН банкны Хөвсгөл салбарт холбогдуулан ХААН банкны Хөвсгөл салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банк дахь 5913152779 дансыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлдэгч нар тухайн үед зээлийн гэрээний бүх нөхцөл шаардлагыг зөвшөөрсний үндсэн дээр банктай зээлийн гэрээг байгуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлдэгч нартай байгуулсан №ЗГ201642834054 дугаартай зээлийн гэрээний 5.1.2-т энэ талаар тусгасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, түүнчлэн ХААН банкны Хөвсгөл салбар нь ХААН банкны салбар төлөөлөгчийн газар бөгөөд Компанийн тухай 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй байгууллага учир нэхэмжлэгч нь төв ХААН банкинд холбогдуулж нэхэмжлэлээ гаргах шаардлагатай гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.
ХААН банкийг төлөөлөн бүх шатны шүүх ... аж ахуйн нэгж иргэнтэй харилцах, банкийг төлөөлж нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол, тайлбар, мэдүүлэг, мэдээлэл гаргах, аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХААН банкийг төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, холбогдогч, төлбөр авагч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, хэргийн оролцогчоор оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг эдлэн, үүрэг хүлээж оролцох, ... эрхийг ХААН банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цэцэгээд олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хууль эрх зүйн газрын захирлаас ХААН банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цэцэгээд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-р тал/, ХААН банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 4-р сарын 20-ны өдрийн 12 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17-р тал/, ХААН банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлаас Хууль эрх зүйн газрын захирал Э.Хосбаярт олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 19-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байх ба нэхэмжлэгч Л.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д зааснаар Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэх ба батлан даагч нь хүлээсэн үүргээ хууль гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээх, дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 2-т зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ гэж хуульчилжээ.
Хэрэгт авагдсан ХААН банкны Хөвсгөл төв тооцооны төв, зээлдэгч Ч.Т , хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б нарын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан №ЗГ201642834054 дугаартай зээлийн гэрээний 3.2.2-т ямар нэг ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц болон үзүүлж болохуйц аливаа нөхцөл байдал үүссэн гэж банк үзсэн тохиолдолд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансуудад барилт хийх бөгөөд зээлийн төлбөрийг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг үл харгалзан шууд суутгах, гэрээний 5.1.2-т Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь ийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг Банкин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах талаар зээлийн гэрээний талууд харилцан тохиролцсон байх ба ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбар нь дээрх хууль болон гэрээг зөрчсөн нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Л.Б өөрийн нөхрийн
зээлийн хамтран зээлдэгч болсон боловч зээлийн барьцаанд нь тэтгэврээ барьцаалаагүй, барьцаа хөрөнгө хангалттай байхад банк дур мэдэж тэтгэврийг барьцаалж дансанд барилт хийсэн нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа ба ХААН банкны Хөвсгөл салбар нь хууль болон гэрээг зөрчиж Л.Бгийн тэтгэврийн дансыг барьцаалсан хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ХААН банкин дахь 5913152779 тоот дансыг чөлөөлөх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Л.Бгийн ХААН банкны Хөвсгөл салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банк дахь 5913152779 дансыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ХААН банкны хөвсгөл салбарт холбогдох ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банк дахь 5913152779 тоот дансыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т
зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН