Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2023/0058/З |
Дугаар | 110/ШШ2024/0008 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 110/ШШ2024/0008
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсэг,
Хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Н нарын хоорондын өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд өгсөн үнэлгээ, дүгнэлт,гэрээг цуцалсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/-ийг төлөөлж дарга С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр /цахимаар/, хариуцагч аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Р өрхийн эрүүл мэндийн төв /БГБХН/ нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6 дах шалгуур үзүүлэлтийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь , нийт хувь , 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгох” –оор маргаж байна.
Нэхэмжлэгч анх “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Р өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурвалсан гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох буюу цуцлах тухай мэдэгдэл, ажлын хэсгийн “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”-ыг тус тус хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд “Ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүлгийн 1.1.1, 1.1.3, 1.1.4, 1.1.5, 1.1.6, 1.2.1, 1.2.2, 1.2.3, 1.2.6, 1.2.7, 1.2.8, Төвийн удирдлага, манлайлал бүлгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6 дах шалгуур үзүүлэлтийн оноо, бүлэг тус бүрийн оноо, хувь , нийт хувь , 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсэг нь Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 онд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хагас жилээр үнэлгээ хийж, “Хангалтгүй” гэсэн дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсаар гэрээг цуцалж, энэ талаар Р өрхийн эрүүл мэндийн төвд мэдэгджээ.
3. Уг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас, ажлын хэсгийн “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”-ыг аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 498 дугаар албан бичгээр Р өрхийн эрүүл мэндийн төвд хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчээс уг захиргааны актуудыг эс зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн яаманд гомдол гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй гэдэг үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай Р өрхийн эмнэлэг 2002 онд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан. Манай өрхийн эрүүл мэндийн төв 2022 оны жилийн эцсийн дүгнэлтээр “Хангалттай” буюу 80%-аар үнэлэгдсэн ба гурвалсан гэрээ 1 жилээр сунгагдаж, 2023.02.24-ний өдөр өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулагдсан байсан. Манай Р өрхийн эрүүл мэндийн төв одоогоор тогтвор суурьшилтай Өлгий сумын 1, 8-р багийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг 2002 оноос хойш тасралтгүй чанартайгаар хүргэж ажиллаж ирсэн. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг магадлан итгэмжлэлийн шалгалтад удаа дараа хангалттай үнэлгээ буюу 80%-аас дээш үнэлэгдэн сүүлийн удаа 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн. Мөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гэрчилгээг 5 жилээр буюу 2028 он хүртэл сунгуулсан.
Бидний маргааны үндсэн шалтгаан нь энэ жил байгуулагдсан гэрээний дагуу хагас жилд ажлын хэсэг шинээр байгуулагдах ёстой гэж үзэж байна. Учир нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/391 захирамж нь хэрэгжээд тухайн жилд дууссан. Тухайн захирамжид хагас, бүтэн жилээр үнэлгээ хийнэ гэж дурдагдсан байгаа. Үүнээс гадна уг захирамжийг хууль бус гэх үндэслэлтэй. Учир нь Эрүүл мэндийн сайдын 104 тоот тушаалд 3 талын тэгш эрх, тэгш оролцоог хангахаар заасан байдаг. Гэвч тухайн захирамжаар зөвхөн нэг талыг баримталсан, хууль бус ажлын хэсэг байгуулагдсан. Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга гэсэн хүн ажлын хэсэгт ороогүй. Үүнээс гадна аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн албан тушаалтан орох ёстой байтал Эрүүл мэндийн газрын дарга өөрийн ажилтныг хууль бус томилсон. Өрхийн анагаах ухааны болон үйлдвэрчний эвлэлээс 2-оос доошгүй хүн ажлын хэсэгт орох ёстой боловч зөвхөн нэг хүнийг оролцуулсан. Мөн А.Е гэхэд 2 албан тушаалтан гэж орж ирсэн байна. Үүнээс гадна тухайн ажлын хэсэг 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байхад 3 талын тэгш оролцоог хангах ёстой. Энэхүү ажлын хэсэгт 9 хүний 7 хүн буюу ихэнхийг нь Эрүүл мэндийн газраас оролцуулсан нь зөвхөн нэг талын шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж хардаж байгаа. Хэрвээ 9 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 2-оос доошгүй хүн өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллөөс, Засаг даргын Тамгын газраас зайлшгүй 2 хүн уг ажлын хэсэгт орох ёстой байсан. Тийм учраас энэхүү ажлын хэсэг үндэслэлгүй, захирамж нь тухайн жилд хэрэгжээд дууссан учраас энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн буюу тухайн захирамж нь маргаан үүсгэж байгаа. Мөн тухайн жилд Засаг даргын Тамгын газраас ажлын хэсгийн гэрээг дүгнэх хуваарийг батлах ёстой байсан. Гэвч энэ жил тухайн хуваарь батлагдаагүй. Хөндлөнгөөс Эрүүл мэндийн газрын дарга оролцож, уг ажлын хэсгийн хуваарийг гаргасан нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна.
Журмын дагуу гэрээний биелэлтэд ил тод, шударга, нээлтэй зарчмыг баримтлан дүгнээгүй. Эрүүл мэндийн газрын даргын хувийн ашиг сонирхлын үүднээс, манай өрхийн эрүүл мэндийн төвийг заавал татан буулгана гэсэн зорилгоор санаатай хууль бус үнэлгээ гаргасан. Р өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг ажлын хэсэг үнэлээгүй байхад 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өрхийн эмнэлгүүдийн групп чатад өрхийн эмнэлгүүдийн гэрээг цуцална гэсэн мессеж бичсэн нь бидний үнэлгээ дордоход Эрүүл мэндийн газрын дарга нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаа.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 тоот тушаалд ажлыг дүгнэхдээ тодорхой шалгууруудыг зааж, бүхэл оноо буюу 1, 2, 3, 4, 5 гэсэн оноогоор дүгнэнэ гэж заасан боловч ажлын хэсэг тухайн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэхгүйгээр дотоод мэдрэмжээрээ бүхэл биш бутархай оноо өгч Сайдын тушаалын холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчсөн болно.Тухайн ажлын хэсэг манай байгууллагад үнэлгээ хийхэд 104 тоот тушаалын 4.4, 4.5-ыг огт ашиглахгүйгээр үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 тоот тушаалын 3.7–д “Ажлын хэсэг нь төвтэй байгуулсан гэрээний болон захиалагч талын гэрээнд тусгасан үүргийн хэрэгжилтэд тус тус үнэлгээ хийж, дүгнэлт өгнө” гэж заасан боловч ажлын хэсэг уг үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчиж, зөвхөн нэг талыг баримталж өрхийн эрүүл мэндийн төвд үнэлгээ хийсэн. Харин захиалагч тал болох аймгийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын гэрээнд тусгасан үүргийн хэрэгжилтэд огт үнэлгээ хийж, дүгнэлт өгөөгүй ноцтой зөрчил гаргаж өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй болно. Гурвалсан гэрээний нэг тал болох аймгийн Засаг даргын зөвшөөрөлгүй Эрүүл мэндийн газрын дарга дангаараа гэрээг цуцалсан нь хууль, журамд нийцээгүй.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны гурвалсан гэрээнд хагас жилийн байдлаар үнэлгээ хийхдээ Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу оноо өгч, үнэлгээ хийлгүй, өөрсдөө дур мэдэж үндэслэлгүй оноо өгсөн гэж үзэж байна. Учир нь,
1. Шалгуур үзүүлэлтийн 1.1.1 Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт гэсэн бүлэгт нийт 10 оноо тавих ёстой боловч ажлын хэсэг 1.7 оноо тавьсан нь үндэслэлгүй юм. Хүн амыг 5 бүлгээр ангилсан судалгаануудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг төлөвлөгөө болон тодорхой баримтуудыг гаргаж өгсөн боловч А.Е 1.5 оноо өгсөн нь үндэслэлгүй байсан. 2 дугаар хэсэг буюу хяналтын хамрагдсан хувь гэдэг дээр 0.8 оноо тавьсан нь мөн үндэслэлгүй. Учир нь манай өрхийн эрүүл мэндийн төв дээр 3, 4, 5 дугаар бүлгийн нийт 850 хүн байхад статистик мэдээ болон мөн эмчийн үзлэгийн бүртгэлээр 806 хүнийг эхний хагас жилд бид идэвхтэй хяналтаар хамруулсан байдаг. Энэ нь эмчийн үзлэгийн бүртгэл буюу шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болон www.e-hospital.mn. программаар баталгаажиж байгаа. Энэ нь бүх хяналтад хамрагдах ёстой хүмүүсийн 94,8% -ийг хагас жилийн байдлаар идэвхтэй хяналтад хамруулж чадсан учраас оноог хасаж, мөн бутархай оноо тавих ямар ч үндэслэлгүй.
Эрүүл мэндийн бүлэг дээшилсэн хүний хувьд бол манайх эхний хагас жилийн байдлаар зөвхөн цахим жороор гэхэд 1196 хүнд эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байдаг. Үүнээс гадна сэргээн засахын 169 хүн, өдрийн эмчилгээний 174 хүнд эрүүлжүүлэх арга хэмжээ авсан. Тухайн сэргээн засах тусламж үйлчилгээ болон цахим жорыг түүвэрлэж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг өдрийн эмчилгээ, бусад юман дээр тухайн хүний эрүүл мэндийн байдал сайжирсан буюу бүлэг дээшилсэн тухай эмчийн тэмдэглэл баримтаар нотлогдож байна.
Үүнээс гадна 1.2 буюу 0-5 насны хүүхдийн үзлэг гэсэн хэсэг дээр мөн учир дутагдалтай. Эхний хэсэг дээр 1 оноо тавьсан нь үндэслэлгүй. Учир нь манайх эхний хагас жилийн байдлаар 1394 хүнд гэрийн хяналт хийсэн. А.Еын өөрийн ирүүлсэн баримт болон Ш.Хазинегийн ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа. Мөн эмчийн үзлэгийн бүртгэл гэсэн программаар гаргаж ирсэн үзлэгийн бүртгэлээр 1394 хүнд эргэлт хийгдсэн нь нотлогдож байгаа. Ийм учраас эхний хэсэгт 1 оноо тавьсан нь үндэслэлгүй. Тухайн хэсгийг үнэлэхдээ нийтдээ бүлэг тус бүрээс 10 карт үзэж үнэлэх ёстой байсан бөгөөд А.Еад 3 эмчийн 3 журналыг гаргаж өгсөн боловч зөвхөн 10 картыг түүвэрлэн үзэж , үнэлгээ өгсөн нь бусад хэсгүүдийг оноог доройтуулах үндэслэл болсон. 2 сар хүртэлх хүүхдэд идэвхтэй эргэлт хийсэн байгаа гэсэн боловч энэ хэсэгт 0 оноо тавьсан нь уг нотлох баримтаар болон тодруулгаар нотлогдож байгаа. Хэрэв үнэлгээний дагуу 40 картыг үзсэн бол тухайн хэсгүүдэд онооны өөрчлөлт гарах бүрэн боломжтой учраас энэхүү хэсэгт тавьсан оноо нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
2023 оны эхний хагас жилд давтагдсан тоогоор нийт 9261 үзлэг хийж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь харьяа нийт хүн амд бүрэн хүрч үйлчилсэн буюу давтагдсан тоогоор 1 иргэнд 1.43 удаа үзлэг хийж , үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт үзлэг дотроо задалж үзэхэд идэвхтэй хяналт 806, гэрийн идэвхтэй хяналт 1394 байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 тоот тушаалын 4.5.2 “Тодорхой үр дүнд хүрсэн”– зорилт нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа бол 80-89% буюу 4 оноо гэж заасны дагуу 4 оноо өгөх ёстой ба үүнийг 4.7-д Шалгуур үзүүлэлтийн 1, 3, 10, 11, 13 дахь үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж дүгнэнэ гэж заасан боловч ажлын хэсэг 1.7 оноо өгч дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна. Мөн 104 тоот тушаалын 4.4, 4.5-д зааснаар 1, 2, 3, 4, 5 гэсэн бүх л оноогоор үнэлэх учиртай. Үүнийг бутархай оноогоор үнэлсэн нь энэхүү 104 тоот тушаалын дагуу үнэлгээг хийгээгүй нь бидний оноо дордох үндэслэл болсон гэж үзэж байгаа.
2. Шалгуур үзүүлэлтийн 1.1.3 Тухайн харьяа хүн амын урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн бүлэгт 10 оноо тавих үзүүлэлттэй боловч тухайн ажлын хэсэг 0 оноо тавьсан нь илт үндэслэлгүй. Эхний хагас жилийн байдлаар хагас хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой. Р ӨЭМТ 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт 3650 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байгаа. Энэ нь хагас жилийн үзүүлэлтийг давж биелүүлж чадсан.Үүнд насанд хүрэгсэд, өсвөр насны хүүхэд, хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгүүд багтсан болно. Харин хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр манайхан нийт хүүхдүүдийн эхний хагас жилээр 79,6%-ийг бүрэн хамруулж, урьдчилан сэргийлэх үзлэг хийж чадсан. Мөн тухайн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдсэн хүүхдүүдийн маягтын дагуу www.e-hospital.mn. программд бүртгэгдэж, 675 хүүхэд хамрагдсан нь программ дээр бүрэн байгаа. Уг маягтаас түүвэрлэж 10 маягтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг хэсгийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт болон үзлэгт хамрагдсан хүмүүсийн бүртгэлийг шүүхэд гаргаж өгсөн. Эрүүлжилтийн арга хэмжээнд сэргээн засах, өдрийн эмчилгээ, бусад зөвлөгөөнүүдээр бид тодорхой хэмжээний арга хэмжээ авсан.
Энэхүү үр дүнтэй үйл ажиллагааг А/104 тоот тушаалын 4.5.2 “Үр дүнтэй” – зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100% буюу 5 оноо гэж заасан ба уг тушаалын 4.7 Шалгуур үзүүлэлтийн 1, 3, 10, 11, 13 дахь үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж дүгнэнэ гэж заасны дагуу 100% буюу 10 оноо өгөх ёстой боловч ажлын хэсэг 0 оноо өгч дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна.
1.1.1 болон 1.1.3 гэсэн 2 хэсгийн үнэлгээгээр 100 онооны бүхэл бүтэн 20 оноог алдсан нь энэхүү ажил зөв дүгнэгдээгүй буюу 104 тоот тушаалыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа.
3. Шалгуур үзүүлэлтийн 1.1.4 Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралт гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 2 оноо тавьсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл 2023 оны эхний хагас жилийн байдлаар хамрагдвал зохих иргэдийн 86.2%-ийг хамруулж аймгийн бүх өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс үзүүлэлтээрээ тэргүүлснийг Эрүүл мэндийг газар өөрсдөө графикаар жагсааж гаргасан тайлантай. Үүнд эхний хагас жилийн байдлаар артерийн даралт ихсэх өвчний эрт илрүүлэг үзлэгт 865 иргэн, чихрийн шижингийн хэв шинж 2-ын эрт илрүүлэг үзлэгт 705 иргэн, хөхний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 497 иргэн, умайн хүзүүний эрт илрүүлэг үзлэгт 129 иргэн тус тус хамрагдсанаар хамрагдах ёстой иргэдийн 86.2%-ийг хамруулан тэргүүлсэн байгаа. Гэвч умайн хүзүү болон хөхний хавдар дээр 0 оноо тавьсан. Уг хэсгийг Д.У үүргийн дагуу цахим программаар шалгах ёстой байсан боловч уг ажлыг цахим программаар шалгахгүйгээр дотоод мэдрэмжээрээ 0 оноо тавьж уг хэсгийг бууруулсан.
4. Шалгуур үзүүлэлтийн 1.1.5 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 1 оноо тавьсан нь үндэслэлгүй. 2023 оны эхний хагас жилийн байдлаар нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн судалгааг шинэчилж, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, эрүүлжүүлэх арга хэмжээ авсан. Хагас жилийн байдлаар бид нийтдээ 472 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, энэ нь хувиа бүрэн биелүүлсэн тул 0 оноо тавьсан нь ямар ч үндэслэлгүй. Уг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан иргэдийн бүртгэл, жагсаалтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн тухайн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдсэн хүмүүст ямар арга хэмжээ авагдсан, ямар эрүүлжүүлэх төлөвлөгөө хийгдсэн тухай www.e-hospital.mn. программын Карте хэсгээс хуулбарлаж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тодорхой хэмжээний иргэдийг эрүүлжүүлсэн. Тийм учраас 2 дахь хэсэгт 0 тавьсан нь үндэслэлгүй.
Мөн 4 дэх нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн гэр бүл, төлөвлөлтийн хувь гэсэн хэсэгт гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авч, эм, тариа, ерөндөг тараасан байгаа. Гэхдээ зөвхөн жирэмснээс хамгаалах хэрэгсэл тараасан иргэдийн тоогоор энэхүү хэсгийг үнэлсэн. Гэвч гэр бүл төлөвлөлтийн хувь гэдэг нь тухайн хүний эрүүл төрөх, эрүүл зан үйл бүх юманд хамаарах ёстой. Гэвч тухайн үнэлгээний ажилтан зөвхөн жирэмснээс хамгаалах бэлдмэлийг тооцоолж, уг хэсэгт 3 оноо тавьсан нь үндэслэлгүй. Жишээлбэл, манайхаас ямар нэгэн эхийн хүндрэл гараагүй. Энэ зөв гэр бүл төлөвлөлт мөн. Үүнээс гадна манайд төрөлтийн тоо бусадтай харьцуулахад маш бага. Энэ гэр бүл төлөвлөлтийн үр дүн. Эдгээр хэсгүүдийг тухайн мэргэжилтэн үр дүнд тооцоогүй учраас энэхүү оноо өгсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. А/104 тоот тушаалын дагуу дүгнэхэд 4.5.2 “Тодорхой үр дүнд хүрсэн” – зорилт нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа бол 80-89% буюу 4 оноо гэж заасны дагуу 4 оноо өгөх ёстой боловч ажлын хэсэг 1.1.5-д 1 оноо өгч дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна.
5. Шалгуур үзүүлэлтийн 1.1.6 Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэнд тусламж, үйлчилгээ гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 1 оноо тавьсан нь үндэслэлгүй. Манайд нийт 695 ахмад байдаг. Гэвч бид эхний хагас жилийн байдлаар 351 хүнийг хамруулж, давж биелүүлсэн. Уг нотлох баримт нь түүвэрлэж гаргаж ирсэн ахмад настны урьдчилан сэргийлэхийн үзлэгийн бүртгэл болон эмчийн үзлэгийн бүртгэл мөн www.e-hospital.mn. программаар нотлогдож байна. Үүнийг шүүхэд бас түүвэрлэж гаргаж өгсөн. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтмол хөнгөлөлттэй эм, өдрийн эмчилгээ, сэргээн засах тусламж, үйлчилгээ, оношилгоо, шинжилгээнд тасралтгүй хамруулж тусламж, үйлчилгээ үзүүлдэг.
6.2-ын 3 дахь хэсэг буюу харьяалах нутаг дэвсгэрийн асрамжийн газрын анхан шатны тусламж үйлчилгээ, чанар хүртээмжийн байдалд арга хэмжээ авсан байдал. Манай өрхийн эрүүл мэндийн төв 1, 8 дугаар багийн харьяаллын нутаг дэвсгэртэй. Гэвч манай 1, 8 дугаар багт ямар нэгэн асрамжийн газар байдаггүй учраас энэхүү хэсэгт 0 оноо тавьж, бидний оноог хасах нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ үр дүнтэй үйл ажиллагааг А/104 тоот тушаалын дагуу дүгнэхэд 4.5.2 “Үр дүнтэй” – зорилт, арга хэмжээ нь оновчтой тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрсэн, үр дүн гарсан бол 90-100% буюу 5 оноо гэж заасны дагуу 100% буюу 5 оноо өгөх ёстой боловч ажлын хэсэг 1 оноо өгч дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй болно.
6. Шалгуур үзүүлэлтийн 1.2.1 Оношилгоо, эмчилгээний технологийн мөрдөлт гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 3.75 оноо тавьсан нь үндэслэлгүй. Эхний хагас жилийн байдлаар 3 төрлийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, багц тусламж үйлчилгээг хийсэн боловч оноо хассан нь үндэслэлгүй байсан. Мөн стандарт мөрдөлтийн хувьд 85% боловч 3 оноо гээд оноо хассан нь бас үндэслэлгүй. Мэргэжлийн лаборант стандартын дагуу ажилладаг. Багцад заасан бүх оношилгоо, шинжилгээнүүдийг хийдэг.Урвалж бодис болон бусад хэрэгцээт оношлуураар бүрэн хангагдсан боловч оноо хассан нь үндэслэлгүй байсан. Лабораторийн журнал болон бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
7. Шалгуур үзүүлэлтийн 1.2.2 Бүртгэгдсэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 0 оноо тавьсан нь үндэслэлгүй. 2023 оны эхний хагас жилийн байдлаар нийт 9261 үзлэг хийсэн, зөвхөн амбулаториор гэхэд нийт 3364 үзлэг хийж, бүртгэгдсэн хүн амын 51.8%-д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. 4.5.2 “Тодорхой үр дүнд хүрсэн” – зорилт нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа бол 80-89% буюу 4 оноо гэж заасны дагуу 4 оноо өгөх ёстой боловч ажлын хэсэг 0 оноо өгч дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
8. Шалгуур үзүүлэлтийн 1.2.3 Яаралтай тусламж, үйлчилгээ гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 2.33 оноо тавьсан нь үндэслэлгүй. Учир нь яаралтай тусламжийн эм тариа, тоног төхөөрөмж 80% хангагдсан гэсэн боловч оноо хасаж, 2.2 оноо тавьсан нь үндэслэлгүй. Яаралтай тусламжийн сургалтыг Ж.Н мэргэжилтэн өөрөө Эрүүл мэндийн газарт хийсэн боловч оноо хасаад яаралтай тусламжийн сургалтад хамруулаагүй мэт үнэлгээ өгсөн нь үндэслэлгүй байсан. Яаралтай тусламж, үйлчилгээ гэсэн хэсэг дээр мөн бутархай оноо өгсөн буюу энэ нь 104 тоот тушаалын аргачлалын дагуу дүгнээгүйн нотолгоо болж байна.
9. Шалгуур үзүүлэлтийн 1.2.6 Сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 3.6 оноо тавьсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл тухайн шалгуур үзүүлэлтийг бид 100% хангаж ажиллаж байгаа. Сэргээн засахын чиглэлээр сургагдсан 2 мэргэжилтэнтэй, үйлчилгээ үзүүлэх тохижуулсан тусдаа өрөөтэй, тоног төхөөрөмжөөр хангаж үйл ажиллагаа явуулж байхад өөр юм шаардаж, оноо хассан А.Нургул мэргэжилтний үнэлгээ үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн жилд амбулаториор болон гэрээр үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээг нэмэгдүүлсэн буюу 169 хүн хамруулж чадсан. Гэвч 2 тоо зөрсөн гэдгээрээ оноо хасаж, үндэслэлгүйгээр оноог дордуулсан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь А/104 тоот тушаалын дагуу дүгнэхэд 4.4.1 Тавьсан зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр гарч, үр дүн гарсан бол 90-100 хувь буюу 5 оноо гэж заасан байдаг. Тийм учраас оноог бүрэн буюу 5 оноо тавих ёстой байснаас оноо хасаж 3.6 оноо өгсөн нь үндэслэлгүй.
10. Шалгуур үзүүлэлтийн 1.2.7 дахь хэсэг гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний хэсэг буюу 13 дахь хэсгийн оноон дээр би маргаагүй байсан. Гэвч уг 13 дахь хэсэг нь сайдын тушаалын дагуу нийт нийлбэр оноог 2-оор үржүүлэх ёстой боловч уг хэсгийг 2-оор үржүүлээгүй, онооны аргачлалыг зөв ашиглаагүйгээс оноонд өөрчлөлт орох нөхцөл байдал бий болсон.
11.Шалгуур үзүүлэлтийн 1.2.8 Өдрийн эмчилгээ гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 3.6 оноо тавьсан нь үндэслэлгүй. Өвчний түүх бичилтийн стандарт мөрдөлтийн хувь гэсэн чинь 34 төрлийн стандарт жагсаалт байдаг. Манайхан хоёрхон стандартын заалтыг зөрчсөн боловч мөн оноо хассан. 34 стандартаас 2 стандартыг зөрчсөн гэдэг нь стандарт мөрдөлт 90%-аас дээш гэсэн үг. Гэвч тухайн хүмүүс дотоод мэдрэмжээрээ сайдын тушаалыг ашиглахгүйгээр бидний оноог хассан. Мөн өдрийн эмчилгээнд хамрагдсан хүний тоо өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн боловч эмчилгээний арга хэмжээний хэрэгжилт гэсэн хэсэг дээр үндэслэлгүйгээр оноог хассан. Өмнөх онд 136 байсан бол энэ жил 159 болж нэмэгдсэн байдаг. Тушаалын 4.4.1 Тавьсан зорилт, арга хэмжээний хүрэх түвшинд хүрсэн, энэ талаар холбогдох шийдвэр гарч, үр дүн гарсан бол 90-100 хувь буюу 5 оноо гэж заасан боловч ажлын хэсэг 3.6 оноо өгсөн нь үндэслэлгүй юм. Өдрийн эмчилгээний өвчний түүх, цахим программаар баталгаажуулна.
12. Шалгуур үзүүлэлтийн 2.1 Засаглал, удирдлагын манлайлал гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 2.2 оноо тавьсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл уг ажилчдын цалинг хоцроож олгосон учир нь М.А маргаан үүсгэж маргааны эцсийн шийдвэр гарсан. М.А цалин олгох 1-р гарын үсэг зурах эрхгүй байсан боловч ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс болж ажилчдын цалин 5 хоног хоцрогдож шилжигдсэн. Мөн төрийн бус байгууллагаас ирсэн албан бичигт намайг удаа дараа ёс зүй зөрчсөн мэт гүтгэсэн. Үүнийг ажлын хэсэг намайг ёс зүй зөрчсөн гэж үзээд оноо хассан. Энэ нь үндэслэлгүй. Учир нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос хэзээ ч намайг ёс зүй зөрчсөн гэсэн дүгнэлт гарч байгаагүй. Ёс зүйн хорооны дүгнэлт байхгүй байхад оноо хассан. Мөн сэтгэл ханамжийн судалгаа аваагүй мөртлөө хамт олны сэтгэл ханамж доогуур гэж үнэлээд оноог эрс доройтуулсан. Уг хэсгийг Х.А мэргэжилтнээс тодруулахад, Х.А мэргэжилтэн чанартай холбоотойгоор хамт олны судалгаа авсан байх ба судалгааны дүн нь 80%-аас дээш гэж үнэлэхээр хэмжээнд байгаа. Сэтгэл ханамжийн судалгааг үнэлэхгүйгээр оноо хасаж өгсөн нь үндэслэлгүй байсан. Мөн 16.2-ын 3 дээр хөндлөнгийн хяналт хийх гэсэн хэсэгт 0 тавьсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл бидэнд хөндлөнгийн хяналт гэж үе үе Эрүүл мэндийн газраас ирж хяналт хийдэг болохоос өөр хөндлөнгийн хяналт хийх тухай бид нарт чиглэл ирүүлээгүй учраас энэхүү хэсэгт оноо хасаж, 0 оноо тавих нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа.
13. Шалгуур үзүүлэлтийн 2.3 Хүний нөөцийн хөгжил гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг 1.5 оноо тавьсан нь үндэслэлгүй. Хүний нөөцийн хөгжил дээр стандартын дагуу мэргэжилтнээр хангагдсан хувь гэсэн боловч бид өөрсдийн төсөв болон дотоод боломжоо ашиглаж орон тоо батлах ёстой. Гэвч тухайн орон тоог баталж, мэргэжилтнээр бүрэн хангагдсан боловч Ж.Н мэргэжилтэн хүмүүсийн тоог нэмэгдүүлснээр эрс доройтуулж, хувийг нь харьцуулахдаа манайд 12 ажилтан байвал Ж.Н 16-гаар тооцоолоод манай оноог эрс доройтуулахад хүргэсэн. Тийм учраас бусад бүх хэсгүүдийг тухайн нийт батлагдсан орон тоонд харьцуулж дүгнэх ёстой байсан. Тийм учраас энэхүү хэсгийн үнэлгээ бас үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мөн алба хаагчдын шилжилт хөдөлгөөн гэдэг хэсэгт 0 тавьсан нь үндэслэлгүй. Учир нь тодорхой дотоод маргаан нь шилжилт хөдөлгөөнд тооцогдох ёсгүй. Хөдөлмөрийн тухай маргаан тусдаа асуудал гэж дүгнэж байна. Хүний нөөцийн төлөвлөгөө, түүний биелэлтийг иргэн М.А хүлээлгэж өгөөгүй байсан. Тийм учраас А/104 тоот тушаалын дагуу дүгнэхэд 4.5.3 “Тодорхой үр дүнд хүрсэн” – зорилт нь шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа, хэрэгжилт үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай бол 70-79% буюу 3 оноо гэж заасны дагуу 3 оноо өгөх ёстой боловч ажлын хэсэг 1.5 оноо өгч дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй байна.
14. Шалгуур үзүүлэлтийн 2.4 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага гэсэн бүлэгт нийт 5 оноо тавих үзүүлэлттэй боловч ажлын хэсэг бүхэл бүтэн 9 үзүүлэлтийг харгалзаж 1.5 оноо тавьсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл чанар сайжруулах арга хэмжээ, дотоод хяналт үе шаттай хэрэгжиж 22 жилийн турш хөгжиж ирсэн түүхтэй байгууллага, мөн 2022 онд 3 жилээр магадлан итгэмжлэгдэж чанарын бүх шалгууруудыг хангаж байсан. Халдвараас сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлдэг. Эмнэлэг болон тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдол гараагүй сайн үзүүлэлттэй байгууллага юм. Мөн хяналтын хуудас ашиглаж, арга хэмжээ авдаг тухай мэдээлэл, тайланг тухайн үед харуулсан боловч мөн 0 оноо тавьж оноо хассан нь үндэслэлгүй байсан. 19.3-ын 3 дахь хэсэгт тусламж, үйлчилгээтэй холбоотой тандалт хийгддэг боловч оноо хасаж 0 оноо тавьсан нь үндэслэлгүй байсан.Иймд уг ажлын хэсгийн тавьсан оноо үндэслэлгүй байна. 2.4 дэх хэсэг дээр мөн бутархай оноо тавьж 104 тоот тушаалын үнэлгээний аргачлалыг буруугаар ашигласан.
15. 2.5 буюу тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, баталгаажилт хэсгийн үнэлгээнд маргаагүй байсан. Гэвч оноо бодох аргачлалыг зөв ашиглаагүй. Учир нь О.Айбота мэргэжилтэн төхөөрөмж тус бүрд 0, 5 гэсэн 2-хон оноог ашиглаж үнэлгээ хийсэн. Сайдын тушаалын дагуу нийт төхөөрөмжийн хангалтыг үндэслэн үнэлгээ өгч, 1-5 хүртэл оноог ашиглахгүйгээр уг аргачлалыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн О.Аа мэргэжилтэн хууль бусаар томилогдсон албан тушаалтан учраас энэхүү аргачлалыг буруу ашигласан гэж үзэж байгаа.
16. Шалгуур үзүүлэлтийн 2.6 буюу санхүүжилт гэсэн хэсэг дээр батлагдсан төсөвт багтаан бүтэц, орон тоо,ажилчдын цалин хөлсийг тогтооно гэсэн хэсэгт О.А мэргэжилтэн 0 оноо тавьсан. Гэвч бид 2021, 2022 онуудад бүтэц орон тоо баталж, ажилчдын цалинг тогтоосон байдаг. Харин ажилчдын цалинг Засгийн газрын тогтоол өөрчлөгдөөгүй тохиолдолд жил болгон өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ жил гэхэд 7 сараас хойш Засгийн газрын тогтоол өөрчлөгдсөн үед бид уг тушаалыг шинэчилсэн. Гэвч 2021, 2022 оны уг тушаал, цалин тогтоосон баримтуудыг гаргаж өгсөн боловч 0 оноо тавьж бидний оноог эрс дордуулсан нь ямар ч үндэслэлгүй байсан. 5 дугаар сарын цалин шүүхийн шийдвэртэй холбоотой 5 хоногоор хойшлогдсон талаар, тухайн үед М.А нэгдүгээр гарын үсэг зурах боломжгүй учраас ажилчдын цалин хойшлогдож орсон талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэвч уг шалгуур үзүүлэлт дээр ажилчдын цалин хэдийд орсон, хэзээ орсон тухай дурдагдаагүй буюу шалгуур үзүүлэлтэд тийм юм тусгагдаагүй учраас 0 тавьсан нь ямар ч үндэслэлгүй.
21-ийн 2 буюу төсвийн гүйцэтгэлийн мэдээг хугацаанд өгсөн гэсэн хэсэгт холбоотой тайлбар хэлэхэд, 4.2 сая төгрөгийн авлагатай гэсэн үндэслэлээр манайхны оноог дордуулсан боловч Татварын хэлтсийн даргаас ирүүлсэн албан тоотоор манайхан ямар нэгэн татварын өр, авлага байхгүй гэдэг нь нотлогдож байна. Тийм учраас энэхүү хэсэг дээр оноо дордуулсан нь үндэслэлгүй. 3 дугаар хэсэг дээр аудитад дүгнэлт гаргуулсан гэсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд бид аудитын ямар ч зөрчилгүй гэдэг дүгнэлт гаргасан. Тухайн шалгуур үзүүлэлт дээр аудитын зөрчилгүй бол 5 оноо тавина гэсэн боловч ямар ч үндэслэлгүйгээр оноо хасаж тавьсан. Аудитын зөрчилгүй гэсэн 5 жилийн дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тийм учраас энэхүү хэсэг дээр оноо хассан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, журмын 1.3-д заасны дагуу ажлын хэсэг хэн нэгнээс хараат бус, ил тод, шударгаар, тоон үзүүлэлтэд үндэслэж дүгнэлт гаргах, мөн Эрүүл мэндийн сайдын 104 тоот тушаалд тодорхой заасан аргачлалын дагуу үнэлгээ өгөх ёстой боловч уг хэсгүүдийг ноцтойгоор зөрчиж үнэлгээ хийсэн нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй гэж бид дүгнэж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” , 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан.Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны гурвалсан гэрээг хагас жилийн байдлаар үнэлгээ хийхдээ Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу дээрх байдлаар үнэлээгүй байсан.
Иймд ажлын хэсгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд хагас жилээр өгсөн үнэлгээний холбогдох хэсгүүд, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас буюу “Өрхийн эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас”, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна”, 15.1.1. Өрхийн эрүүл мэндийн төв“, 16.1-т “Энэ хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна”, 16.3-т “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 5.5-т “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/212 дугаар тушаалаар “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийг баталсан байх ба уг дүрмийн 2.2-т “Төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болох журам, гэрээний загвар, гүйцэтгэл хийх шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр “Журам, гэрээний загвар, шалгуур үзүүлэлт батлах тухай” тушаалын дагуу ажлын хэсэг ажиллахаас гадна гэрээг байгуулах, гэрээг дүгнэх, гэрээг дуусгавар болгох буюу цуцлах тухай асуудлууд энэ журмаар зохицуулагддаг болох нь харагдаж байна. Энэ журмын дагуу нэхэмжлэгч байгууллага 2022 оны гэрээгээ 80%-тай дүгнүүлээд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ гэрээнд хэн аль нь маргаагүй. Энэ гэрээний хэрэгжилтийг дүгнэхдээ ажлын хэсэг дараах эрх зүйн зөрчлүүдийг гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Журмын 1.2-т гэрээний захиалагч гэдэгт аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга гэж байгаа. Хоёулаа гэрээний захиалагч байна. Нэг онцлог нь аймгийн Засаг дарга энэ гэрээг баталгаажуулдаг. Гэрээний нөгөө тал буюу гүйцэтгэгч тал өрхийн эрүүл мэндийн төв байна. Гэрээний 1.3-т гэрээний хэрэгжилтийг үнэлэхдээ бодит нотолгоо, тоон мэдээлэлд үндэслэн шударга үнэлж хяналт тавих, 3.2-т ажлын хэсэг нь ил тод, шударга, нээлттэй зарчмыг баримтлан тэгш эрхтэй оролцон дүгнэнэ гэж заасан. Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь энэ тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийг шалгуур үзүүлэлтээр дүгнэхдээ хэт нэг талыг барьсан болох нь харагдаж байна. Хариуцагч нарын хариу тайлбар, ажлын хэсэгт орсон гишүүдийн тайлбаруудаас харахад, дандаа өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулаад явсан байна. Журмын 3.7-д “Ажлын хэсэг нь төвтэй байгуулсан гэрээний болон захиалагч талуудын гэрээнд тусгасан үүргийн хэрэгжилтэд тус тус үнэлгээ хийж дүгнэлт өгнө” гэж байгаа. Захиалагч тал буюу аймгийн Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг хэрхэн ямар байдлаар хэрэгжүүлсэн бэ гэдэгт огт дүгнэлт өгөөгүй. Зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлээд оноо өгсөн зүйл харагдаж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж байгаа. Ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Яагаад хэт нэг талыг барьсан гэж үзэж байна гэхээр ажлын хэсэг яагаад цахим программыг үздэггүй, бусад журмуудыг яагаад судалдаггүй вэ. Тухайн өрхийн эрүүл мэндийн төв буюу анхан шат хариуцсан мэргэжилтэн Ж.Нд www.e-hospital.mn. гэдэг цахим программ харагдаж байгаа. Үүнээс статистик тоон мэдээллүүд харагддаг. Нарийн шалгах ёстой юмнуудыг шалгахгүй журмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Шалгуур үзүүлэлтийн дагуу судалгаанууд байсан. Нэг жилийн хугацаандаа хийх ёстой ажлын төлөвлөгөө байгаа,тайлан байсан. Тоон мэдээ зөрүүтэй байна гэдэгт л үнэлэлт дүгнэлт өгсөн.
Өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 1.1.3-д заасан ажлыг огт хийгээгүй юм шиг ийм үнэлгээ тавьж байгааг бид үнэхээр зөвшөөрөхгүй. 3 цахим программаас харахад бүх юм нь байгаа. Энэ шалгуур үзүүлэлтүүдийн зарим хэсэгт оноо өгөхдөө бутархай оноо өгсөн хэсгүүд нь журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байна. 4.4-т жишээ нь 70-79-ийн хооронд байх юм бол 3 оноо гээд бүхэл оноо тавих юм байна. Үнэлгээг 2-оор үржүүлэх талаар 4.7-д заасан байна. Ажлын хэсгээс шүүх хуралдааны шатанд зарим хэсэгт оноо өгөөд 2-оор үржүүлээгүй орхичихсон гэдгийг бид нар зөвшөөрч байна гэсэн. Ажлын хэсэгт орж байгаа гишүүдийн зарим нь өөр аргачлалаар тооцоог гаргаж байгаад нь эргэлзэж байна. Ажлын хэсэг оноо өгөхдөө өөр өөр аргачлалаар үнэлгээ өгч байсан байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Гэрээний хэрэгжилтийн үнэлгээ дүгнэлтийг үндэслэн төвийн гэрээг сунгах, гэрээг дуусгавар болгох эсэхийг доор дурдсанаар шийдвэрлээд явах ёстой. Хариуцагч Эрүүл мэндийн газрын даргын төлөөлөгч гэрээг шууд цуцлах болсон 2 үндэслэл байгаа гэж байна. Журмын 5.3.7-т “Багаар ажиллаагүй, төвийн даргын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээ алдагдахад хүрсэн ноцтой зөрчил илэрсэн” гэсэн. Ноцтой ямар зөрчил илэрсэн юм бэ гэдгийг дурдаж тайлбарлаагүй. Тиймээс энэ үндэслэлээр гаргасан мэдэгдэх хуудас нь үндэслэлгүй.
Гэрээний хоёр тал болох захиалагч Засаг дарга болон Эрүүл мэндийн газар хоёулаа нийлээд нэг субъект. Гэрээгээ дүгнээд гэрээг үргэлжлүүлэх үү, дуусгавар болгох уу гэдгийг хамтдаа ярилцаж байгаад шийдэх ёстой. Гэтэл ийм зүйл болоогүй. Зөвхөн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сээс нэг талын санаачилгаар гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгч байгаа нь энэ журмыг зөрчиж байгаа хэрэг. Журмын заалт дээр хамтдаа дүгнэнэ гэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжтой. Ажлын хэсгийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хуульд нийцээгүй, үнэлгээ нь бодит бус журамд заасны дагуу үнэлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжтой” гэв.
5. Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хариу тайлбартаа:
“1. 2022 онд Эрүүл мэндийн сайдын А/104 дугаар тушаал батлагдсанаар үнэлгээний шинэ журам батлагдан хэрэгжиж эхэлсэн. Тухайн үнэлгээ хийх ажлын хэсгийг Засаг даргын А/391 дугаар захирамжаар баталсан. Р өрхийн эрүүл мэндийн төвд 2022 оны үнэлгээ хийхэд хагас жилд 78.4%, бүтэн жилд 57.8% хангалтгүй үнэлгээ авсан. Тухайн үед Эрүүл мэндийн газрын дарга тухайн үеийн нөхцөл байдал хүнд байсныг харгалзаж үзээд Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэн жилийн үнэлгээг 80% буюу “хангалттай” үнэлгээ өгч тэнцүүлж, тухайн хяналт шалгалтын үед “хангалтгүй” оноо авсан шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөмж явуулсан боловч зөвлөмжийн биелэлт нь мөн адил хангалтгүй байсан. Мөн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн шийдвэрт Эрүүл мэндийн газрын дарга оролцох эрхгүй байсан тул өөрийн гаргасан алдаагаа залруулах тухай 616 тоот албан бичгийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргад хүргүүлэн ажилласан.
2. Аймгийн Засаг даргын 2022 оны А/391 дугаар захирамжаар өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалган үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг хугацаагүйгээр байгуулсан ба хүний нэр дурдаагүй тул албан тушаалтан өөрчлөгдсөн ч ажлын хэсгийг шинээр байгуулах шаардлага байхгүй байна. Тийм учраас Засаг даргын 2022 оны А/391 дугаар захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг нь 2023 оны хагас жилийн гүйцэтгэлийн гэрээнд хяналт, дүгнэлт хийсэн. 2023 оны хагас жилийн гэрээний хэрэгжилтийн хяналт дүгнэлтийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулсан. Хяналт шалгалтыг хойшлуулан явуулах болсон шалтгаан нь Монголын өрхийн ангаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Нийн Эрүүл мэндийн газрын даргад гаргасан 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/03 тоот хүсэлтэд гэрээний хэрэгжилтийн хяналт дүгнэлт хийх хугацааг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зохион байгуулж өгөхийг хүссэн. Ийнхүү албан ёсоор ирүүлсэн хүсэлтийг нь Эрүүл мэндийн газрын дарга хүндэтгэн үзэж, хүлээн аваад хяналт дүгнэлтийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар товлож, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэдэгдсэн.
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаалын 1-р хавсралтаар баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам”-ын 3.6 дах хэсэгт “Гүйцэтгэгч тал гэрээний хэрэгжилтийн тайланг гэрээний хэрэгжилт дүгнэхээс 21 хоногийн өмнө бичиж, аймаг , нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн байх ба ажлын хэсгийн гишүүд тайлантай урьдчилсан танилцсан байна” гэж заасан. Гэвч Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н өөрийн хувийн фейсбүүк чатаар 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр буюу хугацаа хэтрүүлж явуулсан.
3. Р өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн гэрээний гүйцэтгэлийн хяналт дүгнэлт хийх ажлын хэсэгт Эрүүл мэндийн газрын дарга байхгүй бөгөөд тус ажлын хэсгийг 2022 оны А/391 дугаартай захирамжаар 9 хүний гишүүнтэйгээр баталсан. Тус ажлын хэсэг нь батлагдсанаас хойш 3 дахь удаагаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гэрээний гүйцэтгэлийн хяналт, дүгнэлт хийсэн. Энэхүү хяналт, дүгнэлт хийхэд урьд нь ямар нэгэн санал ,гомдол гаргаж байгаагүй бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бүх өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дүн танилцуулах хуралд оролцсон бүх гишүүдэд хяналт, дүгнэлтийн дүнг танилцуулж, гарын үсэг зуруулахад бүгд ил тод, маш шударга дүгнэсэн гэж хэлж байсан. Мөн Эрүүл мэндийн газрын дарга нь 2022 оны бүтэн жилийн гэрээний гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд бүх өрхийн эрүүл мэндийн төв “хангалтгүй” оноо авахад төвүүдийн санал, тухайн үеийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж 80% буюу “хангалттай”-аар тэнцүүлэх арга хэмжээ авч байсан. Ийнхүү тэнцүүлэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөвлөмж хүргүүлж, Эрүүл мэндийн газрын даргаар удирдамж батлуулсан. Уг удирдамжийн дагуу удаа дараа танхимын болон ажлын байрны сургалтуудыг зохион байгуулж туслан дэмжиж ажилласан. Гэвч 2023 оны хагас жилийн ажлын гүйцэтгэлийн хяналт дүгнэлтээр 46.3% буюу “хангалтгүй” оноо авсан тул холбогдох арга хэмжээ авсан.
4. Р өрхийн эрүүл мэндийн төв нь 2023 оны хагас жилийн гэрээний гүйцэтгэлийн хяналт дүгнэлтэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлгээс 32.69%, удирдлага ,манлайлал бүлгээс 13.63% буюу аль аль бүлгээс “хангалтгүй” үнэлгээ авсан. “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох” журмын 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дараах тохиолдолд төвийн гэрээг шууд цуцална гэж заасан. 5.3.4-т “Гүйцэтгэгч талын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүлгийн нийлбэр оноо нь “хангалтгүй” гэж дүгнэгдсэн” гэж заасан. Тиймээс Р өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээг гүйцэтгэгч талын саналыг харгалзахгүйгээр шууд цуцалсан нь хуулийн үндэслэлтэй байна. Мөн аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга болон Р өрхийн эрүүл мэндийн төвийн хооронд байгуулагдсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны гэрээ бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйл буюу ажил гүйцэтгэх гэрээний суурь зохицуулалт оршдог болно. Тус ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажлын үр дүн буюу гэрээний гүйцэтгэл байх тул тус өрхийн эрүүл мэндийн төвийн ажлын үр дүнг Засаг даргын захирамжаар баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг дүгнэдэг. Тиймээс хангалтгүй үнэлгээ авсан өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гүйцэтгэлийн гэрээг цуцлах үндэслэлтэй байна.
Иймд Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээг цуцлах тухай мэдэгдэл, ажлын хэсгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд хийсэн гүйцэтгэлийн гэрээний хагас жилийн биелэлтэд хийсэн хяналт үнэлгээний дүнгийн хуудас нь тус тус хууль, дүрэмд заасны дагуу хийгдсэнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 94.1, 94.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Р өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн газраас 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргасан захиргааны актыг хүлээн авснаар хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Журмын нийтлэг үндэслэлийн 1.2-т “Гэрээний захиалагч тал нь аймаг, нийслэлийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, гүйцэтгэгч тал нь өрхийн эрүүл мэндийн төвийн дарга байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Эрүүл мэндийн газрын дарга нэг тал болж байгаа учраас энэхүү гэрээг 3 талт гэрээ, гурвуулаа адилхан эрх үүрэгтэй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Ажлын хэсгийн талаар тайлбар хэлэхэд, ажлын хэсэг гэдэг нь хамтраад нэг тал болж байгаа Эрүүл мэндийн газар болон Засаг даргын төлөөлөл бүхий 9 хүний гишүүнчлэлтэй ажлын хэсэг байгаа. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлт гарч байна гэдэг нь Эрүүл мэндийн газар болон Засаг даргын хамтарсан шийдвэр үнэлгээ гэсэн үг. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн газрын ажилчдын ихэнх нь орсон, бараг Эрүүл мэндийн газар үнэлгээ хийсэн гэсэн тайлбарыг хэлж байна. Засаг даргын А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Эрүүл мэндийн газрын буюу байгууллагын тушаал биш. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Засаг дарга өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд энэхүү ажлын хэсгийг байгуулсан. 104 дүгээр тушаалын 3.3-т албан тушаалын төлөөлөл байна гэж заасны дагуу 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Нэхэмжлэгч талаас өрхийн анагаахын чиглэлийн ба үйлдвэрчний эвлэлийн төрийн бус байгууллагаас 2-оос доошгүй төлөөлөл орсон байх ёстой. Гэтэл энэхүү ажлын хэсэг дээр нь ганцхан төлөөлөгч орсон байдаг гэж маргаж байгаа. Ажлын хэсэг нь хамгийн дээд тал нь 9 гишүүнтэй байх ёстой. Энэхүү журмын 3.3.1-д Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нь байна гэж заасан байгаа. Дараагийн албан тушаалтнуудыг дурдсан байгаа. Өрхийн анагаахын чиглэлийн ба үйлдвэрчний эвлэлийн төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөлөл гэж дурдсан байдаг. Гэтэл тэрнээс өмнө 8 мэргэжилтнийг дурдсан байгаа учраас 2 төлөөллийг оруулах юм бол 10 гишүүн болж алдаа дутагдал гарсан учраас тухайн үед төрийн бус байгууллагын нэг төлөөлөгчийг оруулсан.
Хавтаст хэрэгт Засаг даргаас хэд хэдэн удаа албан тоот, мэдэгдэл, өөрийнх нь өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг авагдсан.Эдгээр Засаг даргын албан тоот болон мэдүүлгээс харахад, Эрүүл мэндийн газрын дарга ганцаарчилсан шийдвэр гаргасан, надад мэдэгдээгүй, би мэдээгүй, оноо нь дутуу, хангалтгүй байсан ч ажил сайжруулах арга хэмжээ авах ёстой байсан гэсэн тайлбаруудыг өгсөн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т“Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 5.5-т “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүний баталсан 104 дүгээр тушаалыг хэрэгжүүлэгч байгууллага нь Эрүүл мэндийн газар байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн ажил үйлчилгээг гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллагын хувьд төрөөс орон байр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр хангахын тулд Засаг дарга нь нэг захиалагч болж орж ирж байгаа. Р өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээнд Засаг даргын эрх, үүргийг тусгасан байдаг. Орон байраар хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад тусламж дэмжлэг үзүүлэх гэх мэтчилэн орсон байдаг болохоос хяналт шалгалт тавих, түүнийг хэрэгжүүлэх тал дээр ямар нэгэн эрх үүрэг бол дурдаагүй байдаг. Энэхүү өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, түүнтэй холбоотой гэрээг цуцлах, дараагийн өрхийг шалгаруулах үндсэн эрх нь Эрүүл мэндийн газарт байдаг учраас тус ажлын хэсгийн үнэлгээг үндэслээд энэхүү шийдвэрийг гаргасан нь үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас хагас жилийн хяналт үнэлгээний хуваарийг Эрүүл мэндийн газрын даргаас гаргасан, үүнийг журмын дагуу Засаг дарга батлах ёстой байсан гэсэн зүйлийг хэлж байгаа. Эрүүл мэндийн газраас Засаг даргаас гаргахгүй, бид нар гаргачихъя гэсэн зүйлийг дурдаагүй. Засаг дарга энэхүү үүргээ мэдэж байсан.
Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс харахад, хяналт шалгалт ирнэ гэдгийг мэдэж байсан. Үүнийг өмнөх дарга болох М.А хэлж байсан бүгд дор дороо бэлтгэлээ хийгээд байж байсан. Тэгээд дараагаар нь С.Н даргаар томилогдож ирэнгүүтээ тухайн нэр бүхий 6 мэргэжилтнийг та нарыг М.А хууль бус шийдвэр гаргаж ажилд авсан байна, тийм учраас та нарыг хална гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Дараагаар нь ажилчдадаа хяналт шалгалтдаа бэлтгэх гэсэн ямар нэгэн зааварчилгаа өгөхгүй байж өөрөө тайлангаа боловсруулан бичингүүтээ гарын үсэг зуруулаад хүргүүлсэн зүйл ажиглагдаж байгаа. С.Н нь өөрөө шинээр ажилд томилогдчихонгуутаа өөрөө ажилдаа хайнга хандаж ажлаа дүгнүүлж чадаагүй байж би ажлаа хийчихсэн байсан,ажлын хэсэг захиалгаар манай ажлыг дүгнэхгүй унагаасан гэж байгаа нь үндэслэлгүй.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан үнэлгээ хийх, татан буулгах, шинээр байгуулах үүргийг Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тус үүргийг хэрэгжүүлэхийнхээ хүрээнд ямар нэгэн байдлаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрхийг нь хязгаарлаагүй. Эрүүл мэндийн газрын дарга ажлаа сайн хийгээрэй гэсэн шаардлага тавьсан. Тэрнээс биш дарамталсан зүйл байхгүй.
104 дүгээр тушаалын 4.4, 4.5-ыг ашиглаад оноо өгөөгүй бутархай оноо өгөх ёсгүй гэсэн зүйлийг ярьж байна. 4.4, 4.5-ыг харахад, 60-69% байх юм бол 2 оноо, 70-79 байх юм бол 3, 80-90% бол 4, 90-100% бол 5 оноо гэсэн байгаа. Ажлын хэсгийн өгсөн үнэлгээ та нарт ашигтай юм биш үү гэдгийг хэлмээр байна. Тэрнээс биш 1-5-ын хооронд ажлын хэсгийн гишүүд бүгд үнэлгээ өгөөд явсан” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлага нь мэдэгдэх хуудас болон үнэлгээг хүчингүй болгоё гэсэн. Энэ шаардлагын үндэслэлээ Засаг даргын 2022 оны А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбоод тайлбарлаад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нь харахаар энэ захирамжтай холбоотой шаардлага байхгүй. Мөн Засаг дарга энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй. Энэ захирамж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбоотой шаардлага байхгүй учраас энэ захирамжийн үр дагавар хууль зүйн үндэслэлд маргаад байх шаардлага байхгүй байх. Энэ захирамж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна.
Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд зааснаар Засаг даргын оролцох эрх хэмжээний асуудлыг тухайлан заасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 ,12 дугаар зүйлд Засаг даргын оролцох эрх хэмжээ болон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын бүрэн эрхийг тухайлан заасан. Бүх шатны Засаг дарга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тухайлан оролцох эрхгүй. Засаг даргаас эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх, зохион байгуулалтын, эдийн засгийн шинжтэй асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцдаг бол Эрүүл мэндийн газрын дарга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлдэг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн бэ, энэ захиргааны акт нь ямар эрх зүйн үндэслэлтэй байгаа бэ гэдэг хууль зүйн үндэслэлийг тайлбарлах ёстой.
Ажлын хэсэг үнэлгээгээ өөрсдөө дүгнэдэг. Энэ үнэлгээнд Засаг дарга оролцоод үнэлгээг нь өөрчлөх эрх байхгүй. 2022 онд 80% авсан үнэлгээтэй талууд маргаагүй гэсэн тайлбар хэлээд байна. Шүүхээс зөрчигдсөн эрхийг сэргээх эсэх асуудлыг яриад байна. 2022 онд 80%-ийн үнэлгээ өгсөн ажлын хэсэг 2023 онд дахиж үнэлгээ гаргасны төлөө таны эрх ашиг энэ ажлын хэсгийн зүгээс яаж зөрчигдөөд байгаа бэ гэдгийг үндэслэл бүхий байдлаар тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, захирамжийн дагуу хагас, бүтэн жилээр дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг яаж зөрчив,ажлын хэсэг нь Засаг даргын захирамжаар байгуулагдсан, тухайн ажлын хэсэг ажилласнаар нэхэмжлэгчийн эрх ашгийг яаж зөрчив гэдэг асуудлаар тодорхой тайлбарлах ёстой. Энэ хүрээнд тайлбарлаагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж ойлгож байна.
Ажлын хэсгийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн журналуудыг нэг бүрчлэн танилцууллаа. Гэрч нар мөн тайлбарласан. Бодит тоонд буюу бодит нөхцөл байдалд үндэслэжээ. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтууд хуурамч гээгүй ч агуулгын хувьд зөрчилтэй гэдгийг гэрч нар танилцуулсан. Гэрч нарын мэдүүлгээс харахад нэхэмжлэгч тайлангаа өөрөө хийсэн юм байна. Тэгээд өөрөө хийхдээ тооны хувьд гэдэг юм уу, техникийн шинжтэй алдаа гаргасан үйлдэл байна. Өрхийн эрүүл мэндийн төвд бусад ажилладаг эмч, сувилагч нарын мэдүүлгээр ч бидэнд тайлан танилцуулж байгаагүй гэж өөрсдөө нотлоод байна. Гомдол нэхэмжлэлд дурдаад байгаа тоо бүгд үндэслэлгүй юм байна. Өөрөөр хэлбэл энэ бүгд худлаа болох нь таны тайлбараар тодорхой болж байна. Тэгэхээр буруу тоонд үндэслээд байгаа тайланг шүүхээс яаж дүгнэх вэ, яаж хуурамч нотлох баримт биш гэж үзэх вэ. Үүнийг үзэх боломжгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т хэргийн оролцогч нар үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж байгаа. Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч нотлох баримт гаргахыг хориглодог. Үүнтэй холбоотой нотлох баримт гарсан тохиолдолд хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийн дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож болохгүй буюу хуульд заасан журмыг зөрчиж авсан нотлох баримт гэж үзэх хэмжээний асуудал байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох”-оор байдаг. Нэгэнт 2-оор үржүүлээгүй асуудлыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой ажлын хэсгийн үнэлгээнд байгаа хангалтгүй үнэлгээг 2-оор үржүүлэхэд таны хэлээд байгаа ажил сайжруулах авахгүй. Мэдэгдэх хуудас, үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгох боломж алга. Харин үндэслэлгүй тоо мэдээллийг үндэслэн оноо авсан асуудал байна.
Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн сайдаас баталсан заавар, журам тушаалын хүрээнд Эрүүл мэндийн газрын дарга шийдвэрээ гаргасан. Ингэхдээ ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
6. Хариуцагч аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хариу тайлбартаа:
”Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дугаар тушаалын дагуу 2023 оны хагас жилийн байдлаар хяналт, дүгнэлт хийхэд Р өрхийн эрүүл мэндийн төв нь I бүлэг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 1.1.1. Үйлчлэх хүрээний хүн амын эрүүл мэндийн хяналт хэсгээс 10 оноо авах ёстойгоос 1.7 оноо авсан.
Үйлчлэх хүрээний нийт хүн амын судалгааг 1 эмч л гаргасан, бусад нь дутуу. Эмчлэн эрүүлжүүлсэн, эрүүл мэндийн бүлэг дээшилсэн хүний тоо тайлангуудаас харах боломжгүй. Хүн амын эрүүл мэндийн хяналтад авах төлөвлөгөө гаргасан боловч дутуу, хэрэгжүүлэн ажилладаггүй. Мөн насны бүлэг бүрээс 10 хяналтын картыг түүвэрлэн үзэхэд эхний долоо хоногт гэрээр үзлэг хийж, дүгнэлт бичсэн нь сайн боловч 2 сартайгаас 5 хүртэлх настай хүүхдийн гэрийн эргэлт хийгдээгүй. Эмчийн үзлэгийн бүртгэл, өрхийн эмчийн 3а, 3б маягт хөтлөгдөөгүй. Цэцэрлэгт очиж үзлэг хийсэн тайлан байхгүй, бүртгэсэн анхан шатны маягтууд нь дутуу. Үйлчлэх хүрээний хүн амын тоо нь 6958, үүнээс 0-5 хүртэлх настай хүүхэд 921 боловч хүүхдийн эрүүл мэндийн хяналт хийгддэггүй, гэрийн эргэлтийн төлөвлөгөө гаргадаг боловч хэрэгжүүлдэггүй.
1.1.3 Тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэг хэсгээс 10 оноо авах ёстойгоос 0 оноо авсан. Урьдчилан сэргийлэх үзлэгийн төлөвлөгөө, тайлан байхгүй. Хамрагдалтын хувь гаргаагүй. Үзүүлэх материал байхгүй гэсэн.
1.1.4 Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хэсгээс 5 оноо авах ёстойгоос 2 оноо авсан.
Хяналт шалгалтын үед Р өрхийн эрүүл мэндийн төвийн гаргаж өгсөн өөрийн үнэлгээний тайлангаар нийт хамрагдах ёстой 960 хүн амаас бүртгэлийн программд 506 иргэнийг бүртгэсэн байсан. Үүнийг хувиар бодож үзэхэд 52.7% гарсан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтын ЭИМ 3-1-А маягт, АМ11 хавсралт-1 хяналтын картыг тус тус хөтлөөгүй байсан тул оноо хасуулсан. Тухайн үед Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтний гаргасан статистик тоогоор 2023 оны 6 дугаар сарын байдлаар Р өрхийн эрүүл мэндийн төв нь цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэх үзлэгт хамрагдах ёстой 1673 хүн ам гарсан. Уг тоог хяналт шалгалтын үед илэрсэн бүртгэлийн ehospital.mn программд бүртгэлтэй байсан 506 иргэнтэй харьцуулж, хувиар бодож үзэхэд 30%-ийн биелэлттэй байсан.
Хяналт шалгалтын үед Р өрхийн эрүүл мэндийн төвийн гаргаж өгсөн өөрийн үнэлгээний тайлангаар нийт хамрагдах ёстой 588 хүн амаас бүртгэлийн программд 682 иргэнийг бүртгэсэн байсан. Үүнийг хувиар бодож үзэхэд 115.9% гарсан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтын ЭИМ 3-1-А маягт, АМ11 хавсралт -1.1 хяналтын картыг тус тус хөтлөөгүй байсан тул оноо хасуулсан. Тухайн үед Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтний гаргасан статистик тоогоор 2023 оны 6 дугаар сарын байдлаар Р өрхийн эрүүл мэндийн төв нь чихрийн шижинг эрт илрүүлэг үзлэгт хамрагдах ёстой 1358 хүн ам гарсан. Уг тоог хяналт шалгалтын үед илэрсэн бүртгэлийн ehospital.mn программд бүртгэлтэй байсан 682 иргэнтэй харьцуулж хувиар бодож үзэхэд 50%-ийн биелэлттэй байсан.
Хяналт шалгалтын үед Р өрхийн эрүүл мэндийн төвийн гаргаж өгсөн өөрийн үнэлгээний тайлангаар нийт хамрагдах ёстой 210 хүн амаас бүртгэлийн программд 129 иргэнийг бүртгэсэн байсан. Үүнийг хувиар бодож үзэхэд 61.42% гарсан. Тухайн үед Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтний гаргасан статистик тоогоор 2023 оны 6 дугаар сарын байдлаар Р өрхийн эрүүл мэндийн төв нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэг үзлэгт хамрагдах ёстой 238 хүн ам гарсан. Уг тоог хяналт шалгалтын үед илэрсэн бүртгэлийн ehospital.mn программд бүртгэлтэй байсан 129 иргэнтэй харьцуулж хувиар бодож үзэхэд 54,2%-ийн биелэлттэй байсан.
Хяналт шалгалтын үед Р өрхийн эрүүл мэндийн төвийн гаргаж өгсөн өөрийн үнэлгээний тайлангаар нийт хамрагдах ёстой 497 хүн амаас бүртгэлийн программд 466 иргэнийг бүртгэсэн байсан. Үүнийг хувиар бодож үзэхэд 93.7% гарсан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтын ЭИМ 4.1 маягтыг хөтлөөгүй байсан тул оноо хасуулсан. Тухайн үед Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтний гаргасан статистик тоогоор 2023 оны 6 дугаар сарын байдлаар Р өрхийн эрүүл мэндийн төв нь хөхний хорт хавдрыг эрт илрүүлэг үзлэгт хамрагдах ёстой 1374 хүн ам гарсан .Уг тоог хяналт шалгалтын үед илэрсэн бүртгэлийн ehospital.mn программд бүртгэлтэй байсан 466 иргэнтэй харьцуулж хувиар бодож үзэхэд 33.4%-ийн биелэлттэй байсан.
1.1.5 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 1 оноо авсан. Үзлэгт хамруулсан хүний мэдээлэл байхгүй байсан. Эмч бүрд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн судалгааны бүртгэлтэй болсон, шинэчилж байгаа боловч нэгтгэж гаргасан судалгаа байхгүй, жирэмслэлтээс сэргийлэх 131 хүнд хэрэглэсэн нь 50%-аас бага байна.
1.1.6 Зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэнд тусламж, үйлчилгээний хэсгээс 5 оноо авах ёстойгоос 2.4 оноо авсан. Зорилтот бүлгийн иргэдийн эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ хангалттай зохион байгуулаагүй, үр дүнг тооцож ажиллаагүй байна.
1.2.1 Оношилгоо, эмчилгээний технологийн мөрдөлт хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3.75 оноо авсан. Стандарт, зааврын мөрдөлтийн хувь 85%-тай. Багцад заасан лабораторийн шинжилгээг бүрэн хийдэггүй.
1.2.2 Бүртгэгдсэн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 0 оноо авсан. Эрүүл мэндийн эрсдэлт бүлгийн хүн амын бүртгэл зөрүүтэй, худлаа гаргасан. Тусламж, үйлчилгээ хангалтгүй үзүүлсэн. Эрүүл мэндийн сайдын 611 дүгээр тушаалын дагуу бүртгэж, хяналтдаа аваагүй, гэрийн эргэлт болон өдрийн эмчилгээ 6 сарын хугацаанд 3 эмч нийлээд 123 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн ба энэ нь 16.2% буюу маш хангалтгүйгээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдийн MNS 5292-2017 стандартын 15.1.3, 15.1.4 болон 17.4 дэх заалтыг мөрдөж ажиллаагүй байна.
1.2.3 Яаралтай тусламж, үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 2.33 оноо авсан. Гардан үйлдэл хийлгэхэд отсосыг ажиллуулж чадахгүй байсан. Яаралтай тусламжийн сургалтын үр дүн хангалтгүй, яаралтай тусламжийн хуудсыг буруу хөтөлдөг, яаралтай тусламжийн шүүгээний түлхүүр байхгүй гэсэн тайлбартай үзүүлээгүй болно. Бүх эмч, эмнэлгийн ажилчид нь том хүний яаралтай тусламжийн богино хугацааны сургалтад хамрагдсан боловч глазгогийн үнэлгээний тухай мэдлэг сул, хангалтгүй байна. Хүүхдийн яаралтай тусламжийн сургалтад хамрагдаагүй.
1.2.6 Сэргээн засах тусламж, үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3.6 оноо авсан. Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшүүлэх чиглэлээр эмч, сувилагчийг сургасан байна. Сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх чийрэгжүүлэлтийн өрөөтэй боловч зориулалтын тусдаа өрөө байхгүй. Амбулаториор болон гэрээр сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлсэн арга хэмжээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт бичээгүй. Сэргээн засах тусламж, үйлчилгээний өрөөний халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байна.
1.2.7 Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ хэсгээс 10 оноо авах ёстойгоос 2 оноо авсан. Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Сургагдсан мэргэжилтэнгүй. Хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй.
1.2.8 Өдрийн эмчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3.6 оноо авсан. Эрүүл ахуйн шаардлага хангасан өдрийн эмчилгээний өрөөтэй байсан. Өдрийн эмчилгээнд хамрагдсан нийт хүн амын тоо өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлтэй байсан. Өдрийн эмчилгээний өвчний түүх бичилтийн стандарт, мөрдөлт хангалтгүй, оношны үндэслэл дутуу бичдэг, эмийг олон улсын нэршлээр бичээгүй, ихэнх эмийг худалдааны нэрээр бичиж, адилхан үйлдэлтэй эмийг нэг хүний эмчилгээнд давхар бичсэн байна.
II Бүлэг, Төвийн удирдлага, манлайллын 2.1 Засаглал, удирдлагын манлайлал хэсгээс 5 оноо авах ёстойгоос 2.2 оноо авсан.
Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр томилогдож ажилласнаас хойших хугацаанд төвийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллаж байгаа боловч төвийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэн, манлайлан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж, өөрийнх нь хэлснээр нөхөрлөлийн гишүүдийн нөлөөнд автаж, 5 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан нь багаар ажиллах зарчим, багийн хамт олны саналаар, бүх гишүүдийн хурлаар асуудлаа шийдвэрлэх үнэт зарчмаа ноцтой зөрчсөн байх ба түүнийгээ хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь эмч , эмнэлгийн ажилтны ёс зүйн зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн үйл ажиллагааны биелэлтээ хамт олондоо тайлагнаагүй, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтоолцоо, ил тод байдал хэрэгжээгүй, ажилтнуудын 1-р улирлын урамшуулал одоо болтол олгогдоогүй. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилготой Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим портал сайтын хэрэгжилт хангалтгүй, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж доогуур, нөхөрлөлийн гишүүдийн эмнэлгийн мэргэжилтний түвшин хангалтгүй, 2 гишүүн нь тэтгэвэрт гарсан хүмүүс байгаа зэрэг зөрчлүүд илэрлээ. Аймгийн Засаг даргад Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч, доктор профессор С.Ламбаагаас “С.Нийн маш олон зөрчил гаргаж байсан тухай” 2023 оны 6 дугаар сарын 20-ны 68 тоот албан бичиг ирүүлсэн.
Тус өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олны зүгээс тус төвийн удирдлагатай холбоотой асуудлаар аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Засгийн газрын 11-11 төвд ирсэн гомдол мэдээлэл нийт 8 байна. Нөхөрлөлөөс гарсан шийдвэртэй холбоотой тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалын маргаанаас болж 2023 онд шинээр бүтэц, орон тоо батлаагүй, цалин тогтоосон тушаал гаргаагүй. Ажилчдын 5 дугаар сарын цалинг тухайн сард багтаж олгоогүй. Нөхөрлөлийн гишүүнд хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний хувь 70% байх ёстойгоос 50%-тай байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн хувь 0% буюу хяналт дүгнэлт хийх өдөр тухайн өрхийн эрүүл мэндийн төвд үйлчлүүлэхээр ирсэн ирсэн иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллахад гэрийн эргэлт хийдэггүй, нярайн хяналт байхгүй гэх мэт санал гомдол хэлж байсан. Сэтгэл ханамжийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт 0%-тай байна.
2.3 Хүний нөөцийн хөгжил 5 оноо авах ёстойгоос 1.5 оноо авсан. Стандартын дагуу эмнэлгийн мэргэжилтнээр хангагдсан хувь 41%-тай ба 6 хүнийг ажлаас нь халсан тул эмч, эмнэлгийн мэргэжилтний ихэнх нь хавсран ажиллаж байгаа. Албан хаагчдын шилжилт хөдөлгөөний хувьд ажлаас гэнэт халагдсан 6 хүн байна. Шилжилт хөдөлгөөн маш их. Албан хаагчдын 70-аас дээш хувь нь 3-с дээш жил ажиллаагүй байна. Хүний нөөцийн төлөвлөгөө үзүүлээгүй, байхгүй гэсэн. Өрхийн анагаах, хүүхэд болон бусад нарийн мэргэжлийн мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний эзлэх хувь- эмнэлгийн мэргэжилтний 60% мэргэшсэн байна. Багц цагийн сургалтад 16.6% хамрагдсан байна.
2.4 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлага хэсгээс 5 оноо авах ёстойгоос 1.5 оноо авсан. 3 жилээр магадлан итгэмжлэгдсэн. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт 75% , чанар аюулгүй байдлын дотоод сургалтуудыг явуулдаг боловч эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг хангалтгүй байна. Эмнэл зүйн тохиолдлуудыг бүртгэдэггүй. Чанар, аюулгүй байдлын дотоод хяналт хийх график гаргаагүй, дотоод хяналт хангалтгүй хийгддэг. Хяналтын хуудас ашиглан үнэлгээ хийж, авсан арга хэмжээний хэрэгжилт гэдэгт хяналтын хуудасны тоо хангалтгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/536, А/537, А/538, А/539, А/505 дугаар тушаалуудын хэрэгжилт хангалтгүй.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн халдварын сэргийлэлт ,хяналтын багийг Эрүүл мэндийн сайдын А/536 дугаар тушаалын 1.5.5 дахь заалтад заасан албан тушаалын ажилтнуудыг оролцуулан дахин гаргаагүй. Эрүүл мэндийн сайдын А/536 дугаар тушаалын 5 дахь заалтын дагуу халдварын сэргийлэлт, хяналтын баг нь үйл ажиллагааны чиг үүргийг мөрдөж багаараа ажиллаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй. Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тушаал, зааврын хэрэгжилтийг тусгаагүй, хангалтгүй. Халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг сайжруулах дотоод сургалтыг удирдамж ,хөтөлбөр гаргаагүй. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/536 дугаар тушаалын хэрэгжилт хангалтгүй. Эрүүл мэндийн ажилтныг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авдаг байх, бүртгэгдсэн тохиолдол бүрийг мэдээлээгүй. Эрүүл мэндийн ажилтныг жилд 1-ээс доошгүй удаа халдвар илрүүлэх үзлэг ,шинжилгээнд хамруулаагүй. Эрүүл мэндийн ажилтны дархлаажуулалтын нэгдсэн бүртгэл, судалгаа гаргаагүй. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу үнэлгээ хийгдээгүй. Улсын бүртгэлд бүртгэгдсэн цэвэрлэх, халдваргүйжүүлэх бодисыг зориулалтын дагуу ашигладаг байх, нэр төрлийг нэмэгдүүлээгүй. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх тандалтыг бүрэн хийгээгүй, дутуу. Шинэ вирусийн халдвар, халдварт өвчний дэгдэлтэд эмнэлгийн бэлэн байдлыг хангаж ажиллаагүй. Халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах төлөвлөгөө гаргаагүй. Халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө байхгүй. Угаалгын хэсэг нь цэвэр, бохир хэсгээр тусгаарлагдаагүй, өрөө тасалгаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй.
2.5 Тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, баталгаажилт хэсгээс 5 оноо авах ёстойгоос 4.2 оноо авсан.
2.6 Санхүүжилт хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3 оноог авсан. Нөхөрлөлөөс гарсан шийдвэртэй холбоотой тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалын маргаанаас болж 2023 онд шинээр бүтэц, орон тоо батлаагүй, цалин тогтоосон тушаал гаргаагүй. Ажилчдын 5 дугаар сарын цалинг тухайн сард багтааж олгоогүй. Мөн эмч, ажилчдад 4 дүгээр сард олгох нэгдүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг дүгнэж олгоогүй. Гэрээр үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон гэрийн эргэлт хийхэд өмнөх өгсөн зөвлөмжийн дагуу эмч, ажилчдад шатахуун олгоогүй. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд хөрөнгө зарцуулаагүй, нөхөрлөлөөс төсвийн хуваарь баталсан эрхийн акт гараагүй. Тухайн хяналт үнэлгээний хугацаанд хувь хүний орлогын албан татвараас 4.2 сая төгрөгийн авлагатай байсан. Нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан гаргаж, баталгаажуулаагүй. Тухайн жилээс эхэлж улсын хэмжээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд шилэн дансанд мэдээлэл байршуулахгүй байгаа учир opendata.mn буюу 1313.mn-д санхүүгийн мэдээлэл шивж байгаа байдал болон төсөв санхүүгийн ил тод байдлын самбар ажиллуулсан эсэх, ажилчид нь төсөв, санхүүгийн мэдээлэлтэй байгаа эсэхийг харгалзан үзэж үнэлэхэд, санхүүгийн ил тод байдал хангалтгүй. Ажилчдад эхний 6 сарын төсвийн орлого, зарлагын талаар танилцуулаагүй. Төсөв, санхүүгийн ил тод байдлын самбар дээр тогтмол шинэчилж мэдээлэл байршуулаагүй. Худалдаж авсан бараа материал болон хөрөнгийг хуулийн дагуу 100% тусгаж ажилласан байна” гэжээ.
Хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Р өрхийн эрүүл мэндийн төвийн тайланг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авчирч өгсөн. Тайлантай танилцах бүрэн боломжийг бид нарт бүрдүүлж өгөөгүй. Дээрээс нь тухайн тайлан нь бол маш хангалтгүй бичигдсэн. Ажлын хэсэгт ямар хүмүүс орж ажиллах вэ гэдэг нь сайдын тушаалд тусгагдсан байгаа. Сайдын тушаал дээр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга, эсхүл Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга гэж заасан байгаа. Эсхүл гэдэг чинь энэ 2 хүний аль нэг нь байж болно гэсэн утгатай байгаа. Сайдын тушаалын дагуу 4.7 дээр шалгуур үзүүлэлтийн 1, 3, 10, 11, 13 дугаар үзүүлэлтийн нийлбэр онооны дунджийг 2 дахин үржүүлж бодно гэж заасан.Сайдын тушаал дээр заасан учраас бид тэр шаардлагыг бүрэн бүрдүүлж ажилласан. Манай ажлын хэсэг тэрний дагуу оноог нь тавьсан.
Ажлын хэсэгтэй холбоотой тайлбараа хэлье. 1.1.1 дүгээр хэсгийг 2-оор үржүүлээгүй, 1,7 оноо тавьсанд маргаж байна гэсэн. Тухайн үеийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн маань шүүхэд тайлбараа өгсөн байгаа. Анхнаасаа хүн амын тоог С.Н дарга өөрийнхөө тайлан дээрээ буруу бичсэн байсан. 1.1.1 дүгээр хэсэгт суурь түвшин, хүрэх хүрсэн түвшин гэдэг чухал үзүүлэлтүүд байдаг. Үүнийг Эрүүл мэндийн газар, ажлын хэсэг өөрчилсөн гээд тайлбарлаад байна. С.Н дарга өөрөө тайлангийн суурь түвшин дээр 1 дүгээр бүлэгт 5022 хүн, 2 дугаар бүлэгт 3887, 3 дугаар бүлэгт 2598, 4 дүгээр бүлэгт 147, 5 дугаар бүлгийн 46 хүн байдаг гэсэн тоонууд бичсэн байгаа. 5 бүлгийн хүн амыг нэмэхээр 11700 хүн ам гарч байна. Р өрхийн эрүүл мэндийн харьяа бүхий 1, 8 дугаар багийн хүн амын тоо статистик тоогоор 6398 хүн байдаг. Тэгээд хүрсэн түвшин нь 2023 оны байдлаар Р өрхийн эрүүл мэндийн төв нь нийт хүн ам 1904 гэж заасан бичсэн байгаа. Үлдсэн 10 мянга хүн нь нэг жилийн дотор хаашаа явсан байх вэ. Тоонууд нь хоорондоо маш их зөрөөд байна. 1 биш, 2 биш 10 мянга хүн амаар зөрөөд байна. Сайдын тушаал дээр хүн амын эрүүл мэндийн 5 бүлгээр ангилсан судалгаатай, идэвхтэй хяналтын карттай, эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө, тайлантай байх хэрэгтэй гэсэн байгаа. Тэгээд үйлчлэх хүн амынхаа судалгааг зөв гаргасан байх ёстой. Судалгааг зөв гаргаагүй 10 мянган хүн амаар зөрүүлсэн мөртлөө өнөөдөр маргаад байгаад нь маш их харамсаж байна. Энэ тайлан Р өрхийн эрүүл мэндийн төвийн хагас жилдээ ямар ажил хийсэн бэ гэдгийг харуулдаг тайлан, өөрсдийгөө хамгаалдаг тайлан байх ёстой. 21 хоногийн өмнө бид нарт өгсөн байх ёстой байсан. С.Н даргын өөрийнх нь бичиж өгсөн тайлан байна.
1.1.1 дэх хэсэгт үйлчлэх хүрээний нийт хүн амын судалгааг гаргаагүй.Нэг л эмч гаргаж өгсөн, тэр нь дутуу байсан. 4 их эмчтэй гэсэн мөртлөө нэг л их эмч өөрийнхөө ажлаа танилцуулсан. Тухайн үед 6 хүн ажлаас гарсан байсан. 12 хүний ажлыг 6 хүн гүйцэтгэх нь ямар байх вэ, эсвэл 12 хүн ажилдаа эзэн болоод өөрсдийнхөө ажлыг үзүүлсэн бол арай өөр байх байсан.
Бид өөрсдийн өгсөн тайлан, тухайн үед үзүүлсэн бичиг баримтуудыг нь үндэслээд 1.7 гэсэн оноо тавьсан. Тэгээд эмчлэн эрүүлжүүлсэн, эрүүл мэндийг бүлэг дээшилсэн хүний тоог тайлангаас харах боломжгүй байсан. Эмчлэн эрүүлжүүлэх, бүлэг дээшилсэн хүний тоо нь маш их чухал үзүүлэлт. Тухайн хүн амыг 5 бүлэгт ангилсан байгаа. Сайдын 611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралт дээр 1, 2, 3, 4, 5 дугаар бүлэгт ямар хүн орох вэ гэдгийг заасан. Жишээ нь, 1 дүгээр бүлэгт байсан хүн нь 2 дугаар бүлэгт орчихсон юм бол энэ бүлгийн эрүүл мэндийн үзүүлэлт нь доошилсон гэсэн үг. 2 дугаар бүлгийн хүнийг эмчлэн эрүүлжүүлээд, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд тэр хүн нь 1 дүгээр бүлэгт дээшилсэн бол эрүүл мэндийн төлөвлөгөө нь сайжирсан юм байна гэж ойлгохоор байсан. Тайлан тооцоо үзүүлээгүй, хангалтгүй байж өнөөдөр 10 оноо авах ёстой гэж маргаж байна.
Хүн амыг эрүүл мэндийн хяналтад авах төлөвлөгөө гаргасан боловч дутуу, хэрэгжүүлэн ажилладаггүй. Эхний 7 хоногт гэрээр үзлэг хийж, дүгнэлт бичсэн нь сайн боловч 2 сартайгаас 5 хүртэлх настай хүүхдийн гэрийн эргэлт хийгдээгүй. Сайдын тушаал дээр хяналт үнэлгээний карт бүрээс 10 картыг түүвэрлэн үзнэ гэж заасан байгаа. Тэгэхээр 10 картыг үзсэн нь, 40 карт үзээгүйгээс болоод бусад оноог доош нь татах үндэслэл болоод байна гээд хэлж байгаа нь үндэслэлгүй. Сайдын тушаалд юу гэж заасан бид нар тэрүүгээр л үзнэ. Тиймээс Е мэргэжилтний 10 карт үзсэн нь зөв гэж үзэж байна. 40 картыг үзэх ёстой, 10 картыг үзсэнээр бидний оноо доошилсон гэдгийг зөвшөөрөхгүй байна. 1.1.1 дүгээр хэсгийн 1.2-т үүнтэй холбоотой эмчийн үзлэгийн бүртгэл, өрхийн эмчийн 3А ,3Б маягт хөтлөгдөөгүй. Энэ маягтуудыг бүрэн хөтөлсөн байж ,бид нар хангалттай гэсэн оноог тавьчихсан байх ёстой. С.Н даргын гаргаж өгсөн картуудыг харахад, мөн адилхан маш их дутуу хөтлөгдсөн байсан. Мэргэжлийн хүмүүсийн хэн нь үзсэн ч үнэхээрийн хангалтгүй, дутуу дулимаг байсан гэж үзэж байна. 0-5 хүртэлх настай хүүхдийн тоо 921 боловч хүүхдийн эрүүл мэндийн хяналтыг хийгдэхгүй, хяналтын төлөвлөгөө гаргадаг боловч хэрэгжүүлдэггүй. Төлөвлөгөө, тайлангийнхаа үзүүлэлтийг өөрсдийнхөө тайланд тусгасан байх ёстой. Тэр тайлангаа бид нар очиж үзэхэд хамгаалж чадаж байх ёстой байсан. Үүнийг хамгаалж чадаагүй учраас энэ хэсэгт өгсөн 1.7 оноо маш их хангалттай гэж бодож байна.
1.1.3 дахь хэсэг тухайн харьяаны хүн амын урьдчилан сэргийлэх үзлэг хэсгийг миний бие үзсэн байгаа. Өөрсдөө юмнуудаа үзүүлээгүй, харуулаагүй учраас 0 оноо тавьсан. 611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтын маягтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамгийн гол хийх ёстой ажил нь урьдчилан сэргийлэх үзлэгийг зөв хийж байж дараа дараагийн үйл ажиллагаанууд зөв гарах боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгт хэдэн хүнийг хамруулах ёстой гэсэн тоонуудыг статистик тоо үзүүлэлтээс гаргаж өгсөн байгаа. Энэ нь тайлан дээрээ суурь түвшин нь 50.2%-тай, хүрэх түвшин нь 38.4%. Хүрэх түвшин нь суурь түвшнээсээ уг нь илүү байх ёстой. Энэ тоон үзүүлэлт нь манай статистик тоотой ерөөсөө таарахгүй байгаа. Тэгээд нийт хүн амынхаа тоон үзүүлэлтийг зөв гаргаж байж л дараагийн тоонууд нь бүрэн зөв гарах боломжтой байдаг. Сайдын тушаал дээр хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувьд 70 хувьд хүрэх, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авч үр дүн гарсан байна гэж заасан. С.Н дарга тайлан дээрээ умайн хүзүү, хөхний хавдар, артерийн даралт, чихрийн шижингийн үзлэгт хамрагдсан тоонуудаа бичсэн. Энэ нь тусдаа өөр үзүүлэлт бөгөөд Сайдын тушаалын дагуу бид нар үүнийг 1.1.4 дэх хэсэгт үзэх ёстой. Энэ тоонуудаа тайлан дээр маш буруу бичсэн байсан.
Манай Эрүүл мэндийн газраас гардаг статистик тоон үзүүлэлтийг сар болгон Р өрхийн эрүүл мэндийн төв өөрсдөө өгдөг. Өөрсдийнхөө тоон үзүүлэлтийг өөрсдөө өгдөг байж яагаад 4 удаа зөрөөд байгаад нь маш их гайхаад байна.Тухайн үед цахим программ дээр байдаг юм өнөөдөр яагаад 100-аас илүү хувь гартлаа өөрчлөгдсөн гэдэгт гайхаад байна. С.Н дарга онлайнаар харах боломжтой байсан гэж тайлбарлаад байна. Бид нар 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүтэн өдөр хяналт хийж Р өрхийн эрүүл мэндийн төвд байж байхад үзүүлээгүй. 6 сард үзүүлээгүй бичиг баримтыг дараа нь гаргаж ирж байгаа нь худлаа нотлох баримт гаргаж өгсөн гэж хардаж байна. Тухайн баримтыг программаас гаргаж ирэх боломжтой байсан бол тухайн үед бид нарт үзүүлэх бүрэн боломжтой байсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт хувьд насанд хүрэгчдийн эрт илрүүлэг үзлэгийн маягт гэж байгаа. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралт, эрүүл мэндийн бүртгэлийн маягт ЭИМ3 гэсэн маягт байгаа. Энэ бичиг баримтыг одоо хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй. Сайдын тушаалаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын хувь гэдэг юм асуугаад байна. Энэ хувиа гаргахын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах төлөвлөгөө, арга хэмжээний тайлантай байх хэрэгтэй. Тайлан, төлөвлөгөө тухайн үед байгаагүй, дээрээс нь өөрийнхөө тайлан дээрээ буруу бичсэн, тухайн үед 38.4 гэсэн хувийг өөрөө бичсэн байсан бол тэрийг энэ маягтаараа нотлох ёстой байсан. Энэ маягтыг тухайн үед ч үзүүлээгүй, одоо ч гэсэн шүүхэд өгсөн нотлох баримтын дотор байхгүй. Энэ бол маш чухал үзүүлэлт.
Р өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн журналуудыг хавтаст хэргээс харахад, маягтын бөглөөгүй хэсгүүд маш их байсан. Тухайн хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгээр бүртгэлээ гэж бодоход энэ бүртгэсэн хүнийхээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчихсан уу, үгүй юу гэдгийг насанд хүрэгчдийн урьдчилан сэргийлэх маягтаар бөглөдөг. Тэр маягт маань маш их олон хуудастай, маш их олон эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг үзэж байж, энэ хүн өвчтэй юу, ямар өвчнөөр оношлогдож байна, өмнө нь оношлогдсон уу, үгүй юу гэдгийг нь гаргаж ирэх боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг маань өөрөө сайдын тушаалын дагуу өмнө өөрийгөө бүрэн эрүүл гэж бодоод анх удаа өвчин нь илэрсэн хүнийг илрүүлэхийг урьдчилан сэргийлэх үзлэг гэж нэрлэдэг. Энэ маягтыг үзүүлээгүй байж хангалтгүй оноо тавьсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараа нь дүгнэлтээ гаргасны дараа тухайн хүнийг бид эрүүл мэндийн 5 бүлэгт сайдын тушаалын дагуу ангилах ёстой. Тэр болгоныг дэс дарааллаар явуулаагүй байж хуурамч материал бүрдүүлэн ирж бүх юмаа үзүүлсэн гээд байгаа нь учир дутагдалтай. Дээрээс нь урьдчилан сэргийлэх үзлэгийн тоо буруу байсан, хувь нь 4 удаа зөрсөн, дээрээс нь ийм маягтуудыг үзүүлээгүй, өөрийнхөө тайлан дээр тусгаагүй, өвчтэй илэрсэн хүний хувийг эмчийн дүгнэлт хэсгийг нь үндэслээд яг хэдэн хүнийг урьдчилан сэргийлэхийн маягтаараа үзээд өвчтэй илэрснийг тоолоод ,үзүүлсэн хүний тоо, тэрнээсээ өвчтэй илэрсэн хүний тоог гаргаж ирэх ёстой байсан.
11 дүгээр хавсралтын эрүүлжүүлэх арга хэмжээ авснаараа эрүүлжилтийн хувь нь гарч ирэх боломжтой байсан. Харамсалтай нь С.Н дарга өөрийнхөө тайлан дээр тусгаагүй байсан. Дараа нь өсвөр үеийн насны хүүхдийн үзлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээ, хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн 2 хэсэг байгаа. Энэ 2 хэсгийг 0-17 насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн маягтаар үзэх ёстой.Эрүүл мэндийн сайдын 2022 оны 248 дугаар тушаал гэж байгаа. Урьдчилан сэргийлэх үзлэгийн маягтыг надад үзүүлээгүй. Тэгээд тэр маягтыг үндэслээд төлөвлөгөө, тайланг нь харж байж оноогоо тавих ёстой байсан. Тэгээд сайдын тушаалын дагуу маягт нь бас байхгүй байсан, тоонууд нь маш их хоорондоо зөрсөн. Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан хүүхдийн хувь гээд байгаа. Тэрийг нь 0-17 насны хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр гаргах ба Р өрхийн эрүүл мэндийн төвийнх хангалттай биш. Гэхдээ бусад өрхийн эрүүл мэндийн төвүүдээ бодоход жоохон өндөр байсан нь үнэн. Гэхдээ үүнийг 248 дугаар тушаалын дагуу бөглөх ёстой байсан мөртлөө нэг хүний овог нэр, регистрийн дугаар болон шууд оношоо тавьснаар үзсэн гэж хэлж болохгүй. Энэ нь өөрийн гэсэн маягттай байдаг. Гэхдээ энэ маягтыг одоог хүртэл үзүүлээгүй. Тиймээс би энэ хэсэгт 0 оноо тавьсан байгаа.
1.1.4 дэх хэсэг зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн хамралт гэсэн байгаа. Уг хэсэгт С.Н даргын өгсөн тоо нь манай тухайн үед үзсэн тоотой маш их зөрсөн. Энэ талаар Д.У гишүүн тодорхой тайлбар хэлсэн байгаа учраас үүнийг зөв гэж бодож байгаа.
1.1.5 дахь хэсэг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ гэсэн хэсэг байсан. Уг хэсгийг шалгасан мэргэжилтэн мөн тайлбараа хүргүүлсэн. Энэ хэсгийг шалгасан мэргэжилтэн өөрөө эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр нарийн мэргэжил төгссөн, мэргэжлээрээ олон жил ажилласан хүн учраас мэргэжлийн хүний хувьд гаргасан дүгнэлт болон оноо нь маш зөв гэж бодож байгаа.
Тэгээд зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн байна. Энэ хэсэгт өөрийнхөө ирүүлсэн тайлан дээрээ юу ч тусгаагүй, тусгасан юмнуудыг нь харах ямар ч боломжгүй, тоон үзүүлэлт нь хоорондоо зөрсөн.
Харьяалах нутаг дэвсгэрийн асрамжийн газрын анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн байдалд авсан арга хэмжээний хэрэгжилт хэсэг дээр 1, 8 дугаар багт харьяалагдах асрамжийн газар манайд байхгүй гэсэн учраас бид нар тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагагүй гэж байгаа. Сайдын тушаал дээр харьяалал, нутаг дэвсгэрийн асрамжийн газарт хүрч үйлчилсэн байх гэсэн байгаа. Гэхдээ ямар ч асрамжийн газарт очиж тэр хүмүүст сургалт сурталчилгаа хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм бол хэн ч та нарыг яв гэхгүй, та нарын ажлыг хэн ч үгүйсгэхгүй. Дээрээс нь сайдын тушаалын дагуу харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр манай Д.У гишүүний уг хэсэгт 0 оноо тавьсан нь маш зөв.
1.2.1 дэх хэсэг оношилгоо, эмчилгээний технологийн мөрдөлт гэсэн хэсэгт маргаж байна.Энэ хэсгээс 3,75 оноо авсан байсан. Тэгээд тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн тоо гээд энд байгаа. Энэ хэсгийг Х.А мэргэжилтэн үзсэн.Тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн тоо гэдэг дээр сайдын тушаалын дагуу тусламж үйлчилгээний төрөл, оношилгоо, эмчилгээнд 1-ээс доошгүй технологийг нэвтрүүлсэн байна гээд заасан. Тэгээд шинэ арга технологид нэвтрүүлсэн үр дүнгийн судалгаа гэсэн байгаа.
Стандарт зааврын мөрдөлтийн хувьд 70%-аас яагаад 47.6 болтлоо буурчхав. Уг нь дээшилсэн байх ёстой. 47.6% гэдэг чинь маш хангалтгүй. Стандарт зааврын мөрдөлтийн хувьд бид нар хэзээ ч, хаана ч, ямар ч нөхцөлд 100% хангалттай биелүүлж ажиллаж байх ёстой. Мөн мэргэшсэн лабораторийн мэргэжилтэнтэй хэсэг дээр манай мэргэжилтэн хангалттай 5 оноог нь тавьж өгсөн байна. Тэгээд урвалж бодис, оношлуураар хангагдсан хувь нь хангалтгүй байсан. Тэгээд та өөрөө 36,9%-тай гээд тавьсан байна. Энэ урвалж бодис, оношлуур хангагдсан хувь 100% хүрч байж дараа дараагийн тусламж үйлчилгээ ард иргэдэд 100% хүргүүлэн ажиллах боломжтой. Цусны шинжилгээ, шээсний шинжилгээний аппарат авчирсан боловч түүнийгээ ажиллуулж эхлээгүй байна. Тэрийг ажиллуулаад ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргүүлсэн байх ёстой байсан.
Бүртгэгдсэн хүн амьд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг хэсэгт 5 оноо тавих ёстойгоос 0 оноо тавьсан. Тухайн үед хариуцаж байсан 3 эмчийн нэг нь материал үзүүлсэн. Эрүүл мэндийн 3, 4 дүгээр бүлгийн хүн амыг тусламж үйлчилгээнд хамруулсан хувь гээд байгаа. 3, 4, 5 дугаар бүлэг гэж яаж ангилах вэ гэдэг нь 611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтын дагуу урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдуулчхаад дүгнэлтээ гаргачхаад гаргасан дүгнэлтийнхээ дагуу эрүүл мэндийн 5 бүлгээр ангилсан байх ёстой байсан. Ямар ч нотлох баримтгүй, ямар ч үзүүлэх юмгүй байж өнөөдөр маргаж байна. Тэгээд өөрийнхөө тайлан дээр бичсэн тоонууд нь манай статистикаас гаргасан тоотой маш их зөрөөд байна. Бид нарын хамгийн гол анхаарах ёстой зүйл маань 3, 4, 5 дугаар бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байх ёстой байсан. Энэ тоонуудаа буруу бичсэн гэдэг нь ерөөсөө ард иргэдийн судалгаанд анхаарал хандуулан ажиллахгүй байна,эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхгүй байна гэдэг нь харагдаж байна. Дээр нь 5 дугаар бүлгийн хүн амын суурь түвшин 85%, 2023 оны 6 сарын хугацаанд 30.8% хамруулсан буюу маш их хангалтгүй. Тэгээд хүн амынхаа судалгааг бүрэн гаргаагүй байна. Энэ болгоныг үндэслээд бид нар ямар ч оноо тавих боломжгүй. Материалаа тухайн үед үзүүлээгүй, үзүүлэх хүн ч байхгүй байсан.
Яаралтай тусламж үйлчилгээ гэсэн хэсгийг манай Х.А мэргэжилтэн үзсэн. Энэ хэсэг дээр гардан үйлдэл хийхэд отсосыг ажиллуулж чадахгүй байсан.Яаралтай тусламжийн сургалтын үр дүн хангалтгүй, яаралтай тусламжийн хуудсыг буруу хөтөлдөг, яаралтай тусламжийн шүүгээний түлхүүр байхгүй гэж үзүүлээгүй. Мөн яаралтай тусламжийн арга хэмжээний хэрэгжилт гэдэг хэсэг нь байхгүй. Яаралтай тусламжийн чиглэлээр дотоод сургалт зохион байгуулаагүй байна, яаралтай тусламжийн өрөөг стандартын дагуу бэлдээгүй зөрчлүүд байсан. 2023 оны хагас жилд гарсан алдаа дутагдлууд нь 2022 оны бүтэн жилд ч гэсэн байсан. Эмч, сувилагч нарт яаралтай тусламжийн чиглэлээр онолын болон гардангаар дотоод сургалт 2 удаа зохион байгуулсан. Нийт 9 хүн сургалтад суусан гэсэн байна. Гэхдээ үүнийг хэзээ явуулсан талаар зургаар баталгаажуулсан юм байхгүй. Тухайн үед үзүүлэх юм байгаагүй байсан. Яаралтай тусламжийн хэрэгжилтийг ямар ч эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн 100% хийж байх ёстой. Мөн отсосыг ажиллуулж чадахгүй байгаа гэсэн байгаа. Энэ отсос гэдэг аппарат маань өөрөө маш их чухал аппарат байдаг. Ямар нэгэн амьсгалын дутагдалд орсон, амьсгалын замд нь ямар нэгэн идээ, цэр, бөөлжис ч юм уу тиймэрхүү юм байдаг. Тэрийг соруулдаг аппаратыг отсос гэдэг. Тэрийг ажиллуулж чадахгүй байна гэдэг чинь нэг хүн бөөлжсөндөө ч юм уу хахаж ороод ирэхэд уг аппаратыг ажиллуулж чадахгүй байвал энэ хүн амьсгалын дутагдалд ороод нас барах эрсдэлтэй. Энэ өрхийн эрүүл мэндийн төвд нэг ч хүн үүнийг ажиллуулж чадахгүй байна гэдэг чинь тэр хүн нас барах эрсдэл нь 100% гээд ойлгох боломжтой. Бид нар сургалтаар отсосыг яаж ажиллуулахыг заасан байсан. Тиймээс манай мэргэжилтэн хэрэгжилтийн хувь гэдэг хэсэгт бага оноо тавьсныг үндэслэлтэй гэж бодож байна.
1.2.6 буюу сэргээн засах тусламж үйлчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3,6 оноо авчихсан. Энэ хэсэгт манай мэргэжилтний өгсөн оноо нь маш зөв гэж бодож байгаа.
Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ хэсгээс 10 оноо авах ёстойгоос 2 оноо авчихсан байна. Гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ бол өрхийн эрүүл мэндийн төвийн салшгүй нэг хэсэг байдаг.
1.2.8 өдрийн эмчилгээ хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3,6 оноо авсан. Уг хэсгийг Д.У гишүүн маань үзсэн байна. Уг нь энэ хэсгээс үүнээс доош оноо авах ёстой байсан. Гэхдээ Д.У гишүүн өрхийн эрүүл мэндийг төлөөлж байгаа хүн учраас дэмжиж оноо тавьчихсан байна гэж ойлголоо. Яагаад гэвэл эрүүл ахуйн шаардлага хангасан өдрийн эмчилгээний өрөөгүй байсан. Өдрийн эмчилгээний арга хэмжээний хэрэгжилт гэдэг дээр өдрийн эмчилгээнд хамрагдсан нийт хүн амын тоо өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа учраас манай мэргэжилтэн хангалттай оноог нь тавьсан байна.
16.2 дахь хэсэг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн хувь гэсэн хэсэг. Үүнийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга буюу манай ажлын хэсгийн дарга М.А дарга маань үзсэн. Тухайн хэсэгт холбоотой тайлбараа өгсөн. Энэ хэсэгт М.А даргын өгсөн оноо нь маш шударга байсан гээд үзэж байна. Мөн албан хаагчдын шилжилт хөдөлгөөний хувьд маш их. Ер нь бараг 3-аас дээш жил тогтвортой ажилласан хүний тоо маш их хангалтгүй байсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь солигдсон, даргын албан тушаалд булаацалдсан асуудалтай байна гэдэг чинь өөрөө ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй, чанартай хүрэх боломж байхгүй байдаг.
Хүний нөөцийн төлөвлөгөөний биелэлтийн хувь гэдэгт өмнө нь тайлбар өгөхдөө С.Н дарга өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан. Хүний нөөцийн төлөвлөгөө гаргаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан. Өрхийн анагаах ухааны болон бусад нарийн мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтний эзлэх хувь хангалтгүй, багц цагийн биелэлт мөн хангалтгүй байсан. Тухайн үед бидэнд программаас гаргаж үзүүлээгүй. Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын тушаал дээр эмч бол 3 цаг, сувилагч нар1,5 цагийн кредитийг бүрдүүлсэн байх ёстой гэж заасан байгаа. Яаралтай тусламжийн хичээлээр хэн ч багц цагийн кредит аваагүй байсан.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлага хэсгээс 5 оноо авах ёстойгоос 1,5 оноо авсан. Уг хэсгийг Х.А мэргэжилтэн болон А.Н мэргэжилтэн 2 шалгаж үзээд нийлбэр оноог нь гаргадаг. Халдвартын багт ажиллаж байсан хүнийг ажлаас нь гаргачхаад би юмаа үзүүлсэн хангалттай оноо авах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй.
Тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалт, баталгаажилт гэсэн хэсэг 5 эсвэл 0 гэсэн оноогоороо тавьсан юм байна. Сайдын тушаалаар 1-ээс 5 хүртэл оноо тавих ёстой гээд маргаж байгааг нь ойлгохгүй байна. Тухайн тоног төхөөрөмж нь байвал 5 оноо авна, байхгүй юманд 0 оноо тавих нь шударга гэж бодож байгаа. Байхгүй тоног төхөөрөмжид 2 эсвэл 3 оноо тавих боломжгүй. Өрхийн эрүүл мэндийн төвүүд стандартад зааснаар тоног төхөөрөмж нь бүрэн байх ёстой. Нэг тоног төхөөрөмж байхгүй байснаар ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цалгардана.
Санхүүжилт хэсгээс 5 оноо авах ёстойгоос 3 оноог авсан байна. Энэ талаар О.А мэргэжилтэн тодорхой тайлбараа өгсөн. Өмнөх онд өгсөн зөвлөмжийн биелэлтийн байдлыг харгалзан үзсэн. Тухайн үед өгсөн зөвлөмжийг ерөөсөө биелүүлээгүй. Тийм учраас О.А мэргэжилтний өгсөн тайлбартай санал нэг байна.
2022 оноос бид нар зөвлөмж хүргүүлэн ажиллаад ажилласан. Тус зөвлөмжүүдийг огт биелүүлж байгаагүй. Тийм учраас үнэлгээ муу авсан. Ийнхүү муу үнэлгээ авахад Раушан өрхийн эрүүл мэндийн төв өөрөө буруутай гэж бодож байгаа. Бид нар өрхийн эрүүл мэндийн төвд 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүтэн өдөр ажиллаад орой нь дүнгээ танилцуулсан. Тухайн хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн.
Удирдлага, манлайлал болон эмнэлгийн тусламж ,үйлчилгээ бүлгийн 2 хэсгээс хоёулангаас нь хангалтгүй оноо авсан. Бид бүх өрхийн эрүүл мэндийн төвд адилхан хандсан, адилхан сайдын тушаалын шалгуур үзүүлэлтийн дагуу очиж үнэлгээ дүгнэлт хийсэн. Өөрсдөө дараалан хангалтгүй үнэлгээ авчхаад өнөөдөр бид татан буугдах ёсгүй гээд маргаж, биднийг буруутгаад байна. Сайдын тушаалын дагуу мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг маань энэ ажлыг дүгнэсэн ”гэв.