Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2024/0011

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А.А

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн татварын газрын татварын улсын байцаагч,

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0043641 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах  тухай”  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч татварын улсын байцаагч М.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Е,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч А.А татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0043641 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах”-аар маргаж байна.

2. Хэргийн нотлох баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Өдөр  тутмын явган болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо”-ны дагуу цагдаагийн албан хаагчдаас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өлгий сумын 11 дүгээр бат байршилтай ““Думан” паб” үйлчилгээний газарт очиж, үүрэг гүйцэтгэх явцад тус үйлчилгээний газарт онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх зөрчлийг илрүүлж, зөрчилтэй бараа гэх 7 ширхэг коньякийг хурааж,  зөрчлийн талаар дуу, дүрс бичлэг хийж, эд зүйлийг хураасан тэмдэглэл үйлджээ.

3. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Удирдах албан тушаалтны тогтоолоор ““Думан” паб” үйлчилгээний газарт онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.

4. Татварын улсын байцаагчаас ““Думан” паб” үйлчилгээний газрын эзэн А.Аийг онцгой албан татварын тэмдэггүй 7 ширхэг коньяк худалдсан зөрчил гаргасан гэж үзэж,  2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0043641 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг баримтлан  1 000 000 төгрөгөөр торгож, хураагдсан 7 ширхэг коньякийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

5. Гомдол гаргагч А.А нь эрх бүхий албан тушаалтны дээрх шийдвэрт холбогдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байх ба гомдлын шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

 5.1. А.А миний бие “Думан” үйлчилгээний төвийн нэг давхарт паб баарны үйл ажиллагааг холбогдох зөвшөөрлийн дагуу явуулдаг, архи худалдан борлуулах зөвшөөрлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/085 дугаартай захирамжийн дагуу авч, хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж байна.

 5.2. Казахстан Улсын иргэншилтэй миний багын найз болох С.Н, А.М нар нь манай улсад машин авахаар ирж, надтай уулзахдаа бэлэг болгон тус улсад үйлдвэрлэгдсэн 7 ширхэг коньякийг өгсөн.  Би өөрийн ажилтандаа хэлж, миний албаны өрөөнд тавихыг даалгасан боловч тус ажилтан нь “Думан” үйлчилгээний төвийн паб, баарны техийн лангууны доор хайрцагтай нь тавьсан байна. Тэр өдөр засвар хийж явсан Б.А гэх залуу коньякийг хайрцгаас нь гаргаж үйлчлүүлэгчдэд шууд харагддаггүй тавиурт тавьж, хайрцгийг нь ашигласан байна.

Үүний дараа манай ажилтнууд, Б.Б 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагийн үед “Думан” паб, баарыг нээж, бэлтгэл ажил хийж байх үед нь цагдаа нар 20:25 цагт орж ирж үйлчлүүлэгчдэд харагддаггүй тавиурт байсан 7 ширхэг коньякийг хурааж, аваад явсан байна.

5.3. Миний бие цагдаа нартай холбогдох, хурааж авсан коньякийг буцаан өгөхийг шаардаж 20 гаруй хоног удаа дараа холбогдоход утсаа аваагүй, өөрсдөө холбогдоогүй ба 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин утасдахад “н.Д гэгч цагдаад эд хөрөнгийг чинь өгсөн.” гэх хариу өгсөн. 2 хоногийн дараа Татварын газраас залгаад “...ирээд байцаалт өгөөрэй” гэхэд нь очиж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлэг өгч байхад шууд шийтгэлийн хуудсыг бичиж эхэлсэн, би “...та нар  миний мэдүүлгийг авч дуусаагүй байхад яагаад шийтгэлийн хуудас гаргаж байгаа юм бэ, өөр гэрч нараас мэдүүлэг авч үндэслэлтэй шийдвэр гарга” гэсэн шаардлага тавьсан боловч “санаа зоволтгүй прокурор, шүүхээс хүчингүй болгочихно.” хэмээсэн. Энэхүү мэдүүлэг өгөхдөө “би багын найзуудаас бэлэг болгон авсныг, коньякийг өөрийн үйлчилгээний төвдөө худалдан борлуулах ямар ч санаа сэдэл байхгүйг, манай “Думан” үйлчилгээний төвийн ажилтнуудын шинэ жилийн арга хэмжээнд хэрэглэнэ.” гэдгийг хэлсэн юм. Гэвч татварын байцаагч нь хуулийн зөвлөхтэйгөө зөвлөлдөж байгаад “...танихгүй хүнээс худалдаж авсан, хэн болохыг мэдэхгүй.” гэж мэдүүлэг өгвөл хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж худал мэдүүлэг өгүүлсэн байдаг. Мөн гурван гэрч мэдүүлэг өгсөөр байхад хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй.

5.4. Миний бие уг коньякийг бэлэг болгон авч өөрийн паб бааранд худалдаж зарж борлуулаагүй бөгөөд манай меню /“Menu”/-д дээрх төрлийн согтууруулах ундаа байдаггүй юм. Дандаа албан ёсны татвар нь төлөгдсөн, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн согтууруулах ундааг өөрийн үйлчилгээндээ ашигладаг.  

Гэтэл татварын улсын байцаагч нь  Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар  Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж, тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан“ гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр намайг 1 000 000 төгрөгөөр торгосон,  шийтгэлийн хуудсыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан ба уг шийдвэр нь хууль бус гэж үзэж байна.

5.5. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж зааснаар зөрчил үйлдсэн эсэхийг хуульд харьцуулан үнэлсний үндсэн тогтоох шаардлагатай байсан. Гэтэл хариуцагч нь надад холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хуульд заасан нөхцөл журамд нийцэхгүй байна.

Хуулийн зохицуулалтаар онцгой албан татварын тэмдэггүй барааг худалдсан зөрчил гаргасан байх ёстой, миний бие бэлэгт ирсэн коньякийг бараа таваар хадгалдаг жижиг техэнд үлдээсэн байдлыг татваргүй согтууруулах ундаа худалдсан мэтээр торгосон байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй болно.

5.6. Мөн татварын байцаагч онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэж торгосон ба тухайн цагдаа нарын хураан авсан коньякийг буцаан өгөөгүй,  хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасан хариуцлагад эд хөрөнгийг хурааж, торгох заалт байхгүй ба миний хөрөнгийг хурааж аваад хүлээлгэн өгөхүй байгаа нь хууль бус юм. Хэрэв устгалд оруулсан бол захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж нэхэмжлэх болно гэжээ.

6. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй.

 Хуулийн 3.1 дүгээр зүйлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, бусад ажиллагааг шалгуулах зэрэг  холбогдогчийн эрхийг нь зааж өгсөн байхад шийтгэл оногдуулсны дараа холбогдогчоос мэдүүлэг авсан.

 Холбогдогчийн хүсэлтээр асуугдах гэж байсан гэрч нарыг шийтгэлийн хуудас гарсны хэд хоногийн дараа асууж, нотлох баримтад үзлэг хийсэн,  хурааж авсан эд зүйлсийг хэрхсэн талаар хэрэгт тусгаагүй, үүнтэй холбоотой баримт бичиг байхгүй.

 Гэрчээс мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй, эрх, үүргийг нь танилцуулж, гарын үсэг зуруулаагүй.

 Шийтгэлийн хуудаст огноог “2022 он” гэж 2 жилийн өмнөхөөр бичигдсэн  зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчлүүдийг гаргасан.

6.2. Тухайн хураагдсан эд зүйлс үнэхээр коньяк эсэхийг нь тогтоогоогүй. Улсын хилээр нэг хүн 1 литр согтууруулах ундааны зүйл оруулах боломжтой юм байна.

Хураагдсан коньяк гэж байгаа эд зүйл маань нэг ширхэг нь 0.5 литр байгаа. Тийм бол нэг хүн улсын хилээр 2 ширхгийг оруулах эрхтэй гэж харагдаж байна. Онцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д энэ талаар зохицуулсан. Улсын хилээр орж ирж байгаа архи, согтууруулах ундааны зүйлсийн бүгдэд онцгой албан татвар төлөгдсөн байх албагүй. Иргэдэд өөрсдийн хэрэгцээнд оруулж болох хэмжээ нь байдаг. Тухайн хүмүүсийн өгсөн бэлгийг нэг доор бүгдийг нь  хэрэглэх боломжгүй, иймээс гэртээ хадгалж байсан нь гомдол гаргагчийн буруу биш юм.

6.3. Шинэ жилийн үеэр тухайн гэрт байсан эд зүйлсийг ашиглая гэж үзэж, бааранд аваачиж хайрцагт тавьсан байсныг засварчин Б.А гэх хүн хайрцаг хайж байгаад тухайн эд зүйлсийг хайрцгаас нь  гаргаж, ширээнд тавьж, хайрцгийг суллаж авсан байна.  Зарах зорилготой байсан бол үйлчлүүлэгчдэд шууд харагддаг лангуун дээр тавьж, үүнийг өөрсдийн меню /Menu/ дээрээ зургийн оруулж, үнийг нь бичих ёстой, үнэ, зураг нь байгаагүй.

6.4.  Гэрч К.Д мэдүүлэгт “...ажилтнуудаас нь асуухад коньякийг зараагүй, бид мэдэхгүй гэж ажилчид хэлсэн” гэж мэдүүлсэн байна. Ажилчид нь зардаггүй бүтээгдэхүүнийг мэдэхгүй гэж хэлэх нь тодорхой. “Яагаад коньяк байгаа юм” гэж хэлэхэд “..захирал мэднэ” гэж хэлсэн. Харин тус үйлчилгээний төвийн захирал буюу гомдол гаргагч А.А нь “тухайн эд зүйлсийг өөрөө хэрэглэх гэж байсан. Лангуун дээр ажилчид андуурч тавьсан байна.” гэж мэдүүлсэн байдаг.

6.5. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” гэж заасан. Гомдол гаргагчийн хувьд хуульд заасан зөрчлийг үйлдээгүй байгаа. Хариуцагчийн төлөөлөгч “их хэмжээний” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, 7 ширхэг зүйлийг их хэмжээний гэж үзэхгүй. 

6.6. Тухайн эд зүйлсийг лангуунд тавьсныг борлуулах гэж байсан гэж үзэж байгаа бол завдах ойлголт зөрчил байдаггүй, энэ нь гэмт хэрэгт байдаг ойлголт юм.

Иймд ажилчид лангуун дээр андуурч тавьсныг борлуулахыг завдсан гэж Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байгаа нь өөрөө үндэслэлгүй.

Тухайн хураагдсан эд зүйлсийг хэн нэгэнд борлуулж, худалдаагүй.

6.7 Хууль бусаар шийтгэл оногдуулсан нь  тогтоогдсон, хариуцагч талын хувьд тодорхой тайлбар хэлээгүй. Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

7. Хариуцагч гаргасан тайлбартаа:

7.1. А.Ат холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлийн материалыг тус аймаг дахь Цагдаагийн газраас харьяаллын дагуу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжиж ирүүлсэн.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасны дагуу иргэн А.Аийн дээрх үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад, Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг А.Аийн эзэмшлийн “Думан” нэртэй бааранд онцгой албан татварын тэмдэггүй /коньяк/ согтууруулах ундаа худалдан борлуулж байгааг цагдаагийн байгууллагын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч нар шалгалтаар илрүүлж 0.5 литрийн 7 ширхэг коньякийг хурааж авч, хөндлөнгийн 2 гэрч байлцуулан дуу дүрс бичлэгээр бэхжүүлэн баримтжуулсан байна. Иргэн А.А нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тэмдэггүй согтууруулах ундааг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан эсхүл борлуулсан гэх заалтыг зөрчсөн тул 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  0046641 тоот шийтгэлийн хуудас үйлдэж, торгох  шийтгэл тооцсон болно гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

8.1. Гомдол гаргагч тухайн хураагдсан эд зүйлсийг худалдан борлуулах зорилгогүй байсан гэж мэдүүлж байгаа ч тус үйлчилгээний газрын архи согтууруулах ундааны зүйлс худалдан борлуулдаг лангуунд тэдгээр хураагдсан эд зүйлс өрөлттэй байсан нь цагдаагчийн албан хаагчдын энгэрийн камерын бичлэг дэх дуу, дүрсээр тогтоогдож байна. Тус үйлчилгээний төвийн баармен мэдүүлэгдээ “...техэнд өрөлттэй байсныг цагдаа нар хурааж авсан.” гэж мэдүүлдэг.

8.2. Тус үйлчилгээний газар нь эхлээд “Думан” компани гэж явж байсан. Шалгалт хийх явцад согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл нь  иргэн А.Аийн нэр дээр Засаг даргын захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хоёр жилийн хугацаагаар өгөгдсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хоёр жилийн хугацаа дуусах ёстой байсан. Харин зөрчил 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр илэрсэн байдаг. Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 1 000 000 төгрөг, аж ахуйн нэгжийг 10 000 000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт байгаа. Тусгай зөвшөөрөл дуусаагүй хугацаанд зөрчил гарсан тул 1 000 000 төгрөгөөр торгож, харин ч хөнгөлөлт үзүүлсэн. Жилийн эцсээр бүх согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа. Бид тусгай зөвшөөрлийг иргэн авсан гэх утгаар авч үзэж, 1 000 000 төгрөгөөр торгосон болно.

8.3. Манай эрх бүхий албан тушаалтны хувьд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зарим зүйл заалтыг зөрчсөн нь тодорхой байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хамгийн сүүлд холбогдогчоос байцаалт авч, шийтгэлийн хуудсаа бичихэд холбогдогч маань дургүйцэж, надад асуулгах гэрч нар байгаа гэж хэлэхээр нь хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, дараа тэдгээр иргэдийг гэрчээр байцаасан байна. Дараа нь хэргийн материалтай танилцсан тухай баримтын өмнөх огноо нь засагдаагүй, техникийн алдаа гарсан байна. Шийтгэлийн хуудас тухайн өдөр бичигдсэн байгаа. Үнэт цаасыг нь нярваас хүлээж авсан тухай бичиг нь байгаа.

Шийтгэлийн хуудаст мөн адил оны хувьд “2022 он” гэж бичигдэж, техникийн алдаа гарсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн гэж үзэж байгаа ч энэ нь холбогдогчийг Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

8.4.  Цагдаагийн албан хаагч Х.С гэрчийн мэдүүлэг авахдаа эрх, үүрэг тайлбарлаагүй гэж маргаж байна. Тухайн гэрч энэхүү зөрчлийг илрүүлсэн албан тушаалтан байгаа.

8.5.  Гомдол гаргагч нь хэдийгээр 7 ширхэг коньяк байсан гэж байгаа ч үнэхээр тийм тооны байсан уу? Үүнээс олон тооны коньяк байсан эсэхийг тогтоох боломжгүй байгаа. Гомдол гаргагч ямар зорилгоор хүмүүсээс олон тооны коньякийг бэлэг болгож авч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Улсын хилээр нэг хүнд 1 литрийн согтууруулах ундааны зүйл татваргүй оруулж ирэх зохицуулалт байгаа. Гэвч манай тохиолдолд энэ нь тухайн нэг хүнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан нь харагдаж байна. Тухайн коньякийг өгсөн гэх хүмүүсийг шалгаагүй, зөвхөн гомдол гаргагчийн онцгой албан татварын тэмдэггүй бараа худалдан борлуулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан. Тухайн хурааж авсан эд хөрөнгө нь коньяк болох нь хэрэгт авагдсан дүрс, бичлэгт тодорхой харагдаж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй байна.

2. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол тэмдэггүй согтууруулах ундааг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан.

3. Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д  “Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.”, 4.2-т “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус зааж, “Энэ хуульд заасан “согтууруулах ундаа” гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалт, 6.11 дэх хэсэгт заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

4. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.11 хэсгээс үзвэл бүх төрлийн коньяк, виски, ром, джин  нь онцгой албан татвар ноогдох бараанд хамаардаг байна.

5. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/085 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр гомдол гаргагч А.Аийн эрхэлж үйл ажиллагаа явуулдаг “Думан” паб, баар” үйлчилгээний газрын спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгасан байх ба 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн оройн 22:50 цагийн үед тус үйлчилгээний газрын нийтэд үйлчлэх лангуунд “Казакстан” гэсэн хаягтай, онцгой албан татварын тэмдэггүй, 0.5 литрээр савлагдсан 7 ширхэг коньяк байсан нь, уг барааг мөн өдөр үүрэг гүйцэтгэж явсан цагдаа нараас хураасан нь тухайн үед цагдаагийн албан хаагч Д.Гагарины энгэрийн камер бүхий төхөөрөмжөөр бичсэн дүрс, дуу бичлэг, “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас уг бараа нь онцгой албан татварын тэмдэггүй коньяк байсан гэдэгт маргаагүй байна.

6.  Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан бол торгох шийтгэл оногдуулахаар заасан, уг 7 ширхэг коньякийг худалдсан үйл баримт тогтоогдоогүй гэж маргасан боловч дээрх зөрчилтэй бараа нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ““Думан” паб” үйлчлгээний газрын  нийтэд согтууруулах ундаагаар үйлчилдэг хэсгийн лангууд байршилтай байсныг эрх бүхий албан тушаалтнаас дээрх 7 ширхэг коньякийг худалдах зорилготой байсан гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан  зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлд хамаарна гэж дүгнэв.

7. Гомдол гаргагчаас дээрх коньякуудыг худалдах зорилгогүй байсан гэж маргасан ба энэ талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн хувьд өгсөн мэдүүлэгдээ, мөн шүүхэд гаргасан гомдолдоо “Казакстан улсаас ирсэн найз С.Н, А.М нарын бэлгэнд өгсөн коньякийг шинэ жилийн баяраар ажилчиддаа өгөхөөр болж, О.Ө “миний ажлын өрөөнд тавиарай “гэсэн боловч “Думан” баарны лангуун доор хайрцагтай нь авчирч тавьсан байна.

Тухайн өдөр бааранд засвар хийж байсан залуу Б.А нь хог хийхээр коньякийн хайрцагийг суллаж, коньякуудыг хэрэглэгчдэд харагддаггүй, хураасан барааг түр тавьдаг богино лангуунд тавьсан байна. Оройн 20:22 цагт ажилчид ажлаа эхлэхдээ лангуунд байсан коньякийг анзаараагүй, үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж байсан үед цагдаа нар ирж хураасан. ““Думан” паб” үйлчилгээний газрын худалдаалдаг согтууруулах ундааны нэр төрлийн жагсаалтад /Menu/ “Казакстан” нэртэй коньяк тусгагдаагүй.” гэж тайлбарлан энэ талаарх баримтыг шүүхэд гаргасан.

8. ““Думан” паб” үйлчилгээний газрын худалдаалдаг согтууруулах ундааны нэр төрлийн жагсаалт /Menu/ гэх баримтад “Казакстан” коньяк бүхий согтууруулах ундааны нэр тусгагдаагүй, түүнчлэн гомдол гаргагчийн тайлбарт дурдсан үйл баримтын талаар гэрч Б.Б “…2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр оройн 20:00 цагт ажлаа эхэлсэн ба эргүүлийн цагдаа нар 20:30 цагийн үед орж ирсэн.

Тухайн үед лангуун дээр байгаа коньякуудыг “аваад өг” гэхээр нь гайхаад харсан чинь лангууд коньякууд өрөлттэй байсан. Би өгөөгүй ба дарга болох А.Атэй утсаар “цагдаа нар орж ирлээ” гэж мэдэгдсэн, дарга А.А нь надад  “шинэ жилээр та нарт өгөх бэлэг  учраас зарахгүй” гэж хэлсэн үед би коньякууд лангуун дээр байгааг мэдсэн.” гэж,  гэрч Б.А “2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Думан” бааранд засвар хийх явцад өдрийн цагаар хог хаях хайрцаг хайж байгаад коньякийн хайрцагийг суллаж, коньякуудыг зүүн талын хэрэглэгчдэд шууд харагддаггүй шилэн богино лангууд тавьсан.” гэж тус тус мэдүүлсэн байх боловч  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад нотлох баримтаар  гомдол гаргагч А.А нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэж үзэх зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул дээрх 2 гэрчийн мэдүүлгээр  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон зөрчлийн талаарх үйл баримтыг үгүйсгэж гомдол гаргагч онцгой албан татварын тэмдэггүй коньякийг худалдан борлуулах зорилгогүй байсан  гэж үзэхээргүй байна. Иймд энэ талаарх гомдол гаргагчийн тайлбар маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.

9. Гомдол гаргагчаас шүүх хуралдааны явцад ““Думан” паб” үйлчилгээний газар нь  тухайн өдөртөө оройн 20:00-00:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг” гэж тайлбарласан ба цагдаагийн албан хаагч нарын  зөрчлийг илрүүлсэн цаг хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн оройн 22:53:50-22:57:11 цаг байсан нь, зөрчилтэй бараа болох дээрх 7 ширхэг коньяк нь  тус үйлчилгээний газрын согтууруулах ундаагаар үйлчилдэг хэсгийн лангууд нийтэд харагдах байдлаар тавигдсан  нь тус тус  хэрэгт авагдсан зөрчлийн талаарх цагдаагийн албан хаагчийн үйлдсэн  дуу, дүрс бичлэгт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, CD-д хуулсан дуу, дүрс бичлэг, фото зураг,  гэрч цагдаагийн албан хаагч К.Депудат, Д.Гагарин нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож, эдгээр нотлох баримтуудаар гомдол гаргагчийн “дээрх коньякууд нь ““Думан” паб” үйлчилгээний газрын лангууны үйлчлүүлэгч нарт харагддаггүй хэсэгт байсан, ажилчид баарны үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж байсан 20:22 цагт цагдаа нар ирж хураасан.” гэх тайлбар нь мөн үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

10. Зөрчлийн хэргийн материал, хэргийн оролцогчдын тайлбараас  үзэхэд 0043641 дугаартай шийтгэлийн хуудас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх боловч уг шийдвэр нь  “2022 оны 01 сарын 12-ны өдөр” гэсэн огноотой, зөрчлийн талаарх  дүрс, дууны бичлэгийг хуулбарласан CD-д татварын улсын байцаагчаас үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.А мэдүүлэг авсан тэмдэглэл нь тус тус 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой, гэрч цагдаагийн албан хаагч Х.С мэдүүлэг авсан үед хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарласан талаарх баримтад гэрчээр  гарын үсэг зуруулаагүй байна.

11. Энэ талаар гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шийтгэлийн хуудасны огноог буруу тавьсан зөрчилтэй, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 0043641 дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид торгох шийтгэл оногдуулж, мөн өдөр зөрчлийн хэргийн материалтай танилцуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосны дараа 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрч Б.А асууж, цагдаагийн албан хаагчийн үйлдсэн дүрс, дууны бичлэгт үзлэг хийсэн, гэрчийн эрх, үүргийг тайлбарлахгүйгээр эргүүлийн цагдаа Х.С гэрчийн мэдүүлэг авсан, түүнчлэн холбогдогчоос мэдүүлэг авахаас өмнө шийтгэлийн хуудсыг үйлдсэн зэргээр  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж маргасан.

12. Уг нөхцөл байдлын талаар хариуцагч талаас шүүх хуралдааны явцад “…холбогдогч А.Аээс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлэг авч, хэргийн материалтай танилцуулсаны дараа мөн өдөр шийтгэлийн хуудсыг гаргасан.

Гомдол гаргагч заавал гэрчээр хоёр ажилтнаа асуулган гэхээр нь гэрч Б.А 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг авсан нь үнэн. Шийтгэлийн хуудсыг гаргахдаа цагдаагийн албан хаагч нараас бүрдүүлсэн баримт, зөрчлийг илрүүлсэн цагдаа нарын мэдүүлгийг үндэслэсэн. Шийтгэлийн хуудасны огноог 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэж, цагдаагийн албан хаагчийн зөрчлийг илрүүлэх үед үйлдсэн дүрс, дууны бичлэгийг хуулсан CD-д үзлэг хийсэн тэмдэглэлд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэж огноог буруу тавьсан байна, энэ нь техникийн шинжтэй алдаа юм. Гэрч Д.Г, Х.С нараас мэдүүлэг авч, зөрчлийн талаарх дуу, дүрс бичлэгт холбогдох ажиллагааг хийж, ажиллагааг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дуусгаж, шийтгэлийн хуудсаа бичсэн.” гэж тайлбарласан.

13. Дээрх маргаанд шүүхээс дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

13.1. Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд холбогдогч А.Аээс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлэг авсан мөн өдөр шийтгэлийн хуудсыг гаргасан байх ба шийтгэлийн хуудсыг гаргасны дараа холбогдогчоос мэдүүлэг авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх гомдол гаргагчийн маргаан үндэслэлгүй байна.

13.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч дараахь эрхтэй:”, 2.5-д “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;” 6.10 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 1.2-т “шийтгэл оногдуулах;” гэж тус тус заасан.

 Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд холбогдогч  А.Аээс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлэг өгөх үедээ гэрч асуух тухай хүсэлт гаргасныг татварын улсын байцаагчаас хангаж шийдвэрлэхдээ гэрч Б.А  холбогдогчид шийтгэл оногдуулсаны дараа буюу зөрлийн хэрэг бүртгэлтийг дуусгасны дараа 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр   мэдүүлэг авсан нь холбогдогчийн эрх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх гомдол гаргагчийн маргаан үндэслэлтэй байх ба энэ талаар хариуцагчаас маргаагүй. 

13.3. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн үйл баримттай холбогдуулан цагдаагийн албан хаагч Х.С 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг авах үед гэрчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарласан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтад гэрчээр гарын үсэг зуруулаагүй байх тул гомдол гаргагч талын энэ талаарх маргаан мөн үндэслэлтэй байна.

13.4. Зөрчлийн талаарх дүрс, дууны бичлэгийг хуулсан CD-д үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийн огноо нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байх ба хариуцагчаас техникийн алдааны улмаас огноог буруу тавьсан гэж тайлбарласан боловч тэмдэглэлд үзлэгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 44 минутад эхлүүлсэн тухай тусгагджээ. Үүнээс үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх дуу, дүрс бичлэг бүхий нотлох баримтад мөн зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгасны дараа үйлдсэн гэх гомдол гаргагч талын маргааныг буруу гэж үзэхээргүй байна.

Гэвч гомдол гаргагч Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан гэж үзэх  зөрчил гаргасан  нь цагдаа Х.С гэрчийн мэдүүлэг, зөрчлийн талаарх дуу, дүрсний  бичлэгт хийсэн хариуцагч татварын улсын байцаагчийн тэмдэглэлээс гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан  бусад нотлох баримтууд болох  2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эргүүлийн цагдаа Д.Г үйлдсэн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”, “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай” тэмдэглэл, зөрчлийг илрүүлэх үеийн дуу, дүрсний бичлэгийн  хуулбар бүхий CD, фото зураг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Удирдах албан тушаалтны тогтоол, гэрч цагдаагийн албан хаагч Д.Г мэдүүлэг, түүнчлэн зөрчлийг илрүүлэх үеийн дуу, дүрсний бичлэгийг  хуулбарласан CD-д шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, шүүхэд өгсөн  гэрч цагдаагийн албан хаагч Д.Г, К.Д нарын мэдүүлэгээр тус тус тогоогдсон.

Иймд хариуцагч татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны огноог “2022 он” гэж буруу бичсэн,  хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлахгүйгээр цагдаагийн албан хаагч Х.С мэдүүлэг авсан, зөрчлийн  хэрэг бүртгэлт дууссаны талаар  гэрчээр Б.А асуусан, зөрчлийн талаарх дүрс, ,дууны бичлэгт үзлэг хийсэн зэрэг буруутай үйл ажиллагаа нь гомдол гаргагчийг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан зөрчил гаргаагүй гэж үзэх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

14.  Гомдол гаргагч А.А нь тэмдэггүй согтууруулах ундааг худалдсан зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байх ба түүнд торгох шийтгэл оногдуулж, зөрчилтэй барааг хураасан нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасантай, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж заасантай тус тус нийцсэн байна.

Иймд гомдол гаргагчийн шүүхэд гаргасан татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0043641 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах  тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус  баримтлан гомдол гаргагч А.Аийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0043641 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, хураасан эд хөрөнгө болох коньякийг буцаан гаргуулах  тухай”  гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  М.РИЗА