Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2024/01910

 

 

 

 

 

 

 

 

                            2024        04          10

            101/ШШ2024/01910

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

5,185,706 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 09 сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 сарын 07 хүртэл БЗД -н **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *******-1 супер маркетыг түрээслэн ажиллуулсан. 2022 оны 5 сарын 16 -ны өдрөөс 2022 оны 11 сарын 14-ны өдөр хүртэл Б.******* гэх эмэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан манай дэлгүүрт 800,000-1,005,000 төгрөгөөр цалинжиж худалдагч кассын ажилд орсон. Ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн өдөр бүр зээлээр хүнсний болон ахуйн бараа зээлж авч кассын тооцооны дэвтэрт бичүүлэн цалингаасаа төлж суутгуулдаг байсан. Ажиллах хугацаандаа нийт 7,375,351 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн , 2,831,000 бэлнээр зээлж авснаас – 5,020,645 төгрөгийг цалингаас нь суутгаж авсан. Ажлаас гарахдаа тооцоо нийлсэн акт үйлдэж 3,101,450 төгрөг надад төлөхөөр болж гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн . Өрийн дэвтрээс тооцоог-нягталж үзэхэд 1,934,256 төгрөгийг дутуу бодсон байсан. Б.******* уруу утсаар ярьж өрөө төлөхийг шаардсан боловч утсаа авахгүй улмаар зугтаах болсон . Иймд Б.*******аас нийт 5,185,706 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.         Хариуцагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь П.*******ын нэрэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний хувьд “*******” хүнсний дэлгүүрт 2022 оны 04 сарын 11-ны өдөр үйлчлэгчээр орж 2 хоног ажиллаад 04 сарын 16-аас худалдагчаар ажилд орсон. 2022 оны 04 сарын 16-аас Мандах дэлгүүр хаагдах хүртэл буюу 2022 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл ажиллаад тооцоогоо нийлэхэд нийт үлдэгдэл 485.453 төгрөг болсон байсан. 2022 оны 10 сарын 07-ноос Түшиг хүнсний дэлгүүр дээр худалдагчаар 2 сар орчим ажиллаад бие өвдөөд эмнэлэгт сахраа эмчлүүлээд хэвтэж байх хооронд намайг ажлаас халсан байдаг. Үүнээс хойш миний ээж эмнэлэгт хэвтэж хэвтрийн дэглэмтэй байнга асаргаанд байдгаас болж цалин хөлс, үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлэх боломжгүй явж байтал шүүхээс дуудсан юм. Миний хувьд төлбөр тооцооны үлдэгдэлгүй байхад үндэслэлгүйгээр 5,185,706 нэхэмжилж байгаад гайхаж байна. Учир нь нэхэмжлэлдээ ажлаас гарахдаа 3,101,450 төгрөгөөр тооцоо нийлсэн гэдэг боловч ямар ч тооцоо нийлсэн зүйл байхгүй. Харин ч сүүлд 2 сар орчим ажиллаад цалингаасаа нэг ч төгрөг авч чадаагүй гарсан байдаг юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй. Би 2022.4.11-нд дэлгүүрт 2 хоног үйлчлэгчээр ороод 16-с худалдагч болсон. Ажиллаж байгаа бүх хүмүүс хүнс болон барааг зээлж авч болдог байсан. Авсан юмаа бичүүлээд цалингаасаа төлдөг байсан. Энэ хугацаанд би бас зээлээд бүрэн төлдөг байсан. Гар дээрээ цалин авч үзээгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ер нь ажилчидтайгаа гэрээ байгуулдаггүй. Би 2022.10.7-ны өдөр хүртэл ажилласан. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнээс болоод дэлгүүрээ өгөх болсон. Ингэхэд өрөө тулгахад 485,453 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнийг өгөөгүй учир нь сүүлийн сарын цалинг олгоогүй бөгөөд нэхэмжлэгчийн Түшиг гэж дэлгүүрт очсон. Гэтэл бас л түрээсийн маргаантай болсон. Улмаар би 2 сар ажилласан боловч цалин аваагүй эмнэлэгт хэвтэж байхад ажлаас халсан байсан. Би бие гайгүй болохоор очно гэхэд халсан гэсэн. Учрыг нь асуухад тооллого хийхэд дутсан гэсэн. Түшиг дэлгүүр нь баримтгүйгээр 3 газар уруу бараа өгдөг байсан. Цуг ажилладаг байсан нэг хүүхэд хулгай хийгээд баригдсан. Тооцоо байгаагүй тул зөвшөөрөхгүй гэхэд цагдаагаар шийдүүлнэ гэхэд нь өөрөө мэд гэсэн юм. 3 саяын тооцоо нийлсэн зүйл байхгүй. 485,453 төгрөгийг төлнө. Бусад нь тооцоо байхгүй гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Худалдагч Б.*******ын дэлгүүрээс зээлсэн бараа, бэлэн мөнгөний жагсаалт /хх6-8/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 485,453 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч П.******* нь зээлээр олгосон бараа болон зээлийн гэрээний үүрэгт нийт 5,185,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Б.******* нь зээлээр бараа авч байсан, зээлээр мөнгөн хөрөнгө авч байсан үйл баримтын талаар маргаагүй боловч үлдэгдэл төлбөрийн талаар маргаж, 485,453 төгрөгөөс бусад төлбөрийг төлсөн гэж тайлбарласан.

 

4.         Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авах болсонтой холбогдуулан тус шүүхийн шүүгч нарын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 00001 дүгээр тогтоолоор хэргийг дахин хуваарилж, ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00170 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн томилсон.

Улмаар шүүх зохигчдыг шүүхэд ирүүлэхээр хуульд заасан бүхий л ажиллагааг явуулсан боловч тэдгээр нь шүүхэд мэдэгдсэн хаягтаа байхгүй, утсаа аваагүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан.

Шүүх зохигчдыг шүүхэд ирүүлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсны үр дүнд нэхэмжлэгчийн төлөөлөгчид 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, хариуцагчид мөн оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг болон хэргийн материалыг дахин танилцуулсан.

Зохигчид шүүхэд мэдэгдсэн хаягтаа оршин байгаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хуралдааны товыг утсаар мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

5.         Зохигчид хэн аль нь хариуцагчийг нэхэмжлэгчийн түрээслэн ажиллуулж байсан дэлгүүрт ажиллаж байсан. Улмаар дэлгүүрийн бараанаас зээлээр болон мөнгөн хөрөнгө зээлээр авч, төлбөрийг цалин хөлснөөс суутган төлдөг байсан гэх үйл баримтын талаар маргаагүй. Иймд зохигчдын хооронд үнийг дараа төлөхөөр тохиролцсон худалдах худалдан авах болон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Учир нь зохигч хэн аль нь энэ талаар тайлбарлаж байх бөгөөд тэдгээрийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

 

6.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

7.         Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн аудит хийгдсэн гэх тэмдэг бүхий зээлсэн бараа, мөнгөний жагсаалт гэсэн баримт нь хэний захиалгаар, санхүүгийн анхан шатны ямар баримтыг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байна. Мөн тухайн хуулийн этгээд нь аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь тогтоогдоогүй. Үүнээс үзэхэд тухайн баримтыг Аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар аудитын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн үл итгэх буюу хөдлөнгийн байр сууринаас хандсан, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар үнэн, зөв нотлох баримтад үндэслэсэн гэж үзэх боломжгүй. Иймд энэхүү баримт нь шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх6-8/

Цаашлаад, хэрэгт ирүүлсэн гараар бичсэн баримтуудын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй. Түүнчлэн хэн хэзээ үйлдсэн, хариуцагч зөвшөөрсөн зүйлгүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

7а. Нэхэмжлэлд дурдсанаар тооцоо нийлж акт үйлдсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хариуцагч акт үйлдээгүй гэж маргасан.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж чадаагүй гэж үзнэ.

 

8.         Гэвч хариуцагч нь зээлээр авсан барааны үлдэгдэлд 485,453 төгрөгийн өр төлбөртэй байгаа талаар тайлбарлаж, улмаар төлөхийг зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******аас 485,453 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,700,253 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,214 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД