Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2019/00603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, Ж  овогт Б.Б /************* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн мөрөн сумын **************** оршин суух, Г овогт Ч.М /РЛ86091218/-д холбогдох

Гэм хорын хохирол 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Ч.М  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр хорооны засмал замаар Соната-6 маркийн 10-25ХӨҮ улсын дугаартай өөрийн эзэмшлийн машинтай гэрлүүгээ харьж яваад Приус-10 маркийн 48-19ХӨА улсын дугаартай машинтай согтуу жолооч ирж мөргөснөөс би эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон. Ингээд Д.М д миний машиныг засаад өгөөч гэсэн чинь надад мөнгө байхгүй 100 гаруй толгой мал байгаа гэж хэлсэн. Миний машиныг засаж өгөөгүй байж өөрийнхөө машиныг засчихсан байсан. Утсаар яриад эвлэрье зохицоё гэхэд эхнэр нь утсаар элдвээр хэлж дарамталдаг. Би энэ хүнтэй эвлэрье гэж зөндөө явсан. Хохирол төлбөр барагдуулах талаар хэлэхээр тоодоггүй, хэл амаар доромжилдог. Би ослын улмаас 28 хоног хэвтрийн дэглэм сахьсан. Ингэж осолд орж дэглэм барьсан 28 хоногт 3-4 торх барих байсан. Би иймд хугацаанд дунджаар 1.500.000 төгрөгийн орлоготой ажил хийдэг. Машины засварын үйлчилгээнд 1.000.000 төгрөгийн тооцоо гарсан. Ийм асуудал үүсээгүй бол миний бие хаа эрүүл саруул, машин тэрэг бүтэн хэвийн ажлаа хийгээд явж байх байсан тул 2.500.000 төгрөгийг Ч.М эс гаргуулж өгнө үү.

...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Машин зусуулахад гарах зардал 1.000.000 төгрөг, олох ёстой орлого 1.500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжгүй гэв.

Хариуцагч Ч.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Соната 6 маркийн автомашины араас би машинтайгаа явж байгаад мөргөсөн. Миний буруутай үйлдлийн улмаас осол гарсан нь тогтоогдож, үнэлгээг гаргуулахад 657,000 төгрөгийн эвдрэл гэмтэлтэй гэж гарсан. Би 2.500.000 төгрөг өгч чадахгүй. Харин үнэлгээгээр гарсан 657.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Б.Б г торх барьдаг гэдэгт нь би итгэхгүй байна. 28 хоногт 4 торх барина гэж байхгүй шүү дээ гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батүвшин нь хариуцагч Ч.М д холбогдуулж гэм хорын хохиролд нийт 2.500.000/ хоёр сая таван зуу мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.М  нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Тоёота-10 приус маркын 48-19 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Б.Батүвшингийн жолоодож явсан Сонота-6 маркийн 10-25 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №1 дугаартай эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хариу мэдэгдэх хуудас, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шийтгэлийн хуудас, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн асуудлаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь машинд учирсан эвдрэл гэмтэлд Цагдаагийн газраас шинжээч томилж дүгнэлт гаргуулахад 657.000 төгрөг болсон.Мөн нэхэмжлэгч нь тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэлтэй гэж 28 хоногийн дэглэм сахьсан. Энэ хугацаанд 1.500.000 төгрөгийн орлого олох байсан гэх боловч ажиллаж байгаа газар нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээгээр тогтоогдсон 657.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.Батүвшин гэм хорын хохирол болон түүнтэй холбогдон гарсан зардал нийт 2.500.000 төгрөгийг хариуцагч Ч.М эс гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүйгээс энэ нь нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой аливаа баримтыг өөрөө нотлох, цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг ба хариуцагч Ч.М  гэм буруутай болох нь тогтоогдсон, учирсан гэм хорыг төлөх ёстой хэдий ч хохирол нотлогдсон байх шаардлагатай юм.

Иймд хариуцагч Ч.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдаанд гэм хорын хохиролд 657.000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2.500.000 төгрөгөөс 657.000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 1.843.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Болормаад 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг шүүхэд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар нь иргэдийн төлөөлөгчийг байцуулахгүйгээр хэргийн хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 657.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 20.318 /хорин мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ч.М эс гэм хорын хохирол 657.000 /зургаан зуун тавин долоо мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.843.000 /нэг сая найман зуун дөчин гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М эс улсын тэмдэгтийн хураамж 20.318 /хорин мянга гурван зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН

Р.САРАНТУЯА