Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2019/00578

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ************** оршин суух, Б  овогт Б.Э /*********** /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, ***************** оршин суух, Онход овогт Дамдиндоржийн Б  /РФ95052711/-т холбогдох

Гэм хорын хохирол 4.509.047 /дөрвөн сая таван зуун есөн мянга дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, иргэдийн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эр, хариуцагч Д.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 01 сарын 13-ны орой иргэн Д.Б т хамран тус газраа цохиулж зодуулсны улмаас гэмтэл авч эмнэлгийн дүгнэлтээр хагалгаанд орох шаардлагатай болсон. 2019 оны 04 сарын 01-нд шүүх хурал болж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дагуу 2019 оны 05 дугаар сарын 12-нд ээж маань Д.Б тай утсаар ярьж хагалгааны төлбөр өгнө үү гэхэд ээжтэй ярилцаад хариу өгье гэж хэлээд таг болсон. 2019 оны 04 сарын 17-нд аав маань ээж Эрдэнэцэцэгтэй 2019.05.2-нд ээж маань Б тай утсаар ярихад та нар шүүхээр ороод ав гэж хэлсэн. Одоо би Улаанбаатар хотод эмчийн хяналтанд ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хагалгаанд орж ээж минь сахиж байгаад хөдөө явсан. Иймд: Хагалгааны төлбөр 2.370.000 төгрөг, эмэн эмчилгээний төлбөр 460.653 төгрөг, унааны зардал /УБ-Эг-Үүр, Мөрөн-Эг-Үүр, Эг-Үүр-УБ, Эг-Үүр-Мөрөн/ 533.700 төгрөг, хот доторхи унааны зардал 207.000 төгрөг, хоол хүнсний зардал 337.694 нийт 3.909.047 төгрөг. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж эхнэр 2 хүүхдээ тэжээдэг. Өдрийн орлого 10.000-30.000 төгрөг олж амьдарч байсан одоо ямар ч орлогогүй Улаанбаатар хотод эмчийн хяналтанд байна. Өөр орлогогүй амьдрал хүнд байгааг харгалзан үзэж ажлын чадвараа алдсаны төлбөрт 600.000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Иймд иргэн Д.Б аас нийт 4.509.047 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүгийнхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлд холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Би тэтгэврийн зээл авч хүүхдээ Улаанбаатар хотын ЭМЖЖ эмнэлэгт эмчлүүлж хагалгаа хийлгэсэн ба энэ талаарх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Миний хүүг ямар хагалгаанд орсон талаар тодорхойгүй гэж ярьж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү минь хамрын гайморит өвчтэй, энэ өвчин нь эдгэрсэн байсан боловч Б.Б т зодуулсан гэмтлийн улмаас өвчин нь сэдэрч давхар хамраа цэвэрлүүлсэн. Улаанбаатар хотод байхдаа бид хариуцагчийн ээж рүү ярьж ЭМЖЖ эмнэлэгт хагалгаанд оръё гэсэн чинь дээдсүүдийн эмнэлэгт хагалгаанд орох гэлээ гэж уурласан. Бид нартай ирж уулзаагүй, уучлалт ч гуйгаагүй, хүүгээ хагалгаанд оруулчихаад Д.Б т эмчилгээнийх нь зардлыг өгөөч гэхэд ээжтэйгээ ярьчихаад яръя гэж хэлээд эргэж холбоо бариагүй, хохирол барагдуулах талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй. Иймд би хүүхдийнхээ эмчилгээний зардлыг л гаргуулж авмаар байна. ...Нийт 4.509.047 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас ажлын чадвараа алдсаны төлбөрт нэхэмжилсэн 600.000 төгрөг, хоол хүнсний зардалд 337.694 төгрөг, шүдний эмчилгээнд зарцуулсан 65.000 төгрөгийг хасаж үлдэх хохирол болох 3.506.353 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Б  нь Б.Эын нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Би Б.Эын нэхэмжилсэн 4.509.047 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид 2019 оны 01 сарын 13-ны өдөр харилцан зодолдож би Эын хамран тус газар цохиж гэмтэл учруулсан. Харин Б.Э миний чихийг урьж харилцан бие биеээ цохисон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх үед энэ хэргээс учирсан хохиролд 1.100.000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээнд бүх зардлаар авч явсан зардал, хоол унд гээд гарч болох бүхий л зардал, хохирлыг өөрийн хэмжээнд барагдуулсан. Мөн би энэ хэргээс зохих хариуцлага хүлээсэн. Иймээс Эын нэхэмжилж байгаа 4.509.047 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд би Б.Этай маргалдсан. Эхэлж намайг цохисон учраас би зөрүүлж цохисон. Би цохисон хариуцлагаа хүлээж 200,000 төгрөгөөс 300,000 төгрөгийн хооронд эмчлүүлэх юм байна гээд эмчилгээний зардлыг нь өгье гэж хэлж байсан. Улаанбаатар хот руу явахад нь би хамт явж хэд хэдэн эмнэлгээр авч явсан ба эмнэлгүүд хөнгөн зэргийн гэмтлийг 40.000-500,000 төгрөгийн хооронд дээд тал нь 800.000 төгрөгөөр эмчилнэ гэж хэлж байсан. Ямар учраас 2.000.000 төгрөгийн хагалгаа хийлгэснийг нь мэдэхгүй байна. Би ч бас гэмтэж хамраа цохиулж, чихээ уруулсан. Манай эцэг, эх манай хүүхэд яахав танай хүүхдийг эрүүл болгоё гэж хэлж байсан. Эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх үед би 1.100.000 төгрөгийг өгсөн. Хэрэг болсон орой нь би Б.Эаас уучлал гуйгаад тэр дор нь арга хэмжээ авах гэж оролдсон. Гэтэл надаас их хэмжээний мөнгө нэхсэн. Тэгээд би Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлэхэд наад зөөлөн эдийн чинь гэмтэл яах вэ гайморит чинь болохоо байчихаж гэж эмч хэлсэн. Гэтэл Б.Э уурлаад эмнэлгээс гараад явсан. Утас нь холбогдохгүй байж байгаад дараа нь гэнэт хагалгаанд орчихлоо гээд надаас мөнгө нэхсэн. Би 2.000.000 төгрөгөөр хагалгаа хийлгэснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Э өмнө нь хоёр удаа хамраа хугалуулж байсан, хамрын гаймориттай гэж байсан. Өөр эмнэлгүүд 300,000-400,000 төгрөгийн хооронд хагалгаа хийнэ гэж байсан ЭМЖЖ эмнэлэг харин 800.000 төгрөгийн эмчилгээ хийгдэнэ гэж хэлсэн. Өөрөө хамрын өвчтэй байсан учир миний буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлсэн эсэх тал дээр би эргэлзэж байна. ...Эрдэнэбулганаас Мөрөн, Мөрөнгөөс Улаанбаатар хот руу ирж очсон унааны зардал нэхэмжилснийг төлье. Бусад нэхэмжилсэн хохирлыг төлөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Б т холбогдуулж гэм хорын хохиролд нийт 4.509.047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 3.506.353 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас Мөрөн сум, Мөрөнгөөс Улаанбаатар хот руу ирж очсоны замын зардалд нэхэмжилсэн 533.700 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Д.Б  нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Соёлын төвд зохион байгуулагдсан үдэшлэг дээр бусадтай маргалдаж байх явцдаа иргэн Б.Эын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг түүнтэй холбоотой зайлшгүй зардлыг хариуцагч Д.Б аас шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Б аас хагалгааны төлбөр 2.370.000 төгрөг, эмэн эмчилгээний төлбөр 460.653 төгрөг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас Мөрөн сум, Мөрөнгөөс Улаанбаатар хот руу ирж очсон унааны зардал 533.700 төгрөг, хот доторх унааны зардал 207.000 төгрөг, хоол хүнсний зардал 337.694 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 600.000 төгрөг, нийт 4.509.047 төгрөгийг гэм хорын хохирол гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь багасгаж Б.Эын хагалгаа шинжилгээний төлбөрт зарцуулсан 2.370.000 төгрөгөөс шүдний эмчилгээнд зарцуулсан гэх 65.000 төгрөгийг, хоол хүнсний зардал 337.694 төгрөгийг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 600.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хасаж, нийт 3.506.353 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл нь уг этгээдийн гэм буруу, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх явдал юм. Тодруулбал, нэхэмжлэгчийн хохиролд шаардсан 3.506.353 төгрөг нь гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг арилгахад гарсан зардал байхыг шаардана.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээҮүнд:

Нэхэмжлэгч нь хагалгаа шинжилгээний төлбөрт нийт 2.305.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэлд 11 хуудас төлбөрийн Е-баримтууд болон лабораторын шинжилгээнд илгээх хуудас, нэхэмжлэх гэх баримтуудыг,

Эм тариа авсан зардалд нийт 460.653 төгрөгийг нэхэмжилж 22 хуудас төлбөрийн Е-баримт болон зарлагын баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн боловч худалдан авсан эдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ нь гэмт хэргийн улмаас олсон өвчнийг оношлох, эдгэрүүлэх, сэргээн засахад гарсан зардал болох нь тогтоогдохгүй байна.

Зүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг болохын хувьд өвчтөний хийсэн эмийн болон бусад эмчилгээ нь эмчийн онош, эмийн жороор баталгаажсан байвал зохино.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хот доторх унааны зардалд нийт 207.000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлд шатахуун худалдаж авсан гэх 11 хуудас төлбөрийн Е-баримтыг хавсаргасан байх боловч эдгээр баримтуудаар нэхэмжлэгч Б.Эыг шатахуун худалдан авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хариуцагч Д.Б  гэм буруутай болох нь тогтоогдсон, учирсан гэм хорыг төлөх ёстой хэдий ч хохирол нотлогдсон байх шаардлагатай ба нэхэмжлэгчийн дээрх нэхэмжилсэн хохирол зардал нь Б.Эын эрүүл мэнддээ учирсан гэм хорын хохиролтой холбогдон гарсан зардал болох нь эргэлзээтэй байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж хохирол нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас Мөрөн сум, Мөрөнгөөс Улаанбаатар хот руу ирж очиход зарцуулсан гэх 533.700 төгрөгийн зардлыг хариуцагч нь төлж барагдуулна гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3.506.353 төгрөгөөс 533.700 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2.972.653 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагч Д.Б аас 533.700 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 16.661 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Эаас 533.700 /таван зуун гучин гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.972.653 /хоёр сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Б аас 16.661 /арван зургаан мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Н.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ

Р.САРАНТУЯА