Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2024/02306

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 29 101/ШШ2024/02306

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******гийн ******* /ИБД:*******/-д холбогдох,

 

3,025,606 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Иргэдийн төлөөлөгч Ж.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.

Б.******* нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар тус газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.ийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Иргэн Т.э нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 дугаар шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 3,025,606 төгрөгийг Т.эд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгожээ.

Б.*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 3,025,606 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк / буруутай албан тушаалтан Б.*******оос гаргуулж өгнө үү.

2019.06.25-ны өдрийн тушаалаар Т.эд мөнгө олгох шийдвэр гарсан, 2 удаагийн гүйлгээгээр төрөөс эд 2,626,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 399,606.66 төгрөгийг тус тус олгосон. ******* нь шүүхийн шийдвэрийг бүртгэлд авч, холбогдох баримтыг цуглуулж төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдлийг буруутай этгээдэд хүргүүлж, хугацаа өгсөн, энэ хугацаанд Б.******* төлбөрийг төлөөгүй тул шүүхэд хандсан. ******* нь нотлох баримтын хувийг тухайн байгууллагаас нь татан авч ажилладаг.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75.2.4-р 5 жил, нэхэмжлэлийг 2023.06.29-ний өдөр гаргасан, 2019.07.02-ны өдрөөс хойш 5 жил тооцоход 2024.7.29-ний өдөр дуусна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нотлох баримтыг эх хувиар нь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх ёстой байдаг. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 3,025,606 төгрөгийг Т.эд олгосон /төлсөн/ эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. /Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна./ Мөн гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг. /ИХ-ийн 75.2.4/ Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийг нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзэхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан гэм хорын хохиролд 3,025,606 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ;

-Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн  498.1, 498.2, 498.3-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

-Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ,

Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг үндэслэн хариуцагч Б.*******ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд шаардлага хангаагүй, 3,025,606 төгрөгийг Т.эд олгосон /төлсөн/ эсэх нь нотлох баримтаар нотлогдохгүй, мөн гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил дууссан, нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

Хэрэг авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ******* тушаалаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлагдсантай холбогдуулан Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан тул Түвшинжаргалын ийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-8/

5. Т.э нь уг шийдвэрт гомдол гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0685 шийдвэрээр ...Т.ийг ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар тушаалуудыг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч О.ийг мөн газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Дэд бүтцийн хөгжил төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Т.эд 4,440,074 төгрөг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгажээ.

Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй ба шүүхийн шийдвэрийн хуудас дутуу байгааг шүүхийн шийдвэрийн цахим сан дахь https://shuukh.mn/single_case/5394?daterange=2018-01-01%20-%202024-04-28&id=1 &court_cat=3&bb=1 линк бүхий шийдвэртэй тулгаж, маргаагүй үйл баримттай холбоотой шийдвэрийг дахин бүрдүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

6. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 06 сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Т.эд шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос холбогдох суутгал, тэтгэлгийг хасч тооцон үлдэгдэл 2,626,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 399,606.66 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын данснаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлсэн болох нь дээрх тушаалын хуулбар, төлбөрийн хүсэлт баримтаар тогтоогдож байна. /хх-9-11/

7. Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Б.******* нь ... ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байгааг үл анхаарч, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан гэсэнтэй адилтган нэхэмжлэгч нарыг албан тушаалаас чөлөөлсөн нь буруу байна, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, захиргаа бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргах, хуульд үндэслэх зарчмыг хангаагүй байна гэж шүүх дүгнэж, хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.

8.Ийнхүү албан тушаалтны буруу гаргасан шийдвэрээс шалтгаалан төрд хохирол учирсан, албан тушаалтны гэм буруутай үйлдэл, төрд учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар ******* нь төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч Б.*******оос шаардах эрхтэй гэж үзлээ.

9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх хуулийн зохицуулалттай.

10. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн олговрыг олгох, холбогдох бичилт хийх талаар эрх бүхий этгээдийн тушаал гарсан, мөнгийг ажлаас үндэслэлгүй халагдсан этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаарх төлбөрийн баримт авагдсан, хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж, Хариуцагч ******* нь бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчийг хаяж төрд хохирол учруулсан тул өөрийнхөө хариуцлагаа хүлээж төрд учирсан хохирлыг төлөх нь зүйтэй гэсэн Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд хариуцагч Б.*******оос гэм хорын хохиролд 3,025,606 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж, 3,025,606 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос гэм хорын хохиролд 3,025,606 төгрөг гаргуулж Төрийн сан банкин дахь улсын төсвийн дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 63,360 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Л.ЭНХЖАРГАЛ