Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 135/шш2024/00891

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/00903/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ***** хороо, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй

Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* ******* нь 1969 оны 06 сарын 20-ны өдөр төрсөн. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн 2-р төвд үйлчлэгчээр 1996 оны 01 сарын 19-ний өдөр орж 2002 оны 08 сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. Уг хугацааны нийгмийн даатгалын дэвтэр дээр овгийг ******* гэж бичсэнээс болоод ажилласан жилд тооцохгүй байна. Иймд тус дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас хүсэлттэй холбогдуулан иргэний үнэмлэх, нэр өөрчилснийг бүртгэсэн бүртгэл, төрсний бүртгэлийн гэрчилгээ, 068764 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр ******* гэрчийн мэдүүлэг авч, шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Маягт хаатр-1 баримтыг шүүхээс бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж.******* бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

2. Хүсэлт гаргагч нь ... нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн эцэг/эх/-ийн нэр иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй зөрүүтэй байгаа тул шүүхэд хандаж байгаа. Энэ нь өндөр насны тэтгэвэрт гарахад шаардлагатай байна гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч ******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан 1995 оны 02 сарын 27-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын дэвтэрт эцгийн нэр *******, нэр ******* гэж бичигдсэн байх бөгөөд мөн хэрэгт тус дэвтрийн үргэлжлэл болох 2023 оны 05 сард олгосон Нийгмийн даатгалын дэвтэрт Эцэг Жавдал, нэр ******* гэж бичигджээ.

 

Иргэний үнэмлэх дээр ******* овогт ******* ******* гэсэн байх бөгөөд дээрх нийгмийн даатгалын дэвтрүүдэд регистрийн дугаарыг ***** гэж бичигдсэн нь Иргэний үнэмлэх дээр бичигдсэн регистрийн дугаартай тохирч байна.

 

Мөн гэрч ***** мэдүүлэг, Маягт Хаатр-1 баримт, төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр 1995 оны 02 сарын 27-ны өдөр олгосон №068764 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* /РД: *****/ мөн болох нь тогтоогдож байна.

 

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1995 оны 02 сарын 27-ны өдөр олгосон №068764 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* /РД: *****/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ