Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 140/ШШ2024/00312

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн *********ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ********* сумын ******* багт оршин суух хаягтай *********** овогт ************* Э*********д холбогдох,

малжуулах зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *********ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус аймгийн ************ сумын ********** багийн иргэн Ж***********ын Э********* нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ********* сумын Засаг даргын тамгын газраас Малжуулах зээлийн гэрээ-ний дагуу 3,000,000 төгрөгийг хүүгүй 3 жилийн хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. ...Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана" гэж хуульчилсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ж.Э**********оос малжуулах зээлийн гэрээний төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж, Хоршоо хөгжүүлэх сангийн Төрийн банкны ************* дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Э******** нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...миний бие Э****** нь тус аймгийн ******** сумын Засаг даргын тамгын газраас малжуулах сангаас 3.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн болно. Энэ мөнгийг буцаан төлөхөө хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******** газар нь хариуцагч Ж.Э*******д холбогдуулан малжуулах зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ********** газрын нэхэмжилсэн малжуулах зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.Э******** нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ********** газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Ж.Э*********ын төлөх 3,000,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *********ын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Э*********д холбогдох, малжуулах зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.Э******** бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Ж.Э**********с 31,475 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Э******** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ