Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 661

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

хохирогч Р.Т,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Д н Б д холбогдох эрүүгийн 2016 2501 4255 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх, эхнэр,  дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, овогт Д.Б,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 55 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын автомашины замын гэрлэн дохион дээр иргэн Р.Т тэй “зам дээр машин шахлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянмонгол хорооллын уулзварын замаас 1 дүгээр эгнээ рүү шилжихдээ зогсож байсан машины урдуур орсон. Гэтэл хохирогч араас машинтайгаа ирж миний хажуугаар ороод цонхоо онгойлго гэсэн тул би машиныхаа цонхыг онгойлгоход цаашаа зогс гэсэн. Тэр үед замын гэрлэн дохио ассан тул би түрүүлээд явахад араас замын хөдөлгөөн дунд миний машиныг шахсан. Би замын хашлага даваад зогсоход энэ хүн гэрлэн дохио нэвт гараад зогссон. Би тэр үед таксины үйлчилгээнд хүн аваад явж байсан бөгөөд миний үйлчлүүлэгч энэ машины ард очоод зогсчих гэсэн тул хохирогчийн машины хажууд очоод зогсоход миний машинд байсан залуу бууж хохирогч руу очоод ууж байсан ундааны сав шидэж, хохирогчой маргалдан барьцалдсан. Би машинаасаа бууж очоод салгах гэхэд салахгүй байсан тул хохирогчийн цээжин тус газар нь 1 удаа өшиглөсөн. Би өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрнө гэв.

Хохирогч Р.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүүхдээ авах гээд Баянмонгол хорооллын урд замын 1 дүгээр эгнээгээр явж байхад шүүгдэгч намайг зам дээр шууд хашсан. Би цонхоо онгойлгоод дохиогоо өгөөд орж болдоггүй юм уу гэсэн ба өөр юм хэлээгүй. Баруун эргэх гээд миний урдуур орлоо гэж бодсон. Тэгээд энэ талаар мартчихсан байхад шүүгдэгч баруун эргэхгүйгээр чигээрээ явсан. Би гүйцэж түрүүлэхэд гэрлэн дохион дээр шүүгдэгч очиж зогссон ба бууж ирээд хашгираад байсан. Юу болсон юм бол гэж бодсон. Би буугаад явган хүний гарцаар гараад зогсоход намайг шүүгдэгч дайрах гэсэн ба би хойш ухарсан. Гэтэл машинаа зогсоогоод бууж ирээд учир зүггүй намайг цохисон. Би тэр залуутай барьцалдаад унахад шүүгдэгч намайг өшиглөөд байсан. Би босоод нөгөө залуугаас салаад шүүгдэгчтэй барьцалдаж дахин газарт унасан. Тэр үед байсан хүмүүс биднийг хараад л зогсож байсан. Гэтэл 1 хөгшин эмэгтэй ирээд бид хоёрыг салгасан. Цагдаа ирэхээр юу болохыг хараарай гэж шүүгдэгчид хэлэхэд зугтаасан. Би араас нь машинаар хөөж байгаад зургийг нь авсан. Намайг тэр залуутай барьцалдаж байхад шүүгдэгч ирээд зүгээр л салгаад, маргалдахаа боль гээд хэлсэн бол асуудал үүсэхгүй байсан. Шүүгдэгч надаас 1 удаа уучлалт гуйсан бол би уучлах байсан. Хүний мууг үзэх гээгүй. Шүүгдэгч тухайн үед цагдаагаас зугтаасан ба одоо худлаа ярьж байна гэв.

Шүүгдэгч Д.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд би өөрийн дүү Төмөрхуягийн улсын дугаартай автомашинаар халтуур хийгээд явж байтал халдвартын автобусны буудлаас нэгээс хоёрдугаар ангийн эмэгтэй хүүхэдтэй 30 орчим насны залуу гар өргөж суусан. Тэгээд би уг хүмүүсийг аваад Нарантуул захын уулзвараар урагш төмөр замын гармаар нэвт гараад 2-р эгнээнд явж байгаад хар өнгөтэй Ланд 200 маркийн машины урдууд нэгдүгээр эгнээ рүү шилжин орсон. Тэгэхэд уг Ланд 200 маркийн машины жолооч цонхоо буулгаад цаашаа гараад зогс гэж хэлсэн тэгэхээр нь яасан сүртэй юм бэ зай гарахаар нь орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би урдуур нь ороод зогсож гэрлэн дохион дээр зогсож байгаад чигээрээ нэвтрээд цааш явсан. Тэгэхэд нөгөө Ланд 200 маркийн машин цэцэрлэгт хүрээлэнгийн гэрлэн дохион дээр миний урдуур шахсан бөгөөд би гэнэт тоормоз гишгээд зогстол машины арын суудалд сууж явсан хүүхэд урагшаа сандал мөргөөд хамраас нь цус гарчихсан би тэр үед машинаасаа буугаад хөөе гэж хашгирсан, тэгээд аав нь болох залуу охиндоо алчуур өгөөд ах тэр машины хажууд очоод зогс гэсэн. Тэгэхэд нөгөө Ланд 200 маркийн машин намайг шахчихаад гэрлэн дохионы цаана замын хажууд зогсоод жолооч нь буугаад ирчихсэн байсан. Би машиных нь урд очиж зогстол миний хажууд сууж явсан залуу бууж очоод барьж явсан жижиг ундааны сав шидээд жаахан хүүхэд тээвэрлэж явж байна гэдгийг мэддэггүй юм уу гээд барьцалдаж аваад газар унасан. Тэгээд би очоод салгах гэсэн чинь салахгүй байхаар нь Ланд 200 маркийн машины жолоочийн цээжин тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэр хоёр салсан бөгөөд нөгөө нөхөр намайг 2 гараараа үсдээд авахаар нь би зөрүүлээд заамдсан тэгээд зогсож байтал хажуугаар явж байсан эгч наана чинь хүүхэд уйлаад байна та нар больцгоо гээд салсан. Тэгээд би тэр залуутай машиндаа суугаад явсан, явахад хажууд суусан залуу хүний унадаггүй машин уначихсан юм шиг гэж хэлээд явсан. Тэгээд тэр машин араас хөдлөөд манай машины зургийг аваад байсан. Тэндээс явсаар байгаад Их тэнгэр рүү эргээд дахин баруун эргээд удирдлагын академийн урдуур яваад Зайсангийн Оргил төв дээр нөгөө залуу буусан. Тухайн үед тэр залуу ах гайгүй биз дээ гээд таксины мөнгө болох 4.000 төгрөг өгөөд буусан. Тухайн машины жолооч намайг шахсаны улмаас би гэнэт зогсож машинд сууж байсан хүүхэд урд сандлаа мөргөж хамраас нь цус гарсан, тэрнээс болж хэрүүл зодоон үүссэн. Тухайн зодолдож байх үед хохирогчийн хамар, амнаас цус гараагүй, ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. Тэгээд шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 60-63 дугаар хуудас/,

Хохирогч Р.Т ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 55 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарантуул захын уулзвар гараад төмөр замын прейзер гараад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын 1-р эгнээгээр явж байтал Тоёота Приүс 11 маркийн цайвар ногоон өнгийн автомашин зүүн талаас шахаж зогссон. Тэгээд би зогстол уг машинаас 2 эрэгтэй хүн бууж ирсэн. Би машинаасаа буутал нэг залуу нь барьж байсан зүйлээ миний нүүр рүү шидсэн бөгөөд би бултсан чинь хүрч ирээд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би барьцалдаж аваад бид хоёр газар унасан. Тэгтэл тухайн хүнтэй хамт явж байсан жолооч эрэгтэй нь миний нүүр хэсэг рүү 5-6 удаа өшиглөсөн. Би нөгөө зууралдаж байсан залуугаас арай хийж нэг салаад босож ирээд нөгөө залуутай барьцалдаад дахиад унасан. Тэгэхэд нөгөө эхний надтай зууралдсан залуу миний төмсөг, салтаа хэсэгт гишгэж өшиглөсөн. Мөн баруун мөр, баруун өвдөг хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед хажуугаар явж байсан үл таних 60 орчим насны эмэгтэй хүн тэр хоёр залууг надаас салгаж өгч миний малгайг газар унасан байсныг авч өгсөн. Тэгээд би тэр хоёрт цагдаа иртэл байж бай гэсэн чинь машиндаа суугаад яваад өгсөн. Тэр машиндаа суухдаа чамайг танина шүү, чи бид хоёрыг барахгүй гэж хэлсэн. Тухайн хоёр залуу нэг 7-9 орчим насны эмэгтэй хүүхэдтэй явсан бөгөөд тэр нь ааваа болиочээ явъяа гээд байсан. Тэр хоёр машинтайгаа явахаар нь би араас нь машинтайгаа гүйцэж зургийг нь дарсан. Тэгээд би цааш хүүхдийнхээ сургууль руу очиж хүнээс утсыг нь гуйж 102-т мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 17-21 дүгээр хуудас/,

Гэрч Г.С ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний хүү Д.Б нь 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр миний 2 дахь хүү болж төрөөд бага балчир насаа цэцэрлэгээр хүмүүжиж, Нийслэлийн  дугаар гургуульд элсэн орж сурч байгаад бүрэн бус дунд боловсролыг эзэмшиж, Үйлдвэр комбинатын ТМС-т ноос ноолуурын чиглэлээр сурч төгсөөд ноос ноолуурын комбинатад ажиллаж байгаад уг комбинат нь татан буугдаад түүнээс хойш тогтвор суурьшилтай ажилласан газар байхгүй. Эхнэр хүүхдээсээ салсан. Түүнээс хойш надтай хамт амьдарч байгаа. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй хаа нэг ажил гарахаар хийдэг. Зан байдлын хувьд нээх айхтар хүнтэй маргалдаад уурлаад байдаг хүн биш, хүнтэй яривал ярина, хэлэлцвэл хэлэлцэнэ. Архи дарс хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 53 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹15698 дүгнэлтэд “Р.Т ийн биед зүүн гарын 5-р хурууны 1-р шивнүүрийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 29 дүгээр хуудас/,

Шинжээч эмч О.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Үзүүлэгч Р.Т ийн биед зүүн гарын 5-р хурууны 1-р шивүүрийн далд хугарал нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг 2 нүдний гэмтэл нь хоёулаа нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гарын хажуу хэсгээр юм цохиход үүсгэгдэж болно мөн газар гараараа тулахад үүсгэгдэж болно. Гарын хурууны хэсгээс бариад мушгихад үүснэ…” гэх мэдүүлэг. /хэргийн 55 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 16 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 55 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын автомашины замын гэрлэн дохион дээр иргэн Р.Т тэй “зам дээр машин шахлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.