Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 213

 

 

Б.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, Б.А-т холбогдох 1835002060225 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/04 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан прокуророос Б.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд  Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/04 дугаартай эсэргүүцэлд “Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсоныг хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд гэрч Д.С, А.Б, Ш.С нарын болон яллагдагч Б.А-ийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээр худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Б.А-ийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын гол үндэслэл нь Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол, мэдээлэл болон 2018 оны 06 дугаар сарын 04, 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт “намайг зүс таних эрэгтэй хүн сүрдүүлж 2017 оны 04 сараас мөн оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд 3,820,000 төгрөг авсан” гэсэн ижил утга агуулгатай мэдүүлгийг өгсөн байх бөгөөд энэхүү мэдүүлэгт тодорхой хэн нэгэн этгээдийг нэр заан гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлээгүй байх бөгөөд харин 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ар гэрийн дарамт, шахалтын улмаас худал гомдол, мэдүүлэг гаргах болсноо тайлбарласан байна.

Мөн Б.А-ийн гаргасан гомдол, мэдүүлгийг үндэслэн хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгасан, сэжигтэн, яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд Б.А-ийг “бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна гэж дурдсан нь үндэслэлтэй дүгнэлт болж чадаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хүчиндэх, заналхийлэх гэмт хэрэг үйлдэгдсэн талаар зориуд худал мэдүүлэг өгсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Прокуророос Б.А-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг зүйлд заасан “гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг” өгсөн гэдэгт болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн үйлдэл байдаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.А нь хүчиндэх, заналхийлэх гэмт хэрэг үйлдэгдээгүй байхад үйлдэгдсэн мэтээр бодит зүйлийг гажуудуулж худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Б.А-ийн худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн бол мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд нь дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд нь хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгажээ. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн зүйлчлэл тохироогүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзсэн бол хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх эрх хэмжээ нь байсан. Гэтэл энэхүү эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүйгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд нь дүгнэлт хийж үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт хийж чадаагүй, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл хэсэгтээ нэгэн адил дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч Б.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн хувьд бичилтийн хувьд хангалттай үндэслэл зааж чадаагүй хэдий ч агуулгын хувьд дэмжин оролцож байна. Б.А нь хохирогчоор тогтоогдсоны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 6/04 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.А-ийг Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Гэрч, хохирогч гэмт хэргийн талаархи худал гомдол, мэдээллийг холбогдох хуулийн байгууллагад гаргасан нь тогтоогдсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх бус Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авах бөгөөд харин мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Хэрэв худал мэдүүлэг өгөхдөө хэн нэгнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж гүтгэсэн бол хэргийг хүндрүүлэн зүйлчилдэг болно.

Шүүгдэгч Б.А-ийн хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хохирогчоор тогтоогдож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өөрийгөө хүчиндэх болон заналхийлэх гэмт хэргийн хохирогч мэтээр мэдүүлэг өгөхдөө болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А-ийн худал мэдүүлсэн үйлдлийн улмаас хэн нэгнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж яллагдагчаар татсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мөрдөгч, прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.А-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 201 дүгээр цагаатгах тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсүгэй.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

                

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН