Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 06

 

Хын  нэхэмжлэлтэй,

Ст холбогдох иргэний хэргийн талаар

                                          

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Хын давж заалдах гомдлоор түүний “хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй Ст холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,  шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Н нь 2014 оны 03 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд барьцааны зүйл болох амьдрах зориулалттай хашаа, байшинг газрын хамт барьцаалсан. 2016 оны 09 сарын 27-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 14 392 823 төгрөгийг төлөхөөр гарсан. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхэд албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэх хуудас гаргуулж, Сын шийдвэр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх явцад хариуцагч зээлээ төлөхгүй байсан тул Баруун-Урт сумын 4 дүгээр баг ... тоотод байрлах 90 мкв байшинг 263 мкв эзэмших газрын хамт 2019 оны 12 сарын 03-ны өдөр Л ХХК-аар үнэлүүлсэн. Тус хашаа, байшинг 14 357 185 төгрөгөөр үнэлсэн. Манай байгууллагын зүгээс тус үнэлгээг өндөр гарсан гэж үзэж байгаа. 2014 оноос зээлийн хугацаа хэтэрсэн үеэс эхэлж тус хашаа, байшинг 14 000 000, 10 000 000, 8 000 000, 5 000 000 зарах гэж үнийг нь бууруулж хүмүүст зарах санал тавьсан боловч худалдан аваагүй. Сүүлдээ 4 000 000 төгрөг болгож бууруулсан. Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалыг баримталж үнэлгээ гаргасан байдаг. Барилга байгууламжийн нэгж, хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрмийн дагуу итгэлцүүрийг буруу тооцсон гэж үзэж байгаа. Тус тушаалын хавсралтын 3-т заасан жижиг барилга гэдгийг сонгох байтал үнэлгээчин нь нийтийн орон сууц буюу С гэсэн үнэлгээг сонгосон нь үнэлгээ бүхэлдээ буруу гарсан гэж үзэж байгаа. Орон сууц гэдэг нь нийтийн халаалт, шугам сүлжээнд холбогдсон, дэд бүтцэд холбогдсон, инженерийн шугам сүлжээнд холбогдсон барилга байгууламжийг орон сууц гэж үзэх ёстой байтал үнэлгээчин нь С үнэлгээгээр үнэлж хашаа байшингийн үнэлгээ өндөр гарсан. Мөн барилгын ханын зузааны итгэлцүүрийг буруу ашигласан. 203 тоот тушаалаас үзэхэд 1 гэсэн итгэлцүүр байхгүй байхад 1 гэсэн итгэлцүүрийг сонгож үнэлсэн байгаа. Нийн өмчилж байгаа байшин нь аж ахуйн аргаар баригдсан блокон ханатай, гэр хороололд байршилтай, ердийн галлагаатай байшин байхад нийтийн сууц гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 72 тоот тушаалын хавсралт болох барилга угсралтын ажлын 2016 оны үнийн индексээс харахад орон сууц болон олон нийтийн барилгын үнийн индекс нь 0,01 гэсэн байхад үнэлгээ гаргагч 1,09 гэсэн үнийн итгэлцүүрийг ашигласан нь буруу гэж үзэж байна. Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалын Барилга байгууламжийн нэгж, хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрмийн 21-т заасны дагуу Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.24, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт заасан аймгийн төвийн гэр хороолол, зусланд баригдах барилгын өртгийг шууд зардлаар нь тооцох буюу барилгын байгууламжийн нэгж, хүчин чадлын жишиг үнэлгээг 0,70-0,75 гэсэн итгэлцүүрээр бууруулж тооцож болно гэсэн заалтыг мөрдөөгүй, үнэлгээний тайлангийн 5 дугаар хуудсанд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 208 тоот тушаал гэж дурдсан болох нь он сарыг андуурч дурдсан байна гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа. Одоогийн байдлаар тухайн байшинд хүн амьдардаггүй, хоёр айл дундаа нэг коридортой байгаа тул худалдахад нөхцөл байдлыг дордуулж байгаа гэв.

       Хариуцагч Сын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 952 тоот шүүгчийн захирамжаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт оршин суух Г.Н, Ө, Б.О нараас 14 392 823 төгрөгийн төлбөрийг гаргуулж Хт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 171700309 дугаартай тогтоолоор үүсгэж, 2017 оны 09 сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000884 дугаарт бүртгэлтэй, Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ... тоот хаягт байрлах 90 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 263 мкв газрын хамт 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 17170309/13 дугаартай хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин Л ХХК-ийн захирал Ц.Эыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан. Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2019 оны 12 сарын 03, 04-ний өдөр талуудад танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд С шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцсон Л ХХК-ийн үнэлгээчин Ц.Э мэдүүлэгтээ: Уг барилга нь цутгамал суурьтай, блокон ханатай, бетонон дээвэртэй нэг төрлийн барилгын бүтцээс бүрдсэн байсан тул бүтээцийн хувьд жижиг барилга гэж үнэлэх боломжгүй юм. Ханын зузааны итгэлцүүрийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалын Барилга байгууламжийн нэгж, хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрмийн 21-т барилгын гадна хананаас гадна гадаргуугийн хооронд нийт талбайгаар тооцсон бол энэ итгэлцүүрийг хэрэглэнэ гэж заасны дагуу тооцсон. Уг байшин нь хоёр айлын нийтийн орон сууц байсан тул гадна хананаас гадна гадаргуугийн хоорондын хэмжээг авах боломжгүй байсан тул дотор хананаас дотор ханын зайг авсан. Ийм учраас нийтийн орон сууц гэж бас үзсэн байгаа. Уг байшинд хоёр айл амьдардаг. Нийтийн эзэмшлийн коридороор яваад хоёр тийшээ ордог. Нийтийн эзэмшлийн газартай. Үнийн итгэлцүүрийн тухайд 2016 оны 203 тоот тушаалаар батлагдсан жишиг үнэ нь 2016 онд мөрдөгдөж байсан. Гэтэл үнэлгээг 2019 онд хийсэн тул энэ хоорондын өсөлтийг тооцож жишиг үнийн харьцуулалтаар гаргасан. Аймгийн төвийн гэр хороолол, зусланд баригдах барилгын өртгийг шууд зардлаар нь тооцох буюу барилгын байгууламжийн нэгж, хүчин чадлын жишиг үнэлгээг 0,70-0,75 гэсэн илтгэлцүүрээр бууруулж тооцож болно гэж заасны дагуу 0,75 хувийн итгэлцүүрийг бууруулж тооцсон. Уг байшинд 2 айл амьдардаг, нийтийн эзэмшлийн коридортой, нийтийн эзэмшлийн газартай, мөн байшингийн бүтээцээс хамаарч нийтийн орон сууц гэсэн мкв-ын үнэлгээг барьж, өртгийн аргаар гаргасан үнэлгээчний тайлан зөв гарсан гэж үзэж байгаа гэжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шийдвэрт:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, Л ХХК-ийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 19/Ү/02/86 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах гомдолдоо: Үнэлгээчин үнэлгээг тогтоохдоо зах зээлийн бодит үнийг тооцох ёстой байтал мэдээлэл олдоогүй шалтгаанаар өртгийн хандлагын аргыг сонгосон нь зориулалтаасаа эхлээд нийцэхгүй байна. Зээлийн зарагдсан мэдээлэл олдоц муутай бол зарласан мэдээлэлд тулгуурлан бодит үнэ цэнийг тооцох ёстой. Мөн Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны 203 дугаар тоот тушаалын “барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм”-ийн дагуу итгэлцүүрийг буруу ашигласан. Уг тушаалын хавсралт 3-т заасан “жижиг барилгууд хэсэг дэх мод тоосго, блокон холимог ханатай барилга гэсэн хийцийн төрлийг сонгох байтал “нийтийн орон сууц “С” гэсэн ангиллыг сонгосон нь үнэлгээг бүхэлд нь буруу болгосон гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралд үнэлгээчин нийтийн эзэмшлийн газартай гэж тайлбар өгсөн. Гэтэл Г.Нийн нэр дээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 19674175615214 нэгж талбарын дугаартай 0411025 тоот дугаартай газар эзэмших гэрчилгээ байдаг. Хэрэв нийтийн эзэмшлийн газар байсан бол гэрчилгээ байхгүй байх байсан. Орон сууцны тухай хуульд заасны дагуу “орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон байшин сууц, гэрийг, орон сууцны дэд бүтэц гэж дулаан цахилгаан холбоожуулалт хий ус хангамж ариутгах татуургын инженерийн гадна шугам сүлжээ”-г хэлнэ гэж заасан байдаг. Харилцагч Г.Нийн өмчилж буй хашаа байшин нь аж ахуйн аргаар барьсан, блокон ханатай, гэр хороололд байршилтай, ердийн галлагаагаар халдаг байшин тул нийтийн сууц гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн барилгын ханын зузааны итгэлцүүрийг үндэслэлгүй буруу сонгосон, барилгын бүтэц чанарын хувьд “дунд” гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус барилгын хувьд дотор засал байхгүй, байшинд хүн амьдрах боломжгүй, маш хүйтэн, одоо өмчлөгч мах арьс шир хадгалах зориулалтаар ашигладаг, худалдаж авсан хүн маш их засвар хийх шаардлагатай тул хийц бүтцийн хувьд чанар муу, Г.Нийн өмчлөлийн ... тоотод байрлалтай хашаа байшин нь дотор засал байхгүй, байшинд хүн амьдрах боломжгүй, маш хүйтэн, хүн амьдрах боломжгүй, 2 талаасаа хаалгатай, ердийн галлагаатай байшин юм. Манай банкны зүгээс олон удаа зарах гэж зар тавьсан боловч авах хүн олдохгүй байгаа, хажуу талын айл уг байшинг 5000000 төгрөгөөр авахаас татгалзсан зэрэг шалтгаануудаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, шүүхэд хөрөнгийн үнэлгээний талаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохигчдын маргааны зүйл болох төлбөр төлөгч Г.Нийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 5 дугаар гудамжны 13 тоотын 90 м2 талбайтай орон сууц, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 263 м2 газарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар  хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр “Л” ХХК-ийг томилж, шинжээч тус үл хөдлөх хөрөнгийг 14357185 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч Х “үнэлгээний 3 аргаас зөвхөн өртгийн аргыг сонгож бодит байдлаас хэт өндөр үнэлсэн” гэж шүүхэд гомдол гаргасан нь тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хууль болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дахь хэсэгт: “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, энэ хуулийн 55 дугаар зүйлийн  55.7 дахь хэсэгт: “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргагч зөрчигдсөн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. /хх 9-16, 61-62х/,

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол, хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргээс үзэхэд “Л” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргахдаа барилгын үнэлгээг тогтоох өртгийн, жишиг үнийн, орлогын гэсэн 3 аргуудаас зөвхөн барилгын өртгийн хандлагын аргыг сонгосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн  “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор “Л” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба түүний гаргасан  дүгнэлтийг эргэлзээгүй болгох зорилгоор шүүх зохигчийн хүсэлт байгаа эсэхээс үл хамааран өөрийн санаачилгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжээч томилох боломжийг хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

 

            Иймд давж заалдах шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчилж,  зөвтгөх боломжгүй байх тул  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

 

            Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас буцаан олгохыг дурдсугай.

 

Гурав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                           О.БААТАРСҮХ

                                                                                      С.ОЮУНТУНГАЛАГ