Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 41

 

“Э Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00066/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.ЭнхЖ-, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Э Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Т-т холбогдох

"Хохирол төлбөрт 4.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Э Ү” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Г-, Ч.С-нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Э Ү” ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд усалгаатай 10 га-д тэжээлийн вандуй тариалсан юм. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 30 минутын үед 58 ижилтэй адуу вандуй тариалсан талбайд орж, идэж, туучиж, талхалж байсныг гаргаж бригадын төвд хашаалсан болно. Тухайн үед хэн гэдэг айлын адуу болохыг мэдээгүй, маргааш нь өдрийн 13 цагт Дархан-Уул аймгийн иргэн Б.Т- адуучинтайгаа ирээд өөрийнхөө адуу байсныг таниад тоо ёсоор нь хүлээн аваад явсан. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед сумын хөдөө аж ахуйн тасгийн дарга агрономич Т.Б-, 1 дүгээр багийн засаг дарга М.Ж- нараар ахлуулсан ажлын комисс газар дээр нь ирж хэмжилт хийж, 50 м өргөнтэй 300 м урттай нийт 1,5 га талбайн ургац сүйтгэснийг тогтоосон. Усалгаатай талбайн 1 га-гаас 20 цн ургац авахаар тогтоогдсон 3 тн вандуйг 1 тн-ыг нь 1,5 сая төгрөгөөр тооцож 4,5 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Иймд Дархан-Уул аймгийн иргэн Б.Т-аас 4,5 сая төгрөгийн хохирлыг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т- нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх адуу хашихад зориулсан төмөр хашаатай. 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед адуу гэрийн урд бэлчээрт байсан. Ингээд 20 цагийн үед адуугаа хаших гэхэд олдоогүй тул шөнөжингөө хайсан бөгөөд өглөө 09 цагийн үед “Э Ү” ХХК-ий хашаанд байгаа сураг гарч, очсон. О.Н- захирал өөрөө байсан бөгөөд ...танай адуу манай пойлонд ордоггүй, өчигдөр орж ирэхээр нь хөөгөөд хашчихлаа, танайх маллагаатай, хашаатай, хурдан хурц адуу ихтэй учраас тоо ёсоор нь тоолоод ав, малаа хүлээж авсан бичиг хийлээ, энэ дээр гарын үсэг зурчих гэхээр нь би 10 жилийн турш хамтран ажиллаж ирсэн учраас юу ч бодолгүй итгээд гарын үсэг зурсан. Би хараа муутай, тухайн үед нүдний шилгүй явсан учраас бичгийг нь гаргаж уншиж ч чадаагүй. Намайг хуурч гарын үсэг зуруулчхаад, мал орж ургац алдсандаа намайг буруутгаж хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх тухайн нутагтаа Первоз буюу гатлах онгоц Орхон гол дээр ажиллуулдаг бөгөөд “Э Ү” ХХК нь 2.300.000 төгрөгийн өртэй байгаа. Энэ өрөө төлөхгүй гэсэн л арга гэж үзэж байна.

2. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №10 дугаартай Ургацын хохирол тооцсон акт нь хууль бус гарсан. Учир нь ажлын хэсгийн ахлагч гэх Т.Б- нь албан тушаалын байдлаа ашиглан төрсөн дүүгийнхээ компани болох “Н К” ХХК, Э Ү ХХК-д хуурамч акт тогтоож хохирол гаргаж өгсөн байна. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр акт гаргахдаа бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд шүүхэд хэргийн материалтай танилцахдаа олж мэдлээ. Түүнчлэн Ургацын хохирол тооцох акт гаргах комиссыг оролцуулалгүйгээр дур мэдэн ажлын бус өдөр буюу амралтын өдөр акт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын 3 дугаар зүйлийн 3.1-д Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг /цаашид ажлын хэсэг гэх/ хэрэгжүүлнэ. 3.2- Ажлын хэсэг нь орон тооны бус байх бөгөөд сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно гэж заасан байхад үүнийг зөрчиж ажлын хэсгийг оролцуулалгүй алан тушаалын байдлаа ашиглан садан төрлийн хамаарал бүхий хүмүүстэй акт тогтоосон байна. Мөн актыг 10 өдрийн дотор ажлын хэсгийн бүх гишүүдийг хуралдуулж, хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байхад амралтын өдөр мал орсон гэх өдрийн маргааш нь “Н К” ХХК, “Э Ү” ХХК-ний хүсэлтээр яаран сандран Т.Б- гэх хүн хууль бусаар акт тогтоож гаргасан. Хохирол тогтоож акт гаргаснаас хойш 3 хоногийн дотор бидэнд мэдэгдэхээр 3.8-д мөн заасан байтал энэ үүргээ ч биелүүлээгүйд гомдолтой байна.

3. “Н К” ХХК, “Э Ү” ХХК нь хөрш зэргэлдээ талбайтай бөгөөд урдуураа л хашаа, хаалгатай боловч торон хашаатай, хаалга нь салаад уначихсан онгорхой муу, хойд талаараа болон 2 хажуугаараа огт хашаагүй байдаг учраас гадны мал байнга орж байдаг. Үүнээс болж ургац алдсан хохирлоо надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Албан даалгавраар Газар тариалангийн ААН, тариаланчид Тариалангийн талбайг хашаажуулах ажлыг өөрсдийн санаачилгаар хийх даалгавар өгсөн байтал нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн Хушаат сумын нутаг дэвсгэрт багийн засаг дарга М.Ж- болон Тариалан эрхлэгч, мал бүхий багийн иргэний дунд Төмс хүнсний ногоо тариалангийн талбайг мал тэжээвэр амьтдаас хамгаалах гурвалсан гэрээ байгуулдаг бөгөөд гэрээний 2-т Тариалан эрхлэгчийн үүрэг хэсгийн 2-т Тариалсан талбайн 500 га тутамд 1 морьт эргүүл байхаар тооцож эргүүлийг захирлын тушаалаар томилсон унаа холбооны хэрэгслээр ханган ажиллуулж, таримлын ургацыг байнгын эргүүл хамгаалалттай байлгана гэж заасан байхад нэхэмжлэгч компани мөн энэ үүргээ биелүүлээгүйгээс талбай руу нь гадны мал орж ургац алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Гэтэл надад адуу байхгүй, харин хэдэн тооны үхэртэй 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №10 дугаартай Ургацын хохирол тооцсон акт нь хууль бус. Хэрэв адуу талбайд нь орсноос гэм хорын хохирол учруулсан тохиолдолд тухайн малын ашиг шимийг хүртдэг өмчлөгч эзэнтэй нь асуудал ярих ёстой. Ийм учраас намайг адуугаа талбайд нь оруулсан мэтээр хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 227 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Т-аас 2.250.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Ү” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 2.250.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 50.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Ү” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Т- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагч миний бие “хариуцагч Б.Т-аас 2.250.000 төгрөг гаргуулах” хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хариуцагч Б.Т-ыг 58 тооны адууг хариуцан эзэмшилдээ байлгаж байсны хувьд тариалангийн талбайд мал оруулахгүй байх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг ноцтой зөрчсөн. Хариуцагч Б.Т- нь 2018, 2019 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт буюу Малын А дансаа нотлох баримтаар гарган өгч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотолсон боловч шүүх үүнийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй. Харин анхан шатны шүүх тухайн 58 тооны адууг эзэмшиж байсан гэсэн хийсвэр дүгнэлтийг ямар ч нотлох баримтгүйгээр хийсэнд гомдолтой байна. Хэрэгт миний бие тухайн адууг эзэмшдэг, надад эзэмшүүлэхээр хариуцуулж өгсөн эсэх талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Өмчлөгч эзнээс нь ч энэ талаар огт тодруулаагүй. Харин уг адуу нь манай хүүгийн адуу бөгөөд хүү маань өнөөдөр ч өмчлөгчөөр байж л байна.

Мал хүлээлцсэн актын тухайд намайг гарын үсэг зураад адууг авчих гэхээр нь л би малчнаар ажиллаж байсан Ө.Б-ийн хамт очиж авснаас бус мал оруулж гэм хор учруулсан гэдгийг зөвшөөрч гарын үсэг зурсан асуудал огт байхгүй. Адуу орж хохирол учруулсан талаар ч огт яриагүй, 2019.10.06-ны өдрийн Ургацын хохирол тооцсон акт-н талаар ч эрх бүхий албан тушаалтан огт мэдэгдээгүй байж байгаад миний бие шүүх дээр хэргийн материал танилцахдаа л олж мэдсэн.

Харин тухайн үед яагаад малын өмчлөгч нь болох хүүг маань дуудаагүйг огт мэдэхгүй байна. Эцэг нь байсныхаа төлөө өдий 63 насандаа насанд хүрсэн хүүхдийнхээ өмнөөс шүүхэд дуудагдаад, шүүх нь надад хариуцлага тооцоод явж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна.

2. 2019.10.06-ны өдрийн №10 дугаартай Ургацын хохирол тооцсон акт нь хууль бус байтал анхан шатны шүүх үүнийг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Учир нь ажлын хэсгийн ахлагч гэх Т.Б- нь албан тушаалын байдлаа ашиглан төрсөн ахынхаа компани болох “Н К” ХХК болон “Э Ү” ХХК-нд хуурамчаар акт тогтоож хохирол гаргаж өгсөн байна. 2019.10.06-ны өдөр акт гаргахдаа огт мэдэгдээгүй бөгөөд шүүхэд хэргийн материалтай танилцахдаа олж мэдсэн байдаг. Хэрэв энэ актыг надад холбогдуулан гаргаж байгаа талаараа мэдэгдэж, намайг оролцуулсан бол би өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах байсан. Түүнчлэн Ургацын хохирол тооцох акт гаргах комиссыг бүрэн оролцуулалгүйгээр дур мэдэн ажлын бус амралтын өдөр акт гаргасан нь хууль бус болохыг илтгэх нэг баримт юм. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно” гэж заасан байхад үүнийг зөрчиж ажлын хэсгийг оролцуулалгүй албан тушаалын байдлаа ашиглан садан төрлийн хамаарал бүхий хүмүүстээ акт тогтоосон.

Мөн актыг 10 өдрийн дотор ажлын хэсгийн бүх гишүүдийг хуралдуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байхад амралтын өдөр мал орсон гэх өдрийн маргааш нь “Н К” ХХК болон “Э Ү” ХХК-ний хүсэлтээр яаран сандран Т.Б- гэх хүн хууль бусаар акт тогтоож гаргасан.

Хохирол тогтоож акт гаргаснаас хойш 3 хоногийн дотор мэдэгдэхээр 3.8-д мөн заасан байтал энэ үүргээ ч биелүүлээгүй.

Ийм байдлаар хууль зөрчсөн актыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э Ү” ХХК хариуцагч Б.Т-т холбогдуулан вандуй тариалсан 10 га талбайд адуу оруулж, ургац гишгэж, идэж сүйтгэсний улмаас учирсан гэм хорын хохирол 4.500.000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Т- манайх адуу байхгүй, адууны жинхэнэ эзэн нь хохирол барагдуулах үүрэгтэй гэж харилцан маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Т-ыг адууг хариуцан эзэмшилдээ байлгаж байсны хувьд зохих хариуцлага хүлээх үндэслэлтэй, нэхэмжлэгч “Э Ү” ХХК-ийг тариалангийнхаа талбайг хашаажуулаагүй болгоомжгүй үйлдэл нь адуу тариалангийн талбайд ороход хүргэсэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Т-ын гэм хор учруулсан адууны жинхэнэ өмчлөгч би биш учир шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдсан гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

“Э Ү” ХХК Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 58 тооны адуу тус компаний вандуй тариаалсан 10 га талбайд орж, ургацыг гишгэж, идэж сүйтгэн тодорхой хэмжээний хохирол учирсан байна.

“Э Ү” ХХК энэ тухай орон нутгийн удирдлагад мэдэгдсэний дагуу 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр ирж хэмжилт хийж, хохирлын үнэлгээ тогтоосон бөгөөд тэрхүү үнэлгээгээр 50 м өргөнтэй, 300м урттай, 1.5 га талбайн ургац сүйтгэж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ.  Ажлын хэсэг учирсан хохирлыг тооцохдоо ХХААХҮЯ, СЯ-ны сайд нарын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцох аргачлал”-ын дагуу тооцож гаргажээ.

Хэргийн 14 дүгээр талд авагдсан баримтаар “Э Ү” ХХК тариалангийн талбайд орсон 58 тооны, 3 азарга адууг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.Т-, Ө.Б- нарт хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү “мал хүлээлцсэн акт”-аар хариуцагч Б.Т- уг адууны эзэн нь гэж хүлээж авчээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэл болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч Б.Т- нь тухайн үед тэдгээр адууг хариуцан эзэмшиж, маллаж байсан бөгөөд энэ талаар маргаагүй.

Харин анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа эдгээр адууны өмчлөгч нь би биш, миний хүүхэд учир би хариуцахгүй гэж маргажээ.

Хэрэгт тухайн 58 тооны адуу хариуцагч Б.Т-ын хүүгийн өмч болохыг баталсан бичгийн баримт авагдаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь Б.Т-ыг хариуцагчаар тодорхойлж, гэм хорын хохирол шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж заасан  бөгөөд анхан шатны шүүх Б.Т-ыг тухайн үед тэдгээр адууг хариуцан эзэмшилдээ байлгаж байсан гэж дүгнэсэн нь зөв байна.

Мөн хариуцагч Б.Т- нь 58 тооны адууг эзэмшилдээ байлгаж, тариалангийн талбайн ойролцоо нутагладагийн хувьд Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх оторлох болон бэлчээрийн аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байхаас гадна Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Таримал ургамлыг малаас хамгаалах тухай” 01 тоот албан даалгаврын 3 дугаар хэсгийн 3-т “Малаа байнгын хариулгатай бэлчээж, намарт адуу, үхрийг шөнөдөө хашиж, тариалангийн талбайд таримал ургамал тариалснаас ургац хурааж дуусах хүртэл мал оруулахгүй байх” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч “Э Ү” ХХК тариалангийн талбайныхаа зарим хэсгийг хашаажуулаагүй нь учирсан гэм хорын хохирлыг 50 хувиар багасгах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасантай нийцэж байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч Б.Т- “Ургацын хохирол тооцсон акт” хууль бус байтал шүүх уг актыг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж гомдлоо тайлбарладаг бөгөөд уг актын хууль бус болох талаарх ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. 

Гомдол гаргагч нь актын талаар Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 227 дугаар шийдвэрийгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                             АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                             Л.АМАРСАНАА