Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 110/ШШ2024/0013

 

                                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                                 болгох тухай

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос,  Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан, “Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0665923 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай /прокурорын дүгнэлт/ захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Т.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Аймгийн Прокурорын газраас, эрх бүхий албан тушаалтан болох надад холбогдуулан миний үйлдсэн 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0665923 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргасан байна. Миний бие уг дүгнэлттэй танилцлаа. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн хувьд миний бие иргэн Д.С 2023.07.08-ны өдрийн №0665923 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийн хуудсыг бичих явцад хуулийн зүйл заалтыг 14.3.6 гэж буруу бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрлөө. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүгэжээ.                                                              

ҮНДЭСЛЭХ нь:

            Баян-Өлгий аймгийн Автотээврийн  төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №0665923 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.С ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн  шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэсэн үндэслэлээр  150 нэгжээр торгох шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 6 дахь  хэсгийг баримталсан байна.

            Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Иргэн Д.С нь ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн  шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй  зөрчил гаргасан  нь тогтоогдож байгаа ба эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай  тэмдэглэлд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 3-д зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн боловч 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  №0665923 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудасны 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт гаргасан байна.

 

            Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  прокурорын дүгнэлтийг  хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбар гаргасан байх  тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь  хуульд харшлаагүй, мөн  бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №0665923 дугаартай шийтгэлийн  хуудасны 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын нэхэмжлэлтэй /дүгнэлт/, Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого  болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

                                          

                                               

                                                 ШҮҮГЧ                                      С.ЕРКЕШ