Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18-ны өдөр                    2022/ДШМ/32                        Хэрлэн сум

 

Л.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0032/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ш.Дамдинбазар /цахимаар/,

Яллагдагч Л.Б-, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЗШ/61 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдол, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр Л.Б-т холбогдох эрүүгийн 2240000000009 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Яллагдагч Л.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчим Ч.Б-ын нүүрэн тус газар гараараа цохиж, чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, толгойн зүүн чамархайн хэсгийн язарсан шарх, зүүн нүдний алмины салст болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг, зүүн хацар, шанаа, доод эрүүний зүүн хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: 1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлт нь дутуу, дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолд тавигдсан асуултуудаас “...аль гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй вэ, ...зовуурь илрэхгүй 3-4 хонох боломжтой эсэх, ...зүүн талын чамархайд цохиод хамар хавдах эсэх зэрэг асуултуудад хариулт өгөөгүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-т заасныг зөрчсөн, хохирогч Ч.Б- 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр УНТЭ-н чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхэд “хамар ясны хугарал”, 2022 оны 01 дүгээр сарын 18-нд “Л” эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографын шинжилгээнд хамрагдахад “хамрын  ясны зүүн хажуу хана бага зэрэг зөрөөтэй хугаралтай” гэсэн байх ба энэ хоёр хугарал нь нэг ойлголт мөн эсэх, хамрын ясны ийм гэмтэл хугарлын үед хамраас заавал цус гарах эсэх, цус гарахгүй байх тохиолдол байгаа эсэхийг тодруулаагүй бөгөөд уг асуудлууд нь тусгай  мэдлэг шаардагдах тул нэмэлт шинжилгээ хийлгэх эсхүл шинжээч эмч нараас мэдүүлэг авах зэргээр дээрх ажиллагааг хийж гүйцэтгэх,

 

2. Насанд хүрээгүй гэрчээс дахин мэдүүлэг авах, яллагдагч Л.Б-ийн тайлбартай холбогдуулан хохирогч Ч.Б-ын ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр яллагдагч Л.Б-т холбогдох эрүүгийн 2240000000009 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9.3х7.8 см хэмжээтэй хүрэн бор өнгийн дээд тал нь хэлбэр дүрс тодорхойгүй, доод хэсэг нь хавтгай чулууг хэргийн хамт прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ч.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт миний бие өөрийн биеэр оролцсон бөгөөд “...надад энэ хүнийг хамар ясны хугарал гэмтэлд буруутгаад байх шаардлага байхгүй...” гэж миний хэлээгүй үгийг шүүгчийн захирамжид бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Л.Б- шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “хохирогчийн хувьд хамтран амьдрагчтайгаа нийлээд архи уудаг, хэрүүл маргаантай байдаг. ...хамар ясны хугарлыг өөр байдлаар авсан байхыг үгүйсгэхгүй, эргэлзээтэй байна” гэж мэдүүлсэн нь манай гэр бүлийг гүтгэж доромжилж байна. Миний бие О-той ханилаад 8 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд намайг нэг ч удаа цохиж гэмтээж үзээгүй, манай гэр бүлд гэр бүлийн хүчирхийлэл байхгүй.

Хэрэг гарснаас хойш хамрын хугарлын бүх шинж тэмдэг илэрсэн. Одоо ч хамар битүүрч, толгой өвдөх зовуурь илэрсээр байна. Л.Б- нь хэрэг болсноос хойш миний биеийг нэг ч удаа асуугаагүй. Харин 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр миний дансанд 500.000 төгрөг хийснийг Л.Б-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэж ойлгосон. Миний бие эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байгаа тул үлдэгдэл төлбөрийг яаралтай гаргуулж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий прокурор Ш.Дамдинбазар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

Нэг. Шүүх санаачлагаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн аль зүйл заалтаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байгаагаа тайлбарлаж танилцуулаагүй, шууд яллагдагчийн өмгөөлөгчөөс асуулт асууснаар эхэлсэн.

 

Хоёр. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг прокурор, хохирогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн байна. Шүүгчийн захирамжтай танилцахад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хохирогч Ч.Б-ын “...надад энэ хүнийг хамар ясны хугарал гэмтэлд буруутгаад байх шаардлага байхгүй...” гэж яригдаагүй зүйлийн талаар захирамжид тусгасан. Энэ нь хуралдааны тэмдэглэлтэй танилцах бололцоо олгоогүйтэй холбоотой.

 

Гурав. Шүүх “...энэхүү шинжээчийн дүгнэлт нь дутуу гарсан, прокуророос дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолд тавигдсан асуултуудаас:

1. ...аль гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарах вэ?

2. ...зовуурь илрэхгүй 3-4 хонох боломжтой эсэх?

3. ...зүүн талын чамархайд цохиход хамар хавдах эсэх зэрэг асуултуудад хариулт өгөөгүй байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

 

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 209 тоот дүгнэлтийн 3 дахь хэсэгт “...дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж тодорхой хариулсан.

 

2. “...зовиур илрэхгүй 3-4 хонох боломжтой эсэх...”-г шинжээч эмчийг шүүх хуралдаанд оруулж мэдүүлэг авснаар шийдэх боломжтой.

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 209 тоот дүгнэлтийн 5 дахь хэсэгт “...хамрын ясны хугарал нь хамрын хэсэгт цохих үед үүсэх ба зүүн чамархайд цохих үед үүсэхгүй...” гэж тодорхой хариулсан байна.

Иймд прокурорын асуултуудад шинжээч эмч бүрэн дүүрэн хариулсан гэж үзэж байна.

Хамрын ясны хугарлын үед үүсэх шинж тэмдгүүд нь заавал иж бүрдлээрээ илрэх ёстой юу, эсхүл тухайн хүний эрүүл мэнд, физиологийн онцлогоос шалтгаалж өөр өөрөөр үүсэх боломжтой юу гэдгийг шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулснаар тодруулах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлуудыг нотлоогүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байхад прокурор яллах дүгнэлт хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу юм.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан байдаг. Тухайлбал шинжээч А- “шинэ гэмтэл” гэж үзсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “хамар ясны хугарал нь хамар цохигдсоноос үүснэ, чамархай цохигдсоноос үүсэхгүй" гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Мөн шинжээч прокурор, мөрдөгчийн тавьсан асуултуудад дутуу хариулсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгана” гэж заасан байдаг. Гэтэл “зүүн талын чамархайд цохиход хамар хавдах эсэх” гэсэн асуултад зөвхөн хамар хугарсан үед хавдана гэж хариулаад зүүн талын чамархайд цохиход хамар хавдах эсэхэд хариулаагүй.

Прокурор хохирогч талтай ашиг сонирхол нэгтэй ах, дүү, хамаатан садан, хүүхдүүдийн мэдүүлгүүдээр яллагдагчийг буруутгаж яллах дүгнэлтийнхээ үндэслэл болгосон. Эдгээр гэрч нар нь үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Гэрч А, А нар “бид нарын зүгээс болон Ч.Б- ээжийн зүгээс Л.Б-ийн биед халдсан үйлдэл гаргаагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад А, Ч.Б- нар нь Л.Б-ийн биед халдаж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан байдаг.

Мөн Ч.Б- анхны мэдүүлэгтээ “хамар яс хугарсан, хамар хавдсан” талаар мэдүүлээгүй, зураг авахуулж ирсний дараагаар мэдүүлгүүдээ өөрчилж “хамар яс хугарсан, шинэ хугарал” гэсэн байр сууринаас мэдүүлгээ өгч эхэлсэн. Гэтэл хавтаст хэргийн 146 хуудсанд авагдсан А- эмчийн мэдүүлэгт “...зүүн талын чамархайдаа бусдад цохиулсан гэж ирсэн, зүүн чамархайд өвдөнө” гэсэн мэдүүлгийг өгсөн. Тухайн үед Ч.Б- Л.Б-т хамартаа цохиулаад хамар нь хавдсан бол анх үзсэн эмчдээ энэ талаараа хэлэх байсан гэж үзэж байна.

Яллагдагч Л.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлшгүй нотлох баримтаар нотолж тогтоож чадаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Гэтэл прокурор энэ үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн үйл баримтыг эргэлзээгүй хөдөлшгүй нотлох баримтаар тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-т холбогдох хэргийг хохирогчийн  давж заалдах гомдол, прокурор эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт  нэмэлт шинжилгээ хийлгэх, эсхүл шинжээч эмч нараас мэдүүлэг авах, насанд хүрээгүй гэрчээс дахин мэдүүлэг авах, хохирогч Ч.Б-ын ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлыг тогтоох үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээ хийх ба дээрх 2 шинжээчийн дүгнэлтүүд агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, шинжээч асуултанд бүрэн хариулаагүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор 2 удаа буюу Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №33 дугаартай, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №209 дугаартай шинжээчийн дүгнэлт тус тус гарсан байх ба хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана,  хамар ясны зүүн хажуу ханын хугарал гэмтэл нь  2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр үүссэн шинэ гэмтэл байх ба 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хамрын рентген зураг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн”Л” эмнэлгийн компьютер томографийн зураг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн УНТЭ-ийн чих хамар хоолойн эмчийн үзлэгээр оношлогдсон талаар №209 дугаартай дүгнэлтэнд дурьдсан байна.

 

Шүүгчийн захирамжид дурдсан “хамар ясны хугарал”, “хамрын  ясны зүүн хажуу хана бага зэрэг зөрөөтэй хугарал” гэсэн  нь нэг ойлголт мөн эсэх, хамрын ясны хугарлын үед ямар шинж илрэх зэргийг тодруулахаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Түүнчлэн насанд хүрээгүй гэрчээс юуг тодруулахаар дахин мэдүүлэг авах, хохирогч Ч.Б-ын ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлыг тогтоох нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар юу хийх нь тодорхойгүй байх тул дээрх үндэслэлээр Л.Б-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна. Энэ талаар  бичсэн  прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.  

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг хэлэлцэж шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

 Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЗШ/61 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн 2022 он 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсан болохыг дурдсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

                            

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  О.БААТАРСҮХ

           

                                                                                              Г.БОЛОРМАА