Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2019/00626

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ************** оршин суух, Х  овогт П.Э / *************/-т холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 11.765.188 / арван нэгэн сая долоон зуун жаран таван мянга нэг зуун наян найм / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц , хариуцагч П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П  овогтой Э нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд амьдарч байхдаа 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан ХААН банкны Хөвсгөл салбарын Цэцэрлэг тооцооны төвөөс 12.178.158 /арван хоёр сая нэг зуун далан найман мянга нэг зуун тавин найман/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр зээл хүүг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж авсан. Зээл олгогдсоноос хойш зээлийн төлбөр 4.517.373 төгрөг, хүүгийн төлбөр 1.493.107 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй өнөөдрийн байдлаар хугацаа хэтрээд 851 хонож байна. Зээлийн үлдэгдэл 7.660.785 төгрөг, хүү 3.677.179 төгрөг, торгуулийн хүү 427.224 төгрөг, нийт-11.765.188 төгрөг /арван нэгэн сая долоон зуун жаран таван мянга нэг зуун наян найман / төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна.

Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 11.765.188 төгрөгийг зээлдэгч П.Эаас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц  шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна. Хариуцагч П.Э нь Хаан банкны Хөвсгөл салбарын Цэцэрлэг сумын тооны төвөөс 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр анх 12.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг авснаас хойш нийт 7 удаагийн шугаман зээл авснаас сүүлд 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийн зээл авч нийт зээлийн үлдэгдэл 12.178.158 төгрөгийг Хаан банктай гэрээ байгуулан авсан. Энэ гэрээгээр хүлээсэн эргэн төлөлтийн хувиарыг 2016 оны 8 дугаар сарыг хүртэл эргэн төлөлтийг хэвийн хийж явсан. 2016 оны 8 дугаар сараас хойш графикийн дагуу тохирсон зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.750.000 төгрөгийн зээлийн төлбөрийг бөөнд нь хийсэн байдаг. Үүнээс хойш одоог хүртэл хугацаанд хувиарт зээлээ эргэн төлөхгүйгээр зээлээс хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа учраас манай банкны зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хамгийн сүүлийн төлбөр 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 110.000 төгрөгийг төлсөн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлийн төлбөрт 110.000 төгрөгийг төлсөн байгаа. Гэхдээ нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээгээрээ нэхэмжлэлийнхээ шаардлагыг гаргаж байна. Энэ сүүлд хийсэн 110.000 төгрөгийг дараа нь хасаж тооцож болох юм гэв.

Хариуцагч П.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 3 дугаар багийн иргэн П.Э миний бие ХААН банкны Хөвсгөл салбараас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч П.Э би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ХААН банкны Цэцэрлэг тооцооны төвд эдийн засагчаар 2 жил, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ХААН банкны Улаан-Уул тооцооны төвд ахлах теллер, теллерээр 5 жил, нийтдээ 7 жил тасралтгүй ажилласан. Миний хувьд Хаан банкинд 2009-2015 онуудад ажиллах хугацаанд 12.178.158 төгрөгийн цалингийн зээл авсан ба зээлтэй байхдаа ажлаасаа халагдсан. Би ажлаасаа халагдсаны дараагаар шүүхэд ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан хэдий ч шүүхээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1239 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Тэгээд шүүхийн ажил дууссаны дараагаар Цэцэрлэг тооцооны төвөөс цалингийн зээлээ төл гэхээр нь би ажпаасаа халагдсан учир цалингийн зээлээ төлөх боломжгүй тул шүүх рүү шилжүүлүүлж хүүгээ зогсоолгоё гэж хэлсээр байтал шүүх рүү шилжүүлээгүйн улмаас өнөөдрийг хүртэл 3 жил шахуу хоногийн хугацаа хэтэрсэн гээд үндсэн зээл 7.660.785 төгрөг маань 3.677.173 төгрөгийн хүү, 427.224 төгрөгийн торгуулийн хүү нэмэгдсэн байна. Намайг хэлээд байхад шүүх рүү шилжүүлээгүй тул би зээлийн хүү, торгуулийн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн би ажпаасаа гарснаас хойш 2.000.000 төгрөгийг, миний Хаан банкны 5904083940 тоот данснаас барилтаар 800.000 гаруй төгрөгийг цалингийн зээлэндээ төлсөн байгаа.

Миний хувьд ХААН банкны нэхэмжилсэн үндсэн зээл 7.660.785 төгрөг, зээлийн хүү 3.677.173 төгрөг, торгуулийн хүү 427.224 төгрөг, нийт 11.765,188 төгрөгөөс үндсэн зээл 7.660.785 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү 3.677.173 төгрөг, торгуулийн хүү 427.224 төгрөг, нийт 4.104.403 төгрөгийн төлөхөөс татгалзаж байна. Би үндсэн зээл болох 7.660.785 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд төлж Хаан банкыг хохиролгүй болгоно гэжээ.

Хариуцагч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 12 сард зээл авч эргэн төлөлтөө хийснээс хойш группын дансаас хэдэн төгрөг, цалингийн данснаас хэдэн төгрөг тус тус зээлэнд төлөгдсөн байх ёстой юм. Би төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Би Хаан банкинд ажиллаж байсан хүний хувьд банкыг надад боломж олгож харж үзээд зээл хийх нөхцлөөр харж үзнэ гэж бодсон юм. Би ажлаас гарсны дараа зээлийн хүүг зогсоолгож миний зээлийг шүүхэд шилжүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсаншүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч П.Эт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөр 11.765.188 / арван нэгэн сая долоон зуун жаран таван мянга нэг зуун наян найм / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч П.Э нь ... би үндсэн зээл 7.660.785 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү 3.677.173 төгрөг, торгуулийн хүү 427.224 төгрөг, нийт 4.104.403 төгрөгийн төлөхөөс татгалзаж байна ... гэж маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгчээс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн хуулбар баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ-16/144 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн баримт 3 хуудас, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 3 хуудас /Хаан банк гэх тэмдэг дарагдсан/, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаартай Захирлын тушаал-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Зээлийн тооцооллын хүснэгт 1 хуудас зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр П.Э нь Хаан банкны Хөвсгөл аймаг дахь салбарын Цэцэрлэг сум дахь тооцооны төвөөс 12.178.158 төгрөгийн зээлийг авсан, зээлийг авснаас хойш 2016 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдсэн, үүнээс хойш хариуцагч ажилгүй болсноос шалтгаалан зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй болсон, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1750.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 525.895 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд хийсэн, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 566.000 төгрөг, 495.100 төгрөгийг тус тус зээлийн эргэн төлөлтөд хийсэн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Талууд дээрхи үйл баримтад маргаагүй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зээлийн эргэн төлөлтөд хариуцагч П.Эаас төлсөн 110.000 төгрөгийг шийдвэр гарсны дараа төлөх төлбөрөөс хасаж тооцохоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Хаан банкны Хөвсгөл салбар нь хариуцагч П.Эаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулахаар Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Учир нь: Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийн хэмжээтэй талууд маргаагүй болно.

Иймд талуудын хооронд Зээлийн харилцаа үүссэн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-16/144 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

Мөн хариуцагч П.Э нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ амьдарлын боломжгүй байдлаас шалтгаалсан, мөн уг банкинд нилээн олон жил ажилласан зэрэг байдлыг харгалзан хөнгөлөх боломжтой болов уу гэж бодсон, би төлж чадахгүй байгаагаа удаа дараа хэлж хүүг зогсоох талаар банкинд мэдэгдэж байсан гэх боловч энэ талаараа холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба амьдарлын боломжгүй, уг банкинд олон жил жил ажилласан гэсэн нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх талаар гэрээнд тусгагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:

25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд хариуцагч П.Э нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул хариуцагч П.Эаас үндсэн зээл 7.660.785 төгрөг, зээлийн хүү 3.677.179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427.224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч П.Эаас 11.765.188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 203.193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эаас 203.193 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 , 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч П ын Эаас 11.765.188 /арван нэгэн сая долоон зуун жаран таван мянга нэг зуун наян найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 203.193 / хоёр зуун гурван мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эаас 203.193 / хоёр зуун гурван мянга нэг зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА