Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2016/0552

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Б.В*******ын нэхэмжлэлтэй, Гааль, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Б*******гийн В******* 

Хариуцагч: Гааль, Татварын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Д******* аймгийн Гаалийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дээрх Б/236 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийг /Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь Гаалийн газрын дарга Б.В*******/ хүчингүй болгож өгнө үү”№-

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.В*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, Ц.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.В******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар Д******* аймгийн Гаалийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад  2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/420 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 

Энэ тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн учраас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. 

Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, дээрх Б/240 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.В******* миний биеийг Д******* аймаг дахь Гаалийн газрын даргаар эгүүлэн томилохыг Гааль, Татварын ерөнхий газрын даргад даалгасан шийдвэр гарсан. 

Үүний дагуу Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.П******* нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б/135 тоот тушаалыг гаргаж, намайг Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь Гаалийн газрын даргаар эгүүлэн томилсон юм. 

Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.П******* нь “Ажлаас чөлөөлж, албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/236 тоот тушаалыг гаргаж, 1 дүгээр хавсралтаар нэр бүхий 20 удирдах албан тушаалтныг чөлөөлж, 2 дугаар хавсралтаар тухайн албан тушаалтны үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг гаргалаа. 

Миний бие шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор Гааль, Татварын ерөнхий газрын даргын өөрийнх нь тушаалаар 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон ба түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Харьяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг батлах тухай” А/88 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 2.2-т зааснаар Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь Гаалийн газрын даргын албан тушаал нь хэвээр хадгалагдан, бүтцийн өөрчлөлтөд ороогүй болно. 

Өөрөөр хэлбэл бүтцийн өөрчлөлтөд орсон гэх үндэслэл байхгүй бөгөөд Б/236 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад заагдсан 20 албан тушаалтнаас миний бие Гааль, Татварын ерөнхий газрын даргын өөрийнх нь тушаалаар томилогдсон байгаа билээ. 

Намайг Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Д******* аймгийн Гаалийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дээрх Б/236 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийг /Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь Гаалийн газрын дарга Б.В*******/ хүчингүй болгож өгнө үү... “ гэв.

Хариуцагч Гааль, Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, Ц.Т******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрыг нэгтгэж Гааль, Татварын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсантай холбогдуулан Сангийн сайдын 2016 оны “Гааль, Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” 03 дугаар тушаал батлагдсан. 

Сангийн яамны хэрэгжүүлэгч хоёр агентлаг нэгдэж бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсонтойгоор хуулийн этгээдийн бүртгэлийн газарт шинээр бүртгүүлэх, гэрчилгээ авах, тамга, тэмдэг дахин хийлгэх, нэгжийн удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулах зэрэг ажлыг хийх шаардлага зайлшгүй гарч байна.  Ийнхүү нэгтгэгдсэнтэй холбогдуулан хуучнаар гаалийн байгууллага, татварын байгууллагад ажиллаж байсан бүх албан тушаалтныг чөлөөлж, томилох, харьяа нэгжүүдийн бүтэц зохион байгуулалтыг үе шаттайгаар шинэчлэн батлах ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулан ажиллаж байна.

Улмаар Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/236 дугаар тушаалаар нэр бүхий удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсноор Б.В*******ын эрх ашгийг хөндсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. 

Иймд Б.В*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.В*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.В******* нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд “Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь гаалийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дээрх Б/236 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийг /Гааль, Татварын ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь Гаалийн газрын дарга Б.В*******/ хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад маргаан бүхий Б/236 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдсан бөгөөд хариуцагч Гааль, Татварын ерөнхий газрын дарга нь холбогдох тайлбараа ирүүлсэн төдийгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч нартаа хариу тайлбар гаргах эрх олгосон байх тул шүүх  “Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны  04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/236 тоот тушаалын 1 болон 2 дугаар хавсралтын Б.В*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/135 дугаар тушаалаар Б.В*******ыг Гааль татварын ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь гаалийн газрын даргаар томилсон байна.  Улмаар мөн даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/236 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр бүхий хүмүүсийг эрхэлж байсан ажил, албан тушаалаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар дээрх хүмүүсийг тус тусын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.  

 

Нэхэмжлэгч Б.В*******оос “Гаалийн ерөнхий газрын нэр өөрчлөгдөж Гааль татварын ерөнхий газар болсон хэдий ч миний эрхэлж байсан Д******* аймаг дахь Гаалийн газрын даргын албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ба миний бие шүүхийн шийдвэрийн үндсэн, дээрх чөлөөлөгдсөн хүмүүсээс ганцаараа Гааль, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь гаалийн газрын даргаар томилсон байхад маргаан бүхий актаар намайг дээрх албан тушаалаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй” гэж, 

Хариуцагч болон түүний төлөөлөгч нараас “Гааль болон татварын байгууллагыг нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар болгон өөрчлөн байгуулсны үндсэн дээр тус байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гарсан. Улмаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, төрийн үйл ажиллагаа, залгамж халаатай тасралтгүй явагдах зарчмын үндсэн дээр хийгдсэн учраас маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй” хэмээн тус тус маргажээ. 

 

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/236 дугаар тушаалын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэг нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-ээр олгосон “энэ хуулийн 25 дугаар  зүйл, 26.1.3-т зааснаас зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгааг алдагдуулсан, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан хууль бус акт болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Үүнд: 

1. Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/236 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмын агуулга нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах байдлаар илэрдэг. Мөн хуулийн 23 дугаар зүйлд төрийн албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас болон төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг тоочин хуульчилсан байхад хариуцагч нь маргаан бүхий Б/236 дугаар тушаалыг гаргахдаа хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй нь буруу байна.

Хэдийгээр хариуцагч нь Гааль, татварын ерөнхий газар, түүний харьяа нэгжийн дарга, албан хаагчийг томилох чөлөөлөх эрх хэмжээтэй боловч нэхэмжлэгч Б.В*******ыг захиргааны санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх /Төрийн албаны тухай 23 дугаар зүйлийн 23.2-т заасан “... төрийн албанаас чөлөөлөх”, 23.4-т заасан “төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх”/ нөхцөл байдал бий болоогүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр буюу “... зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байна.

Тодруулбал, Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/88 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын ““Хоёр”: Зохион байгуулалтын бүтэц, 2.2. Д******* аймаг дахь гаалийн газар”  гэсэн, Төрийн албаны зөвлөлийн Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Харьяа гааль, татварын нэгжийн удирдах албан тушаалтан сонгон шалгаруулах ажлын байрнууд” хэсгийн 4-т “Д******* аймаг дахь гаалийн газрын дарга”  гэсэн бичиглэлүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “...миний албан тушаал хэвээрээ хадгалагдан бүтцийн өөрчлөлтөд ороогүй” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тухай албан тушаалд томилогдсон байхад чөлөөлсөн”, “... хавсралтад заасан нэр бүхий 20 албан тушаалтнаас миний бие Гааль, Татварын ерөнхий газрын даргын өөрийнх нь тушаалаар томилогдсон” хэмээн тайлбарлан маргаж буй нь маргаан бүхий актын хуульд зүйн үндэслэлд хамааралгүй, цаг хугацааны хувьд Гаалийн ерөнхий газрын чиг үүрэг, Гааль, татварын ерөнхий газарт шилжсэний дараа болсон үйл явдал байх тул үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан байх ба гааль болон татварын байгууллагыг нэгтгэж Гааль, татварын ерөнхий газар байгуулсан нь байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд төрийн байгууллагыг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулсан гэж үзнэ. 

Учир нь Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““гааль, татварын алба” гэж энэ хуульд заасны дагуу Гааль, татварын ерөнхий газар буюу Гаалийн тухай хуульд заасан гаалийн байгууллага, Татварын ерөнхий хуульд заасан татварын албыг” гэж тодорхойлсон, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний 501 дүгээр тогтоолын 1-д “5.Гаалийн ерөнхий газар, 6. Татварын ерөнхий газар гэснийг 5. Гааль, татварын ерөнхий газар гэж... өөрчилсүгэй” гэж заасан байх тул гаалийн байгууллага, түүний харьяа салбар нэгжийг татан буулгасан, эсхүл чиг үүрэг хасагдсан гэж үзэхээргүй байна.

Д******* аймгийн гаалийн газрын даргын албан тушаал/ажлын байр/-ын орон тоо хасагдсан, чиг үүрэг нь хасагдсан эсэх асуудлаар хариуцагч маргаагүй бөгөөд ““Гаалийн ерөнхий газрын харьяа...” гэдэг нэршил нь “Гааль, татварын ерөнхий газрын харьяа...” хэмээн өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““бүтцийн өөрчлөлтийн улмаас дээрх үндэслэлээр удирдах албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлж томилсон нь  хууль зөрчсөн зүйл байхгүй”  гэж маргаж буй нь үндэслэлгүй.

Хариуцагч нь Сангийн сайдын 2016 оны 03 дугаар тушаалын 3 дахь заалтаар  даалгасан үүргийг биелүүлэхдээ Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн агуулгыг зөрчиж маргаан бүхий актыг гаргасан тул төрийн албаны залгамж шинж чанар тасалдаж, төрийн албан хаагчийн хангагдвал зохих баталгааг алдагдуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тухайн хүний ямар эрх ашиг хөндөгдсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. ... 20 гаруй албан тушаалтан мөн адил чөлөөлөгдөн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Тушаал нь хууль зүйн үндэслэлтэй” гэсэн тайлбарыг зөвтгөх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2. Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/236 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна. 

Энэ нь “бүтцийн өөрчлөлт” нэрийн дор төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг алдагдуулахгүй байх зорилгоор  төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг захиргаанд ногдуулсан агуулгатай зохицуулалт юм. 

“Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд тайлбарласанчлан “Д******* аймгийн гаалийн газрын даргын албан тушаалын нэр өөрчлөгдөөгүй төдийгүй “дарга” гэсэн агуулга хэвээрээ байх тул тухайн албан тушаалын “...чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн” гэж үзэхээр байхад хариуцагч нь тухайн албан тушаалд нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ зөрчжээ. 

Түүнчлэн хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр маргааны бүхий актын 2 дугаар хавсралтын 5 дахь заалтаар Б.В*******ыг “Д******* аймаг дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсноороо “сул орон тоо” гарсан мэт нөхцөлийг бий болгож нэхэмжлэгчийн тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхийг зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “цалин хөлсийг бууруулаагүй учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсноор Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах үндэслэлийг бий болгож байгаа нь нэхэмжлэгчийн “Төрийн жинхэнэ албан хаагч” гэсэн эрх зүйн байдлыг дордуулсан үр дагавартай байна. 

Улмаар Төрийн албаны зөвлөлийн Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал/ажлын байр/-д сонгон шалгаруулалт зарлаж 07 дугаар тогтоолоор Д.Бат-Эрдэнийг нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ .

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Гаалийн ерөнхий газрын харьяа” гэдэг байсныг “Гааль, татварын ерөнхий газрын харьяа” гэж өөрчлөх, тамга тэмдэг, эрх зүйн баримт бичгийг өөрчлөх шаардлагын улмаас бүх албан хаагчдыг чөлөөлж томилсон нь үндэслэлтэй хэмээн тайлбарлан маргах атлаа “Гаалийн ерөнхий газрын харьяа Д******* аймаг дахь гаалийн газрын дарга” гэдэг албан тушаалыг эрхэлдэг албан хаагчийг “... даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч” болгон томилсон нь нэхэмжлэгчийн эрх, ашиг, сонирхлыг зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.В*******ын “Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны  04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/236 тоот тушаалын 1 болон 2 дугаар хавсралтын Б.В*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.В*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны  04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/236 дугаар тушаалын 1 болон 2 дугаар хавсралтын Б.В*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гарда авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ц.МӨНХЗУЛ