Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2019/00425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/00360/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Голомт банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****************** оршин суух У овогт Т.А , Ц  овогт Б:У нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 9.331.721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Х , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээТ овогтой А  нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж ЗГ4905100704 дугаар зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Тус гэрээнд Т.А  нь өөрчлөлт оруулах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Бат-Очир овогтой У ийг хамтран зээлдэгчээр нэмж 6.177.525 төгрөгийг 2 хувийн хүүтэй 36 сарын хугацаагтай ЗГ4905100704-А тоот гэрээг байгуулж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул банк өөрийн санаачилгаар зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 5.953.524 төгрөг, хүү 3.028.322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349.874 төгрөг, нийт 9.331.721 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкны Хөвсгөл салбараас Т.А  нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 8000000 төгрөгний зээлийг 1,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээл авснаасаа хойш төлөлт хийж явж байгаад дахин сарын эргэн төлөлтийг нь эхний саруудад бага болгож өгөх боломж байна уу гэж банкинд хандсан. Бид дахин судалж үзээд зээлдэгч нартай харилцан ярилцаж байгаад эхний 1 жил зээлийн хүү дээрээ үндсэн зээлийн төлбөрөөс сар бүр 10000 төгрөг төлж, дараагийн 2 жилд үндсэн зээлд сар бүр 250000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр график гарган зээлдэгч Т.А  нь эхнэр Б.У ээ хамтран зээлдэгчээр нэмж зээлийн гэрээний зээл төлөх графикийг өөрчилж, бусад заалтууд хэвээр байхаар ЗГ4905100704-А дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгчид ийм боломж олгосоор байтал мөн л зээлээ төлөхгүй явсаар зээлийн гэрээний хугацаа дуусч зээлдэгч нартай уулзаж шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах санал тавих гэсэн боловч уулзахгүй зугатаад байсан учраас банкны зүгээс арга буюу шүүхэд хандсан. Зээлдэгч нар маань зээлээ эргэн төлөх боломжтой боловч санаатайгаар зайлсхийж өдий хүргэсэн гэж банкны зүгээс үзэж байгаа. Бид зээлийн гэрээ байгуулахдаа сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийг төлнө. Хэрвээ зээлийг хугацаандаа төлөхгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцно гэж 3.1.1-д заасан байгаа. Нэмэгдүүлсэн хүүг хуульд заасны дагуу төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүний 20-иас хэтрүүлэхгүй байхаар гэрээнд тусгасны дагуу нэхэмжилсэн байгаа.

Иймд зээлдэгч Т.А , Б.У  нараас үндсэн зээлийн төлбөр 5.953.524 төгрөг, хүү 3.028.322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349.874 төгрөг, нийт 9.331.721 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У  нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Т.А  нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас 8000000 төгрөгний цалингийн зээл аваад зээлээ төлж явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, намайг хамтран зээлдэгчээр оруулж, 6177525 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээл авснаасаа хойш нөхөр маань ажилгүй болсон учраас зээлээ төлж чадахаа байсан. Одоо нөхөр маань говь руу явж том машин барьж мөнгө олохоор явсан. Үндсэн зээл болох 5953524 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү 3028322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349874 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Манай нөхөр зээл төлж чадахаа байлаа танайх шүүхэд хандаад өгөөч гэж 2018 оны 8 сард банкны эдийн засагчтай уулзаж байсан боловч банк шүүхэд хандахгүй байсан. Үндсэн зээлийн 50 хувиас хэтэрсэн хүү гэж байх ёсгүй. Мөн нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл байхгүй. Бид хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү бодсоныг мэдэхгүй байсан. Түүнийгээ сая тайлбарлуулж аваад ойлголоо. Гэсэн ч амьдралын боломж муу байгаа учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Т.А , Б.У  нарт холбогдуулан үндсэн зээл 5953524 төгрөг, зээлийн хүү 3028322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349874 төгрөг нийт 9.331.721 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Т.А , Б.У  нар нь үндсэн зээл 5953524 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү 3028322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349874 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Голомт банкны Хөвсгөл салбарын захирал Б.Баярмөнх, зээлдэгч Т.А  нар нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 8.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай төлж барагдуулахаар тохиролцож, ЗГ4905100704 дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус зээлийн гэрээний эргэн төлөлт болон хугацаанд талууд харилцан тохиролцож, нэмэлт өөрчлөлт оруулан, зээлдэгч Т.А  нь эхнэр Б.У ийг хамтран зээлдэгчээр нэмж, 6.177.525 төгрөгийг 2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай төлж барагдуулахаар тохиролцож, ЗГ4905100704 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ4905100704-А дугаар зээлийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байгаа нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасныг зөрчөөгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн нь талуудын байгуулагдсан нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй ба зээлийн төлбөрөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, ЗГ 4905100704-А дугаар гэрээг байгуулахдаа ЗГ 4905100704 дугаар зээлийн гэрээний 2.2-т заасан зээлийн гэрээний хугацаа болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчилж, бусад зүйл заалтуудыг хэвээр үлдээхээр тохиролцсон байна.

ЗГ 4905100704 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хасвралт №1-д дурдсан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан байна.

Иймд хариуцагч Т.А , Б.У  нарыг зээлийн хүү, зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл байхгүй байх тул тэднээс үндсэн зээлийн төлбөр 5.953.524 төгрөг, хүү 3.028.322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349.874 төгрөг, нийт 9.331.721 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А , Б.У  нараас 164.258 төгрөгийг гаргуулж, Голомт банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар У овогт Т.А , Ц  овогт Б:У нараас үндсэн зээлийн төлбөр 5.953.524 төгрөг, хүү 3.028.322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 349.874 төгрөг, нийт 9.331.721 төгрөгийг гаргуулж, Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А , Б.У  нараас 164.258 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгч бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, гарын үсэг зурах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар ийнхүү гардан аваагүй тохиолдолд шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар хүргүүлж, шийдвэрийг гардан авсанд тооцож, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА