Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 05 сарын 18-ны өдөр                    2022/ДШМ/33                        Хэрлэн сум

 

С.А-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0033

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэннарыгоролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШТ/06 дугаартай шүүхийн тогтоолыг эсзөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлээр С.А-д холбогдох эрүүгийн 2239000000080 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Л.Б-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.А- нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Л.Б-тай хувийн таарамжгүй харилцаанаас үүсэн түлхэж унаган, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хэвлий хэсэгт нь нэг удаа хутгалж Л.Б-гийн эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний холбоос болон элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, хэвлийн хөндий дэх дотуур цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана...” гэж заасан, яллах дүгнэлтийн хавсралтад  “...эмчилгээний зардалд 3.358.800 төгрөг шилжүүлсэн баримт  хэрэгт авагдсан...” гэж тусгасан боловч хавтаст хэргийн 139, 140 хуудсанд хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, С.Г гэх хүний данснаас өөр, өөр  дансанд мөнгө /тухайлбал 1 гэсэн утга агуулгатайгаар 2.725.000 төгрөг/ шилжүүлснийг хохирогчид төлсөн байна гэж шууд дүгнэсэн нь хангалтгүй байх тул хохирол, хор уршгийн талаар  /ямар хохирол учирсан, ямар зардал гарсан гэх зэргээр/ дахин нэмэлт шалгалт хийх, хохирогч ямар данстай болох, хэний, ямар байгууллагын дансанд ямар хохирлын мөнгө хэзээ хийсэн гэх зэргээр, мөн хохирогч нь шүүхэд “...шүүх хурлын тов мэдлээ, одоо бол гомдол саналгүй 2022 оны 4 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хот явахдаа 1.500.000 төгрөг авахаар тохиролцсон...” гэж мэдэгдсэн нь ямар учиртай болох, хохиролд тооцож нэхэмжилж байгаа эсэх гэх зэргээр тодруулах,

 

2. Шүүгдэгч нь “...Л.Б- ...сүх аваад над руу дайраад миний мөр рүү  цохихоор нь би ...шүүгээнд байсан хутгыг шүүрч аваад Л.Б-гийн хэвлий рүү 1 удаа дүрсэн...” /хавтаст хэргийн 152 хуудас/ гэж мэдүүлж байгаа бөгөөд хохирогч Л.Б-гийн “...сүх барьж дайрсан асуудал байхгүй ...С.А- нь гэнэт уурлаад хутга авахаар нь хутга шөвөг болоод яах вэ асуудлаа ярилцаж шийдье гэхэд С.А- шууд хутгатай гараараа далайхаар нь би баруун гараар хамгаалахад хутга миний гар руу өнгөц зоогдож араас нь шууд миний хэвлий хэсэг рүү хутгаа зоосон, 24-нд мөр рүү нь сүхний ар талаар 1 удаа цохисон...” гэсэн /хавтаст хэргийн 24 хуудас/ мэдүүлэгтэй хоорондоо зөрүүтэй. Мөн хохирогчийн дээрх мэдүүлэгт “...С.А- нь хэрэг болсноос хойш хэд хэдэн удаа миний утас руу ярьж намайг заналхийлж байсан. Чамайг гүйцээгээд алчихдаг байж гэх мэтээр сүрдүүлсэн...” гэж мэдүүлсэн байхад прокурор шүүгдэгчийг үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хангалтгүй байх тул хэргийг дахин шалгах, хохирогчийн гар хэсэгт гэмтэл үүссэн эсэх талаар мэдэх гэрч нарыг асуух, тухайн үед хэдэн удаа довтолсон болохыг /эсвэл гэрч худал мэдүүлэг өгсөн эсэхийг/ тогтоох, мөн хохирогчид хууль бусаар нөлөөлсөн эсэх, яллах дүгнэлтэд “...хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн түлхэж унаган...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэсэн болохыг тодруулах, шүүгдэгч өмнө нь хохирогчийн биед халдаж зодож байсан асуудал байгаа эсэхийг нэг бүрчлэн тогтоох, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бодит нөхцөл байгаа эсэхийг нэмж шалгах,

 

3. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал /хавтаст хэргийн 161 хуудас/ болон ар гэрийн нөхцөл байдлыг нэмж судлах, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...7 сартайгаас 3 настай 3 хүүхдийг хүүхэд хамгаалах байранд шилжүүлсэн...” /хавтаст хэргийн 3 хуудас/ талаар тусгагдсан, мөн гэрч П /хавтаст хэргийн 43 хуудас/, Г /хавтаст хэргийн 49 хуудас/ нарын мэдүүлэгт хохирогчийг архины хамааралтай талаар мэдүүлсэн байх тул одоо нөхцөл байдал ямар байгаа, хүүхдүүд эрсдэлт нөхцөл байдалд байгаа эсэхийг шалгах,

 

4. Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 23210436 дугаартай дүгнэлтэд “...хутган дээрээс илрүүлж бэхжүүлсэн “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ...” гэж тусгасан байхад уг мөр хэний гарын мөр болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй,

 

5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлүүдэд заасан аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг гаргуулах /хавтаст хэргийн 106, 107 дугаар хуудсанд байгаа баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хуудас дутуу байна/, шүүгдэгчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй зөрчлүүдийг засах үндэслэлээр С.А-д холбогдох 2239000000080 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол  С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тайлбартаа: “шүүгдэгч А-н үйлдсэн гэмт хэрэг нь тодорхой төрлийн гэмт хэрэг бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрийн эсрэг зэвсгийн чанартай зүйл ашиглан эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйл баримт нь тогтоогдсон, шүүгдэгч болон өмгөөлөгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулж, 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр ял тохиролцсон.

 

Анхан шатны шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1. Хохирогч Л.Б- нь хэргийн материалтай танилцаж “хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх өөрийн гараар бичсэн хүсэлтээ нотариатаар баталгаажуулан /хавтаст хэргийн 158 хуудас/ гаргаж өгсөн. Иймд шүүгдэгч А-г учруулсан хохирлоо төлөөгүй гэж үзэж үндэслэлгүй байна.

 

2. Хэрэгт авагдсан хохирогч, яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тусгаж бичсэн.

Шүүхийн тогтоолд яллах дүгнэлтэд “хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн түлхэж унаган...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлсэн болохыг тодруулах гэжээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тодорхой С.А- болон хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэмт хэрэг үйлдэгдэхэд энэ хоёр хүнээс өөр хүн байгаагүй, хяналтын камер юм уу хэрэг болоход хажууд нь харсан үзсэн хүн байгаагүй. Прокурорын зүгээс шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэж гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тодорхойлсон. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Өөрийнх нь гаргасан хүсэлтээр тодорхой байхад зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн.

3. Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдлыг нэмж судлах, ...хохирогчийг архины хамааралтай гэж мэдүүлсэн тул одоо нөхцөл байдал ямар байгаа, хүүхдүүд эрсдэлт байдалд байгаа эсэхийг шалгаж тогтоох гэжээ. Шүүгдэгчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан асуудлаар яллах дүгнэлт үйлдээгүй, Л.Б- эрүүл мэндээрээ хохирсон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтийн дурдагдсан хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой.

 

4. Хутган дээрээс гарсан хурууны хээ хэний гарын мөр болохыг харьцуулсан шинжилгээ хийгдээгүй боловч мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд С.А-, Л.Б- нарын хэнийхтэй таарч байгаа эсэхийг тодруулж асуусан боловч шинжээч эмч эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газрын үзлэгээр илэрсэн мөртэй харьцуулсан байдаг.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт С.А- эд мөрийн баримт шинжлэн судлахад миний эхнэрээ хутгалсан хутга мөн байна гэж мэдүүлсэн. Тухайн хутгаар С.А- Л.Б-гийн биед гэмтэл учруулсан гэдэгт ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд нотлогдож тогтоогдсон. Хэрэв шүүхээс эргэлзсэн тохиолдолд шүүхийн шатанд шинжээч томилох боломжтой гэж үзэж байна.

 

5. Аюулгүйн зэргийн үнэлгээ хийгдсэн. ...Шүүхээс хуудас дутуу гэж үзсэн бол нэмж гаргуулах эсэх талаар тодруулж болох байсан гэж үзэж байна.

Мөн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрлэх арга хэмжээ авахгүй, процесс зөрчсөн нэрээр хэргийг прокурорт буцааж байгаа нь шинэ эрүүгийн эрх зүйг буруу ойлгож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй,  санал нэг байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй,  хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

А-н үйлдэл тогтоогдсон байтал дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд С.А- Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна гэж мэдүүлсэн. Мөн хохирогч Л.Б- “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн бичиг хийж өгсний үндсэн дээр С.А- хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг өгсөн. Уг хүсэлтийг прокурор хүлээн авч хуулийн шаардлагад нийцсэн гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шийдвэр гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хохирогч, яллагдагчийн мэдүүлгийн зөрүүг арилгах, сүх барьсан эсэх, гаранд гэмтэл учирсан эсэхийг тогтоох гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Өвчний түүх, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн гарт ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан учир шалгах шаардлагагүй,хохирогч “гомдол саналгүй” гэсэн бичиг шүүхэд өгсөн. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр С.А-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар нь С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

 - С.А- хохирогч Л.Б-гийн эмчилгээний зардалд 3.299.500 төгрөг төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулахаар өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан хүсэлтийг бүрэн хангасан мөрдөгчийн тогтоолын дагуу баримтууд хэрэгт авагдсан, хохирогчийн эмчилгээний зардалд 3.399.500 төгрөг төлсөн гэсэн С.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Б-гийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн нотариатаар гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн “С.А-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 134,135,150-152, 158 хуудас/ хэрэгт авагдсан байхад хохирогч ямар данстай болох, хэний, ямар байгууллагын дансанд хохирлын мөнгө төлөгдсөн болох, хохирол, хор уршгийн талаар дахин шалгах шаардлагатай гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

- Хутган дээрээс илрүүлсэн гарын мөр хэнийх болохыг тогтоох шаардлагатай гэж шүүх үзсэн байх ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хутган дээрээс 2 ширхэг гарын хээ илэрсэн, “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ, уг мөр нь папилон санд “2022-012-ХЭН” гэж дугаарласан санд бүртгэлтэй гарын дардас, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй” талаар Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №23210436 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан /хавтаст хэргийн 97-98 хуудас/ байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг хутгалсан хутгыг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт мөрийн баримтаар шинжлэн судалсан, шүүгдэгч уг хутгаар хохирогчийг хутгалж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, маргаагүй /хавтаст хэргийн 198 хуудас/ байх тул хутган дээрх гарын мөр хэнийх болохыг тогтоолгохоор нэмэлт  мөрдөн шалгах ажиллагаа явуулах  шаардлагагүй байна.

 

- Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх ба С.А-д олгосон 03 дугаар сарын 17-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа /хавтаст хэргийн 161 хуудас/-г үндэслэн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг нэмж шалгуулахаар ямар ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж шүүх үзсэн нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэн дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж,  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг хэлэлцэж, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3,  2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШТ/06 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №06 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.   

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

           

                                                                                             Г.БОЛОРМАА