Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 42

 

“Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00073/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Т-т холбогдох

"...Компанийн улаанбуудай тариалсан талбайд 58 тооны адуугаа оруулан тариаг идэж сүйтгэн, хөлөөрөө гишгэж цайруулан, талбай тахалснаас 1.650.000 төгрөгийн хохирол учруулсныг төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн төлөөлөгч Т.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Н-” ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд усалгаатай 110 га-д улаанбуудай тариалсан юм. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 30 минутын үед 58 тооны ижилтэй адуу улаанбуудай тариалсан талбайд орж идэж, туучиж, талхалж байсныг гаргаж “Э- Ү-” ХХК-ийн бригадын төвийн хашаанд хашаалсан болно. Тухайн үед хэн гэдэг айлын адуу болохыг мэдээгүй, маргааш нь өдрийн 13 цагт Дархан-Уул аймгийн иргэн Б.Т- адуучинтайгаа ирээд өөрийнхөө адуу байсныг таниад тоо ёсоор нь хүлээн аваад явсан. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед сумын ХАА-н тасгийн дарга, агрономич Т.Б-, 1 дүгээр багийн засаг дарга М.Ж- нараар ахлуулсан ажлын комисс газар дээр нь ирж, хэмжилт хийж 2 га газрын тариаг идэж, гишгэлж, талхалж сүйтгэснийг хэмжиж, 1 га-аас 15 цн ургац авахаар тогтоогдсон

талбайд 1.650.000 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Иймд Дархан-уул аймгийн иргэн Б.Т-аас 1.650.000 төгрөгийн хохирлыг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т- нь шүүхэд хариу тайлбар гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...1. Манайх адуугаа хашихад зориулсан төмөр хашаатай. 2019.10.05-ны өдөр орой 18 цагийн үед адуу гэрийн урд бэлчээрт байсан. Ингээд 20 цагийн үед адуугаа хаших гэхэд олдоогүй тул шөнөжингөө хайсан бөгөөд өглөө 9 цагийн үед “Э- Ү-” ХХК-ийн хашаанд байгаа сураг гарч очсон. Очтол С.Н- захирал өөрөө байсан бөгөөд ...танай адуу манай пойлонд ордоггүй, өчигдөр орж ирэхээр нь хөөгөөд хашчихлаа, танайх маллагаатай, хашаатай, хурдан хурц адуу ихтэй, учраас тоо ёсоор нь тоолоод ав, малаа хүлээж авсан гэсэн бичиг хийлээ, энэ дээр гарын үсэг зурчих... гэхээр нь би 10 жилийн турш хамтран ажиллаж ирсэн учраас юу ч бодолгүй, итгээд гарын үсэг зурсан. Би хараа муутай, тухайн үед нүдний шилгүй, явсан учраас бичгийг нь гаргаж уншиж ч чадаагүй. Намайг хуурч, гарын үсэг зуруулчхаад, мал орж ургац алдсандаа намайг буруутгаж, хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. 2019.10.06-ны өдрийн №10 дугаартай, Ургацын хохирол тооцсон акт нь хууль бус гарсан. Учир нь ажлын хэсгийн ахлагч гэх Т.Б- нь албан тушаалын байдлаа ашиглан төрсөн дүүгийнхээ компани болох “Н-” ХХК болон “Э- Ү-” ХХК-д хуурамчаар акт тогтоож, хохирол гаргаж өгсөн байна.

2019.10.06-ны өдөр акт гаргахдаа бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд шүүхэд хэргийн материалтай танилцахдаа олж мэдлээ. Түүнчлэн Ургацын хохирол тооцох акт гаргах комиссыг оролцуулалгүйгээр дур мэдэн ажлын бус өдөр буюу амралтын өдөр акт гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ХХААХҮ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018.08.20-ны өдрийн А-136, А-158, А210 дугаар тушаалаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын 3 дугаар зүйлийн 3.1-д Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэр эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг/цаашид ажлын хэсэг гэх/ хэрэгжүүлнэ, 3.2-т Ажлын хэсэг нь орон тооны бус байх бөгөөд сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно гэж заасан байхад үүнийг зөрчиж ажлын хэсгийг оролцуулалгүй албан тушаалын байдлаа ашиглан садан төрлийн хамаарал бүхий хүмүүстэй акт тогтоосон байна.

Мөн актыг 10 өдрийн дотор ажлын хэсгийн бүх гишүүдийг хуралдуулж, хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байхад амралтын өдөр мал орсон гэх өдрийн маргааш нь “Н-” ХХК болон “Э- Ү-” ХХК-ийн хүсэлтээр яаран сандран Т.Б- гэх хүн хууль бусаар акт тогтоож гаргасан. Хохирол тогтоож гаргаснаас хойш 3 хоногийн дотор бидэнд мэдэгдэхээр 3.8-д мөн заасан байтал энэ үүргээ ч биелүүлээгүйд гомдолтой байна.

3. “Н-” ХХК болон “Э- Ү-” ХХК нь хөрш зэргэлдээ талбайтай бөгөөд урдуураа л хашаа, хаалгатай боловч торон хашаатай, хаалга нь салаад уначихсан, онгорхой муу, хойд талаараа болон 2 хажуугаараа огт хашаагүй байдаг учраас гадны мал байнга орж байдаг. Үүнээс болж ургац алдсан хохирлоо надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019.05.28-ны өдрийн 01 дугаартай албан даалгавраар Газар тариалангийн ААН, тариаланчид Тариалангийн талбайг хашаажуулах ажлыг өөрсдийн санаачилгаар хийх даалгавар өгсөн байтал нэхэмжлэгч тал энэ үүргээ биелүүлээгүй.

Түүнчлэн Хушаат сумын нутаг дэвсгэрт багийн засаг дарга М.Ж- болон Тариалан эрхлэгч, мал бүхий багийн иргэний дунд Төмс, хүнсний ногоо тариалангийн талбайг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах гурвалсан гэрээ байгуулдаг бөгөөд гэрээний 2-т Тариалан эрхлэгчийн үүрэг хэсгийн 2-т Тариалсан талбайн 500 га тутамд 1 морьт эргүүл байхаар тооцож, эргүүлийг захирлын тушаалаар томилсон унаа холбооны хэрэгслээр ханган ажиллуулж, таримлын ургацыг байнгын эргүүл хамгаалалттай байлгана гэж заасан байхад нэхэмжлэгч компани мөн энэ үүргээ биелүүлээгүйгээс талбай руу гадны мал орж, ургац алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 224 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Т-аас 825.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн  үлдэх  хэсэг 825.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 24.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Т- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 224 дугаартай шийдвэрээс хариуцагч миний бие “хариуцагч Б.Т-аас 825.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох”-оор шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрх, үүргийг эдлэх бөгөөд энэ хэрэгт хариуцагчаар Б.Т-ыг татаж оруулсан. Энэ тухайгаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа адуу хүлээж авсан учраас” гэж тайлбарладаг. Гэтэл хариуцагч Б.Т- нь 2018, 2019 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт буюу Малын А дансаа нотлох баримтаар гарган өгч, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотолсон боловч шүүх үүнийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй. Харин анхан шатны шүүх тухайн 58 тооны адууг эзэмшиж байсан гэсэн хийсвэр дүгнэлтийг ямар ч нотлох баримтгүйгээр хийсэнд гомдолтой байна. Хэрэгт миний бие тухайн адууг эзэмшдэг, надад эзэмшүүлэхээр хариуцуулж өгсөн эсэх талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Өмчлөгч эзнээс нь ч энэ талаар огт тодруулаагүй. Харин уг адуу нь манай хүүгийн адуу бөгөөд хүү маань өнөөдөр ч өмчлөгчөөр байж л байна. Мал хүлээлцсэн актын тухайд намайг гарын үсэг зураад адууг авчих гэхээр нь л би малчнаар ажиллаж байсан Ө.Баянмөнхийн хамт очиж авснаас бус мал оруулж гэм хор учруулсан гэдгийг зөвшөөрч гарын үсэг зурсан асуудал огт байхгүй. Тухайн үед намайг гарын үсэг зуруулж ийм өр төлбөрт оруулах гэж байна гэж огт хэлээгүй, мэдэгдээгүй. Адуу орж хохирол учруулсан талаар ч огт яриагүй. Тэр ч байтугай 2019.10.06-ны өдрийн Ургацын хохирол тооцсон акт-н талаар ч эрх бүхий албан тушаалтан огт мэдэгдээгүй байж байгаад миний бие шүүх дээр хэргийн материал танилцахдаа л олж мэдсэн. Харин тухайн үед яагаад малын өмчлөгч нь болох хүүг маань дуудаагүйг огт мэдэхгүй байна. Эцэг нь байсныхаа төлөө өдий 63 насандаа насанд хүрсэн хүүхдийнхээ өмнөөс шүүхэд дуудагдаад, шүүх нь надад хариуцлага тооцоод явж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Ийм учраас адуугүй намайг адуугаа талбайд нь оруулсан мэтээр хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. 2019.10.06-ны өдрийн №10 дугаартай Ургацын хохирол тооцсон акт нь хууль бус байтал анхан шатны шүүх үүнийг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Учир нь ажлын хэсгийн ахлагч гэх Т.Б- нь албан тушаалын байдлаа ашиглан төрсөн ахынхаа компани болох “Н-” ХХК болон “Э- Ү-” ХХК-нд хуурамчаар акт тогтоож хохирол гаргаж өгсөн байна. ...Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно” гэж заасан байхад үүнийг зөрчиж ажлын хэсгийг оролцуулалгүй албан тушаалын байдлаа ашиглан садан төрлийн хамаарал бүхий хүмүүстээ акт тогтоосон. Мал орсон талаар гэрэл зураг, бичлэг огт баримт байдаггүй. Мөн актыг 10 өдрийн дотор ажлын хэсгийн бүх гишүүдийг хуралдуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байхад амралтын өдөр мал орсон гэх өдрийн маргааш нь “Н-” ХХК болон “Э- Ү-” ХХК-ний хүсэлтээр яаран сандран Т.Б- гэх хүн хууль бусаар акт тогтоож гаргасан. Хохирол тогтоож акт гаргаснаас хойш 3 хоногийн дотор мэдэгдэхээр 3.8-д мөн заасан байтал энэ үүргээ ч биелүүлээгүй.

Ийм байдлаар хууль зөрчсөн актыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой  гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

            Нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн “...1.650.000 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийг хариуцагч Б.Т-т холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрөхдөө “...ургацын хохирол тогтоосон акт нь хууль бус гарсан, урдуураа хашаа, хаалгатай боловч салаад уначихсан, онгорхой муу, хойд талаараа болон хоёр хажуугаараа огт хашаагүй байдаг учраас  гадны мал байнга орж гардаг...” гэжээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу  болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заажээ. 

Энэхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

Хариуцагчийн адуу нэхэмжлэгчийн улаан буудай тариалсан талбайд орж  тариалсан  буудайг сүйтгэсэн эсэх  үүнд  хариуцагчийн гэм буруутай эсэх нь маргааны  зүйл болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын хохирол тогтоох ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаар акт, мал хүлээлцсэн актаар  нотлогдоно гэжээ.

Хэргийн 12 дугаар талд авагдсан ургацын хохирол тооцсон актад “...улаан буудай тариалсан талбайд Б.Т-ын адуу орж ургац гишгэж, идэж 2 га-гийн ургацыг сүйтгэсэн байна...”, 13 дугаар талд авагдсан Мал хүлээлцсэн актад “...”Н-” ХХК-ийн үр тариа тариалсан талбайд  2019 оны  10 дугаар сарын 05-ны өдөр 3 азарга  58 тооны ижил адуу орсныг хашсан, хашаалсан адууг эзэнд нь 2019 оны 10 дугаар сарын  06-ны өдөр тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн болно” гэжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Т- нь тухайн үед тэдгээр  адууг хариуцан  эзэмшиж,  маллаж байсан нь тогтоогдсон байна.

Б.Т- нь надад адуу байхгүй гэж малын тоо бүртгэлийн дансыг нотлох баримтаар ирүүлжээ. Уг тоо бүртгэлээр Б.Т-т адуу байхгүй боловч энэ нь  түүнийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд  эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж  тодорхойлсон  Б.Т-  хүүгийнхээ адууг хариуцан маллаж байсан  байна.

Б.Т- адууг эзэмшилдээ байлгаж байсан хүний хувьд Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж заасныг зөрчсөнөө гадна Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Таримал ургамлыг малаас хамгаалах тухай” 01 тоот албан даалгаврын малаа байнга хариулгатай бэлчээж, намарт адуу үхрийг шөнөдөө хашиж, тариалангийн талбайд  таримал ургамал тариалснаас ургац хурааж дуусах хүртэл мал оруулахгүй байх”  үүргээ   биелүүлээгүй  байна.

Б.Т-ын “...манайх  адуугаа  хашихад зориулсан төмөр хашаатай, 2019 оны 10 дугаар сарын  05-нд орой 18 цагийн үед адуу гэрийн урд бэлчээрт байсан, 20 цагийн үед адуугаа хаших гэхэд олдоогүй тул шөнөжингөө хайсан бөгөөд өглөө  9 цагийн үед “Э- Ү-” ХХК-ийн хашаанд байгаа сураг гарч очсон...” гэсэн тайлбараар  малаа хариулгагүй бэлчээсэн, шөнө хашаагүй болох нь  тогтоогдсон гэж үзнэ.

Ургацын хохирол тооцсон актын тухайд Б.Т- татгалзахдаа ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар дурджээ. 

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын  Засаг даргын 2019 оны  05 дугаар сарын  17-ны өдрийн  А\70 дугаар  захирамжаар 11 хүнтэй ажлын  хэсэг  байгуулж, тус ажлын хэсгийн  зарим гишүүд оролцон  акт  тогтоосон  ба Тариалангийн талбайд  мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох  аргачлалд дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдлоо хэрхэн хаана гаргах талаар дурдсан байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзал, тайлбарыг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдаагүй   байхад “ургацын  хохирол  тооцсон акт”-ыг хууль бус гэж  үзэх  үндэслэлгүй.

Иймд дээрх хэргийг шийдвэрлэхдээ шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан,  нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, дүгнэсэн байх тул хариуцагчийн   давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй  гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн 224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй  орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн 24.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                          АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                        ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                           ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                           С.ЭНХЖАРГАЛ