| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/00700/И |
| Дугаар | 155/ШШ2019/00700 |
| Огноо | 2019-08-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2019/00700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сант өндөр ХХК-д мужаан ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* оршин суух, ************* дугаар регистртэй, Б овогт В.Т-ийн ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1954 онд төрсөн, 65 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ******************* оршин суух, ********** дугаар регистртэй, Б овогт Б.Д холбогдох
Машин худалдах, худалдан авах төлбөрт төлсөн 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Дийн машинд эвдрэл гэмтэл учирсан хохирол 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.Тэд холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч В.Т, хариуцагч Б.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 12 дугаар сард Приус-10 маркийн 65-61 ХӨВ улсын дугаартай автомашиныг Б.Доос 4.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 2.800.000 төгрөг дансаар өгсөн. Би өөртөө 100.000 төгрөг авч үлдээгүй. Үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сард өгөхөөр ярилцаж тохирсон боловч машинаа миний нэр дээр шилжүүлж өгнө гэж 2018 оны 3 дугаар сард авч яваад одоо болтол өгөөгүй. Намайг машины төлбөрийн урьдчилгаанд өгсөн мөнгөө авья гэж Б.Дийн гэрт 2-3 удаа очиход охидууд нь чамаас мөнгө аваагүй гэх болсон. Тэгээд аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Иймд миний өгсөн 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг Б.Доос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Т нь миний төрсөн дүүгийн хүүхэд болохоор өөрийн өмчлөлийн Приус-10 маркийн 65-61 ХӨВ улсын дугаартай автомашиныг 4.800.000 төгрөгөөр түүнд худалдахаар тохирч, 2017 оны 11 дүгээр сард өгсөн. Тэгээд В.Т манайд 2.800.000 төгрөгтэй ирээд надад 2.700.000 төгрөг тоолж өгөөд, надад огт мөнгө байхгүй гээд 100.000 төгрөг өөртөө үлдээж, машиныг унаад явсан. Үлдэгдэл 2.100.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сард өгөхөөр ярилцаж тохирсон боловч мөнгөө өгөхгүй байсан. В.Т машин авснаас хойш манай гэрийн хаягаар торгуулийн хуудас ирээд байхаар нь учрыг олохоор охиноо явуулахад оношлогоонд оруулаад өгөөч гээд машиныг өгч явуулсан байсан. Машин эвдэрч гэмтэл учирсан тул унтраад явахгүй байсан гэсэн. Тэгээд В.Т манайхаар ч ирэхгүй болж, үлдэгдэл мөнгөө ч өгөхгүй өдий хүрсэн. Нэг удаа манайд ирэхэд нь би машин, мөнгөө алийг нь авах вэ гэхэд дуугарахгүй гараад явсан. Тэгтэл намайг шүүхэд өгсөн байна. Би хүнээс мөнгө авсан нь үнэн болохоор 2.700.000 төгрөг өгнө. Харин миний машинд эвдрэл гэмтэл учруулсан тул хохирлоо гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Т надаас авсан машинаа эвдэж гэмтээчихээд манай охин Далайжаргалаар өгч явуулчихаад мөнгөө ч өгөөгүй, машинаа ч аваагүй. Тэрээр уг машиныг жил гаруй хугацаанд унаж хэрэглээд гэмтэл учруулсан байсныг засаж янзлуулсан. Үүнд:
1. Моторын ээлж 500.000 төгрөгөөр хийсэн.
2. Урьд 2 амаржин 110.000 төгрөг, ажлын хөлс 10.000 төгрөг, нийт 120.000 төгрөг,
3. Хоёр 5 бул 70.000 төгрөг, ажлын хөлс 40.000 төгрөг, нийт 110.000 төгрөг,
4. Өндгөн тулгуур 50.000 төгрөг, ажлын хөлс 30.000 төгрөг, нийт 80.000 төгрөг,
5. Патерей 50.000 төгрөг,
6. Хоёр дугуй 70.000 төгрөгөөр тус тус сольсон. Мөн оношлогоонд 240.000 төгрөгөөр оруулан, 60.000 төгрөгөөр цэнэглэж, 2 жилийн татвар 90.000 төгрөг төлсөн ба ком патерей 120.000 төгрөгөөр авч, бүгд 2.520.000 төгрөгийн төлбөр гарсан.
Би машин зассан засварчинд 600.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгч чадахгүй барьцаанд байгаа тул В.Тээс уг төлбөрийн мөнгийг авч өгнө. Би В.Тэд өгөх 2.700.000 төгрөгийг 50, 50 хувиар тооцон, хэн хэнийхээ төлбөрийг барагдуулах санал гаргасан боловч зөвшөөрөхгүй байгаа тул машинд эвдрэл гэмтэл учирсан хохирол бүгд 2.520.000 төгрөгийг гаргуулж авна гэв.
Нэхэмжлэгч В.Т сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Б.Доос машин авсны дараа бичиг баримтыг чинь янзлаж өгнө гэж өөрөө ирж унаад явсан. Тэгээд надад буцааж өгөлгүй, өөр хүнд 3.500.000 төгрөгөөр зарсан байсан. Би тус машиныг 2 сар гаруй хугацаанд л унаж хэрэглэсэн, ямар нэг эвдрэл гэмтэл учруулаагүй. Харин унаж хэрэглэсний төлбөрт 500.000 төгрөг Б.Дид өгөхийг зөвшөөрч байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2.020.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Т нь Б.Дид холбогдуулан машин худалдах, худалдан авах төлбөрт төлсөн 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч В.Тэд холбогдуулан машинд учирсан хохирол 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргасан байна.
Хэргийн зохигч нь Приус-10 маркийн 65-61 ХӨВ улсын дугаартай автомашиныг 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, В.Т урьдчилгаа төлбөр төлсөн, мөн хэсэг хугацааны дараа гэрээнээс татгалзсан тухай үйл баримтууд болсон талаар маргадаггүй.
Харин нэхэмжлэгч В.Т нь автомашиныг буцааж авсан тул төлбөрт өгсөн 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж авна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас машин унаж хэрэглэсний төлбөрт 500.000 /таван зуун мянга/ төгрөг өгнө, харин эвдрэл гэмтэл учруулаагүй тул үлдэх 2.020.000 /хоёр сая хорин мянга/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй,
Хариуцагч Б.Д нь В.Т автомашины урьдчилгаа төлбөрт 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг өгсөн, машинаа буцааж авсан тул эвдрэл гэмтлийн улмаас учирсан хохирол 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган тус тус маргажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч В.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Б.Дийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд Приус-10 маркийн автомашиныг 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгөөр худалдах, худалдан аваxаар тохирсон, улмаар автомашины үнээс 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг Б.Дид төлсөн, хэсэг хугацааны дараа тус автомашин Б.Дийн өмчлөлд буцаж очсон үйл баримтууд тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулахын тулд талууд шилжүүлэх эд хөрөнгө болон үнийн талаарх гол нөхцлийг харилцан тохиролцсон байх ёстой. Мөн эд зүйлийн үнийг бүрэн төлсний эцэст худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд худалдагч эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ.
В.Т, Б.Д нар гэрээний гол нөхцөл болох автомашины үнэ, төлөх хугацааны талаар харилцан тохирч, автомашиныг В.Т хүлээн авсан байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагджээ. Худалдан авагч болох нэхэмжлэгч В.Т автомашины үнээс 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг Б.Дид төлж, үнэ төлөх үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн байхад хэсэг хугацааны дараа автомашиныг өөрийн өмчлөлд буцааж авснаар Б.Д нь автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй зөрчсөн байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Б.Д нь худалдах, худалдан авахаар тохиролцсон автомашиныг худалдан авагчид шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч В.Тээс гарсан зардал болох автомашины төлбөрт шилжүүлсэн 2.700.000 /хоёр сая долон зуун мянга/ төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч В.Тийн ...автомашиныг Б.Доос 4.800.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, 2.800.000 төгрөг өгсөн. Би өөртөө 100.000 төгрөг авч үлдээгүй... гэх тайлбар гарган мэтгэлзэж байгаа ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Б.Дид 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг өгсөн гэх тайлбарыг давхар нотлох баримт байхгүй байна.
Иймд хариуцагч Б.Доос автомашин худалдах, худалдан авах төлбөрт төлсөн 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж, В.Тэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Б.Дийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Б.Д нь машин унаж хэрэглэж байхдаа учруулсан эвдрэл гэмтлийн хохирол бүгд 2.520.000 төгрөгийг гаргуулж авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байгаа боловч энэ тухайгаа нотлож чадахгүй байх ба шаардлагатай нотлох баримтгүй байна.
Гэвч нэхэмжлэгч В.Т нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлөх тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар зохигчнөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэсний дагуу нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч В.Тээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан хариуцагч Б.Дид олгон, үлдэх 2.020.000 /хоёр сая хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос 2.700.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч В.Тээс 500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227.1, 227.3-д зааснаар хариуцагч Б.Доос машин худалдах, худалдан авах төлбөрт төлсөн 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Тэд олгон, үлдэх 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч В.Тээс гаргуулан хариуцагч Б.Дид олгон, үлдэх 2.020.000 /хоёр сая хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос улсын тэмдэгтийн хураамж 58.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч В.Тээс улсын тэмдэгтийн хураамж 15.650 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА