Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/188

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, Хохирогч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 18-ны өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 09 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гурванбүс”-ийн харуулын байранд байж байхад орой 21 цагийн үед ******* халамцуу орж ирээд “Миний найзыг дарамталдаг чи хэн бэ” гээд халуун саваар миний хамар луу цохиод асван. ...Миний шар хөдлөөд араас нь гараад хуруу өргөнтэй, 40 орчим см урттай үзүүрлэсэн гадас хийж байсан армотурын төмрөөр *******гийн толгойн тус газарт 2 удаа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16/, Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-йн 37-38/,

2. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би торгуулийг шүүхийн тогтоосон хугацаанд төлнө гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн нутагт байрлах” Гурванбүс”-ийн паркын манаачаар ажилладаг миний ээжийн дүү болох ******* дээр очоод “албаны дарга Цогтоо таныг ажлын байрандаа орой цагаар байнга согтуу байгаад байна. Юм хэлэхээр чиний нэрийг бариад байна” гэсэн. Би байранд нь ороход согтуу байхаар нь “ажлаа аятайхан хийвэл хий битгий хүний нэр гаргаад бай” гэж хэлээд гараад явж байтал араас гүйж ирээд төмөр мэт зүйлээр 2 удаа цохиод авсан. Би толгойгоо дараад газар суусан цус их хэмжээгээр гараад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд *******ыг аваад явсан. Би толгойндоо оёдол тавиулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11/, ...Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол байхгүй. Ахаасаа нэхэмжлэх зүйл байхгүй, бид эвлэрсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 14/, 4. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид сайн дураар эвлэрсэн. *******од торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

5. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 452 дугаартай: “1. *******гийн биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал /хх-ийн 04/, 2017 оны 10 сарын 01-ний өдрийн 181 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулах прокурорын тогтоол /хх-ийн 05/, тэмдэглэл /хх-ийн 06-07/ , улсын яллагчаас 2 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 18-ны өдөр иргэн *******г зодсон нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт үйлдэл мөн гэж үзлээ. Шүүгдэгч *******од холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн тавьсан саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа” илэрхийлсэн зэргийг дурдав. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “Nokia” 1100 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Nokia” 1100 маркийн гар утсыг эзэмшигч *******од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 3 сар 26 хоногийн хорих ялаар, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн захирамжаар 01 жил 11 сарыг тэнсэж хугацаанаас өмнө сулласан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ялтай байдал гэсэн зүйл заалт байхгүй болсон тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дээрдүүлж мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэх шаардлаггүй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгийг шүүгдэгч *******ыг 2017 оны 11 сарын 01-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “Nokia” 1100 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Nokia” 1100 маркийн гар утсыг эзэмшигч *******од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ