Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2019/00589

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух З  овогт Р.Д /************* /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух Б овогт Т.Д /**********/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух, Т овогт Г.М й /************ /-д холбогдох

Гэм хорын хохирол 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуяннэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Дү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Мөрөнгөөс Улаанбаатар хот руу нүүхдээ Г.Мгийн ачааны машин дээр эд зүйлээ ачиж явсан. Ингэхдээ М нь замаасаа тааралдсан ачаа ачуулна гэсэн хүмүүсийн ачааг ачиж байсан. /Булган, Орхон аймгуудаас/ Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутгаас мотор ачсан ачихад уг мотороос бензин гоожсон байхад нь би бензин гоожсон байна юм тавихгүй юм уу гэхэд зүгээр гээд ачсан. Тэгээд Бүрэгхангайн Холчийн хөндий гэдэг газарт явж байхад машинд гал гарч миний ачиж явсан эд зүйл бүгд шатсан. Ингээд галын дүгнэлтээр ачиж явсан аккумлятороос богино холбоо үүсэж асгарсан бензинд хүрч гал гарсан болох нь тогтоогдсон. Ингээд уг машинд ачиж явсан миний тавилга, эд зүйл, хувийн бичиг баримтууд болох иргэний үнэмлэх, гадааад паспорт, эрүүл мэндийн карт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, Хаан банкны виза карт, группийн дэвтэр гээд миний бүх эд зүйл шатаж үрэгдэж надад 2.700.000 төгрөгийн хохирол учирсан. Ингээд М нь миний хохирлыг төлж өгөхийг зөвшөөрч байсан бөгөөд дараа нь нэг уулзахдаа 2.700.000 төгрөг өгч чадахгүй, 1.000.000 төгрөг өгье болох уу гэж байснаа сүүлдээ утсаа авахгүй болж, аав нь эрүүл согтуу над руу агсарсаар өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Ингээд гэрээ нүүлгэж явсан миний хувьд гэрийнхээ бүх тавилга хэрэгслийг шатааж үрэгдүүлж хохирч байх тул иргэн Г.Мгаас 2.700.000 төгрөг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Г.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа:.....Ганбаатар овогтой М миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 5 дугаар гудамжны 2 тоотод оршин суугч иргэн Нямбаярын Идэрбаярын өмчлөгчийн БНХАУ-ын үйлдвэрлэсэн FAW маркийн 68-89ХӨВ улсын дугаартай авто машин байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу ачаа ачиж явсан Р.Дүгийн хөлдөөгч, нэг авдар, гурван хивс зэрэг эд зүйлийг ачсан. Ах нь мөнгө төгрөг байхгүй, Улаанбаатар хот руу хүүхэд рүүгээ очих гэсэн зардал мөнгөгүй гээд байхаар нь суулгасан. Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн Холчийн хөндий гэх газарт явж байтал машинд гал гарсан. Тухайн үед миний бие М жолоочийн эсмен, аав болох Г.Нямбаяр иргэн Дү нарын хамт явсан. Иргэн би Н.Идэрбаярын эсмен жолооч хийдэг. Энэ хэргийг би зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч Р.Дүгээс олгосон итгэмжлэлийн дагуу би түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Р.Дү нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Мөрөн сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлд М гэдэг хүний машинд 24 нэр төрлийн 98 ширхэг бараа ачсан. Барааг ачаад явж байхдаа бараан дээр машины мотор ачсан байсан. Уг мотороос нь бензин гоожихоор нь Дү болж байгаа юм уу гэхэд М зүгээр ээ гэж хэлээд уг машины моторыг ачсан байдаг. Тэгээд цааш явж байтал Булган аймгийн Бүрэгхангай суманд гал гарч машин шатсан. Галын дүгнэлт аккумлятороос богино холболт үүсч асгарсан бензинд хүрч үүнээс үүдэж гал гарсан байна гэсэн. Жолооч ачиж яваа ачааныхаа аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гал гарсан. Нэхэмжлэгч нь 2.700.000 төгрөг нэхэмжилсэн. Хөрөнгийн үнэлгээ Лэндс ХХК-ний Орхон аймгийн салбарын үнэлгээчнээр үнэлгээ гаргуулахад 2.506.697 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасан. Иймд уг дүгнэлт болон гэрч Нямжавын мэдүүлэг зэргийг үндэслээд хариуцагчаас 2.506.697 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Дүгийн өөрийнх нь бичиж жагсаасан эд зүйлийг бүгдийг машинд ачиж өгсөн гэдгийг гэрч Нямжав гэрчилдэг. Дүгийн бичсэн зүйлээс дурдахад Хөлгөн судар, Жанрайсаг бурхан байсан гэдэг боловч үүнийг үнэлэх боломжгүй юм. Түүнээс гадна хромон гутал, арьсан гутал, хилэн өмд, жинсэн өмд зэрэг 24 нэр төрлийн 98 ширхэг эд зүйл байсан байдаг. Бүхэл бүтэн байл нүүж байгаа учир хүнд хэрэглэгддэг бүх зүйл, гэрийн эд зүйл байсан нь тодорхой. Нямжав гэдэг хүний гэрчийн мэдүүлгээс харахад хөргөгчинд байсан эд зүйлийг бүгдийг нь хэлдэг. Айлд ямар зүйл хэрэгтэй тэр бүгдийг нь эмхэлж боогоод авч явсан. Нэхэмжлэгчийн эхнэр нь нас барсан учир түүний найз Нямжав гэдэг хүн ирж ачаа барааг нь баглаж өгсөн. Жолооч бол өөрийнхөө ачиж яваа ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж явах шаардлагатай. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч энэ талаарх баримт ирүүлээгүй. Тиймээс уг гэм хорын шаардлагыг хариуцаж төлөх ёстой гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Дү нь хариуцагч Г.Мд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 2.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 2.506.697 /хоёр сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.Үүнд:

Г.М нь FAW маркийн 68-89 ХӨВ дугаартай автомашиныг жолоодож яваад Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар баг Холчийн хөндий гэх газарт ачаанд байсан аккумляторт богино холболт үүсч гал гарсны улмаас уг машинд ачиж явсан иргэн Р.Дүгийн гэрийн тавилга, эд зүйлс, хувийн бичиг баримтууд галд шатаж хохирол учирсан болох нь Гамшигаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн гал түймрийн хэрэг зөрчлийн талаарх тодорхойлолт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн лэндс хязгаарлагдмал хариуцлагатай компаний Орхон салбарын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба хариуцагч дээрх үйл баримттай маргаагүй.

Харин...тухайн үед би машин барьж явсан боловч тус машины ээлжийн жолооч хийдэг. Яг ямар ачаа ачуулсан талаар мэдэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...гэх тайлбарыг өгч байгаа боловч үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой аливаа баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг .

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Иймд хариуцагч Г.Мгаас гэм хорын хохирол 2.506.697/хоёр сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Дүд олгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагчид 2018 оны 2 дугаар сарын 09-ны өдөр зохигчийн эрх үүргийн тайлбарлаж өгсөн зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагч Г.Мд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг шүүхэд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй,

Мөн иргэдийн төлөөлөгч Д.Довдондорж нь оролцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлтийг ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийг байцуулахгүйгээр хэргийн хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60.150/жаран мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.000 /хоёр мянга/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 2.506.697/хоёр сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 55.057/тавин таван мянга тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Дүд олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.Мгаас 2.506.697/хоёр сая таван зуун зургаан мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Дүд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Дүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.150/жаран мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.000 /хоёр мянга/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Мгаас улсын тэмдэгтийн хураамж 55.057/тавин таван мянга тавин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Дүд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

Р.САРАНТУЯА